Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2017/02081

 

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2017/02081

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Хаалга цонх ХХК 

Хариуцагч:  Барилга ХК холбогдох

Гэрээний үлдэгдэл төлбөр 7,900,455 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ганбат, хариуцагчийн төлөөлөгч Б.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2017 оны 2 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотын Барилга ХК-тай Модон хаалга үйлдвэрлэж нийлүүлэх тухай ХЦ 2/2 тоот гэрээ байгуулсан. Гэрээний 3.1 заалт ёсоор манай компани 108 ширхэг хаалга нийлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд 1 ширхэг хаалгыг хэмжээнээс нь хамаарч 380,000-аас 597,600 төгрөгийн хооронд үнэлснээр нийт гэрээний үнийн дүн нь 47,800,905 төгрөг болсон.

Талууд байгуулсан гэрээний 4.1 заалтад Бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлэх хугацаа нь урьдчилгаа төлбөр хийгдэж, загвараа сонгосноор эхлэн тооцогдоно, нийлүүлэх хугацаа нь 2017 оны 3 сарын 2-ны өдрөөс эхлэж 2017 оны 3 сарын 20-ны өдрийн дотор буюу 18 хоногт багтаан үйлдвэрлэн хүлээлгэн өгнө гэсэн үүргийг, мөн гэрээний 3.2 заалтад, Урьдчилгаа нийт үнийн дүнгийн 50% хийгдсэнээр үйлдвэрлэл эхэлнэ 3.3 заалтад, Үлдэгдэл төлбөрийг бүтээгдэхүүн үйлдвэрээс ачигдахын өмнө хийж дуусгана гэж тус тус үүрэг хүлээхээр зааж өгсөн байгаа.

Барилга ХК нь гэрээний дээрх заалтын дагуу 2017 оны 3 сарын 2-ны өдрөөс өмнө нийт төлбөрийн 50 хувь болох 23,900,450 төгрөгийг төлсөн тул үүний дараа үйлдвэрлэлээ эхэлж доорх байдлаар нийт 95 хаалгыг нийлүүлсэн байдаг. Үүнд:

2017 оны 3 сарын 11-нд 13 хаалга

2017 оны 3 сарын 14-нд 13 хаалга

2017 оны 3 сарын 17-нд 17 хаалга

2017 оны 3 сарын 18-нд 10 хаалга

2017 оны 3 сарын 21-нд 25 хаалга

2017 оны 3 сарын 22-нд 17 хаалга

 

Эдгээр ачуулсан хаалганы нийт төлбөр 42,3 сая төгрөг болж байгаа бөгөөд харин Барилга ХК 2017 оны 3 сарын 22-нд нэмж 16,000,000 төгрөг төлж өмнө төлсөнтэйгөө нийлээд нийтдээ 39,900,450 төгрөг төлсөн. Байгуулсан гэрээ ёсоор Барилга ХК нь төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд бүх хаалгыг нийлүүлэх ёстой байсан боловч тэд 1-рт төлбөрөө бүрэн төлж дуусаагүй байсан 2-рт тэдэнд өгөх сүүлийн 15 хаалганы өнгө өмнөх нийлүүлсэн хаалганаас арай өөр харагдаж байсан зэрэг шалтгаанаар хаалга нийлүүлэлт 2 хоногоор саатсан байсан. 2017 оны 3 сарын 25-нд Барилга ХК-аас дэд захирал Ш.Ариунбат, инженер М.Баяржаргал нар манай компанид ирж хаалгаын талаар ярилцсан. .

Манай компаний зүгээс "Эдгээр ялимгүй өнгө зөрсөн 15 хаалгыг шинээр будаж өгч хэрэглэгчийн сэтгэл таашаалд нийцсэн бүтээгдэхүүн гаргаж өгдөг хатуу журамтай ажилладаг тул 7 хоногт багтаан дахин будаж засаж өгсний дараа нийлүүлнэ, энэ хугацаанд та бүхэн гэрээний үлдэгдэл төлбөр болох 7,900,455 төлбөрийн манайд төлж дуусга гэсэн шаардлага тавьсан.Үүний хариуд Барилга ХК нь Бид барилга ашиглалтад өгөх хугацаа болчихсон, иймд 7 хоног хүлээх боломжгүй, харин хаалганыхаа будгийг энэ хэвээр нь авъя, танайх аваачаад суулгаад өгчих, ашиглалтад өгөх явцад та нар дахин будаад өгчих, энэ тохиолдолд дахин будсан байдлыг манай зүгээс хүмүүс ирж шалган хүлээн авна, үүний дараа 3 хоногт багтаан үлдэгдэл 7,900,455 төгрөгийг саадгүй төлнө. Гэсэн хүсэлт тавьсныг бид зөвшөөрч талууд энэ байдлаа тусгасан №1 тоот нэмэлтийг өмнө 2017 оны 2 сарын 22-нд байгуулсан ХЦ 2/2 тоот гэрээндээхийж хавсаргахаар тохиролцсон. Энэ асуудал манай компаний хаалга үйлдвэрлэдэг цехэд яригдсан учраас бид энэ өдрийн энэ цагтаа багтаан №1 тоот нэмэлтийг хийж манай байгууллага тамга, тэмдэг дарж хариуцсан бүх хүмүүс гарын үсгээ зурж баталгаажуулан Барилга ХК-ны дэд захирал Ш.Ариунбат, инженер М.Баяржаргал нарт мөн баталгаажуулахаар өгч явуулсан.

Барилга ХК-ийн захирал өөрөө ирж нэгэнт тохиролцсон тул итгэж, үлдсэн 15 ширхэг хаалгыг төлбөрийг хийхийг хүлээхгүйгээр энэ өдөрт буюу 2017 оны 3 сарын 25-нд хүргэж өгч суурилуулж өгсөн. Үүнээс 7 хоногийн дараа манай нягтлан Г.Гантулга, Барилга ХК-ны инженер Баяржаргал руу анхны удаа утасдаж барилгаа ашиглалтад өгсөн үү, бид хэзээ очиж хаалгаа авч дахин будаж янзалж өгөх вэ? гэж асуухад Ашиглалтад өгөөгүй баина, бид өөрснөө хэлнэ гэсэн хариу өгсөн байсан.

Харамсалтай нь Барилга ХК нь манай байгууллага дээр ирж тохиролцон гэрээндээ хийсэн №1 нэмэлтдээ гарын үсэг тамга дарж өгнө гэсэн тохиролцооноосоо хаалгаа бүрэн хүлээн авсны дараа илт буцаж бидэнд баталгаажуулж өгөөгүй тул бид арга буюу 2017 оны 03 сарын 29-нд 26 тоот албан бичиг явуулж албан ёсоор гэрээндээ хийсэн нэмэлтийн дагуу үүргээ харилцан биелүүлэх талаар хүсэлтээ дахин тавьсан. Барилга ХК-ийн зүгээс хариуцсан инженер М.Баяржаргалтай олон удаа утсаар нь ярьж дахин хүсэлтээ тавих бүрд манайх барилгаа ашиглалтад өгөөгүй, болоогүй гэдэг хариу өгдөг болсон. Бид тодорхой хугацааны дараа уг барилгаа Барилга ХК ашиглалтад өгсөн болохыг мэдсэний дараа мөнгөө төлөхийг утсаар шаардсан боловч сүүлдээ утсаа авахаа байсан тул 2017 оны 6 сарын 10-нд Барилга ХК-д 43 тоот албан бичиг хүргүүлж төлбөрөө шаардсан. Үүний хариуд Барилга ХК манайд 2017 оны 6 сарын 14-нд 01/181 тоот албан бичиг ирүүлж төлбөр төлөхгүй гэж мэдэгдсэн.

Барилга ХК нь манай компаниас авсан хаалганы үлдэгдэл төлбөр болох дээрх 7,900,455 төгрөгийг төлөхөөс санаатайгаар зугтааж, ямарч үндэслэлгүй худал тайлбар тавьж, бизнесийн байгууллага, удирдах хүний хувьд зохисгүй авир гаргаж байгаад нь ихэд гайхаж, харамсахын хамт нэгэнт хийсэн авах ёстой ажил үйлчилгээний төлбөр болох 7,900,455 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар хандаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Барилга ХК нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хаалга цонх ХХК-тай модон хаалга үйлдвэрлэж нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээгээр 108 ширхэг хаалга, нэг ширхэгийн үнийг 350,000 төгрөг, 2 хавтастай хаалга 525,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор манайд хүлээлгэн өгөх хугацаатай байсан боловч нийлүүлсэн хаалганы өнгө зөрж хугацаа хожимдуулсан. Мөн гэрээний 3.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй урьдчилгаа төлбөрийн НӨАТ-ыг шивж өгөөгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан.

Хаалга цонх ХХК нь гэрээнд заасны дагуу бүтээгдхүүнээ нийлүүлээгүй, акт үйлдээгүй, Иймд манай компани дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаалга цонх ХХК нь хариуцагч Барилга ХК-нд холбогдуулан талуудын хооронд байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөрт 7,900,455 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 47,800,905 төгрөгийн үнийн дүн бүхий нийт 108 ширхэг хаалгыг нийлүүлсэн боловч үлдэгдэл төлбөр 7,900,455 төгрөгийг төлөхөөс үндэслэлгүй татгалзсаар байна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Талуудын хооронд гэрээ байгуулагдсан, хаалгыг бүрэн хэмжээгээр нийлүүлсэн нь үнэн боловч зарим хаалга өнгө будаг өөр, суурилуулсны дараа завсар зайтай байсан, сүүлийн 10 хаалгыг хугацаа хожимдуулж шилжүүлсэн. Түүнчлэн хэсэгчилсэн төлбөр хийсэн боловч төлбөр тус бүрт НӨАТ-ын шилжүүлгийг хуулийн дагуу хийгээгүй. Хаалгануудын доголдол арилсан байгаа бол төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж хариу маргаж байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг холбогдох журмын дагуу үнэлэн, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1. Талуудын хооронд 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ХЦ2/2 тоот Модон хаалга үйлдвэрлэж, нийлүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээний дагуу бэлтгэн нийлүүлэгч тал болох нэхэмжлэгч Хаалга цонх ХХК нь гэрээний хавсралтад заасан шинж бүхий нийт 108 хаалгыг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор үйлдвэрлэн нийлүүлэх, захиалагч тал буюу хариуцагч Барилга ХК 47,800,905 төгрөг төлөх үүрэг хүлээсэн талаар зохигчид харилцан маргахгүй байна. /хх-ийн 8-11 дүгээр тал/

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-т заасан төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмсийг хийж захиалагчдын өмчлөлд шилжүүлэх тухай худалдах худалдах гэрээний зохицуулалт үйлчлэх ажил гүйцэтгэх гэрээ байна.

2. Зохигчид нэхэмжлэгч буюу бэлтгэн нийлүүлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн үүрэг болох 108 ширхэг хаалгыг үйлдвэрлэж бэлэн болгосныг захиалагч тал болох Барилга ХК нэхэмжлэгчийн тайлбарласан хуваарийн дагуу хүлээн авч, эцсийн хэрэглэгч болох МУИС-ын номын сангийн зориулалтаар баригдаж буй өргөтгөлийн барилгад суурилуулсан, гэрээний төлбөрийн үлдэгдэлд 7,900,455 төгрөг төлөгдөөгүй байгаа зэрэг үйл баримтын талаар харилцан маргахгүй байна.

Харин хариуцагч Барилга ХК гэрээний зүйл буюу гэрээний дагуу шилжүүлсэн хамгийн сүүлийн ээлжний 10 хаалга доголдолтой байсан тул үлдэгдэл төлбөр 7,900,455 төгрөгийг шилжүүлэхээс татгалзсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч тал шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ сүүлийн ээлжний хаалгыг 15 ширхэг хаалга гэж тайлбарласан боловч 10 хаалга байсан талаарх хариуцагчийн тайлбарыг дэмжин шүүх хуралдаанд мэтгэлцэж байна. Гэвч нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан тус компаниас Барилга ХК-нд хүргүүлсэн албан тоотуудаас үзвэл сүүлийн ээлжний хаалганы тоо 15 ширхэг байсан нь тогтоогдож байна. /хх-ийн 13, 14 дүгээр тал/ Иймд сүүлийн ээлжний буюу талуудын доголдолтой хэмээн маргаж буй хаалганы тоог 15 ширхэг гэж шүүх дүгнэлээ. Хариуцагч талаас доголдолтой гэх хаалгануудын төрөл буюу хэдэн ширхэг хаалга нь гэрээний 3.1-д дурдсан 350,000 төгрөгийн хаалга, хэд нь хоёр хавтастай 525,000 төгрөгийн хаалга байсныг нэрлэж чадаагүй хэдий ч доголдлын талаарх гомдол хамгийн сүүлд шилжүүлсэн 15 хаалгад хамаарч байгаа талаар талууд санал нэгтэй байна. Түүнчлэн эдгээр 15 хаалганы чухам хэд нь өнгөний, хэд нь зай завсрын доголдолтой байсан талаар хариуцагч тал тайлбарлаж чадахгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар эдгээр хаалганууд нь өнгөний зөрөөтэй, угсарсны дараа завсар зайтай байсан гэжээ. Хэдийгээр хариуцагч талаас бүх хаалгыг хүлээж авсан, суурилуулсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа ч доголдлын талаар аливаа нотлох баримт хэрэгт хавсаргаагүй байна. Харин нэхэмжлэгч тал олон улсын нэр хүнд бүхий компанийн стандартыг мөрдөн ажилладаг тул, нийгмийн хариуцлага, байгууллагын нэр хүндийг өндөр байлгах, үйлчлүүлэгч, эцсийн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бүрэн дүүрэн байлгахыг зорьдог компанийн бодлогыг баримтлан өнгөний өөр байдлыг засаж өгөхийг зөвшөөрсөн гэж тайлбарлаж байна. Түүнчлэн ийнхүү засаж өгөхөөр тохирсон хугацаандаа Барилга ХК-нд хандсан боловч тус байгууллага эргэж холбоо бариагүй гэжээ. Нэхэмжлэгчийн дээрх тайлбар Хаалга цонх ХХК-аас 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Барилга ХК-нд хүргүүлсэн 26 тоот албан бичиг, 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 43 тоот албан бичиг, эдгээр албан тоотыг Монгол шуудан компаниар дамжуулан Барилга ХК-нд хүргүүлсэн тухай шуудангийн баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 13, 14, 25, 26 дугаар тал/

Эцсийн хэрэглэгч аливаа гомдол гаргаагүй, түүнчлэн доголдолтой гэх хаалгануудын доголдлыг арилгаж өгөх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг захиалагч бодитой хэрэгжүүлэх талаар тодорхой алхам хийхгүй атлаа төлбөрөө төлөхөөс зайлсхийж байсныг үл харгалзан хариуцагчийн тайлбарлаж буй доголдолтой гэрээний зүйл гэх 15 хаалгыг дахин сайтар шалгаж, өнгө зөрөөгүй байсан ч дахин будсан, өөрт хамааралгүй цоож цуургыг ч бүрэн засварлаж, хэрэглэгчийг хохиролгүй болгосны зэрэгцээ энэ талаар эцсийн хэрэглэгч болох МУИС-тай гэрээ байгуулж акт үйлдсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх ба энэ нь хавтаст хэргийн 47-52 дугаар талд авагдсан МУИС-тай байгуулсан гэрээ, тус гэрээний хавсралт акт болох ажил хүлээлчсэн актаар тус тус тогтоогдож байна.

Хариуцагч хэдийгээр доголдолтой гэх үндэслэлээр төлбөр төлөхөөс татгалзахдаа доголдлын талаар нотлох үүргээ биелүүлээгүй боловч нэхэмжлэгч өнгөний доголдлыг хүлээн зөвшөөрсөн тул сүүлийн 15 хаалга өнгөний хувьд доголдолтой байсан гэх үндэстэй байна. Харин уг доголдлыг нэхэмжлэгч тал бүрэн засварлаж дуусгасан нь хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна. Хариуцагч тал сүүлийн 15 хаалгыг зай завсрын доголдолтой байсан гэх боловч энэ талаар баримт гаргаж өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч талаас энэ талаар ямар нэг доголдол байгаагүй гэж үзэж байна.

Иймд гэрээний зүйл нэгэнт доголдолгүй болсны зэрэгцээ хариуцагч тухайн эд зүйлийг хүлээн авсан байх тул хариуцагчид өнгөний болон зай завсрын доголдолтой гэх үндэслэлээр үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзах эрхгүй гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан бол худалдан авагч доголдлын талаар гомдол гаргах эрхээ алдахаар зохицуулсан байдгийг дурдах нь зүйтэй.

3.    Хариуцагч гэрээний зүйлийг хугацаа хожимдуулж буюу 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нийлүүлэх ёстой байсан боловч 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нийлүүлсэн тул хариу үүргээс татгалзах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна. Гэвч зохигчдын тайлбараар хаалгыг нэгэнт хүлээн авсан эдгээр хаалгыг МУИС-ын номын сангийн зориулалттай өргөтгөлийн шинэ барилгад ашигласан болох нь нотлогдохын зэрэгцээ барилгыг улсын комисс хүлээн авч ашиглалтад орсон нь нийтэд илэрхий үйл баримт мөн гэх үндэстэй. Хариуцагчаас 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хаалга цонх ХХК-нд хүргүүсэн 01/181 тоот албан бичигт доголдолтой хаалга нийлүүлсний улмаас багагүй хохирол учирсан тухай дурдсан байх боловч уг хохирлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр буюу гэрээнд заасан хугацаанаас 5 хоногоор хугацаа хожимдуулан 15 ширхэг хаалгыг хүлээлгэн өгсөн явдлыг нэхэмжлэгчийн үүргийн ялимгүй зөрчил гэж үзэх үндэстэй байна.

Гэвч хаалгуудыг нэгэнт хүлээж авсан, суурилуулсан, хаалга буюу, барилга бүхэлдээ ашиглалтад орчихсон үед тухайн ялимгүй зөрчлийн улмаас ямар хохирол учирсныг тодорхойлон шаардлага гаргаагүй атлаа 7,900,755 төгрөгийн хариу үүргийг биелүүлэхээс татгалзаж буй нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан зарчимд нийцэхгүй гэж үзлээ.

4. Хариуцагч тал НӨАТ-ын шилжүүлгийг зохих журмын дагуу хийхгүй байгаагаас шалтгаалан хариу үүргийг биелүүлэхээс татгалзаж байна гэжээ. Гэрээний дүнд ногдох НӨАТ-ыг бүртгүүлэхтэй холбоотой нэхэмжлэгчийн үүрэг нь талуудын хооронд байгуулсан гэрээний үндсэн үүрэгт хамааралгүй, нэмэгдэл үүргийн шинжтэй харилцаа байх бөгөөд энэ үүргийг зөрчсөний улмаас 7,900,455 төгрөгийн төлбөр төлөх үндсэн хариу үүргээсээ үүрэг гүйцэтгэгч бүхэлд нь татгалзаж буйг зөвтгөх хангалттай үндэслэл биш байна.

Эдгээр үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 141,358 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаалга цонх ХХК-нд олгон шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4, 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч Барилга ХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 7,900,455 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаалга цонх ХХК-нд олгосугай.

 

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Барилга ХК-аас 141,358 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаалга цонх ХХК-нд олгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.    Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА