Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2023/02329

 

 

 

 

 

 

 

2023 05 10 101/ШШ2023/02329

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,606,664.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Г.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч П.М нь тус ББСБ-тай 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 7 тоот зээлийн гэрээ байгуулж, Nissan Tiida C11 маркийн 3 дугаартай автомашин барьцаалан 3,500,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй зээлсэн

Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Тус компанийн зүгээс удаа дараа сануулж зээлийн төлүүлэх талаар тогтмол шаардаж байсан. Иймд зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж байна.

Зээлдэгч П.Мийн фидуцийн гэрээнд заагдсан хөрөнгө болох Nissan Tiida C11 маркийн 3 дугаартай автомашин нь осолд орж Чингэлтэй дүүргийн журмын хашаанд байгаа ба зээлийн үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй болсон тул фидуцийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний дагуу 4,606,664.63 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021.11.16№7 дугаартай зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, П.Мийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээл хүсэгчийн анкет, зээл хүүгийн тооцоолол, нэхэмжлэгчээс итгэмжлэл олгох тухай 2022.08.26№NM-01-2022 албан бичиг, 2022.11.17№-2022 итгэмжлэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай 2023.04.25 албан бичиг, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны засаг даргад тус шүүхээс хүргүүлсэн 2023.05.03№ тоот албан бичиг;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч П.Мд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 4,606,664.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

2. Шүүх, хариуцагчийг шүүхэд албадан ирүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүргийг танилцуулж, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасны дагуу мэдэгдсэн.

2.1. Хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэх шалтгаан тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

4. Н ХХК болон П.М нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №7 дугаартай зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ тус тус байгуулагдаж, 3,500,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 30 хоногт 2.7 хувийн хүүтэй, үндсэн хүүгийн 20 хувиар торгууль төлүүлэхээр зээлдүүлж, зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 3 улсын дугаартай Nissan Tiida C11 маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн болон фидуцийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнээс татгалзаж, үүрэгт 4,606,664.63 төгрөг гаргуулахаар шаардахдаа, фидуцийн зүйл болох тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осолд орж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон хэмээн тайлбарласан боловч өөрийн өмчлөлд шилжсэн тээврийн хэрэгслийн чанар байдлын талаар шүүхэд гаргасан тайлбараа нотлох баримтаар нотлоогүй.

6. Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Иргэний хуулийн 235 зүйлийн 235.1-д зааснаар фидуцийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.

7. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар, үүрэг хүлээсэн этгээд нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

8. Дээр дурдсанаар, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өмчлөх эрхийг түр зуурын хугацаанд шилжүүлэхдээ талуудын тохиролцсон гэрээний хугацаанд түр шилжүүлнэ. Гэхдээ үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болж түр шилжүүлэгдсэн эд хөрөнгө нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд бүрмөсөн шилжинэ.

9. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлэгдсэн эд хөрөнгийн өмчлөх эрх нэхэмжлэгч Н ХХК-д нэгэнт шилжсэн тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр, хүү, алданги тооцож мөнгө гаргуулахаар шаардах боломжгүй гэж үзнэ.

10. Иймд зээлдэгч П.Мөөс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж, мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 106 дугаар зүйлийн 106.5, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 235 дүгээр зүйлийн 235.1-д заасныг баримтлан, хариуцагч П.Мөөс зээлийн гэрээний үүрэгт 4,606,664.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 88,657 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА