Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 127

 

                Ц.П-н нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                     Х.Батсүрэн

Шүүгчид:                                  Л.Атарцэцэг

                                                  Д.Мөнхтуяа

                                                  Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                         П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга:            Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/49 дугаар “Ц.П-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан  Засаг даргын Тамгын газрын, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах

Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0896 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхмжлэгчийн өмгөөлөгч Т.Б 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/49 дугаар “Ц.П-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгон, нэхэмжлэгч Ц.П-г урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6557603 /зургаан сая таван зуун тавин долоон мянга зургаан зуун гурав/ төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж Ц.П-д олгож, Ц.П-ийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0896 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгад: Анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаас үзэхэд маргаан бүхий захиргааны актын үндэслэлийн талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлсэнгүй. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар няцаагдаж байгаагийн дээр нэхэмжлэгч Ц.П нь малын гоц халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр хүлээсэн  үүрэг, уг үүргээ хэрэгжүүлээгүй сахилгын зөрчлийн талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

4. Нэхэмжлэгч Ц.П-ийн ажлын байрны тодорхойлолтод үндсэн зорилт, гол үйл ажиллагааны талаар тодорхой заасан. Гэтэл Ц.П нь аймгийн хэмжээний хүнс, хөдөө аж ахуйн асуудал бодлогын мэргэжилтний хувьд Ховд аймагт дэгдсэн малын гоц халдварт мялзан төст өвчинтэй тэмцэх, тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ч бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байдаг. Энэ нь бог малын гоц халдварт мялзан төст өвчинтэй тэмцэх чиглэлээр нэг ч бодлогын шийдвэр, захирамж, албан бичгийн төсөл боловсруулаагүй байдгаар нотлогддог.

5. Тодруулбал, бог малын гоц халдварт мялзан төст өвчинтэй тэмцэх чиглэлээр Ховд аймгийн Засаг даргаас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны хоорондох 1 сарын хугацаанд нийт 8 захирамж гарган хорио цээр тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, шуурхай ажлын хэсэг байгуулж, малын гоц халдварт өвчинтэй тэмцэхэд шаардлагатай хөрөнгө гаргах зэрэг бодлогын асуудлыг шийдвэрлэсэн байдаг.  Мөн түүнчлэн дээрх хугацаанд бог малын гоц халдварт мялзан төст өвчинтэй тэмцэх чиглэлээр Ховд аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч нараас удаа дараагийн албан бичгээр Хүнс, хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, Улсын онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудтай харилцсан байдаг бөгөөд эдгээр бодлогын шийдвэр, захирамж, албан бичгийн төслөөс нэгийг нь нэхэмжлэгч Ц.П боловсруулаагүй, албан үүргээ биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан. Ийм байхад давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч Ц.П-г ямар ч сахилгын зөрчил гаргаагүй мэтээр дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг хэтэрхий нэг талыг баримталж, сахилгын зөрчил гаргасан албан хаагчийг зөвтгөлөө.

6. Нэхэмжлэгч Ц.П нь хэрэгжүүлэх чиг үүрэгтэй албан хаагч биш харин бодлого боловсруулах, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулахад харьяа байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангадаг бодлогын мэргэжилтний ажлыг эрхэлдэг байсан. Ийм учраас бодлогын мэргэжилтнээс бодлогын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах талаар ямар бодлогын ажил хийсэн гэдгийг л шаарддаг. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанчлан бог малын мялзан өвчин гаргахгүй ажиллах ёстой байсан гэж буруутгаагүй.

7. Ийм учир, шалтгааны улмаас Улсын Онцгой комиссоос томилогдсон Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Ж.С-р ахлуулсан Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.У, Улсын мал эмнэлэг, үржлийн газрын хэлтсийн дарга Б.Ц, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга н.Б нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын 2016 оны 9 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдийн өргөтгөсөн хуралдаанд оролцохдоо тухайн үеийн ажил хариуцсан албан тушаалтнуудын албан үүрэгтэй хариуцлагагүй хандсан албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхийг даалгасан. Энэ нь Ховд аймгийн Онцгой комиссын 2016 оны 9 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдийн хуралдааны тэмдэглэлээр бүрэн нотлогддог. Гэтэл анхан, давж заалдах шатны шүүхүүд Улсын Онцгой комиссоос томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг гэрчээр байцаалгах хүсэлтийг хангахаас татгалзаж, нотлох баримтыг дутуу бүрдүүлж, захиргааны акт гаргах болсон үндэслэлийг бүрэн нотлох хариуцагчийн эрхийг хязгаарласанд гомдолтой байна.

8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.П-ийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

10. Маргаан бүхий тушаалаар “албан үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч Ц.П-д ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байна. Гэвч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ажлаас халагдах хэмжээний зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй, хариуцагчаас “аймгийн Засаг даргын удаа дараагийн захирамжийг биелүүлээгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгасан боловч хэдний өдрийн захирамжийг хэзээ биелүүлж, хариу мэдэгдэх байсан, уг захирамжийн дагуу нэхэмжлэгчийн албан тушаалын чиг үүрэгт хамаарах ямар ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан, энэ үүрэг даалгавар нь зөвхөн нэхэмжлэгчээс хамаарч гүйцэтгэгдэх боломжтой ажил үүрэг байсан гэдэг нь тодорхой тогтоогдохгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

11. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд тодорхой асуудлаар, албан тушаалын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгчийг буруутгах ёстой. Гэтэл хариуцагчаас “бодлогын мэргэжилтний хувьд малын халдварт өвчинтэй тэмцэх, тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ч бодлогын арга хэмжээ хэрэгжүүлээгүй, бодлогын зөвлөгөө өгч, мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, тухайлбал, бодлогын арга хэмжээний хүрээнд ямар ямар тодорхой ажил гүйцэтгэх ёстой байсан, хэзээ үүссэн ямар нөхцөл байдлыг хэзээ мэдээлсэн, эсхүл мэдээлээгүйгээс ямар үр дагавар үүссэн тодорхой зөрчлийг нэрлэн заагаагүй байгаа нь захиргааны байгууллагын шийдвэр ойлгомжтой, тодорхой байх, үндэслэл бүхий зарчимд нийцэхгүй байна.

12. Хариуцагчийн нэрлэн заасан “Ховд аймагт дэгдсэн малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ч бодлогын арга хэмжээ хэрэгжүүлээгүй” тухай гомдол нь зөвхөн нэхэмжлэгчийн албан тушаалын чиг үүрэгт хамааралгүй, нэхэмжлэгчийн өдөр тутмын үйл ажиллагаа хянах, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий дээд шатны албан тушаалтны чиг үүрэгт мөн адил хамааралтай, аймгийн Онцгой комиссын хуралдааны тэмдэглэлээр “албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан албан хаагч нарт хариуцлага хүлээлгэхийг даалгасан” байдал нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааг шууд нотолсон баримт биш бөгөөд нэхэмжлэгчид чиглээгүй, уг хуралдаанд нэхэмжлэгчийн ажил үүргийн талаар хэлэлцээгүй байх тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

13. Мөн “Онцгой комиссын ажлын хэсгийн гишүүдийг гэрчээр асуулгаж, захиргааны актын үндэслэлийг нотлох хариуцагчийн эрхийг хязгаарласан” тухай гомдол нь үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл оногдуулах ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь өөрийн гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэл, хариуцлагыг өөрөө хариуцаж, шийдвэр гаргахаас өмнөх цаг хугацаанд холбогдох баримтыг цуглуулах болохоос шүүхэд маргасны дараа гэрчээр нотлуулах замаар маргах нь хариуцагчийн алдаатай шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

14. Эдгээр үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0896 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Х.БАТСҮРЭН       

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ