Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2588

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02081 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б” ХК-д холбогдох

 

Гэрээний үлдэгдэл төлбөр 7 900 455 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Б” ХК-тай Модон хаалга үйлдвэрлэж нийлүүлэх тухай ХЦ 2/2 тоот гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-д зааснаар манай компани 108 ширхэг хаалга нийлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд 1 ширхэг хаалгыг хэмжээнээс нь хамаарч 380 000-597 600 төгрөгийн хооронд үнэлснээр нийт гэрээний үнийн дүн нь 47 800 905 төгрөг болсон. “Б” ХК нь гэрээний дээрх заалтын дагуу 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө нийт төлбөрийн 50 хувь болох 23 900 450 төгрөгийг төлсөн тул үүний дараа үйлдвэрлэлээ эхэлж 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 13 хаалга, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 13 хаалга, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 17 хаалга, 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 10 хаалга, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 25 хаалга, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 17 хаалга, нийт 95 хаалгыг нийлүүлсэн. Эдгээр ачуулсан хаалганы нийт төлбөр 42,3 сая төгрөг болж байгаа бөгөөд харин “Б” ХК 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэмж 16 000 000 төгрөг төлж өмнө төлсөнтэйгөө нийлээд нийтдээ 39 900 450 төгрөг төлсөн. Байгуулсан гэрээ ёсоор “Б” ХК нь төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд бүх хаалгыг нийлүүлэх ёстой байсан боловч төлбөрөө бүрэн төлж дуусаагүй ба тэдэнд өгөх сүүлийн 15 хаалганы өнгө өмнөх нийлүүлсэн хаалганаас арай өөр харагдаж байсан зэрэг шалтгаанаар хаалга нийлүүлэлт 2 хоногоор саатсан. Манай компаний зүгээс "Эдгээр ялимгүй өнгө зөрсөн 15 хаалгыг шинээр будаж өгч хэрэглэгчийн сэтгэл таашаалд нийцсэн бүтээгдэхүүн гаргаж өгдөг тул 7 хоногт багтаан дахин будаж засч өгсний дараа нийлүүлнэ, энэ хугацаанд гэрээний үлдэгдэл төлбөр болох 7 900 455 төлбөрийг манайд төлж дуусга гэсэн шаардлага тавьсан боловч “Б” ХК нь “бид барилга ашиглалтад өгөх хугацаа болчихсон, иймд 7 хоног хүлээх боломжгүй, харин хаалганыхаа будгийг энэ хэвээр нь авъя, танайх аваачаад суулгаад өгчих, ашиглалтад өгөх явцад та нар дахин будаад өгчих, энэ тохиолдолд дахин будсан байдлыг манай зүгээс хүмүүс ирж шалган хүлээн авна, үүний дараа 3 хоногт багтаан үлдэгдэл 7 900 455 төгрөгийг саадгүй төлнө” гэсэн хүсэлт тавьсныг бид зөвшөөрч талууд энэ байдлаа тусгасан №1 тоот нэмэлтийг өмнө 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан ХЦ 2/2 тоот гэрээндээ хийж хавсаргахаар тохиролцсон. Энэ асуудал манай компаний хаалга үйлдвэрлэдэг цехэд яригдсан учраас бид энэ өдрийн энэ цагтаа багтаан №1 тоот нэмэлтийг хийж манай байгууллага тамга, тэмдэг дарж хариуцсан бүх хүмүүс гарын үсгээ зурж баталгаажуулан “Б” ХК-ийн дэд захирал Ш.Ариунбат, инженер М.Баяржаргал нарт мөн баталгаажуулахаар өгч явуулсан. “Б” ХК-ийн захирал өөрөө ирж нэгэнт тохиролцсон тул итгэж, үлдсэн 15 ширхэг хаалгыг төлбөрийг хийхийг хүлээхгүйгээр энэ өдөрт буюу 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүргэж өгч суурилуулж өгсөн. Үүнээс 7 хоногийн дараа манай нягтлан Г.Г, “Б” ХК-ийн инженер М.Баяржаргал руу анхны удаа утасдаж барилгаа ашиглалтад өгсөн үү, бид хэзээ очиж хаалгаа авч дахин будаж янзалж өгөх вэ? гэж асуухад Ашиглалтад өгөөгүй байна, бид өөрснөө хэлнэ гэсэн хариу өгсөн байсан. Барилга ХК нь манай байгууллага дээр ирж тохиролцон гэрээндээ хийсэн №1 нэмэлтдээ гарын үсэг тамга дарж өгнө гэсэн тохиролцооноосоо хаалгаа бүрэн хүлээн авсны дараа илт буцаж бидэнд баталгаажуулж өгөөгүй тул бид арга буюу 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 26 тоот албан бичиг явуулж албан ёсоор гэрээндээ хийсэн нэмэлтийн дагуу үүргээ харилцан биелүүлэх талаар хүсэлтээ дахин тавьсан. “Б” ХК-ийн зүгээс хариуцсан инженер М.Баяржаргалтай олон удаа утсаар нь ярьж дахин хүсэлтээ тавих бүрд манайх барилгаа ашиглалтад өгөөгүй, болоогүй гэдэг хариу өгдөг болсон. Бид тодорхой хугацааны дараа уг барилгаа “Б” ХК ашиглалтад өгсөн болохыг мэдсэний дараа мөнгөө төлөхийг утсаар шаардсан боловч сүүлдээ утсаа авахаа байсан тул 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Б” ХК-д 43 тоот албан бичиг хүргүүлж төлбөрөө шаардсан. Үүний хариуд “Б” ХК манайд 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 01/181 тоот албан бичиг ирүүлж төлбөр төлөхгүй гэж мэдэгдсэн. “Б” ХК нь манай компаниас авсан хаалганы үлдэгдэл төлбөр болох 7 900 455 төгрөгийг төлөхөөс санаатайгаар зугтааж, ямар ч үндэслэлгүй худал тайлбар тавьж, бизнесийн байгууллага, удирдах хүний хувьд зохисгүй авир гаргаж байна. Иймд ажил үйлчилгээний төлбөр болох 7 900 455 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХК нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Х ХХК-тай модон хаалга үйлдвэрлэж нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээгээр 108 ширхэг хаалга, нэг ширхэгийн үнийг 350 000 төгрөг, 2 хавтастай хаалга 525 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор манайд хүлээлгэн өгөх хугацаатай байсан боловч нийлүүлсэн хаалганы өнгө зөрж хугацаа хожимдуулсан. Мөн гэрээний 3.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй урьдчилгаа төлбөрийн НӨАТ-ыг шивж өгөөгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан. Х ХХК нь гэрээнд заасны дагуу бүтээгдэхүүнээ нийлүүлээгүй, акт үйлдээгүй, Иймд манай компани дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4, 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч Б ХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 7 900 455 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХК-аас 141 358 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "Б" ХК нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр "Х" ХХК-тай Модон хаалга үйлдвэрлэж нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээгээр 108 ширхэг хаалга, нэг ширхэгийн үнийг 350 000 төгрөг, 2 хавтастай хаалга 525 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор манайд хүлээлгэн өгөх хугацаатай байсан боловч нийлүүлсэн хаалганы өнгө зөрж хугацаа хожимдуулсан. Мөн гэрээний 3.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй урьдчилгаа төлбөрийн НӨАТ-ыг шивж өгөөгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан бөгөөд шүүх хуралдаанд МУИС-ын өрөгтгөлийн барилгын доголдолтой хаалганы талаар засч янзлан тайлбар авсныг шүүх нотлох баримтаар үнэлсэн. "Х" ХХК нь манай компанитай гэрээ байгуулсан болохоос биш МУИС-тай гэрээ байгуулаагүй, доголдлоо арилгасан бол манай компанид мэдэгдэх ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл "Х" ХХК нь гэрээнд хамааралгүй /мэргэжлийн бус/ МУИС-иас доголдол арилсан тухай баримт гаргуулан авсан нь нотлох баримтын шаардлага хангахгүй тамга, тэмдэг байхгүй бөгөөд нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт шүүх хуралдаанд гаргасан боловч шүүх шийдвэрлээгүйд гомдолтой байна. Шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК хариуцагч “Б” ХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрт 7 900 455 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний зүйл нь доголдолтой байсан тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ХЦ2/2 тоот модон хаалга үйлдвэрлэж, нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч "Х” ХХК 1 ширхэг хаалгыг 350 000 төгрөг, 2 хавтастай хаалгыг 525 000 төгрөгөөр тооцож, 47 800 905 төгрөгийн үнэ бүхий 108 ширхэг хаалгыг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор буюу 18 хоногт багтаан хариуцагч "Б" ХК-д хүлээлгэн өгөх, тус компани үнийг төлөхөөр тохиролцсон талаар маргаангүй байна.

     /хх8-9 дүгээр тал/

 

Дээрх гэрээний дагуу “Х” ХХК нь “Б” ХК-д 93 хаалга хүлээлгэн өгсөн бөгөөд талууд 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ХЦ2/2 тоот гэрээний нэмэлт №01 гэрээ байгуулж нийлүүлээгүй байгаа 15 хаалгыг 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр үйлдвэрээс нийлүүлж, суулгалтын хүмүүст хүлээлгэн өгөх, хаалганы үлдэгдэл төлбөр болох 7 900 455 төгрөгийг бүх ажлыг дуусгаж, суурилуулан хүлээлгэж өгч, акт үйлдсэний дараа 3 хоногт багтаан шилжүүлэхээр зохигчид тохиролцсон болох нь уг гэрээ болон талуудын тайлбараар тогтоогджээ.                     /хх12 дугаар тал/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

 

Зохигчдын байгуулсан гэрээний 2.3-т “бэлтгэн нийлүүлэгч” нь “худалдан авагч”-д бараа бүтээгдэхүүндээ гурван жилийн чанарын баталгаа гаргах ба энэ хугацаа нь барааг “бэлтгэн нийлүүлэгч”-ээс “худалдан авагч”-д шилжүүлэн өгсөн акт үйлдсэнээс хойш эхэлж тооцно. Чанарын баталгааны хугацаанд үйлдвэрлэлийн буруугаас үүдсэн ямар нэгэн согог гэмтэл гарахад “бэлтгэн нийлүүлэгч” өөрийн зардлаар засварлах буюу согогтой бүтээгдэхүүнийг солих замаар шийдвэрлэнэ гэж тохиролцохдоо хугацааны талаар тохиролцоогүй байна.

 

Талууд 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний нэмэлт №01 тоот гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчид хаалгыг 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр үйлдвэрээс нийлүүлэх үүргийг биелүүлж байхад хариуцагч доголдлын талаар мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчид Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д заасны дагуу доголдлын талаар гомдлын шаардлага гаргах байжээ. Хариуцагч нь гэрээний зүйлийн доголдлыг мэдсэн боловч гомдлын шаардлага гаргаагүй байна.

 

Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон үүргээ үл биелүүлж гэрээний үлдэгдэл төлбөр 7 900 755 төгрөг төлөхөөс татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцэхгүй талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

         

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул нотлох баримтыг буруу үнэлсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02081 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 141 358 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ