Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01483

 

 

 

 

 2023 оны 07 сарын 28 өдөр Дугаар 210/МА2023/01483

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/02329 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Мөнхтөрд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 4,606,664.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвчулуун Т.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Зээлдэгч П.Мөнхтөр нь тус банк бус байгууллагатай 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 312200217 тоот зээлийн гэрээ байгуулж, Nissan Tiida C11 маркийн 33-26 УАА дугаартай автомашин барьцаалан 3,500,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,7 хувийн хүүтэй зээлсэн.

1.2. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Тус компанийн зүгээс удаа дараа сануулж зээлийн төлүүлэх талаар тогтмол шаардаж байсан. Иймд зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж байна.

1.3. Фидуцийн гэрээнд заагдсан хөрөнгө болох Nissan Tiida C11 маркийн 33-26 УАА дугаартай автомашин нь осолд орж Чингэлтэй дүүргийн журмын хашаанд байгаа ба зээлийн үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй болсон тул фидуцийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний дагуу 4,606,664.63 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч П.Мөнхтөрөөс зээлийн гэрээний үүрэгт 4,606,664.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,657 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/02329 тоот шийдвэрээр хуулийн этгээд******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.Мөнхтөрөөс 4,606,664.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/02329 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5 дах хэсэгт нэхэмжлэгч зээлийн гэрээнээс татгалзаж, үүрэгт 4,606,664.63 төгрөг гаргуулахаар шаардахдаа, фидуцийн зүйл болох тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осолд орж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон хэмээн тайлбарласан боловч өөрийн өмчлөлд шилжсэн тээврийн хэрэгслийн чанар байдлын талаар шүүхэд гаргасан тайлбартаа нотлох баримтаар нотлоогүй гэж үзсэн нь манай зүгээс нэхэмжлэлдээ зээлийн гэрээнээс татгалзаагүй ба харин талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээний барьцаа хөрөнгө болох Nissan Tiida С11 маркийн 33-26 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч П.Мөнхтөрийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осолд орж одоо журмын хашаанд ахин ашиглах боломжгүй болсон тул 312200217 тоот фидуцийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний үүрэгт 4,606,664.63 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан болно.

4.2. 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/02329 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9 дэх хэсэгт /Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлэгдсэн эд хөрөнгийн өмчлөх эрх нэхэмжлэгч ******* ХХК-д нэгэнт шилжсэн тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр, хүү, алданги тооцож мөнгө гаргуулахаар шаардах боломжгүй гэж үзсэн нь хэдийгээр Фидуцийн гэрээний барьцаа хөрөнгө манай компаний өмчлөлд байгаа хэдий ч хариуцагч П.Мөнхтөр уг тээврийн хэрэгслийг ашиглах, бүрэн бүтэн байдлыг хариуцах талаар талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан ба хариуцагчийн буруутай үйлдлээс болж зам тээврийн

осолд орж, дахин ашиглах боломжгүй болсон Фидуцийн гэрээний барьцаа хөрөнгөөр зээлийн үлдэгдэл төлбөрийг хангах боломжтой гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/02329 дугаар шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 3,364,694.11 төгрөг, түүний хүү алданги болох 1,241,970.52 төгрөгийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч П.Мөнхтөрд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,606,664.63 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. /хх 1-2-р тал/

3. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтыг харьцуулан дүгнэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

3.а. Талууд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 3,500,000 төгрөгийг гэр ахуйн бараа худалдаж авах зориулалтаар, сарын 2.70 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай П.Мөнхтөрд зээлдүүлэх, П.Мөнхтөр нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр тохиролцжээ. /хх 4-6-р тал/

3.б. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, хариуцагчийн өмчлөлийн 33-26 улсын дугаартай, Nissan Tiida-C11 маркийн автомашиныг нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна. /хх 8-9-р тал/

3.в. Нэхэмжлэгч ******* ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг болох нь түүний хэрэгт авагдсан хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх 15/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцааг тодорхойлоогүйгээс шалтгаалан фидуцийн гэрээний зохицуулалтыг баримтлан маргааныг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулна.

4.а. Талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдүүлэх гэрээний харилцаа үүссэн байна.

Барьцаалан зээлдүүлэх гэрээний онцлог нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хуульд өөрт нь шууд заасан буюу зээл олгохдоо зөвхөн хөдлөх хөрөнгө барьцаалах замаар үүргийн гүйцэтгэлийн хангуулах зохицуулалттай.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт зааснаар барьцаалан зээлдүүлэх газар нь барьцааны зүйлийг өмчлөх, захиран зарцуулах эрхийг хуулиар хязгаарласан.

2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй хууль зөрчиж байгуулсан хэлцэл тул нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу шаардах эрхгүй.

4.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох субьектив эрхийг хуулиар нэхэмжлэгчид олгосон байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаж байхад фидуцийн гэрээний зохицуулалтыг баримтлан маргааныг шийдвэрлэсэн буруу. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

4.в. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 3,364,694 төгрөг, хүү 946,239 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Хэдийгээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болох боловч хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд биелүүлээгүй, үндсэн зээлд 135,305 төгрөг, хүүгийн төлбөрт 177,059 төгрөг төлсөн, мөн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүргийн зөрчил гаргасан тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

4.г. Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-т үндсэн хүүгийн 20 хувиар тооцож торгууль төлөхөөр зохицуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцээгүй тул зээлийн гэрээний дагуу торгууль 295,731 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасан хугацаанд хариуцагчид мэдэгдэх ажиллагааг гүйцэтгэсэн талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй тул торгууль шаардах эрхгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/02329 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Мөнхтөрөөс 4,310,933.86 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 295,731.29 төгрөгт холбогдох хэсгийг хангахгүй орхисугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч П.Мөнхтөрөөс 83,925 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,657 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ш.ОЮУНХАНД

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР