Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01399

 

 

 

 

 

 

 

2023 07 19 210/МА2023/01399

 

Т К-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/01810 дугаар шийдвэртэй

Т К-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

НШШГГ-т холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Т-,

Эд хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 сарын 06-ны өдрийн 22370054/21 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жамц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнгөнтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 0000дугаар захирамжаар 826,428,262 төгрөгийг Г.Т-т, 2022 оны 05 сарын 25-ны өдрийн 1973 дугаар шийдвэрээр 13,792,456 төгрөгийг Д.Л-д нийт 840,220,718 төгрөг төлөх шийдвэрээс 518,557,288 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 7 нэр төрлийн 4,410,348,867.98 төгрөгийн үнэлгээтэй тоног төхөөрөмжийг 2022 оны 01 сарын 05-ны өдөр хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 01 сарын 06-ны өдөр явуулсан ба уг ажиллагаатай холбоотой дээд шатны байгууллагад гомдол гаргасан ч 2023 оны 02 сарын 06-ны өдөр 00-01 УАА тусгай зориулалттай тээврийн хэрэгслийг үнэлж хэт бага үнээр үнэлсэн үнэлгээг танилцуулсан тул зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр гомдол гаргасан. Уг тээврийн хэрэгслийг бетон зуурагч машинтай жишиж үнэлгээг гаргасан байсан. Тээврийн хэрэгсэл нь АНУ-д захиалгаар хийлгэж, иж бүрэн компьютер, автоматжуулсан, тусгай зориулалттай, тэсрэгч бодис холигч, цэнэглэгч, угсрагч, явуулын гэж байдаг байхад өөр техниктэй харьцуулж бага үнэлсэн тул үнэлгээг зөвшөөрөхгүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1.1-д төлбөр төлөгч хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгө байхгүй тохиолдолд уг хуулийн этгээдийн хөрөнгө хэний эзэмшилд байгаагаас үл хамааран дараах хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах ажиллагаа явуулна гэж дарааллыг заасан. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллагаас манай компанийн Ховд аймгийн Цэцэг суманд байх Хөшөөтийн уурхайд тэсэлгээний үйл ажиллагаа явуулж буй 00-01 УАА улсын дугаартай автомашинд суурилагдсан тэсэлгээний зориулалттай тоног төхөөрөмжийг хураан авч үйл ажиллагаа явуулах, төлбөр төлөх боломжийг бүрэн хааж цаашлаад гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болгон албаар дампууруулахаар ажиллаж байна гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар үнэлгээг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 сарын 06-ны өдрийн 22370054/21 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 03-ны өдрийн шийдвэрээр Т К-ХХК-аас 826,428,262 төгрөг гаргуулж Г.Т-т олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн ч төлбөрийг барагдуулаагүй. Иймд төлбөр төлөгчийн эзэмшлийн 00-01 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хөрөнгийн үнийн санал гаргахыг талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч санал өгөхөөс татгалзсан тул шинжээчээр Б- ХХК-ийн үнэлгээчин С.Ц-ыг томилж тээврийн хэрэгслийг шинжээч 614,854,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг 2023 оны 02 сарын 06-ны өдөр талуудад мэдэгдсэн.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар ажиллагаа бүрэн явагдсан. Эд хөрөнгө хураах тухай тогтоол гээд процессын асуудал ярьж байна. Энэ нь тодорхой дарааллын дагуу хуульд зааснаар гомдлоо гаргасны эцэст шүүхэд гомдол гаргах дараалалтай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т хөрөнгийн үнэлгээ болон өмчлөх эрхтэй холбоотой маргааны талаар шүүхэд гомдол гаргасан бол тухайн маргааны хүрээ зөвхөн энэ асуудлаар хязгаарлагдана гэж заасан. Хуулиар процессын асуудал яригдахгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Шүүгчийн захирамжийг үндэслэн явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр авагчаар оролцож байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаагаар Т К-ХХК-аас 824,288,567 төгрөг авах ёстой ч жил гаруй хугацаа өнгөрөхөд төлбөрөө авч чадаагүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 01 сарын 06-ны өдөр Т К-ХХК-ийн эзэмшлийн, Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөтийн уурхайд байх Хино маркийн 00-01 УАА улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийг битүүмжилж хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэх газраас уг автомашинд үнэлгээ тогтоолгож 614,854,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл төлбөр төлөгч нь үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг санаатай удаашруулж, төлбөрөөс зайлсхийж байна. 00-01 УАА тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх техникийн тодорхойлолтод зориулалтыг тусгай зориулалтын гэж заагаагүй, ачааны гэж заасан. 00-01 УАА тээврийн хэрэгсэл нь ажиллах зарчмын хувьд бетон зуурмагийн машинтай яг ижил, хүчин чадлын хувьд бетон зуурмагийн машин нь өндөр бөгөөд олон орцтой олон төрлийн материалыг нэг дор зуурдаг бол 00-01 УАА тээврийн хэрэгсэл хоёр төрлийг материалыг хязгаарлагдмал шурган хоолойд хольдог ба хоёулаа зуурагч, цэнэглэгч тээврийн хэрэгсэл юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар хариуцагч НШШГГ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 22370054/21 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэгч Т К-ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 1,000,000,000 төгрөгөөс үлдэх 518,557,288 төгрөгийн барьцаа төлбөрт манай компанийн 4,410,348,867.98 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжүүдийг битүүмжилсэн.

Шийдвэр гүйцэтгэгч нь компанийн үндсэн үйл ажиллагаа болох тэсэлгээнд хэрэглэж буй 00-01 УАА улсын дугаартай тэсэлгээний зөөврийн үйлдвэр болох анфотракийг үнэлгээ хийхдээ ижил төрлийн техниктэй харьцуулж үнэлээгүй. Шүүхээс манай компанийг бетон зуурагч Hino truck-ийн үнэлгээгээр үнийн алдагдал, зөрүү гарган үнэлсэн гэх үндэслэлээ нотлоогүй гээд шинжээч Б- ХХК-ийн 2023 оны 02 сарын 06-ны өдрийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний стандартыг зөрчөөгүй гэжээ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2-т хөрөнгийн үнэлгээний зүйл. түүний шинж байдал, 8 дугаар зүйлийн 8.3.6-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл түүний шинж байдлын тодорхойлолт, 8.3.9-т хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол түүний үндэслэл гэж зааснаар үнэлгээчин нь манай компанийн үнэлгээний хийсэн техникийн шинж байдлыг бүрэн тодорхойлж чадаагүй, гэхдээ бүрэн мэдээлэлтэй байсан хэдий ч шийдвэр гүйцэтгэгчийн даалгавраар хэт хямд үнэтэй холигч буюу бетон зуурагч, ус зөөвөрлөгч Hino truck автомашинуудтай харьцуулсан гэдэг нь хэрэгт цугларсан баримтууд, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүхийн үзлэгээр бүрэн тогтоогддог.

 

Мөн шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тайлангийн хавсралтад харьцуулсан техникүүдийн мэдээллийг оруулаагүй, 3 техниктэй харьцуулсан гэх боловч 2 техниктэй харьцуулсан нь үзлэгээр тогтоогдсон. Тус 00-01 УАА улсын дугаартай тэсэлгээний зөөврийн үйлдвэр болох анфотрак нь шинжээчийн жишиг үнэ авсан www.made-in-china.com цахим хуудсанд 450,000 ам.доллар буюу 1,575,000,000 төгрөгөөр худалдан авах боломжтой. Уг үнэд гааль, татвар, НӨАТ-ын үнэ ороогүй 15.5 хувийн татвар авдаг. Иймд шинжээч Б- ХХК нь 2023 оны 02 сарын 06-ны өдрийн үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний стандартыг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон байхад шүүгч хэт нэг талыг баримтлан хэргийг шийджээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.1.1-д зааснаас үзэхэд шийдвэр гүйцэтгэх байгууллага нь ажиллагаа явуулахад төлбөр төлөгч хуулийн этгээдийн үндсэн үйл ажиллагаанд ашигладаггүй хөрөнгөд ажиллагаа явуулах ёстой байхад манай гол үйл ажиллагаа болох тэсэлгээнд ашигладаг тэсэлгээний бодисуудыг хольж өрөмдсөн нүхэнд тэсэлгээний хийдэг зөөврийн тэсэлгээний үйлдвэрийг худалдан борлуулж, манай компанийг үндсэндээ дампууруулахаар зорьж байна. Манай хураагдсан 30 ширхэг техникүүдээс ашигладаггүй бүрэн ажиллагаатай зарим техник, тоног төхөөрөмжийг худалдан борлуулж үлдэгдэл төлбөрийг барагдуулах саналыг шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлэхэд үл тоомсорлож, авч хэлэлцээгүй. Уг нөхцөл байдлаар шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 сарын 06-ны өдрийн 22370054/21 тоот эд хөрөнгө хураах тогтоол нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн.

 

Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч тайлбар гаргаж байсантай холбогдуулан үнэлгээний тайланд дурдсанаар 00-01 УАА улсын дугаартай техникийн гэрчилгээнд нь тусгай тэмдэглэл байхгүй. Мөн тоноглосон төхөөрөмж гэх боловч ердийн автомашины гэрчилгээтэй байдаг. Тусгай тоноглолтой гэж үзсэн тохиолдолд тусгай тэмдэглэгээ хийлгэсэн байх ёстой. Манай зүгээс тухайн холигч автомашины үнэлгээг үнэн зөв үнэлсэн байна гэж үзсэн. Тухайн автомашиныг дуудлага худалдаанд оролцуулсан тохиолдолд 2022 онд Т К- ХХК-д 7,000,000,000 төгрөгийн орлого олсон атлаа нуун дарагдуулсан. Мөн Т К- ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Т К- ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээ болон 2023 оны 01 сарын 06-ны өдрийн 22370054/12 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 0000дугаар захирамжаар Т К- ХХК-аас 824,288,567 төгрөг гаргуулан Г.Т-т олгохоор шийдвэрлэсэн, тус захирамжийг албадан биелүүлэх ажиллагааг НШШГГ- 2021 оны 11 сарын 09-ний өдөр үүсгэжээ.

 

3.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг даруй авах үүрэгтэй бөгөөд хуульд заасан үүргийн дагуу мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д зааснаар нэхэмжлэгчийн өмчлөлийн Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулж буй Hino FY2PUUM-MQZ маркийн 00-01 УАА улсын дугаартай /арлын дугаар LYC1CH811F00014

86/ ачааны зориулалт бүхий тээврийн хэрэгслийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулж, төлбөр төлөгчийн хадгалалт, хамгаалалтад хариуцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд нийцсэн байна.

3.2. Тус ажиллагаа нь мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгө байхгүй тохиолдолд уг хуулийн этгээдийн хөрөнгө хэний эзэмшилд байгаагаас үл хамааран дараахь хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах ажиллагаа явуулна гэж заасныг хариуцагч зөрчин нэхэмжлэгчийн гол үйл ажиллагаа явуулж орлого олдог хөрөнгийг хураасан нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах, орлого олох боломжийг хааж нэхэмжлэгчийг хохироож, дампууруулах эрсдэлд оруулж байна гэх агуулгаар гомдол гаргажээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Т К- ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэснээс хойшхи 14 сарын хугацаанд мөнгөн хөрөнгөөр төлбөрийг барагдуулах боломжтой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Иймд хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулж тус компанийн өмчлөлийн 30 ширхэг тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг 2021 оны 10 сарын 19-ний өдрийн 4-224/20116 тоот Эрх түдгэлзүүлэх тухай албан бичгээр түдгэлзүүлж, жагсаалтын 29-д байгаа тээврийн хэрэгслийг хураан авах ажиллагааг явуулсан нь хууль зөрчөөгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн үндсэн үйл ажиллагаанд ашигладаггүй хөрөнгөд ажиллагаа явуулах ёстой байхад манай гол үйл ажиллагаа болох зөөврийн тэсэлгээний үйлдвэрийг худалдан борлуулахаар ажиллагаа явуулсан гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

4. Дээрх тээврийн хэрэгслийг хураан авсны дараа хариуцагчаас 2023 оны 01 сарын 20-ны өдрийн 4-149/1492 тоот мэдэгдлээр уг хөрөнгийн үнийн саналаа ирүүлэхийг нэхэмжлэгчид мэдэгдсэнийг мөн өдөр хүлээн авсан ч үнийн саналаа ирүүлээгүй байна. Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 сарын 24-ний өдрийн 1/1 дугаар тогтоолоор Hino FY2PUUM-MQZ маркийн 00-01 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Б- ХХК-ийн үнэлгээчин С.Ц-ыг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцжээ.

 

4.1. Шинжээч Б- ХХК-ийн үнэлгээчин С.Ц-ын 2023 оны 02 сарын 02-ны өдрийн үнэлгээний тайлангаар тээврийн хэрэгслийн зээлийн үнэлгээг 614,854,000 төгрөгөөр тогтоосон байна. Шинжээч нь хөрөнгө үнэлэх аргуудыг хэрэглэж, зах зээлийн хандлагын аргаар харьцуулан үнэлгээ нь үнэлгээний бусад аргаас илүү хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлсон талаар тайланд дурджээ.

 

4.2. Нэхэмжлэгч нь уг тээврийн хэрэгсэл нь АНУ-д захиалгаар хийлгэж, иж бүрэн компьютержсэн, тусгай зориулалттай, тэсрэгч бодис холигч, цэнэглэгч, угсрагч, явуулын техник байхад бетон зуурагч машинтай харьцуулан үнэлсэн нь тээврийн хэрэгслийг хэт багаар үнэлэх шалтгаан болсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

 

4.2.а.Шинжээчийн үнэлгээний тайлан болон хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт баримтаар авагдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2019 оны 09 сарын 09-ны өдрийн 19/19 тоот Тэсэлгээний зориулалттай тоног төхөөрөмжийг ашиглалтанд хүлээн авах акт, мөн 2019 оны 08 сарын 19-ны өдрийн Зээлээр худалдах-худалдан авах гэрээ зэргээс үзэхэд үнэлэгдэж буй Hino FY2PUUM-MQZ маркийн 00-01 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өөрийн зах зээлийн үнэ нь 2019 онд 195,000,000 төгрөг байжээ.

 

4.2.б. Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтод ачааны зориулалттай гэсэн бөгөөд тусгай зориулалттай гэж тусгагдаагүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дээрх акт нь уг тээврийн хэрэгсэлд АНУ-д үйлдвэрлэсэн HINO TREAD SN3607 зөөврийн цооног цэнэглэгч төхөөрөмж суурилуулсныг ашиглах зөвшөөрлийг илэрхийлсэн баримт байх боловч үнийг илэрхийлээгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

4.3. Мөн шинжээч нь зах зээлийн хандлагын аргыг ашиглаж үнэлгээг гаргахдаа ижил төрлийн 3 тээврийн хэрэгсэлтэй харьцуулан үнэлсэн, холбогдох мэдээллийн эх сурвалжийг тодорхой заасан байх тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

5. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч Эд хөрөнгө хураах тухай тогтоолтой холбоотой нэхэмжлэгчийн гомдолд хамаарах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийн зохицуулалт, улсын тэмдэгтийн хураамж хуваарилахтай холбоотой заалтыг буруу хэрэглэснийг давж заалдах шатны шүүх залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/01810 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 94 дүгээр зүйлийн 94.1 ... гэснийг 44 дүгээр зүйлийн 44.4 гэж, 2 дахь заалтын ... 7.1.2 ... гэснийг 7.1.4 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Э.ЭНЭБИШ