Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 97

 

Б.Тогтохжаргалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батболд,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 137 дугаар магадлалтай, Б.Тогтохжаргалд холбогдох эрүүгийн 201601000175 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батболдын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баярмагнайн Тогтохжаргал нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан “Танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Тогтохжаргалыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, цагдан хоригдсон 10 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирогч П.Мөнх-Очирын нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 2.500.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Тогтохжаргал бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгож, хохирогч П.Мөнх-Очир нь гэмт хэргийн улмаас гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч П.Мөнх-Очир болон түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батболд нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батболд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Болсон явдал болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс харахад танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Энэ хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Хохирогч шалтгаангүйгээр “чи” гэж дуудсанаас үүдэн Б.Тогтохжаргал руу дайрсан учраас биеэ хамгаалах үүднээс эсрэг үйлдэл хийж өөрийгөө хамгаалсан байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан “хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг шалгасан боловч эргэлзээ төрж байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын дагуу шийдвэрлэж өгнө үү. Мөн болсон явдлыг яг хажуугаас харсан ганцхан гэрч байдаг бөгөөд тухайн гэрч нь хохирогчийн багийн найз байдаг. Шүүгдэгч нь тухайн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн барагдуулсан, мөн шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөн зүйлчилж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор М.Буяннэмэх “... шүүгдэгч Б.Тогтохжаргалыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж ял шийтгэл оногдуулсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын журмаар хэргийн бүх ажиллагааг хянавал анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

Шүүгдэгч Б.Тогтохжаргал нь 2016 оны 8 дугаар сарын 14-ний шөнийн 23 цагийн орчим БНХАУ-ын Шилийн гол аймаг, Эрээн хотын “Хуань юи” худалдааны төвийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр хамт архи уусан П.Мөнх-Очирын толгой руу ундааны шилээр цохиж биед нь “зүүн чамархай, суурь ясны хугарал, зүүн чамархайн хатуу хальсан доорх цус хуралт, тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Танхайрах гэмт хэрэг нь урьдчилан бодож төлөвлөөгүй буюу гэнэт үүссэн сэдэлтээр үйлдэгддэг онцлогтой.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд тухайн гэмт хэргийг танхайн сэдэлтээр буюу ялимгүй зүйлээр шалтаглан үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүйн дээр гэмт хэрэг үйлдэхийг харсан гэрч нарын мэдүүлгээр шүүхийн тогтоосон үйл баримтын дүгнэлт үгүйсгэгдэж байна.

Тухайлбал, хэрүүл маргааныг шүүгдэгч бус хохирогч П.Мөнх-Очир эхэлж үүсгэсэн талаар хохирогчийн өөрийнх “... Тогтохжаргал намайг чи яагаад холхиод байгаа юм бэ гэхээр нь би чи намайг чи гэж хэллээ гээд маргалдсан” гэх мэдүүлэг нь шүүгдэгч, хохирогч нартай хамт архи уусан гэрч Б.Оюутбаярын “... гэнэтхэн Мөнх-Очир Тогтохжаргалыг чи намайг чи гэлээ гээд хэрэлдсэн. Тогтохжаргал ууж дуусгасан ундааны шилээр толгой руу нь цохиод зугтсан”, гэрч В.Мөнхбатын “... тухайн үед Мөнх-Очир хүн хүн рүү үсчээд хэрүүл хийгээд байсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдсон байна гэж үзэв.

Шүүх хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн нь тогтоогдвол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүх нь хөнгөн ялтай хууль хэрэглэж, зүйлчлэл өөрчилсөнтэй холбогдуулж оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эрхтэй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж шүүгдэгч Б.Тогтохжаргалыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх танхайн сэдэлтээр бусдын биед гэмтэл учруулсан гэж ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.

Хяналтын шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээнд тохируулж хуульд заасан хорих ялыг оногдуулсан тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батболдын гаргасан Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийг журамлан ял оногдуулж өгнө үү гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 137 дугаар магадлалд “шүүгдэгч Боржигон овогт Баярмагнайн Тогтохжаргалыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Тогтохжаргалын өмгөөлөгч Ц.Батболдын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

       ДАРГАЛАГЧ,

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                  Т.УРАНЦЭЦЭГ

       ШҮҮГЧ                                                                           Б.ЦОГТ