Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01617

 

 

 

 

 

 

 

   2023       08          18                                    210/МА2023/01617

 

 

Ю ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/02203 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ю ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С ХХК-д холбогдох,

3,692,745 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Ч.З, хариуцагчийн өмгөөлөгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Тус байгууллага нь тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд С ХХК-аас 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “БНХАУ”-ын Шанхай хотоос 0,571 м3 72 кг жин бүхий маскийг тээвэрлүүлэн авчруулах, тээврийн зардал нь 1136 ам.доллар” байхаар тохиролцон захиалга авч хамтран ажиллахаар болсон.

Захиалга хийгдээд ачаа барааг бэлэн болгох ажил хийгдэж байх үед тээврийн үнэ 227 ам.доллараар нэмэгдэж 1363 ам.доллар болсон ба энэ нь МИАТ компаниас нэмсэн агаарын тээврийн үнэ байсан бөгөөд үүнийг бид захиалагч С ХХКд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдэн баталгаажуулсан.

2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Шанхай хот дахь манай агент үйлдвэрийн агуулахаас ачааг очиж авах үед ачааны жин, хэмжээ бодит байдал дээр 1.03 м3, 85кг байсан бөгөөд манай байгууллагын зүгээс ачааны бодит жин 1.03 м3, 85кг байгааг мэдэгдэж үнэд өөрчлөлт орох, өсөх талаарх мэдээллийг С ХХК-д өгсөн. Энэ мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дахин хүргүүлсэн.

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай байгууллагын зүгээс С ХХК-д “Одоогийн байдлаар анх өгсөн үнэ хэвээрээ” гэдэг мэдээллийг явуулсан ба энэ нь тухайн захиалсан барааны тээврийн үнэ Шанхайн үйлдвэрийн агуулахаас Шанхайн онгоцны буудал хүртэлх үнэ хэвээрээ гэсэн агуулга бүхий юм. Учир нь тухайн ачаа анх 72 кг-аар тооцоологдож байсан боловч бодит байдал дээр 85 кг байсан нь үйлдвэрийн агуулахаас онгоцны буудал орох, онгоцонд ачуулах хүртэлх үйл явцад төдийлөн нөлөөлөхгүй бөгөөд энэ үнэд өөрчлөлт орж нэмэгдэхгүй гэсэн санаагаар захиалагч компанидаа мэдэгдсэн. Ачаа БНСУ-ын Инчон нисэх онгоцны буудал дээр 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ирж Улаанбаатар хотруу ачуулахын өмнө ачаанд хэмжилт хийлгэн ачааг 1,03м3 85кг байгааг дахин баталгаажуулан, ачааны жин нэмэгдсэнтэй холбогдуулан тээврийн үнэ 2560 ам.доллар болж нэмэгдсэн талаарх албан ёсны мэдээллийг С ХХК-д мэдэгдсэн.

Үнэ нэмэгдсэн талаарх мэдээллийг С- компанид мэдэгдсэний дараа С ХХК нь гаалийн татвар, холбогдох төлбөр тооцоог нэмэгдсэн үнээр буюу 2560 ам.доллараар тооцон хийж бараагаа хүлээн авсан. Гэвч манай байгууллагатай хийх тооцоог 1363 ам.доллараар тооцон хийсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд байх боломжгүй зүйл юм. Учир нь ачааны жин нэмэгдэхээр тээврийн үнэ нэмэгдэх нь зүй ёсны зүйл бөгөөд хэрэв тээврийн үнэ нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тохиолдолд бид тухайн ачааны тээврийг үргэлжлүүлэн хийх эсэх С ХХК-тай хэлэлцэн ярилцах байсан. С ХХК-ийн зүгээс ачаа тээврийн үнэ нэмэгдсэнийг хүлээж авах боломжгүй гэсэн татгалзсан хариу өгөөгүй нь зөвшөөрсөн гэсэн үг гэж бид үзээд тээврийг цааш үргэлжлүүлэн дуусгасан. С ХХК-ийн хувьд ч тухайн тээврийг хүлээн зөвшөөрч гааль, татвар бусад зардлыг нэмэгдсэн үнээр төлөн ачаагаа хүлээн авсан нь нэмэгдсэн үнийн зөрүү болох 1197 ам.долларыг манай байгууллагад төлөхгүй байх учиргүй юм.

Иймд С ХХК нь манай байгууллагад учруулсан хохирлыг төлж барагдуулах, асуудлыг шийдвэрлэх тал дээр ямар нэг арга хэмжээ авахгүй байх тул 1197 ам.доллар буюу 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Монгол банкны ханш 3085 төгрөгөөр тооцсон дүнгээр 3,692,745 төгрөгийг, шүүхийн тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Манай компани нэхэмжлэгч компанитай 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр БНХАУ-ын Шанхай хотоос 0,571 м3, 72 кг жин бүхий маскийг тээвэрлэх, тухайн тээврийн зардал нь 1136 ам.доллар байхаар тохиролцон ачаа тээвэрлэлтийн гэрээг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсгийг тус тус баримтлан байгуулж хамтран ажилласан. Гэвч нэхэмжлэгч компани ачааны жин нэмэгдсэнтэй холбогдуулан тээвэрлэлтийн үнийг 2560 ам.доллар болгон нэмж, хариуцагч талаас анх тохирсон гэрээний үнээс зөрүү үүсгэн 3,692,745 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт тээвэрлэлтийн гэрээний үндсэн зохицуулалтыг тусгахдаа “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Үүний дагуу бид гэрээгээр анх тохирсон үнэ болох 1136 ам.доллараар тооцохоор атал үндэслэлгүйгээр үнэ нэмж тээвэрлүүлэгч тал болох С ХХК-ийг буруутгаж байна. Мөн Иргэний хуулийн 386-387 дугаар зүйлд ачаа тээвэрлэлтийн гэрээ, түүний дагалдах бичгийн талаар заасан бөгөөд энд тээвэрлэгч тал дангаараа гэрээний үнийг өөрчлөх, нэмэгдүүлэх эрхийг олгоогүй болно.

2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ю ХХК-аас 2535 ам.доллар буюу 7,227,285 төгрөгийн үндэслэлгүй нэхэмжлэхийг манайд ирүүлсэн. Манай компани ачааны жин өөрчлөгдөөгүй байхад тээврийн үнийг яагаад 2 дахин нэмсэн тухай асууж үндэслэлгүй үнэ нэмснийг зөвшөөрөхгүй, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр талуудын баталгаажуулсан 1363 ам.долларын төлбөрийг төлнө гэдгийг утсаар мэдэгдсэн.

2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай компани ачааны гаалийн бүрдүүлэлтийг хийж барааг хүлээн авсан. Энэхүү ачаа болох эмнэлгийн хэрэгсэл /хиймэл амьсгалын хошуувч/ нь ЭМЯ-ны захиалгаар нийлүүлэх Соvid-19-ийн яаралтай бараа байсан бөгөөд Монгол улсын хил нээгдээгүй байсан. Тухайн ачаа 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд онгоцоор Улаанбаатарт ирсэн хугацаа нь захиалагчид нийлүүлэх хугацаанаас хэд хоногоор өнгөрсөн байсан тул Ю ХХК-ийн тээврийн үнийг үндэслэлгүйгээр, ойлгомжгүйгээр нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөөгүй ч ирүүлсэн нэхэмжлэхийг өөрчлөхгүй байсан нь бидний ажилд хүндрэлтэй байсан.

Иймд манай компани тухайн нөхцөл байдалд аргагүй эрхэнд тус компанид хүлээцтэй хандан эхний ээлжид ЭМЯ-нд нийлүүлэгдэх бараа нь чухал байсан учраас нэхэмжлэхийн талаар маргаан хийх цаг байгаагүй. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр барааны гаалийн бүрдүүлэлтийг бид нэн яаралтай хийж 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн.

Энэхүү асуудалтай холбогдуулан манай компани тухайн барааны Ю ХХК-ийн үндэслэлгүй нэмэгдүүлсэн дүнтэй нэхэмжлэхээс болж гаалийн болон бусад татвар, хураамжийг илүү төлсөн мөнгөн дүнг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй.

Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан “Манай байгууллагын зүгээс тээврийн төлбөрийн үнийн зөрүү 1197 ам.долларыг хэзээ төлөх талаар удаа дараа тодруулахад удахгүй төлнө гэдэг байсан боловч 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс энэ төлбөрийг төлж чадахгүй талаар хэлдэг болсон. Учир нь тээврийн үнэ нэмэгдэх тухайг БНХАУ-ын Шанхай хотоос ачаа хөдлөхийн өмнө мэдэгдэх ёстой гэдэг тайлбарыг хэлж байгаа ч манай агент үйлдвэрээс ачааг очиж авах үед ачаа бодит байдал дээр жин нь нэмэгдсэн байна. Иймээс тээврийн үнэд өөрчлөлт орно, үнэ өснө гэдгийг бид урьдчилан мэдэгдэж байсан юм” асуудал нь үндэслэлгүй юм.

Учир нь энэхүү тээврийн төлбөрийн үнийн зөрүү гэх 1197 ам.долларын тоон дүнг ч бүрэн мэдэхгүй, зөвхөн анх тохирсон мөнгөн дүн болох 1363 ам.доллар буюу 3,885,913 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ю ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дах төгрөгийн 415057999 дугаартай харилцах дансанд шилжүүлж тооцоо дуусгасан. Иймд, нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан, С ХХК-аас 3,692,745 төгрөг гаргуулах тухай Ю ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,044 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Захиалга баталгаажин ачааг бэлтгэх үед ачаа тээврийн үнэ 227 ам.доллараар нэмэгдэж 1363 ам.доллар болсон ба энэ тухайг Хариуцагчид 2021 оны 11 сарын 02-ны өдөр мэдэгдсэн. Ачаа тээврийн үнэ 227 ам.доллараар нэмэгдсэн шалтгаан нь Шанхайгаас Инчон хүртэлх агаарын тээврийн үнэ нэмэгдсэн болон Шанхайн терминал дээр гарсан зардал нэмэгдсэнээс үүдэлтэй юм. Үүнийг гадаад тээврийн агентаас ирүүлсэн Debit Note буюу тээврийн нэхэмжлэхээс харагдана.

Ачаа тээврийн үнэ 227 ам.доллараар нэмэгдсэн тухайг манай байгууллага анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “МИАТ компаниас нэмсэн агаарын тээврийн үнэ нэмэгдсэн” гэдэг буруу тайлбар гаргаснаас болж хариуцагчид буруу ойлголт төрүүлсэн. Учир нь нэхэмжлэл боловсруулсан мэргэжилтэн тээврийн үйл ажиллагааны талаар нарийн мэдээлэл багатай, ойлголт буруу байсан, хариуцсан Тээврийн менежер ажилтан нь ажилд ороод удаагүй, шинэ ажилтан байсан зэргээс үүдэлтэй юм. Ачаа тээврийн үнэ 227 ам.доллараар нэмэгдсэн буюу 1136$-1363$ болж өссөн нь дараах байдлаар тайлбарлагдана.

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагчид илгээгчээс ирүүлсэн Расking List-нд ачааны жинг 85 кг гэж бичсэн байгаа нь жингийн задаргааг бүтнээр нь харуулах боломжгүй байгаа ба бид ачааны жинг GМ: 72.КG /СW:95.00 КG /0.571 м3 жингээр тооцон тээврийн үнийн санал чатаар өгч байсан болно .

Ажлын албан харилцааны Wechat группт ачааны жин GМ/: 85.00КG болж нэмэгдсэн талаар яригдаж байснаас овор хэмжээ нэмэгдсэн талаар яригдаж байгаагүй. Уг асуудлыг хөндөж яриагүйгээс үл ойлголцол үүсч зөвхөн ачааны жин л нэмэгдсэн, овор хэмжээ нэмэгдсэн гэх ойлголтыг хариуцагч ойлгоогүй байна гэж харагдахаар байна. СW: 95.00 жинг ачааны овор хэмжээнд харьцуулсан жинд харьцуулж үзэхэд СW:172.00 болж нэмэгдэж байгаа ба энэ тухайг хариуцагч ойлгож илүү гарсан ачааны төлбөрөө төлөх нь зүйтэй.

Бид дараах байдлаар бодож тээврийн үнээ өгсөн ба Шанхайгаас Инчон орох тээвэр болон Шанхайн агаарын терминалын зардал өссөн тухай хүлээн авагчид мэдэгдэж үнийн өсөлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Бодит байдал дээр ачааны жин 85 кг, овор хэмжээ буюу куб метр нь 1,03 м3 болж өсөж ирсэн нь ачаа дагалдаж ирсэн пакинг лист болон олон улсын агаарын биллээр нотлогдож байгаа. Иймд тээврийн компани болон тээвэрлэгч авиа компанийн тариф бодолтын дагуу 1,03 м3 * 167кг=172 кг болох бөгөөд тээврийн хөлсийг мөн 172 кг-аар бодож авах нь зөв бөгөөд шанхайн дотоодын татан авалтыг хийх заавар манайд ирсэн ба нэмэлт 210$ гарсан. Дэлхийн бүх улс орны агаарын тээвэрт “Кг жин нь овор хэмжээнд харьцуулагдаж гардаг” болно.

2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагчтай харилцдаг ажлын Wechat группт үнэ нэмэгдэх талаар урьдчилан сануулахад хариуцагчийн ажилтан Кеllу: “Uniig huleen avii. Gol ni hurdan shuurhai hugatsaandaa avchirch uguh” гэсэн хариу өгсөн байдаг.

2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай талаас С ХХК-руу “пакинг лист шалгасан уу, ачааны жин өөрчлөгдсөн тул тээврийн үнэ өсөхнээ.” гэж дахин мэдэгдэхэд ачааны жин өсч байгаа болон үнэ нэмэгдэж байгаа мэдээллийг хүлээн авсан хэдий ч татгалзсан талаар огт хариу өгөөгүй тул тухайн тээврийн ажиллагааг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн болно.

Ачааны бодит жин (GW72.0-с GW85.0 болж нэмэгдсэнээр овор хэмжээний жин нь СW:95.00-с СW:172.0 болж нэмэгдэж байгааг агентаас ирүүлсэн агаарын ачааны биллээр нотолж байна. Ачааны жин СW:95.00-с CW:172.0 /0,571 м3-с 1,03 м3/ болж нэмэгдэж байгааг Олон улсын агаарын ачаа тээврийн хөлс бодолтын аргачлалаар буюу Олон улсын агаарын ачаа тээврийн бодолтыг боддог албан ёсны сайт болох https://forto.com/en/blog/basics-in-air-freight/, мөн Олон улсын агаарын ачаа тээврийн /https://www.iata.org/-аас гаргасан The Air Cargo Tariff Manual (ТАСТ) дүрэмд заасны дагуу боддог бөгөөд ачааны овор хэмжээнд харьцуулсан жин /СW/-г бодохдоо 1 куб.м ачаа нь 167 кг-тэй тэнцдэг буюу ачааны бодит хэмжээ 1,03 м3 болсон ба тариф бодолтын дагуу 1,03 м3 *167кг= 172кг болно. Үүнийг агаарын тээврийн билл баталгаажуулж байгаа. Мөн агентаас ирүүлсэн и-мэйлийг баталгаажуулах үүднээс и-мэйлд үзлэг хийлгэх хүсэлттэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:  

Анх ачааг үйлдвэрээс ачихад 72 кг байсан боловч ачаа нэмэгдэж 85 кг болсон гэж манай байгууллагад мэдэгдсэн. Тухайн мэдэгдлийг дагуу С ХХК-ийн зүгээс “Хаан банк” ХХК-аар дамжуулан 85 кг ачааны төлбөрийг шилжүүлсэн. Тухайн ачааг тээвэрлэсэн байгууллагын албан бичигт бодит жинд суурилна гэж дурдсан. Манай улсад ачаа тээврийн овор хэмжээний талаарх дүрэм, журмыг баримталдаггүй. Тухайн бараа нь гаалийн бүртгэлд болон бусад газруудад 85 кг жинтэй гэж бичигдсэн байна. Уг баримтуудын хүрээнд тухайн ачаа тээврийн хэмжээг 85 кг-аар тооцож, төлбөр тооцоог төлсөн нь үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад ачаа тээврийн бодит жинг JYW7285 гэж бичсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Ю ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан 3,692,745 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2.а. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...ачааны жин, хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор тээврийн үнэ нэмэгдсэн, энэ талаар хариуцагч талд мэдэгдсэн...” гэсэн агуулгаар тайлбарлажээ.

 

2.б. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...ачааны жин, хэмжээ нэмэгдсэн ч тээвэрлэлтийн үнэ нэмэгдээгүй...” гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас cit 3, cit 4 гэсэн цахим хаяг, We chat болон [email protected] цахим хаягт үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шүүгчийн 101/ШЗ2022/14906 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэжээ. /хх 60,71-72/

 

Анхан шатны шүүх захирамжийн биелэлтийг хангаагүй буюу холбогдох үзлэгийг хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарна.

           

            3.а. Дээрх захирамжийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүчингүй болгуулах хүсэлт гаргасныг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2023/06462 дугаар захирамжаар уг захирамжид үзлэг хийлгэх хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Тодруулбал, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтад үзлэг хийлгэх хариуцагч талын хүсэлтийг шүүх хүлээн авч хангасан атлаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан “...илт үндэслэл муутай” гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байхад үзлэг хийлгэх хүсэлтийг хангасан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь тухайн хуулийн заалтын агуулгад нийцэхгүй байна.

 

4. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаас нэг тал татгалзсан ч эсрэг тал нь түүнийг иш татах эрхтэй болно.

 

5. Нэхэмжлэлийн үндэслэл болон татгалзлаа хоорондоо харилцсан мэйлээр нотлогдоно гэж хэн аль нь тайлбарласан байхад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт болон хүсэлтүүдийн талаар шүүхээс тодруулан, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад талуудын тэгш эрхийн зарчмыг хангаагүй байна.

 

Иймд нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/02203 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ю ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 74,033 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.НЯМБАЗАР

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.БЯМБАСҮРЭН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ