Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/01810

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/01810

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ТБ ХХК

Хариуцагч: ШГ.

Гуравдагч этгээд: Г.Т

Үнэлгээ хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ... тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ж, өмгөөлөгч Х.Б, хариуцагчийн төлөөлөгч И.Г, гуравдагч этгээдийн төлөөлөгч Р.М, шинжээч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагч ШГ-д холбогдох үнэлгээ хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ... тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч ТБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Э.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ... захирамжаар 826,428,262 төгрөгийг Г.Тт, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ...шийдвэрээр 13,792,456 төгрөгийг Д.Лд нийт 840,220,718 төгрөг төлөх шийдвэрээс 518,557,288 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж 7 нэр төрлийн 4,410,348,867.98 төгрөгийн үнэлгээтэй тоног төхөөрөмжийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр битүүмжлэн хураасан. Уг ажиллагаа шийдвэр гүйцэтгэгч И.Гын явуулсан даалгаврын дагуу Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хөрөнгө битүүмжлэх, хураах үйл ажиллагаа явуулсан ба уг хөрөнгө хураах, битүүмжлэх ажиллагаатай холбоотойгоор дээд шатны байгууллагад гомдол гаргасан боловч 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр .. тусгай зориулалттай тээврийн хэрэгслийг үнэлж хэт бага үнээр үнэлсэн үнэлгээг танилцуулсан тул зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр гомдол гаргасан. Уг тээврийн хэрэгслийг бетон зуурагч машинтай жишиж үнэлгээг гаргасан байсан. Тээврийн хэрэгсэл нь АНУ-д захиалгаар хийлгэж, иж бүрэн компьютер, автоматжуулсан, тусгай зориулалттай, тэсрэгч бодис холигч, цэнэглэгч, угсрагч, явуулын гэж байдаг байхад өөр техниктэй харьцуулж бага үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгуулна. Хоёр дахь шаардлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1.1-д төлбөр төлөгч хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгө байхгүй тохиолдолд уг хуулийн этгээдийн хөрөнгө хэний эзэмшилд байгаагаас үл хамааран дараахь хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах ажиллагаа явуулна гээд мөн ямар дарааллаар хэрхэн ажиллах талаар заасан. Гэтэл Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хариуцагч компаний ганц үйл ажиллагаа болох Ховд аймгийн ... суманд байрлах .... тэсэлгээний үйл ажиллагаа явуулахад ашигладаг ... улсын дугаартай автомашинд суурилагдсан тэсэлгээний зориулалттай тоног төхөөрөмжийг шууд хураан авч үйл ажиллагаа явуулж, төлбөр төлөх боломжийг бүрэн хааж цаашлаад гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болгон албаар дампууруулахаар ажиллаж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар үнэлгээг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ... тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан гэв.

2. Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэрээр ТБ ХХК-наас 826,428,262 төгрөгийг гаргуулж Г.Тт олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгчид шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөр төлөгч төлбөрөө барагдуулаагүй. Иймд төлбөр төлөгчийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар хөрөнгийн үнийн санал гаргахыг талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч санал өгөхөөс татгалзсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар шинжээчээр .... ХХК-ийн үнэлгээчин С.Ц томилж тээврийн хэрэгслийг шинжээч 614,854,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар ажиллагаа бүрэн явагдсан. Эд хөрөнгө хураах тухай тогтоол гээд процессын асуудал яриад байх шиг байна. Энэ асуудал тодорхой дарааллын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдлоо гаргаад, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах дарааллаар явдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т хөрөнгийн үнэлгээ болон өмчлөх эрхтэй холбоотой маргааны талаар шүүхэд гомдол гаргасан бол тухайн маргааны хүрээ зөвхөн энэ асуудлаар хязгаарлагдана гэж ойлгож болно. Уг хуулиар процессын асуудал яригдахгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Гуравдагч этгээд Г.Т шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжийг үндэслэн явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр авагчаар оролцож байна. Шүүхийн шийдвэр түүнийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар ТБ ХХК-иас 824,288,567 төгрөг гаргуулан авах ёстой боловч жил гарангийн хугацаа өнгөрөхөд төлбөрөө гаргуулан авч чадаагүй хохирсоор байна. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ТБ ХХК-ийн эзэмшлийн Ховд аймгийн ... сумын ... байрлах .... маркийн .... улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийг битүүмжилж хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр уг автомашинд үнэлгээ тогтоолгохоор ... ХХК-ийн үнэлгээчин Ц-г шинжээчээр томилж, үнэлгээг тогтоолгоход тээврийн хэрэгслийг 614,854,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Гэтэл төлбөр төлөгч ТБ ХХК нь дээрх үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг санаатайгаар удаашруулж, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна. ... УАА тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх техникийн тодорхойлолтод төрөл зориулалтыг тусгай зориулалтын гэж заагаагүй бөгөөд ачааны тээврийн хэрэгсэл гэж заасан. ... УАА тээврийн хэрэгсэл нь ажиллах зарчмын хувьд бетон зуурмагийн машинтай яг ижил, хүчин чадлын хувьд бетон зуурмагийн машин нь өндөр бөгөөд олон орцтой олон төрлийн материалыг нэг дор зуурдаг бол ... УАА тээврийн хэрэгсэл хоёр төрлийг материалыг хязгаарлагдмал шурган хоолойд хольдог ба хоёулаа зуурагч, цэнэглэгч тээврийн хэрэгсэл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хөрөнгийн үнэлгээний .. ХХК-ийн шинжээч С.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээч томилох тогтоолын дагуу Ховд аймгийн ... сумын Хөшөөтийн уурхайд байрлах төлбөр төлөгч ТБ ХХК-ийн эзэмшлийн Хино маркийн ...УАА улсын дугаартай ачааны зориулалттай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийн ажлыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Уг хөрөнгийн байрлалтай 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай мэргэжилтэн очиж хөрөнгийн байдал, хадгалалт, ашиглалтын байдал, цаашид ашиглах боломжтой эсэх талд анхаарлаа хандуулж танилцсан. Төлбөр төлөгч ТБ ХХК-аас газар дээр нь асуухад тээврийн хэрэгслийн ачааны дээр байгаа тэвшийг АНУ-д үйлдвэрлэсэн гэж тайлбарласан. Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь үнэлгээ захиалагч байгууллагаас манайд ирүүлдэг. Тодорхойлолт дээр нь ачааны зориулалттай гэснээс өөр тусгай тэмдэглэгээ байгаагүй. Арлын дугаартай нь тааруулахад таарч байсан. Хино маркийн автомашиныг манайхан ер нь хоёр хөршөөсөө их оруулж ирдэг Нэхэмжлэгч тал машины дээр байрлуулсан тавцанг АНУ-аас оруулж ирсэн гэдгээ тайлбарласан. Тийм болохоор үнэлгээг зах зээлтэй харьцуулан жиших хандлагаар хийсэн. Зах зээлийн хандлагын аргаар үнэлэхдээ Хятад улсад зарагддаг Хино маркийн машины сайтаас мэдээллийг авч өмнөх шүүх хуралдааны дараа үзлэг хийсэн сайт дахь автомашины үнэлгээтэй харьцуулсан. Уг сайт нь маш том, зах шиг сайт бөгөөд олон машины сайт дахь тээврийн хэрэгсэлтэй харьцуулж үнэлгээг хийсэн болохоос ганц автомашины үнэтэй жишиж харьцуулан үнэлгээг хийсэн зүйл байхгүй. Эхний харьцуулсан тээврийн хэрэгсэл 99,000,000 ам доллар, дараагийнх нь 78,000,000 ам доллар, тэрний дараагийнх 92,000,000 ам доллар гэсэн мэдээллүүдийг авч тээврийн зардал, гаалийн зардал, онцгой албан татвар, НӨАТ-ын тооцсон үнэ 439,000,000 төгрөг, дараагийнх 671,009,000 төгрөг, гурав дахь нь 581,009,000 төгрөг гэж худалдагдсан нь тогтоогдсон. Зориулалт нь ачааны зориулалттай, марк нь машиндаа усаа шахаж гаргахад 15 хувь нь болох юм байна гэж үзсэн. Ингээд хөрөнгийн биет байдал нь 2008 онд үйлдвэрлээд 2015 онд орж ирсэн байсан. Нийт биет байдлаар 70 %, 2018 онд зах зээлийн үнээр 33%, 33%, 34% гэж ач холбогдол өгөөд үнэлэгдсэн үнэ цэнэ нь 613,854,000 төгрөгөөр тогтоогдсон. Ижил төстэй хөрөнгүүдтэй харьцуулж үзээд судлаад тогтоосон. Түүнээс зүгээр дурын байдлаар үнийг гаргаж ирээгүй. Шинжээч багаар үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй. Тухайн цаг хугацаандаа боломжтой үнээр үнэлэгдсэн гэв.

5. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн огноотой төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх мэдэгдэл, Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид хууль тайлбарласан баримт, Б ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар ...Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөл тэсэлгээний зориулалттай тоног төхөөрөмжийг ашиглалтанд хүлээн авах акт, Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дугаар ...албан бичиг, тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар ... шийдвэр,

5. Хариуцагчаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг, Шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө хураах тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 18-ны огноотой мэдэгдэл, Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Дугаар/... Эд хөрөнгө хураах тухай тогтоол гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр сайтанд үзлэг хийж баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг үнэлэхдээ зориулалтыг анхаараагүй, цемент, элс ус, холигч буюу бетон зуурагч ... маркийн машины үнэлгээгээр үнэлсэн гэх үндэслэлээр,

3. Хариуцагч нь талууд үнийн саналд тохиролцоогүй тул шинжээч томилж, дүгнэлтийг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч талд мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэмээн тус тус шаардах эрх, үгүйсгэх үндэслэлээ тайлбарласан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Г.Тийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 824,288,567 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ТБ ХХК хүлээн зөвшөөрсөнг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2022 оны 12 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар ... шийдвэр гүйцэтгэгчийн даалгавраар төлбөр төлөгч ТБ ХХК-ийн эзэмшлийн Ховд аймгийн .... сумын Хөшөөтийн уурхайд байрлах ... маркийн ...УАА улсын дугаартай /арлын дугаар: ..../ ачааны тээврийн хэрэгслийг битүүмжлэн хурааж, хадгалалт хамгаалалтанд авах ажиллагааг гүйцэтгэхийг 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгаж, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар ... тогтоолоор Ховд аймгийн ... сумын ...багт байх ...УАА тээврийн хэрэгслийг битүүмжилж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэн эд хөрөнгийг хураах тогтоолоор хурааж, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичгээр дээрх тээврийн хэрэгслийн үнийн саналаа ирүүлэхийг ТБ ХХК-нд мэдэгдэл хүргүүлсэн байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад талуудаас хөрөнгийн үнэлгээг ирүүлээгүй тул 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар 1/1 тогтоолоор шинжээчээр ... ХХК-ийн үнэлгээчин С.Цыг шинжээчээр томилж шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хүлээх хариуцлагыг тайлбарлан тэмдэглэл үйлдсэн байна.

Шинжээч Б ХХК-ийн дүгнэлтээр төлбөр төлөгч ТБ ХХК-ийн эзэмшлийн Ховд айймгийн ... сумын Хөшөөтийн уурхайд байрлах ...маркийн ...УАА улсын дугаартай /арлын дугаар: LYC1CH811F0001486/ 2015 онд үйлдвэрлэгдсэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Монгол улсад орж ирсэн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг 614,854,000 төгрөгөөр үнэлсэн, дүгнэлтийн мэдэгдлийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлбөр төлөгч ТБ ХХК-нд мэдэгдэл хүргүүлсэн болох үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож, баримтад талууд маргаагүй байна.

4.2. Хөрөнгийн үнэлгээний Б ХХК нь ...маркийн ...УАА улсын дугаартай ачааны зориулалттай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагаар үнэлгээний тооцооллыг хийж, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зааснаар тодорхойлон гаргасан болох нь шинжээчийн тайлан, шүүх хуралдаанд оролцсон шинжээч С.Цийн тайлбараар тогтоогдож байна.

Тус Хөрөнгө үнэлгээний компани нь Стандартчиллын төв байгууллагаас баталсан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх баримтгүй, 2015 онд үйлдвэрлэгдсэн ...маркийн авто машиныг 99,000,000 ам доллароор худалдах, 2015 онд үйлдвэрлэгдсэн ...маркийн автомашиныг 78,000,000 ам доллараар худалдах, 2015 онд үйлдвэрлэгдсэн ... маркийн авто машиныг 92,000,000 ам доллароор худалдах мэдээллүүдийг ашигласан ба тухайн харьцуулсан хөрөнгүүдийн Монгол улсад ирэх тээврийн зардал, гаалийн татвар, НӨАТ, онцгой албан татварыг ОАТ-ын тухай хуулийн дагуу тус тус тооцсон. Долларын төгрөгтэй харьцуулсан ханшийг Монгол банкнаас зарласан 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 3486.32 төгрөгөөр, НӨТ-ыг 10%-иар, Гаалийн татварыг 5%-иар тус тус тооцож харьцуулан зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тооцоолсон болох нь шинжээчийн тайлбар, нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн үзлэг зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь холигч буюу бетон зуурагч ....-ийн үнэлгээгээр үнийн алдагдал, зөрүү гарган үнэлсэн гэж тайлбарладаг боловч өөрсдийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй тул тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

4.3. Тус хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан бичигдэж тайланд үнэлгээний ажлын зорилго, үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүйг мэдээлж, мэдээллийн эх үүсвэр, үнэ цэнийн суурь, зах зээлийн үнэ цэнэ, зах зээлийн хандлага, ...., үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх өмч гэсэн зүйлсийг тодорхойлж тайлбарлан, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, үнэлгээний ажлын товч мэдээлэл, үнэлгээний ажлын зарчмыг баримтлан зах зээлийн жишиг үнийн аргаар хөрөнгийг үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

5. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас шинжээч томилсон, шинжээч үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгчээс Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ... тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан тогтоол үйлдэж, уг тогтоолд гаргасан гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ...албан бичгээр шийдвэрлэсэн. Энэ байдал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасныг зөрчөөгүй байна.

7. Иймд хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ... тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэгч ТБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ... тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэгч ТБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА