Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01538

 

 

 

 

 

2023 08 04 210/МА2023/01538

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг

Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 102/ШШ2023/02444 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БОМБ ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Вагон ашиглалтын хөлс 120,613,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болормаа, Б.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. БОМБ ХХК нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй 2021 онд ТТГ/21/002 дугаартай Тээвэрлэгчид үл харьяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулах гэрээ-г харилцан тохиролцон байгуулж, уг гэрээгээр 720060, 76000025, 76000082, 76000074, 76000090 дугаартай 5 вагоныг тээвэрт оролцуулж, хамтран ажилласан.

1.2. Дээрх вагонуудыг тээвэрлэлтэд оролцуулах явцдаа буюу 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 72000060 дугаартай вагон, 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр 72000025 дугаартай вагон, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 72000082 дугаартай вагон, 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 72000074 дугаартай вагон, 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 72000090 дугаартай вагон тус тус манай Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Замын-Үүд дэх Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн ачилтын 3 дугаар талбайн 11,12,13 дугаар замуудад зогсоосон.

1.3. Зам тээврийн хөгжлийн яамны сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 154 дүгээр тушаалын 5 тавдугаар хавсралтаар батлагдсан Төмөр замаар ачаа тээвэрлэх журмын 23.6.1-д байгууллага, аж ахуйн нэгж иргэдийн өртөө зөрлөгт ачилт буулгалтад вагоныг тавьж өгөх, татаж авахад санамжийг үйлдэж тарифын мөрдлөгийн дагуу холбогдох төлбөр тооцоог бодож авна гэж заасан байдаг тул бид ирсэн даруйд вагон ачилт буулгалтад ирсэн тухай санамж нээж захирал Б.Болормаагийн 91006802 дугаарын утсаар мэдэгдсэн.

1.4. Уг хугацаанаас хойш тус вагонуудад ямар нэгэн ачилт хийхгүй буюу тээвэрлэлтэд оролцуулахгүй манай замыг эзлэн зогсоосоор байсан тул Замын-Үүд шилжүүлэн ачих ангиас манай эзэмшлийн замыг ашиглаж байгаатай холбогдуулан зам ашиглалтын төлбөр гарч байгаа талаар Төмөр замын тээврийн тухай хууль, Төмөр замаар ачаа тээвэрлэх журам, Тарифын 1 дүгээр мөрдлөгийн дагуу зам ашиглалтын төлбөр болон вагон таталт тавилтын төлбөрийг БОМБ ХХК-иас шаардаж эхэлсэн.

1.5. Улмаар 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дээрх вагонуудыг Монголын төмөр зам ТӨХК-ийн Зүүнбаян өртөө рүү татаж, манай замыг чөлөөлсөн. Зам чөлөөлж өгсөн хугацаа болох 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны зам ашиглалт, вагон таталт тавилт, зам ашиглалтын төлбөрий, алданги нийт 120,613,000 төгрөг болсон.

Иймд 720060, 76000025, 76000082, 76000074, 76000090 дугаартай 5 вагоны зам ашиглалтын төлбөр 120,613,000 төгрөгийг БОМБ ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс БОМБ ХХК-д холбогдуулж вагон зам ашиглалтын хөлсөнд 120,613,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд уг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй.

2.2. Талуудын хооронд 2021 онд ТТГ/21/002 тоот Тээвэрлэгчид үл харьяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оруулах гэрээ байгуулагдсан ба 720029, 76000025, 76000082, 76000074, 720094 дугаартай вагоныг тээвэрлэлтэд оруулсан гэдэг боловч уг гэрээгээ хавсаргаагүй нь шаардлагын үндэслэлээ юугаар тодорхойлоод байгаа нь ойлгомжгүй.

2.3. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг болон БОМБ ХХК-иуд нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ТТГ/21/002 тоот Тээвэрлэгчид үл харьяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оруулах гэрээ-г байгуулсан. Уг гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т гэрээний үйлчлэх хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл байна гэж тодорхой заасан. Гэрээний хугацааг сунгах тохиолдолд нэмэлт гэрээ байгуулж сунгана гэх тодорхой заасан байна.

Нэхэмжлэгч тал хугацаа дуусгавар болсон гэрээний үүргийг БОМБ ХХК-аас шаардаж байгаа бол тус компани хүчин төгөлдөр үйлчлээгүй гэрээний үүрэг, алданги зэргийг хариуцах хуулийн боломжгүй юм.

Мөн нэхэмжлэлдээ Төмөр замаар ачаа тээвэрлэх журам, тарифын 1-р мөрдлөгийн дагуу төлбөр нэхэмжилж байна гэсэн боловч тухайн журам, тарифын талаарх нотлох баримтаа нэхэмжлэлдээ хавсаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан бүрдүүлбэр дутуу гэж үзэхээр байгаа бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл байдлыг үүсгэж байна.

2.4. Нэхэмжлэгч тал 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дээрх вагонуудыг Монголын төмөр зам ТӨХК-ийн Зүүн баян өртөө рүү татсан гэжээ. Хэрэв нэхэмжлэгч тал гэрээг баримтална гэвэл уг гэрээнийхээ 2 дугаар зүйлийн 2.1.1-т заасан үүргээ ноцтойгоор зөрчсөн болж таарч байна.

2.5. Бүгд найрамдах Хятад ард Улсаас орж ирэх бараа, бүтээгдэхүүний ачилт хийхээр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшлийн талбайд байршуулсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Замын-Үүд, Бүгд найрамдах Хятад ард Улсын Эрээн боомтууд Нийтийг хамарсан цар тахал халдварт өвчний дэгдэлтийн улмаас тодорхойгүй хугацаагаар хаагдсан болно.

БОМБ ХХК нь нийтийг хамарсан цар тахлын дэгдэлтийн улмаас хоёр улсын хилийн боомт бүрэн хаагдлаа, импортоор орж ирэх ачаа тээвэр, тэр дундаа манай компаниар үйлчлүүлэгчдийн ачаа, барааны урсгал бүрэн зогссон, тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь биднээс шалтгаалахгүй нөхцөл байдлаас үүдээд удаан хугацаагаар саатаад байгааг дурдаад санамжийн дагуу тооцогдох төлбөрөөс чөлөөлж өгөхийг хүссэн бичгийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр буюу ажлын 5 өдрийн дотор Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт хүргүүлсэн.

2.6. Мөн Монголын төмөр зам ТӨХК-ийн өмчлөлийн вагонуудыг тус компанид хүлээлгэн өгөх хүсэлтийг бичгээр удаа дараа гаргаж байсан бөгөөд энэ мэт хүсэлтүүдийг 2021 оны 10 дугаар сарын 20-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 7 удаа гаргасан байдаг. Нэхэмжлэгч байгууллагын удирдлагуудын зүгээс төлбөрийг бүтэн авах байр суурь илэрхийлж, боломжит хугацаанд хариу өгөлгүй тус компанийн эрх ашгийг улам хохироосоор байсан.

2.7. Хэрэв нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу төлбөр нэхэмжилж байгаа бол тус гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Хуульд заасан давагдашгүй хүчин зүйлийн улмаас талууд үүргээ гэрээнд зааснаар гүйцэтгэх боломжгүй бол асуудлыг хуульд зааснаар шийдвэрлэнэ гэж заажээ.

2.8. БОМБ ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 02/642 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг олгосон. Тус компанийн зүгээс УБТЗ ХНН-д дээрх гэрчилгээг хавсаргаж өнгөрсөн хугацаанд болон цаашид ч гэрээ үргэлжлэх боломжгүй байсныг дурдаад бодогдсон төлбөрөөс чөлөөлөх, вагонуудыг эцсийн өмчлөгчид хүлээлгэн өгөх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан.

2.9. Мөн талуудын гэрээ нь Иргэний хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн, талуудын тэгш эрхийн зарчмыг ноцтойгоор зөрчиж байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох өндөр магадлалтай гэрээ болохыг энд дурдах нь зүйтэй.

Вагонуудыг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшлийн замд сайн дураараа хадгалаагүй бөгөөд гагцхүү нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг хууль бусаар гуравдагч этгээдийн хөрөнгө гэдгийг мэдсээр байж саатуулан барьж байсан.

Дээрх гаргасан үйлдлийнхээ эрх зүйн үр дагаврыг өөрсдөө хариуцах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

Нийтийг хамарсан халдварт өвчин, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр зэрэг гадаад хүчин зүйлээс шалтгаалж талуудын хооронд үүссэн хэлцлийг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БОМБ ХХК-иас тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 120,613,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 761,015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БОМБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 761,015 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд олгож, шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүсээгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар үүргийн нийтлэг үндэслэл хамаарах юм.

Гэрээний хугацааг сунгах тохиолдолд нэмэлт гэрээ байгуулж сунгана гэх тодорхой заасан байдаг. Гэрээг сунгасан талаар огт санал нийлэхгүй.

4.2. Гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Хуульд заасан давагдашгүй хүчин зүйлийн улмаас талууд үүргээ гэрээнд зааснаар гүйцэтгэх боломжгүй бол асуудлыг хуульд зааснаар шийдвэрлэнэ гэж заасныг яагаад чухалчилж авч үзэхгүй байгааг ойлгохгүй байна.

Бүгд Найрамдах Хятад ард Улсын хил тодорхойгүй хугацаагаар хаагдахад ажлын 5 өдрийн дотор төлбөрөөс чөлөөлж өгөх хүсэлтийг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт хүргүүлсэн боловч тус байгууллагаас боломжит хугацаанд хариу өгөлгүй түрээсийн төлбөрийг бодсоор байсан.

Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээний үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд холбогдох нотлох баримтыг бүрдүүлж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим НҮТББ-аас гэрчилгээ гаргуулж авсан.

4.3. Мөн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Монголын төмөр зам ТӨХК-ийн түрээсийн вагонуудыг тус компанид нь хүлээлгэн өгөх хүсэлтийг тавьсан байдаг. Энэ мэт хүсэлтүүдийг удаа дараа гаргасан ч нэхэмжлэгч тал үргэлж татгалзсан хариу өгдөг байсан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 04-нд Монголын төмөр зам ТӨХК-д дээрх вагонуудыг хүлээлгэн өгсөн байдаг.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний 2.1.1-т заасны дагуу Вагоныг эзэмшигчийн зөвшөөрөлгүй, санамж бичиггүйгээр хөдөлгөж болохгүйн улмаас олон сар зам дээрээ хадгалсан гэх боловч БОМБ ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр Монголын төмөр зам ТӨХК-д хүлээлгэн өгсөн байдаг.

4.4. Иргэний хуулийн 221 дүгээр зүйийн 221.2 дахь хэсэгт гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ.

БОМБ ХХК-ийн зүгээс гэрээг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүслээ вагонуудыг өмчлөгч компанид нь хүлээлгэн өг гэх хүсэлтийг удаа дараа гаргасаар байхад Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг гэрээний үйлчлэлийг үргэлжүүлсэн нь хуульд огт нийцэхгүй байна.

Бүгд Найрамдах Хятад ард Улсаас халдварын эрсдэлтэй үед вагоноор экспортын бараа бүтээгдэхүүнийг оруулж ирэх боломжгүй байсан. Мөн 2021 онд Монгол Улсад гэнэтийн хэд хэдэн удаагийн хөл хорио тогтоосныг хүн бүр мэднэ, нийтэд илэрхий үйл баримт юм.

Шүүхээс БОМБ ХХК-иас Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт 0,5 хувиар алданги төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн байдаг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан байдаг. Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй бөгөөд ажил хэргийн хувьд хэлцэл байгуулагдсан. Шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан №ТТГ/21/002 дугаартай "Тээвэрлэгчид үл харъяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулах гэрээ"-ний хугацаа сунгагдаагүй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч талд ашигтай гэрээний зүйл заалтуудыг түүвэрлэн гэрээний үүргээ биелүүлэх ёстой мэтээр дүгнэсэн нь шударга ёсонд нийцэхгүй гэсэн байна.

"Тээвэрлэгчид үл харъяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулах гэрээ"-нд гэрээний хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаагаар тогтоосон боловч тус хугацаа дууссанаас хойш талууд дээрх гэрээний нөхцөлөөр хариуцагчийн вагонуудыг тээвэрлэлтэд оролцуулж, хамтран ажиллаж байсан ба энэ нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцагчийн нийт 250 вагон буюу 16500 тн ачааг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь тээвэрлэсэн, хариуцагчаас холбогдох тээврийн төлбөр тооцоог төлж байсан болохыг нотолсон хариуцагч "БОМБ" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаартай албан бичиг болон ачаа бараа тээвэрлүүлсэн баримт /вагон хайлтын үр дүн/-аас тодорхой харагддаг.

5.2. "БОМБ" ХХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр "Монголын төмөр зам" ТӨХК-ийн түрээсийн вагонуудыг тус компанид хүлээлгэн өгөх хүсэлтийг тавьсан боловч 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр "БОМБ" ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр вагонуудыг "Монголын төмөр зам" ТӨХК-д хүлээлгэн өгсөн байдаг ба нэхэмжлэгч нь дээрх "БОМБ" ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн бичгийг ач холбогдолтой гэж үзсэн атлаа 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл түрээсийн төлбөр бодсоныг шүүх хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж шийдвэрээ гаргасан гэсэн байна.

Төмөр замын тээвэр гэдэг бол тусгай зориулалтын замаар тээвэрлэгдэн хийгддэг, тусгай зам ашиглаж зогсдог онцлогтой бөгөөд энэхүү харилцаа нь төмөр замын тээврийн асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллага Зам тээврийн хөгжлийн яамны сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан "Төмөр замаар ачаа тээвэрлүүлэх журам"-аар зохицуулагддаг харилцаа юм.

Энэхүү журмын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь заалтуудад төмөр замаар ачаа /вагон/ тээвэрлүүлэх тохиолдолд хэрхэн ямар бичиг баримт бүрдүүлж тээвэрлэгчид захиалга өгөх талаар тодорхой дурдсан. "БОМБ ХХК нь манай нийгэмлэгт 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр №46 дугаартай албан бичгээр "Монголын төмөр зам ТӨХК-ийн хүсэлт дагуу зохих өртөөнд вагонуудыг явуулж өгөх талаар хүсэлт ирүүлсэн бөгөөд улмаар "Монголын төмөр зам" ТӨХК нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дээрх вагонуудыг ямар замд хэрхэн хүлээж авах буюу "Төмөр замаар ачаа тээвэрлүүлэх журам"-д зааснаар захиалга албан ёсоор ирүүлсэн.

2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаагаар зам ашиглалтын төлбөрийг шаардсаныг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон юм.

5.3. Түүнчлэн хариуцагч нь манай нийгэмлэгт 2022 оны 01 дүгээр зүйлийн 12-ны өдөр "Монголын төмөр зам" ТӨХК-ийн хүсэлтийн дагуу вагонуудыг тус компанид хүлээлгэн өгнө үү гэсэн албан бичиг ирүүлсэн боловч үүний дараа "Монголын төмөр зам" ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр №2/2/139 дугаартай албан бичиг бидэнд ирүүлсэн бөгөөд уг албан бичигт ....."БОМБ ХХК-тай ТҮГ-21/04-04/02 тоот "Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээ" байгуулан хамтран ажиллаж байна, түрээслэгч компаниас гэрээний хугацааг дуусгах талаар бидэнд саналаа ирүүлээгүй, мөн гэрээний эхлэх дуусах хугацаа нь вагон хүлээлгэн өгсөн актын огноогоор тодорхойлогдож байгаа учраас манай зүгээс гэрээ үргэлжилж байгаа гэж үзэж байна ... гэсэн байсан.

Иймд хариуцагчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичгийн дагуу "Монголын төмөр зам" ТӨХК-д вагонуудыг хүлээлгэн өгөөгүй гэдэг нь өөрөө үндэслэлгүй юм.

5.4. Тухайн үед буюу 2021, 2022 оны зарим саруудад Бүгд найрамдах Хятад ард улс нь Монгол улсаас өөрийн улс руу оруулж буй ачаа барааг чингэлэгээр тээвэрлүүлж нэвтрүүлэхийг зөвшөөрч байсан ба харин Монгол Улсын зүгээс Бүгд найрамдах Хятад ард Улсаас оруулж ирэх ачаанд заавал чингэлэгээр тээвэрлэлт хийлгэнэ гэсэн хориглолт огт тогтоогоогүй.

"Тээвэрлэгчид үл нь харъяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулах гэрээ"-ний дагуу ачааг барааг Бүгд найрамдах Хятад ард Улсын Эрээн өртөө-Амгалан өртөө, Замын-Үүд өртөө-Амгалан өртөөний хооронд буюу Монгол улс дотроо ачаа тээвэрлүүлэхээр тохиролцон тус замналаар ачааг тээвэрлүүлж байсан ба дээрх вагонуудыг Монгол улс дотроо ачаа тээвэрлэлтэд оролцуулах /тухайлбал. Замын-Үүд өртөөнөөс Амгалан өртөөд хооронд/ эсвэл өөр замд шилжүүлэн байршуулах боломжтой байсан тул энэ нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд хамаарахгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон юм.

5.5. Талуудын байгуулсан "Тээвэрлэгчид үл харъяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулах гэрээ"-нд гэрээний харилцаа тодорхой бус хугацаагаар сунгагдан, үргэлжилж байсан тул тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасны дагуу БОМБ ХХК-иар алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зүйтэй.

Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь хариуцагч БОМБ ХХК-д холбогдуулан Вагон ашиглалтын хөлс 120,613,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...гэрээний хугацаа сунгагдаагүй, давагдашгүй хүчингүй зүйл бий болсон, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж төлбөр нэмэгдсэн гэж маргажээ. /хх 1-2, 22-24/

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. Талууд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Тээвэрлэгчид үл харьяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь эзэмшигчийн хүсэлтээр гэрээний хавсралтад дурдсан түүний эзэмшлийн 720060, 720078, 720086, 720094, 720029 дугаартай 5 вагоныг төмөр замын тээвэрт оролцуулах үйл ажиллагааг гүйцэтгэх, БОМБ ХХК нь хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хх 25-29/

3.б. Нэхэмжлэгч нь тохиролцсон хуваарийн дагуу тээврийг гүйцэтгэхээр 5 вагоныг төмөр замын тээвэрт оролцуулах үүргийг гүйцэтгэсэн үйл баримтын хувьд талууд маргаангүй.

4. Талууд гэрээгээр тохиролцсон вагон ашиглах үүргээ хэрэгжүүлээгүй нь хариуцагчийн гэм буруутай холбоотой эсэх, гэрээгээр тохиролцсон төлбөрийг гаргуулах үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

4.а. Нэхэмжлэгч нь тохиролцсон хуваарийн дагуу тээврийг гүйцэтгэхээр 5 вагоныг төмөр замын тээвэрт оролцуулах үүргийг гүйцэтгэсэн боловч хариуцагчаас шалтгаалж тээврийг гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А-361 дугаар тушаалаар баталсан үндсэн тарифаар зам ашиглалтын төлбөрт 80,408,500 төгрөгөөс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

4.б. Анхан шатны шүүх БОМБ ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаартай албан бичигтээ 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 250 вагон буюу 16500 орчим тонн ачааг тээвэрлэж, Улаанбаатар төмөр замд 207,000,000 төгрөгийн орлого оруулж ажилласан талаар дурдсан байгаагаас үзвэл зохигч талуудын хооронд өмнөх гэрээний харилцааг тодорхой бус хугацаагаар сунгагдсан, гэрээний талуудын хэн аль нь гэрээг үргэлжлүүлж, цуцлах талаар санал гаргаагүй тул гэрээний агуулга өмнөх нөхцөлөөр үргэлжлэх талаар зөв дүгнэжээ.

Хэдийгээр хариуцагчийн түрээсэлсэн вагоныг ашиглан нэхэмжлэгч байгууллага нь тээврийг үйлдэж байгаа боловч Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн гаргасан зурмаг, схемийн дагуу тээвэрлэх үйл ажиллагааг явуулж, хариуцагч нь гэрээгээр тохирсон хөлс төлөхөөр тохирсон байх тул тээвэрлэлтийг гэрээний шинжийг илүүтэй агуулж байх тул Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байна.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А-361 дугаар тушаалаар баталсан үндсэн тарифаар зам ашиглалтын төлбөрт 80,408,500 төгрөг шаардаж байгаа нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт нийцсэн байна.

5. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтыг харьцуулан дүгнэхгүйгээр алданги гаргуулан шийдвэрлэснийг залруулах боломжтой.

5.а. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Эзэмшигч нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алдангийг төлөх-өөр тохиролцжээ.

5.б. Хариуцагч БОМБ ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим НҮТББ-аас Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force Majeure/-ийн гэрчилгээ авсан бөгөөд уг гэрчилгээнд ...БНХАУ-ын Эрээн хотын хилийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс тодорхойгүй хугацаагаар хаасан нь тогтоогдож байх тул давагдахгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй., Иймд дээр дурдсан нөхцөл байдал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн... гэж дурдсан бөгөөд дээр гэрчилгээ нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй байгуулсан гэрээтэй холбоотой олгосон байна.

5.в. БОМБ ХХК-иас бараа, ачааны урсгал зогссонтой холбоотойгоор 5 вагонуудын ачилт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа удаан хугацаагаар саатаад байх тул сул зогсолтын төлбөрийг ачилтын ажиллагаа эхлэх хүртэлх хугацаанд чөлөөлүүлэх агуулгатай албан бичгийг 2021 оны 10 дугаар сарын 20-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус тус хариуцагч байгууллагад хүргүүлж байжээ.

Хэдийгээр дотоодын тээврийн үйл ажиллагааг явуулахыг хязгаарлаагүй боловч хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид бий болсон нөхцөл байдлыг мэдэгдсээр байхад нэхэмжлэгч нь шуурхай арга хэмжээ авалгүй алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн 50 хувьд хүргэжээ.

Хариуцагч байгууллагад үүссэн нөхцөл байдал нь нийтэд илэрхий үйл баримт байх тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэнтэй адилтган үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт зааснаар анз шаардах эрхээ алдсан гэж үзэх тул алданги 40,204,500 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй.

6.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 102/ШШ2023/02444 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БОМБ ХХК-аас тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 80,408,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,204,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...хариуцагч БОМБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 761,015 төгрөгийг гаргуулж гэснийг хариуцагч БОМБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 559,992 төгрөгийг гаргуулж гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч БОМБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 761,015 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ш.ОЮУНХАНД

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР