Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 334

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Н.Ням-Очир,

Хохирогч Б.Дашдорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэг  

Шүүгдэгч О.Нацагдорж нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Боржигон овгийн Осорын Нацагдоржид холбогдох эрүүгийн 201726020850 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1955 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймаг Хархорин суманд төрсөн, эрэгтэй, халх, 62 настай бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо 6-4 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл ухаан бүрэн гэх Боржигон овогт Осорын Нацагдорж /РД:ЙР55080579/.

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч О.Нацагдорж нь 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс худалдааны төвийн орчим Б.Дашдоржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биемахбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Нацагдорж мэдүүлэхдээ: “2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хандаа гэж хүн бараагаа захиад аваад ирээрэй гэсэн. Наран гэж хүнтэй уулзахад Дашка ахад ачсан байгаа гэхээр нь би Хандаа руу ярихад намайг ач гэсэн. Тэгээд би барааг нь ачихад юм санасан юм шиг байна лээ. Тэгээд уулзаад хэл амаар доромжлоод байхаар нь түлхчихсэн чинь ийм асуудал болчихлоо. Эмнэлэгт гарсан 234.900 төгрөгийн зардлыг төлсөн. Баримтыг нь аваагүй олон зардал гарсан” гэжээ.

 

Хохирогч Б.Дашдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Нараа гэж хүн Нацагаа ах алга байна та бараа ачах уу гэхээр нь ачсан байсан чинь Нацагаа ирэхээр нь би барааг нь буулгасан. Тэгээд маргааш нь энэтэй хэрэлдээд маргалдаад намайг цохиход би унаад гэмтсэн. Машинаа барьж чадахгүй хэцүү байна. Өрхийн орлогогүй хэцүү байна. Маш их гомдолтой байна” гэжээ.

 

Хохирогч Б.Дашдорж: “...Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс-2 зах дээр машинтайгаа халтуур хийгээд 8 жил болж байна. 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Сод хангай хүнсний дэлгүүрийн хүн ирээд Нацагдоржийг асуугаад бараагаа хүргүүлэх гэсэн юм гэхэд тэр үед Нацагдорж байхгүй байсан, тэгэхээр нь дэлгүүр лүү нь хүргэж өгөхөөр гарч байтал Нацагдорж ирэхээр нь барааг нь өгсөн. тэгээд маргааш буюу 24-ний өглөө 11 цагийн үед зах дээр очсон. О.Нацагдорж ирээд над уурдлаад миний ачдаг барааг ачлаа их зан гаргалаа хүний урдуур орлоо пизда гэх мэтээр яриад байхаар нь чи хөгшин хүнийг пизда гэлээ гэж хэлтэл уурлаад 2 гараараа цээж рүү маш хүчтэй цохисон би тэр үед хатуу бетонон дээр унасан, миний зүүн хөл маш хүчтэй өвдөөд босож чадахгүй болсон. Ингээд Буяннэмэх машин бариад гэрт хүргэж өгсөн. тэгээд рентген зураг авхуулахад зүүн хөлний дунд чөмөгний дээр түнх рүү ордог хэсэг нь хугарсан байсан. 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр түнхний үе солиулах хагалгаанд ороод 4 хоноод эмнэлгээс гарсан. Надаас энэ хүн уучлалт гуйгаагүй эмчилгээнд ямарч мөнгө өгөөгүй, маш их гомдолтой байна...” гэжээ. /хав 10-11 хуу/

...Ариунтуяа гэж хамаатны хүүхдээр сар гаран 600,000 төгрөг өгч асруулсан. Эмчилгээнд 1,246,200 төгрөг гарсан. Баримтаар 646,200 төгрөг гарсан. Одоо надад 6,000,000 төгрөг өгчихвөл гомдолгүй байна...” /хав 12/

 

Гэрч Н.Мөнхбаяр мэдүүлэхдээ: “...О.Нацагдорж манай аав юм. Тэр өдөр болсон асуудлыг сонсоод аавын хамт Дашдоржийн гэрт очсон. Аав тэднийд очоод 50 орчим минутын дараа машиныг барьж хүргэж өгсөн хүний хамт гарч ирсэн. Гэмтэл явахгүй гээд байна гэхэд нь аавын хамт би ороод гуйж байгаад гэмтэл авч явсан. Очоод үзүүлэхэд зүүн хөлний дунд чөмөг дээд хэсгээрээ хугарсан байна гээд эмнэлэгт хэвтүүлэхээр болсон. Дашдорж гэдэг хүнийг түлхэж унагаасан гэж байсан ...” гэжээ. /хав 15 хуудас/

 

Гэрч Д.Буяннэмэх мэдүүлэхдээ: “...тэр өдөр би Барс-2 худалдааны төв дээр эхнэрийн ажил дээр байж байхад 1 залуу таныг Дашка гэх хүн дуудаж байна гэхээр очиход Дашдорж ах хөл эвгүй болсон байна гээд машиныхаа хойд суудал дээр суусан байсан. Тэгээд үнэмлэх чинь байвал миний машиныг бариад гэрт хүргээд өг гэхээр гэрт нь очсон Тэгээд Дашдорж ах гэртээ очоод хөл нь өвдөөд уйлаад байсан. Нацагдорж ахыг чи яв гээд байсан. Тэр 2 дэлгүүрийн бараа хүргэлтээс болж л маргалдсан гэсэн би тэр 2-ын зодоон хийсэн, унасан асуудлыг хараагүй...” гэжээ. /хав 16 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4935 дугаартай дүгнэлтэнд: Б.Дашдоржын биед зүүн дунд чөмөгний дээд булууны хүзүүвч хэсгийн далд хугарал, зүүн дунд чөмөгний дээд булууг солих мэс заслын дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хав 21/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хав 38/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хав 41/

Нийт 883,138 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн баримтууд /хав 64-76/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч О.Нацагдорж нь 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс худалдааны төвийн орчим Б.Дашдоржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биемахбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Дашдорж, гэрч Н.Мөнхбаяр /хх 15/, Д.Буяннэмэх /хх 16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4935 дугаартай дүгнэлт /хх 21/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41/, 883,138 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх 64-76/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч О.Нацагдоржийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Нацагдорж нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5, 5.5 дугаар зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял болон зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж болохгүй байх тул шүүгдэгчид торгох ял оногдуулахаар байна. Шүүгдэгчийн хувийн байдал болон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хөнгөн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

    Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч О.Нацагдорж нь хохирогчид 234.900 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуульд зааснаар хохирогч Б.Дашдоржийн 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс 5.368.262 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, шүүгдэгч О.Нацагдоржоос 396.802 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Дашдоржид олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд даалгах, хохирогч Б.Дашдорж хангахгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Осорын Нацагдоржийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Осорын Нацагдоржийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нацагдорж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч О.Нацагдорж нь хохирогчид 234.900 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.1-д зааснаар хохирогч Б.Дашдоржийн 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс 5.368.262 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, шүүгдэгч О.Нацагдоржоос 396.802 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Дашдоржид олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Дашдорж хангахгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ