Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2023/02203

 

 

 

 

 

 

 

 

2023 05 02 101/ШШ2023/02203

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ю ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  С ХХК -д холбогдох,

 

3,692,745 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус байгууллага нь тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд С ХХК-иас 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр БНХАУ-ын Шанхай хотоос 0,571м3 72 кг жин бүхий маскыг тээвэрлүүлэн авчруулах, тээврийн зардал нь 1136 ам.доллар байхаар тохиролцон захиалга авч хамтран ажиллахаар болсон.

Захиалга хийгдээд ачаа барааг бэлэн болгох ажил хийгдэж байх үед тээврийн үнэ 227 ам.доллараар нэмэгдэж 1363 ам.доллар болсон ба энэ нь МИАТ компаниас нэмсэн агаарын тээврийн үнэ байсан бөгөөд үүнийг бид захиалагч С ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдэн баталгаажуулсан.

2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Шанхай хот дахь манай агент үйлдвэрийн агуулахаас ачааг очиж авах үед ачааны жин, хэмжээ бодит байдал дээр 1.03 м3 85кг байсан бөгөөд манай байгууллагын зүгээс ачааны бодит жин 1.03 м3 85кг байгааг мэдэгдэж үнэд өөрчлөлт орох, өсөх талаарх мэдээллийг хүлээн авагч С ХХК-д өгсөн. Энэ мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дахин хүргүүлсэн.

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай байгууллагын зүгээс С ХХК-д Одоогийн байдлаар анх өгсөн үнэ хэвээрээ гэдэг мэдээллийг явуулсан ба энэ нь тухайн захиалсан барааны тээврийн үнэ Шанхайн үйлдвэрийн агуулахаас Шанхайн онгоцны буудал хүртэлх үнэ хэвээрээ гэсэн агуулга бүхий юм. Учир нь тухайн ачаа анх 72 кг-аар тооцоологдож байсан боловч бодит байдал дээр 85 кг байсан нь үйлдвэрийн агуулахаас онгоцны буудал орох, онгоцонд ачуулах хүртэлх үйл явцад төдийлөн нөлөөлөхгүй бөгөөд энэ үнэд өөрчлөлт орж нэмэгдэхгүй гэсэн санаагаар захиалагч компанидаа мэдэгдсэн.

Ачаа БНСУ-ын Инчон нисэх онгоцны буудал дээр 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ирж Улаанбаатар хотруу ачуулахын өмнө ачаанд хэмжилт хийлгэн ачааг 1,03м3 85кг байгааг дахин баталгаажуулан, ачааны жин нэмэгдсэнтэй холбогдуулан тээврийн үнэ 2560 ам.доллар болж нэмэгдсэн талаарх албан ёсны мэдээллийг С ХХК-д мэдэгдсэн.

Үнэ нэмэгдсэн талаарх мэдээллийг С компанид мэдэгдсэний дараа С ХХК нь гаалийн татвар, холбогдох төлбөр тооцоог нэмэгдсэн үнээр буюу 2560 ам.доллараар тооцон хийж бараагаа хүлээн авсан. Гэвч манай байгууллагатай хийх тооцоог 1363 ам.доллараар тооцон хийсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд байх боломжгүй зүйл юм. Учир нь ачааны жин нэмэгдэхээр тээврийн үнэ нэмэгдэх нь зүй ёсны зүйл бөгөөд хэрэв тээврийн үнэ нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тохиолдолд бид тухайн ачааны тээврийг үргэлжлүүлэн хийх үү, үгүй юу гэдгийг С ХХК-тай хэлэлцэн ярилцах байсан. С ХХК-ийн зүгээс ачаа тээврийн үнэ нэмэгдсэнийг хүлээж авах боломжгүй гэсэн татгалзсан хариу өгөөгүй нь зөвшөөрсөн гэсэн үг гэж бид үзээд тээврийг цааш үргэлжлүүлэн дуусгасан. С ХХК-ийн хувьд ч тухайн тээврийг хүлээн зөвшөөрч гааль, татвар бусад зардлыг нэмэгдсэн үнээр төлөн ачаагаа хүлээн авсан нь нэмэгдсэн үнийн зөрүү болох 1197 ам.долларыг манай байгууллагад төлөхгүй байх учиргүй юм.

Манай байгууллагын зүгээс тээврийн төлбөрийн үнийн зөрүү 1197 ам.долларыг хэзээ төлөх талаар удаа дараа тодруулахад удахгүй төлнө гэдэг байсан боловч 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс энэ төлбөрийг төлж чадахгүй талаар хэлдэг болсон. Учир нь тээврийн үнэ нэмэгдэх тухай БНХАУ-ын Шанхай хотоос ачаа хөдлөхийн өмнө мэдэгдэх ёстой гэдэг тайлбарыг хэлж байгаа ч манай агент үйлдвэрээс ачааг очиж авах үед ачаа бодит байдал дээр жин нь нэмэгдсэн байна, иймээс тээврийн үнэд өөрчлөлт орно, үнэ өснө гэдгийг бид урьдчилан мэдэгдэж байсан юм.

Иймд С ХХК нь манай байгууллагад учруулсан хохирлыг төлж барагдуулах, асуудлыг шийдвэрлэх тал дээр ямар нэг арга хэмжээ авахгүй байх тул 1197 ам.доллар буюу 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Монгол банкны ханш 3085 төгрөгөөр тооцсон дүнгээр 3,692,745 төгрөгийг, шүүхийн тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ю ХХК С ХХК-д холбогдох ачаа тэзвэрлэлтийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй болно. Үүнд:

С ХХК нь 2004 оноос хойш эрүүл мэндийн салбарт бүх төрлийн эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг дэлхийн 30 гаруй орноос импортлон, нийлүүлэлтийг хийж, тэдгээрийн засвар үйлчилгээг тасралтгүй ханган ажиллаж байна.

Манай компани нэхэмжлэгч компанитай 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр БНХАУ-ын Шанхай хотоос 0,571м3 72 кг жин бухий маскийг тээвэрлэх, тухайн тээврийн зардал нь 1136 ам.доллар байхаар тохиролцон ачаа тээвэрлэлтийн гэрээг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэг, 386 дугаар зүйлийн 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсгийг тус тус баримтлан байгуулж хамтран ажилласан. Гэвч нэхэмжлэгч компани ачааны жин нэмэгдсэнтэй холбогдуулан тээвэрлэлтийн үнийг 2560 ам.доллар болгон нэмж, хариуцагч талаас анх тохирсон гэрээний үнээс зөрүү үүсгэн 3,692,745 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт тээвэрлэлтийн гэрээний үндсэн зохицуулалтыг тусгахдаа Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан. Үүний дагуу бид гэрээгээр анх тохирсон үнэ болох 1136 ам.доллараар тооцохоор атал үндэслэлгүйгээр үнэ нэмж тээвэрлүүлэгч тал болох С XXK-ийг буруутгаж байна.

Мөн Иргэний хуулийн 386-387 дугаар зуйлд ачаа тээвэрлэлтийн гэрээ, түүний дагалдах бичгийн талаар заасан бөгөөд энд тээвэрлэгч тал дангаараа гэрээний үнийг өөрчлөх, нэмэгдүүлэх эрхийг олгоогүй болно. Нэхэмжлэлд дурдсан асуудлын процессыг дараах байдлаар тайлбарлан нотолж байна.

1. Манай компани БНХАУ-ын Шанхай хотод байрлах L компаниас 16 иж бүрдэл хиймэл амьсгалын хошуувчийг худалдан авахаар захиалсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13:22 цагт L компаниас ачааны хэмжээг мэйлээр ирүүлсэн. Үүнд: 58*29*12cm*16 * 2.7kg@, 38*34*12cm*16 * 1.8kg@ буюу нийт 72кг /мэйлийн зургийг нотлох баримтаар хавсаргав/

2. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15:18 цагт дээрх ачааг БНХАУ-ын Шанхай хотоос Улаанбаатар хот хүртэл онгоцоор тээвэрлүүлэхээр Ю XXK-д хандаж, ачааны хэмжээг wechat-p илгээсэн. /wechat харилцааны зургийг нотлох баримтаар хавсаргав/

3. 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15:54 цагт Ю XX-иас дараах үнийн саналыг манайд ируулсэн.

FCA/SHANGHAI TO UB / AIR+AIR/

? PKG ? /GW:72.00KG / CW: 95.00KG

AF: 1017$

FCA: 119$

TOTAL: 1136$

Shanghai exportiin gaali shipper hih - Incheon - Ulaanbaatar city / Ub-t Import gaaliig hith une/

/мэйлийг нотлох баримтаар хавсаргав/

4. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр илгээгч L компаниас ачааны албан ёсны Packing List-ийг мэйлийн хавсралт болгон манайд ирүүлсэн бөгөөд үүнд ачааны хэмжээ эцсийн байдлаар 85кг, 1.03м.куб болсон тухай мэдээлэл ирүүлсэн. /мэйл болон хавсралт Packing List - ийг нотлох баримтаар хавсаргав/

5. Манай компаниас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12:28 цагт ачааны албан ёсны Packing List-ийг эцсийн байдлаар Ю ХХК-д wechat-р илгээсэн. Ю ХХК ачааны албан ёсны Packing List-ийг хүлээн аваад тухайн өдрийн 16:58 цагт Шанхай дахь агентаасаа хариу ирэхээр мэдэгдэе гэсэн мессежийг wechat-p ирүүлсэн. /wechat харилцааны зургийг нотлох баримтаар хавсаргав/

6. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10:10 цагт Юнайтед. Шиппинг ХХК-иас тээврийн үнэ 227 амэдоллараар нэмэгдэж, нийт 1363 ам.доллар болно гэсэн үнийн мессежийг wechat-аар манайд ирүүлсэн бөгөөд ачааны хэмжээ 72кг-аас 85кг болж нэмэгдсэн байсан тул нийт 1363 ам.доллар гэсэн үнийг бид зөвшөөрч, тухайн ачааны хэмжээ болох 85кг болон тээврийн үнэ өссөн дүнгээр нийт 1363 ам.доллар болсныг талууд баталгаажуулсан болно. /wechat харилцааны зургийг нотлох баримтаар хавсаргав/

7. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13:33 цагт Шанхай дахь илгээгчээс ачааг амжилттай татан авсан тухай мессежийг Ю XXK-иас wechat-aap манайд ирүүлсэн. /wechat харилцааны зургийг нотлох баримтаар хавсаргав/

8. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09:40 цагт Шанхайн ачааны үнэ одоогийн байдлаар анх өгсөн үнэ хэвээрээ гэж агентаас хэллээ гэсэн мессежийг Ю XXK-иac wechat-аар манай компанид ирүүлсэн нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тээврийн үнэ нийт 1363 ам.доллар байна гэсэн анхны тээврийн үнийг дахин баталгаажуулж мэдэгдсэн. /wechat харилцааны зургийг нотлох баримтаар хавсаргав/

Гэтэл Ю ХХК нь гаргасан нэхэмжлэлдээ: Одоогийн байдлаар анх өгсөн үнэ хэвээрээ гэдэг мэдээллийг явуулсан ба энэ нь тухайн захиалсан барааны тээврийн үнэ Шанхайн үйлдвэрийн агуулахаас Шанхайн онгоцны буудал хүртэлх үнэ хэвээрээ гэсэн агуулга бүхий юм. Учир нь тухайн ачаа анх 72кг-аар тооцоологдож байсан боловч бодит байдал дээр 85кг байсан нь үйлдвэрийн агуулахаас онгоцны буудал орох, онгоцонд ачуулах хүртэлх үйл явцад төдийлөн нөлөөлөхгүй бөгөөд энэ үнэд өөрчлөлт орж нэмэгдэхгүй гэсэн санаагаар захиалагч компанидаа мэдэгдсэн... гэж үндэслэлгүй дурьджээ.

Тухайн нэхэмжлэлд дурьдсан үндэслэлгүй асуудал нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн 1363 ам.доллар байна гэсэн үнэд огт байгаагүй маршрут гаргаж Шанхайн үйлдвэрийн агуулахаас Шанхайн онгоцны буудал хүртэлх үнэ гэсэн нь худал зүйл бөгөөд ямар ч хамаагүй аргаар манай компаниас нэмэлт төлбөр авах гэсэн санааг агуулж байгаагаас гадна шүүхийг мэдээллээр төөрөгдүүлсэн үйлдлийг дараах баримтаар нотолж байна. Үүнд:

- 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ю ХХК-иас тээврийн үнийн санал болон тээврийн маршрутыг манай компанид маш тодорхой өгсөн. Үүнийг манай компани хүлээн зөвшөөрсөн болно. Үүнд: Shanghai exportin gaali shipper hih - Incheon -Ulaanbaatar city / Ub-t Import gaaliig hiih une/

- Ю ХХК нь тээврийн үнийн санал болон маршрут нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурьдсанчлан Шанхайн үйлдвэрийн агуулахаас Шанхайн онгоцны буудал хуртэлх маршрут болон тээврийн үнэ бичигдээгүй, мөн ямар ч хэлэлцээ байгаагүй болно.

- Манай компани 18 жилийн турш олон тээвэр зуучийн компанитай хамтын ажиллагаатай байгаа бөгөөд үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд бараа, бүтээгдэхүүн тоног төхөөрөмж импортлохдоо аль ч улсаас Монгол улсын Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх үнийн саналыг авч, тухайн үнээр ачаа барааг тээвэрлүүлж ирсэн. Тээврийн үнийн санал, маршрутыг тогтооход илгээгч улсын үйлдвэрийн агуулахаас тухайн улсын онгоцны буудал хүртэлх үнэ гэж гаргуулан авах, илүү зардал гаргах шаардлага байхгүй. Учир нь Шанхайн онгоцны буудалд манай ямар ч үйл ажиллагаа байхгүй, хэн нэгэн этгээдэд хүлээлгэн өгөхгүй бөгөөд зөвхөн Монгол улс Улаанбаатар хот гэсэн маршрут, үнийн саналыг гаргуулж, хэлэлцэн тохирсон.

- Ачааны жин 85кг болсон тухай мэдээлэл үйлдвэрлэгчийн албан ёсны Packing List-ийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12:28 цагт манай компаниас Ю ХХК-д илгээснийг тус компани хүлээн авч Шанхай дахь агентаасаа хариу ирэхээр мэдэгдэе гэсэн. Гэтэл тухайн ачааны жинг манай компаниас өгсөн, мөн тодорхой байхад шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...ачааг очиж авах үед ачааны жин, хэмжээ, бодит байдал дээр 1.03 м.куб 85кг байсан бөгөөд манай байгууллагын зүгээс ачааны бодит жин 1.03 м.куб 85кг байгааг мэдэгдэж, үнэд өөрчлөлт орох, өсөх талаар мэдээллийг хүлээн авагч С ХХК-д өгсөн... гэж худал бичсэн нь дээрх байдлаар нотлогдож байна.

Нөгөө талаас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Packing List-ийн 85кг болсонтой холбоотой мэдээллийг Ю ХХК-д илгээсний дараа өдөр буюу 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10:10 цагт тус компаниас ...Дараах ачааны үнэд өөрчлөлт орсон тул шинэчилсэн үнийн санал хүлээн авна уу...TOTAL: 1363$... гэж мессежээр үнэд өөрчлөлт орсон талаар мэдэгдсэн нь манай компаниас хүргүүлсэн ачааны жин 85кг-д тооцож бодсон нь үүгээр нотлогдож байгаа юм.

9. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны 12:22 цагт Шанхайн ачаа БНСУ-ын Инчеонд ирсэн байна, дараагийн хуваарийг агентлагаас лавласан байгаа хариу ирэхээр илгээх болно гэсэн мессежийг Ю ХХК-иас wechat-p ирүүлсэн. /wechat харилцааны зургийг нотлох баримтаар хавсаргав/

Улмаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нислэгийн хуваарьт оруулахаар ажиллаж байгаа талаар мэдээ солилцож байсан. /11 дүгээр сарын 17 өдөр, 12 дугаар сарын 01-ний өдрийн wechat харилцааны зургийг нотлох баримтаар хавсаргав/

Гэтэл Ю ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ачаа БНСУ-ын Инчон нисэх онгоцны буудал дээр 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ирж... гэж худал бичсэн. Учир нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны 12:22 цагт Шанхайн ачаа БНСУ-ын Инчеонд ирсэн байна... гэсэн мессежээс зөрүүтэй байгаа нь нотлогдож байна.

10. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ю ХХК-иас гэнэт ачааны бодит жин өөрчлөгдсөн тул шинэчилсэн тээврийн үнэ илгээж байна, баталгаажуулж өгнө үү гээд A/F:2176$, EXW:384$, TOTAL:2560$ гэсэн мессежийг wechat-аар ирүүлсэн. /wechat харилцааны зургийг нотлох баримтаар хавсаргав/

Үүний хариуд манай компани 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ачааны Packing List-ийг танай компани руу явуулахад 85кг, 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Шанхайд үйлдвэрлэгчийн агуулахаас ачааг танай агент хүлээн авахад 85кг, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Шанхайгаас Инчеон руу тээвэрлэхэд 85кг гэж байхад жин өөрчлөгдсөн тухай 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мессеж ирүүлсэн нь өөрчлөгдөөгүй жинг дахин өөрчлөгдсөн мэтээр хэлж тээврийн үнийг нэмэгдүүлэх санааг агуулж байсан гэж харж байна.

Гэтэл Ю ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...ачааг Инчеон нисэх онгоцны буудлаас Улаанбаатар руу ачуулахын өмнө ачаанд хэмжилт хийлгэн 1.03м.куб 85кг байгааг дахин баталгаажуулан... гэж ачааны жин өөрчлөгдөөгүй болохыг Ю ХХК баталсан атлаа, түүний дараа нь ... ачааны жин нэмэгдсэнтэй холбогдуулан тээврийн үнэ 2560 ам.доллар болж нэмэгдсэн талаарх албан ёсны мэдээллийг С ХХК-д мэдэгдсэн гэсэн нь худал бөгөөд үндэслэлгүй байна.

11. 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14:25 цагт Ю XXK-иас танай ачаа Улаанбаатарт өчигдөр орой ирсэн байна гэсэн мессежийг wechat-aap ирүүлсэн. /wechat харилцааны зургийг нотлох баримтаар хавсаргав/

12. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ю ХХК-иас 2535 ам.доллар буюу 7,227,285 төгрөгийн үндэслэлгүй нэхэмжлэхийг манайд ирүүлсэн. Манай компани ачааны жин өөрчлөгдөөгүй байхад тээврийн үнийг яагаад 2 дахин нэмсэн тухай асууж үндэслэлгүй үнэ нэмсэнийг зөвшөөрөхгүй, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр талуудын баталгаажуулсан 1363 ам.долларын төлбөрийг төлнө гэдгийг утсаар мэдэгдсэн.

13. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай компани ачааны гаалийн бүрдүүлэлтийг хийж барааг хүлээн авсан.

Энэхүү ачаа болох эмнэлгийн хэрэгсэл /хиймэл амьсгалын хошуувч/ нь ЭМЯ-ны захиалгаар нийлүүлэх Covid-19-ийн яаралтай бараа байсан бөгөөд Монгол улсын хил нээгдээгүй байсан.

Тухайн ачаа 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд онгоцоор Улаанбаатарт ирсэн хугацаа нь захиалагчид нийлүүлэх хугацаанаас хэд хоногоор өнгөрсөн байсан тул Ю ХХК-ийн тээврийн үнийг үндэслэлгүйгээр, ойлгомжгүйгээр нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөөгүй ч ирүүлсэн нэхэмжлэхийг өөрчлөхгүй байсан нь бидний ажилд хүндрэлтэй байсан юм.

Иймд манай компани тухайн нөхцөл байдалд аргагүй эрхэнд тус компанид хүлээцтэй хандан эхний ээлжинд ЭМЯ-нд нийлүүлэгдэх бараа нь чухал байсан учраас нэхэмжлэхийн талаар маргаан хийх цаг байгаагүй.

2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр барааны гаалийн бүрдүүлэлтийг бид нэн яаралтай хийж 2021 оны 12 дугаар сарыи 08-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн.

Гэтэл Ю ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үнэ нэмэгдсэн талаарх мэдээллийг С ХХК-д мэдэгдсэний дараа С ХХК нь гаалийн татвар, холбогдох төлбөр тооцоог нэмэгдсэн үнээр буюу 2560 ам.доллараар тооцон хийж бараагаа хүлээн авсан гэсэн нь манай компанийг тухайн тээврийн үнийг хүлээн зөвшөөрсөн мэтээр буруу бичсэн байна.

Энэхүү асуудалтай холбогдуулан манай компани тухайн барааны Ю ХХК-ийн үндэслэлгүй нэмэгдүүлсэн дүнтэй нэхэмжлэхээс болж гаалийн болон бусад татвар, хураамжийг илүү төлсөн мөнгөн дүнг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй Юм.

Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурьдсан Манай байгууллагын зүгээс тээврийн төлбөрийн үнийн зөрүү 1197 ам.долларыг хэзээ төлөх талаар удаа дараа тодруулахад удахгүй төлнө гэдэг байсан боловч 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс энэ төлбөрийг төлж чадахгүй талаар хэлдэг болсон. Учир нь тээврийн үнэ нэмэгдэх тухайг БНХАУ-ын Шанхай хотоос ачаа хөдлөхийн өмнө мэдэгдэх ёстой гэдэг тайлбарыг хэлж байгаа ч манай агент үйлдвэрээс ачааг очиж авах үед ачаа бодит байдал дээр жин нь нэмэгдсэн байна. Иймээс тээврийн үнэд өөрчлөлт орно, үнэ өснө гэдгийг бид урьдчилан мэдэгдэж байсан юм асуудал нь үндэслэлгүй юм.

Учир нь энэхүү тээврийн төлбөрийн үнийн зөрүү гэх 1197 ам.долларын тоон дүнг ч бүрэн мэдэхгүй, зөвхөн анх тохирсон мөнгөн дүн болох 1363 ам.доллар буюу 3,885,913 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ю ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дах төгрөгийн 4 дугаартай харилцах дансанд шилжүүлж тооцоо дуусгасан.

Иймд, нэхэмжлэгч тальн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бухэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс С.Гд олгосон 2022.05.0322-82 итгэмжлэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцаж байсан чатны зургууд, хариуцагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн дүрэм, хариуцагч компанийн хувьцаа эзэмшигчдийн 2021.10.05-ны өдрийн 05 дугаартай хурлын тогтоол, хариу тайлбар, 2021.11.10 болон 2021.10.14-ний өдрийн и мэйл, wechat-аар харилцсан мессежүүд, packing list, 2112-006 дугаартай нэхэмжлэх, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэгчээс О.Оюунцэцэгт олгосон 2022.06.064 итгэмжлэл, нэхэмжлэгчийн нэмэлт тайлбар, 2021.11.10 болон 2021.10.14-ний өдрийн и мэйл, wechat-аар харилцсан мессежүүд, packing list, 2021.11.10-ны өдрийн и мэйл, 2 дугаартай нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалтын баримт, МИАТ ТӨХК-ийн 2023.04.03-ны өдрийн 2 дугаартай албан бичиг, Глобал форвардинг монгол ХХК-ийн 2023.04.03-ны өдрийн 5 дугаар лавлагаа, агаарын тээврийн үйлчилгээний мэдээлэл, шилжүүлгийн мэдээлэл, баглаа боодлын жагсаалтын баримт, 2021.11.10 болон 2021.10.14 өдрийн и мэйл, 2 дугаартай нэхэмжлэх, МК транс ворлд ХХК-ийн 2023.04.19 өдрийн 8 дугаартай албан бичиг, агаарын тээврийн үнэ нэмэгдэх болсон тухай 2023.04.19-ний өдрийн и мэйл, үзлэг хийсэн тэмдэглэл, МИАТ ХХК-ийн 2023.05.01-ний өдрийн 34 дугаартай албан бичиг;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ю ХХК нь хариуцагч С ХХК холбогдуулан 3,692,745 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

- Ю ХХК болон С ХХК-ийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр БНХАУ-ын Шанхай хотоос 0,571м3 72 кг жин бүхий маскыг тээвэрлүүлэн авчруулах, тээврийн зардал нь 1136 ам.доллар байхаар тохиролцож, захиалга хийгдээд ачаа барааг бэлэн болгох ажил хийгдэж байх үед тээврийн үнэ 227 ам.доллараар нэмэгдэж 1363 ам.доллар болсон.

- 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Шанхай хот дахь манай агент үйлдвэрийн агуулахаас ачааг очиж авах үед ачааны жин, хэмжээ бодит байдал дээр 1.03 м3 85кг байсан бөгөөд манай байгууллагын зүгээс ачааны бодит жин 1.03 м3 85 кг байгааг мэдэгдэж үнэд өөрчлөлт орох, өсөх талаарх мэдээллийг хүлээн авагч С ХХК-д өгсөн. Энэ мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дахин хүргүүлсэн.

- Ачаа БНСУ-ын Инчон нисэх онгоцны буудал дээр 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ирж Улаанбаатар хот руу ачуулахын өмнө ачаанд хэмжилт хийлгэн ачааг 1,03м3 85кг байгааг дахин баталгаажуулан, ачааны жин нэмэгдсэнтэй холбогдуулан тээврийн үнэ 2560 ам.доллар болж нэмэгдсэн талаарх албан ёсны мэдээллийг С ХХК-д мэдэгдсэн.

- Үнэ нэмэгдсэн талаарх мэдээллийг С компанид мэдэгдсэний дараа С ХХК нь гаалийн татвар, холбогдох төлбөр тооцоог нэмэгдсэн үнээр буюу 2560 ам.доллараар тооцон хийж бараагаа хүлээн авсан. Гэвч манайд төлөх төлбөрийг 1363 ам.доллароор тооцон хийсэн нь үндэслэлгүй гэж шаардсан.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав.

- 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Агаарын ачаа тээврийн нэгж үнэлгээнд өөрчлөлт оруулсан гэх 05/1555 дугаар бүхий тушаал бүртгэлгүй болохыг МИАТ ТӨХК-ийн 2023.05.01№34 албан бичгээр тодорхойлуулсан.

- Иргэний хуулийн 386-387 дугаар зүйлд зааснаар тээвэрлэгч талд дангаар үнийн дүнг өөрчлөх эрх олгоогүй. Хятадын Шанхай хотод байрлах компаниас 16 иж бүрдэл хиймэл амьсгалын хошуувч захиалсан. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13цаг 22 минутад тухайн газраас манай ачааг 72 кг жинтэй гэж мэдэгдсэн.

- 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Шанхай хотоос Улаанбаатар хүртэл нэхэмжлэгчээр тээвэрлүүлэхээр ачааны хэмжээг вичатаар явуулсан. 2021 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 15 цаг 54 минутад Юнайтед-Шиппинг ХХК-аас дараах үнийн саналыг ирүүлсэн. Үүнд дурдсанаар 1136 доллароор 72 кг ачааны 1 кг тус бүрийг 15,7 доллароор ачуулах байсан. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 10 минутад нэхэмжлэгч талаас 72 кг ачаа нь 85 кг болсон тул тээврийн үнэ 1136 ам доллароос нэмэгдэж 1363 ам доллар болно гэсэн чатыг ирүүлснийг бид зөвшөөрөөд тухайн ачааны хэмжээнээс шалтгаалан төлбөр нэмэгдсэнийг баталгаажуулсан.

- Шанхайгаас ачааг амжилттай авсныг нэхэмжлэгч тал вичатаар ирүүлсэн ба 11 дүгээр сарын 09-ний өдөр Шанхайгаас ачааны үнэ хэвээрээ гэдгийг манай талд илгээсэн. Энэ чатаар 85 кг ачаа нь анхны үнээр буюу 1363 доллар байгааг дахин баталгаажуулсан гэж мэтгэлцсэн.

5. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн Зуучлалын гэрээ байгуулагдсан байх бөгөөд хүчин төгөлдөр байна.

6. Хариуцагч С ХХК-ийн БНХАУ-аас импортлох 72 кг жинтэй маскыг тээвэрлүүлэн авчруулах, тээврийн зардал нь 1136 ам.доллар байхаар Ю ХХК-тай тохиролцож, захиалга хийгдээд ачаа барааг бэлэн болгох ажил хийгдэж байх үед тээврийн үнэ 227 ам.доллароор нэмэгдэж 1363 ам.доллар болсны зэрэгцээ ачааны жин бодитоор 85 кг болж нэмэгдсэн үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй.

7. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Ачаа БНСУ-ын Инчон нисэх онгоцны буудал дээр 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ирж Улаанбаатар хот руу ачуулахын өмнө ачаанд хэмжилт хийлгэн ачааг 1,03м3 85кг байгааг дахин баталгаажуулан, ачааны жин нэмэгдсэнтэй холбогдуулан тээврийн үнэ 2560 ам.доллар болж нэмэгдсэн талаарх албан ёсны мэдээллийг С ХХК-д мэдэгдсэн. гэх үйл баримт нотлогдсонгүй.

7.1. Гэрээ байгуулах, гэрээний санал болон гэрээ байгуулсанд тооцох нөхцөл, журмыг Иргэний хуулийн 195, 196 дугаар зүйлд дор дурьдсанаар зохицуулсан:

195.1.-д Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ.

195.2.-т Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна.

195.3.-т Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ.,

196 дугаар зүйлийн 196.1.-д Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно:

196.1.1.-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр;

196.1.2.-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар,

196.1.3.-т гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаатайгаар илгээсэн бөгөөд дурдсан хугацаанд нөгөө талаас зөвшөөрсөн хариу авсан,

196.1.4.-т гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаа заалгүй бичгээр илгээсэн бөгөөд түүнийг зөвшөөрсөн тухай хариуг ердийн боломжит хугацаанд хүлээн авсан;

196.1.5.-д нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн,

196.1.6.-д гэрээ байгуулах саналыг хүлээн авсан тал зөвшөөрсөн хариуг хугацаанд нь илгээсэн боловч уг хариу хожимдож ирсэн учир гэрээг байгуулахгүй гэж нөгөө тал нь хариу илгээсэн талд нэн даруй мэдэгдээгүй,

196.1.7.-д ажил хэргийн хүрээнд тогтсон заншил ёсоор санал гаргагч талыг хүлээн зөвшөөрнө гэж үзээд санал хүлээн авагч тал нь саналд дурдсанаас өөр нөхцөлөөр гэрээ байгуулахаар хариу илгээсэн тохиолдолд санал гаргагч татгалзсан тухайгаа нэн даруй мэдэгдээгүй,

196.1.8.-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар. гэж тус тус зохицуулсан.

8. Нэхэмжлэгч нь ачааг 1,03м3 85кг байгааг дахин баталгаажуулан, ачааны жин нэмэгдсэнтэй холбогдуулан тээврийн үнэ 2560 ам.доллар болж нэмэгдсэн талаарх албан ёсны мэдээллийг С ХХК-д мэдэгдсэн гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар, тухайлбал, 196.1.7, 196.1.8-д тус тус зааснаар талууд харилцан тохиролцсон, тээврийн зардал өссөнтэй холбоотойгоор тээвэр зуучийн үйлчилгээний үнэ 2560 ам. доллар болж өссөн, улмаар ийм хэмжээний үнэ төлөхөөр харилцан тохиролцсон гэх үйл баримт тогтоогдсонгүй.

9. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нэр бүхий хүмүүс, албан тушаалтнуудын цахимаар харилцсан гэх агуулгатай Хянав. Хуулийн алба гэх нэхэмжлэгч талын тэмдэг дарагдсан зурвасын зургууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасан шаардлага хангаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан журмын дагуу үзлэг хийх болон бусад нотолгооны хэрэгслээр тогтоогдоогүй, нэг талын баримт болохыг шүүхийн хэлэлцүүлгээр тогтоосон тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг баримтлан, С ХХК-иас 3,692,745 төгрөг гаргуулах тухай Ю ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,044 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА