Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
Хэргийн индекс | 128/2023/0289/З |
Дугаар | 128/ШШ2023/0411 |
Огноо | 2023-05-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2023/0411
2023 05 04 128/ШШ2023/0411
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “А*******” ХХК /РД: 2*******/,
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О*******,
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т*******, О.А*******, хариуцагч улсын байцаагч Х.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х*******, С.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О*******ы үйлдсэн 2023 ны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.
2. Хэргийн нөхцөл байдал:
2.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/29 дугаартай удирдамжийн дагуу буудайн гурилын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн худалдан борлуулж буй гурилын үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, нөөц хангамжийн байдлыг судлан тогтоох зорилгоор хяналт шалгалтыг явуулж, гурилын борлуулалтын үнийн мэдээллийг 2022 оны 01 дүгээр сарыг 11 дүгээр сартай харьцуулахад хэрэглэгчдийн өргөнөөр худалдан авдаг дээд болон нэгдүгээр гурилын үйлдвэрийн үнийг кг тутамд 280-510 төгрөгөөр буюу 26,8-39,5 хувиар өсгөсөн болохыг тогтоосон.
2.2. Ийнхүү улсын байцаагч Х.О*******оос 2023 ны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар “буудайн гурилын түүхий үндсэн түүхий эд болох улаан буудайн үнэ болон бусад зардал өсөөгүй байхад хэрэглэгчдийн өргөнөөр худалдан авдаг дээд болон нэгдүгээр гурилын үйлдвэрийн үнийг үндэслэлгүйгээр нэмсэн...” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтад зааснаар 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
3. Процессын түүх:
3.1. Гомдол гаргагч “А*******” ХХК нь шийтгэлийн хуудсыг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мэдсэнээр шүүхэд гомдлоо 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гаргажээ.
4. Гомдол гаргагч “А*******” ХХК гомдлын шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
4.1. Улсын байцаагчийн №0******* тоот шийтгэлийн хуудсаар 20,000 нэгжээр торгохдоо Зөрчлийн тухай хуулийн 10.7-р зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр "Буудайн гурилын үйлдвэрлэл эрхэгчид нь гурилын үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй" асуудлыг шалгаад манай компанийг үндэслэлгүйгээр гурилын үнийг өсгөж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэн үйл ажиллагаа явуулсан болох нь тус компанийн санхүүгийн баримт бусад баримт, мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа тухай дурдаж шийдвэрлэсэн хууль бус шийдвэр гаргасан байна.
4.2. Тухайлбал, үндэслэлгүйгээр үнэ нэмэх асуудлыг хуулиар хориглоогүй байдаг ба өмчлөлийнхөө зүйлийг өөрийн үзэмжээр чөлөөтэй, захиран зарцуулах эрхтэй байдаг. Манай компани нь "Өрсөлдөөний тухай хууль"-ийн 5-р зүйлд заасан "Зүй ёсны монопол болон давамгай байдалтай аж ахуйн нэгж биш бөгөөд гурил үйлдвэрлэлийн зах зээл дээр 10-12 орчим аж ахуйн нэгж тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь өрсөлдөөний хязгаарлагдмал нөхцөл байдалтай бус, хэрэглэгч худалдан авалтаа олон сонголтоос хийх боломжтой зах зээлд явуулж буй үйл ажиллагаа юм. Тодруулбал: Дээрх 2 статустай байгууллагад өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэ нэмэх эрх нь байдаг ба тодорхой шаардлага, нөхцөлийн дагуу хэрэгжүүлж болохоор тусгасан байдаг. Монопол байдалтай аж ахуйн нэгжийн хувьд ШӨХТГ-аас зөвшөөрөл авах, давамгай байдалтай аж ахуйн нэгж үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох зэргээр энэхүү эрхийг хязгаарласан. Энэ нь манай байгууллага үнээ нэмэх эрхийг хууль ёсны хүрээнд хязгаарлалтгүйгээр эдлэх эрхтэй гэж үзэж байна.
4.3. Иргэний хуулийн 34-р зүйлийн 34.1-т зааснаар компанийн үндсэн зорилго нь ашгийн төлөө байдаг. Энэ зорилгынхоо хүрээнд манай байгууллагаа өмчөө өөрсдийн үзэмж, алдагдлаа тооцоолсны үндсэн дээр бүтээгдэхүүний үнийг тодорхойлон аливаа шийдвэрийг гарган үйл ажиллагаагаа явуулж байдаг. Гэвч улсын байцаагчийн үйлдсэн №0******* тоот шийтгэлийн хуудас нь "Өрсөлдөөний тухай хууль"-ийн 13-р зүйл болох "Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглох" тухай зүйлийн 13.2.4 дэх хэсэгт "бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн" үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Тодруулбал энгийн бизнес эрхлэгч өрсөлдөөнт зах зээл дээр бүтээгдэхүүнээ өөрийн үзэмжээр үнэлэн, хэрэглэгч, худалдан авагчтай чөлөөтэй хэлцэл хийж буй үйлдлийг хууль бус гэж үзэн торгох замаар үнийг нэг хэмжээнд барих гэсэн зорилго бүхий үйлдэл юм.
4.4. Хууль буруу хэрэглэсэн ба Хэрэглэгчийг хохироогоогүй болох нь: "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль"-ийн Хоёрдугаар бүлэгт "Хэрэглэгчийн эрх"-ийн талаар зохицуулсан байдаг.
Үүнд: а. Чанар аюулгүй байдлыг хангасан бараа хэрэглэх,
b. Барааны талаар үнэн, зөв мэдээлэл авах эрх,
с. Хэрэглээний соёл эзэмших эрх гэх мэт хэрэглэгчийн эрхүүд, түүний өмнө үйлдвэрлэгч, худалдагчийн хүлээх үүргийг тодорхой заасан бөгөөд бүтээгдэхүүний үнийг нэмэх үйлдэл нь хэрэглэгчийн эрхийг хохироож буй нөхцөл байдалд хамаараагүй байна.
4.5. Гомдлын үндэслэх хэсгийн 1 дэх хэсэгт дурдсанаар манай компани бүтээгдэхүүнийхээ үнээ хараат бусаар тодорхойлох эрхээ хэрэгжүүлэхдээ эрүүгийн болон зөрчлийн шинжтэй үйлдлийг гаргаагүй. Тодруулбал, хэрэглэгч, худалдан авагч болон аливаа хамаарал бүхий этгээдийг өөрсдийн бүтээгдэхүүнийг худалдан авахыг т*******н шаардаагүй, худал мэдээлэл тараагаагүй, хэрэглэгчийн худалдан авах сонголт хийхэд нөлөөлөөгүй, Өрсөлдөөний тухай хуулийн 12-р дугаар зүйлд заасан "Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа" явуулаагүй юм. №0******* тоот торгуулийн хуудасны хуулийн үндэслэл болох 10.7-р зүйлийн 4-р хэсэгт "Аж ахуйн нэгж өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн" үйлдлүүдийг тодорхойлсон байдаг ба өрсөлдөөнт зах зээлд үнэ нэмэх замаар өрсөлдөөнийг хязгаарласан, улмаар хууль бус худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд боломжгүй юм.
4.6. Хуульд хууль бус худалдааны арга, хэрэгсэл гэдгийг нарийвчлан зохицуулаагүй байдаг боловч дээрх тайлбаруудаар манай үнэ нэмсэн шийдвэр, үйл ажиллагаа нь хууль бус гэх шинжийг агуулаагүй гэж үзэж байна. Иймд №0******* тоот Шийтгэх хуудас нь захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмаа зөрчсөн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу гомдлыг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
5.1. Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, хүсэлтийг үндэслэн агентлагийн даргын 2022 оны 01/29 дугаартай удирдамжийн дагуу буудайн гурилын үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа, гурилын үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар "Улаанбаатар гурил", "О*******", "А*******" ХХК-иуд нь 2022 он гарсаар 4-12 удаагийн гүйцэтгэх захирлын тушаалаар буудайн гурилын үнийг 58,2 хувиар нэмсэн нь нийтийн ашиг сонирхолд харшилсан, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн байж болзошгүй тул уг үйлдэлд зөрчлийн 2202000364 дугаартай хэрэг нээн, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулсан.
5.2. Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт "Энэ хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино." гэж хуулийн зорилтыг тодорхойлсон.
5.3. Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т "Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:", 12.1.10-т "Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж тус тус заасан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар "А*******" ХХК нь 2022 оны байдлаар гүйцэтгэх захирлын 3 удаагийн тушаалаар буудайн гурилын үндсэн түүхий эд болох улаан буудайн үнэ болон бусад зардал өсөөгүй байхад хэрэглэгчдийн өргөнөөр сонгож, худалдан авдаг дээд болон 1-р гурилын үйлдвэрийн үнийг кг тутамд 280-510 төгрөгөөр буюу 26,8-39,5 хувиар нэмэгдүүлэн өөрийн харилцагчдад нийлүүлж байгаа нь тус компанийн санхүүгийн тайлан, баримтууд болон компанийн хууль ёсны төлөөлөгчдөөс авсан мэдүүлэг, түүхийн эд /улаан буудай/-ийн татан авалт болон буудайн үнийн мэдээллүүд зэрэг баримтуудаар тогтоогдсон.
5.4. Өөрөөр хэлбэл тус компани нь өмнөх он буюу 2021 онд улаан буудайг 1 тонныг 650,000-700,000 төгрөгөөр худалдан авсан байх бөгөөд уг хямд нөөцөөр үйлдвэрлэсэн гурилыг 26,8-39,5 хувиар нэмэгдүүлсэн үнээр өөрийн харилцагчдад нийлүүлж, тус бараа бүтээгдэхүүнийг сонгон үйлчлүүлдэг эцсийн хэрэглэгч өндөр үнэтэй гурил худалдан авах нөхцөлийг бий болгож байгаа нь "хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022, 2023 онуудад буудайн гурилын зах зээлд хийсэн судалгаагаар "А*******" ХХК нь тухайн зах зээлд тоног төхөөрөмжийн хүчин чадал, үйлдвэрлэл, борлуулалтаараа 2-т ордог олон жилийн түүхтэй Үндэсний ууган үйлдвэр юм.
5.5. Гэсэн хэдий ч гурилын үнийг нэмсэн үйлдэлд "цар тахлын үед ашиггүй ажилласан алдагдлаа нөхөхийн тулд үнээ нэмсэн" гэх мэдүүлгийг өгч байгаагаас үзэхэд үндсэн түүхий эдийн үнэ болон бусад зардал өсөөгүй байх хугацаанд гурилын үйлдвэрийн үнийг үндэслэлгүйгээр нэмсэн гэдэг нь нотлогдож байна. Энэ нь "А*******" ХХК-ийг өрсөлдөөнийг хязгаарлаж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
5.6. Иймд "А*******" ХХК-ийн гурилын үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан зэрэг нь нийтийн ашиг сонирхолд харшилсан, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтыг үндэслэн 20 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу "А*******" ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсаар “А*******” ХХК-ийг үндэслэлгүйгээр гурилын үнийг өсгөж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн хэмээн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3. Шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, гомдол гаргагч “А*******” ХХК-аас “...Өрсөлдөөний тухай хуульд заасан давамгай байдалтай болон монополь аж ахуйн эрхлэгч биш учраас үнээ нэмэхийг хуулиар хориглоогүй, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хувьд алдагдлаа нөхөх, ашигтай ажиллах, ажилчдын цалинг нэмэгдүүлэх зорилгоор үнээ нэмсэн...” гэж маргасан, хариуцагчаас “...улаан буудайн үнэ болон гурилын үйлдвэрлэл явуулахад шаардагдах бусад зардал өсөөгүй байхад үндэслэлгүйгээр үнээ нэмсэн, “А*******” ХХК нь гурилын зах зээлийн 20 гаруй хувийг эзэлдэг боловч давамгай байдалтай аж ахуйн эрхлэгчээр тогтоогдоогүй, гэвч хэрэглэгчид тухайн компанийн гурилыг худалдан аваад хэвшчихсэн байдаг учраас өндөр үнэтэй гурил, улмаар гурилаар хийдэг өндөр үнэтэй бүтээгдэхүүн худалдан авахад хүргэсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасан хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэнд тооцогдоно...” хэмээн шийтгэл оногдуулсан үндэслэлээ тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар, “А*******” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сард худалдан борлуулж байсан дээд болон нэгдүгээр гурилын үнийг 2022 оны 11 сарын үнийн мэдээлэлтэй нь харьцуулахад дээд гурилын үнэ 500 төгрөгөөр, нэгдүгээр гурилын үнэ 400 төгрөгөөр тус тус нэмэгдсэн, тухайн үед улаан буудайн үнэ нэмэгдээгүй байсан буюу нөөцөд байсан улаан буудайгаар гурилыг үйлдвэрлэсэн үйл баримтын тухайд талууд маргаангүй.
5. Гомдол гаргагч “А*******” ХХК-аас гурил үйлдвэрлэхэд шаардагдах сав, баглаа боодлын үнэ өссөн гэх боловч хяналт шалгалтын явцад хариуцагчид энэ талаар тайлбар гаргаагүй, хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
6. Дээрхээс үзвэл, улаан буудайн үнэ болон гурилын үйлдвэрлэл явуулахад шаардагдах бусад зардал өсөөгүй боловч хяналт шалгалтад хамрагдсан 2022 оны 01 дүгээр сараас 11 сарын байдлаар түүхий эдийн нөөц /улаан буудай/-ийн хомсдолгүй, зах зээл дээр гурил чөлөөтэй арилжаалагдаж, хэрэглэгч хаанаас ч ямар ч үйлдвэрийн гурилыг худалдан авах боломжтой байсан болох нь тогтоогдсон энэ тохиолдолд хариуцагчаас “улаан буудайн үнэ өсөөгүй байхад гурилын үнийг нэмэгдүүлсэн” гэдэг үндэслэлээр шийтгэл оногдуулсныг шүүхээс үндэслэлгүй гэж үзлээ.
7. Тодруулбал, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 12.1.10.-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх.” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан дүгнэвэл, “А*******” ХХК-ийн гурилын үнээ нэмсэн үйл ажиллагаа нь хуулиар хориглогдсон худалдааны аргад хамаарч байх, үүний улмаас хэрэглэгч хохирсон байхыг шаардаж байна.
8. Гэвч Өрсөлдөөний тухай хуулиар монополь болон давамгай байдалтай гэж тогтоогдсоноос бусад аж ахуй эрхлэгчийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтоох үйл ажиллагаанд төрөөс зохицуулалт хийхийг зөвшөөрөөгүй бөгөөд харин ямар тохиолдолд оролцож болохыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17[1], 03 дугаар сарын 20-ны өдрийн 19[2], 05 дугаар сарын 01-ний өдрийн 29[3] дүгээр тогтоолд дараах байдлаар тайлбарлажээ.
9. Үүнд “...Зах зээл дээр чөлөөтэй арилжаалагдаж буй бараа бүтээгдэхүүн нь ердийн тохиолдолд харилцан орлох шинж чанартай буюу хэрэглэгч хаанаас ч очоод авах боломжтой бол чөлөөт зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар уг бараа бүтээгдэхүүний үнэ тогтоно, ийнхүү тогтсон зах зээлийн үнийг төрөөс хянахгүй буюу чөлөөт өрсөлдөөнийг хамгаалах агу*******д хамааруулж үзнэ. Харин зах зээл дээр чөлөөтэй нийлүүлэгдэж, арилжаалагддаггүй буюу харилцан орлох бүтээгдэхүүн байхгүйн улмаас уг бүтээгдэхүүнийг худалдан авах шаардлагатай байгаа хэрэглэгч түүнийг борлуулж буй тухайн этгээдээс худалдан авахаас өөр сонголтгүй байх нөхцөлд тухайн бараа бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулах нь Өрсөлдөөний тухай хуулийн зорилго хэрэглэгчийн эрхийг хамгаалах агу*******д нийцнэ...” гэсэн байна.
10. Үүнээс үзвэл, хяналт шалгалтад хамрагдсан хугацаанд гурилын зах зээл дээр дээд болон нэгдүгээр гурил чөлөөтэй арилжаалагдаж, хэрэглэгч ямар ч үйлдвэрийн гурилыг сонгон авах боломжтой, гурилын эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлөх, хязгаарлагдмал нөхцөл байдал үүсээгүй байсан үед “А*******” ХХК гурилын үнээ нэмсэн нь чөлөөт зах зээлийн зарчмаар үнэ тогтоогдсон гэж үзэхээс гадна ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд нь дээр дурдсан хязгаарлагдмал нөхцөл байдал үүсээгүй л бол үнээ нэмсэн шалтгаан, үндэслэлийг төрөөс хянах эрхгүй, түүхий эдийн үнэ өсөөгүй байсан ч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнээ хэрхэн, ямар зорилгоор нэмэх нь аж ахуй эрхлэгчийн эрхийн асуудал юм.
11. Хариуцагчаас “... “А*******” ХХК нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдоогүй ч тэдний гурилыг хэрэглэгчид худалдан аваад хэвшчихсэн байдаг, ...гурилын үйлдвэрлэл эрхэлдэг бусад аж ахуй эрхлэгчдээс хүчин чадлын хувьд илүү учраас буудайн нөөцийг 6 дахин илүү худалдан авч тэр хэмжээгээр зах зээл дээр гурил нь илүү худалдаалдаг...” зэргээр Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох” гэж заасан давамгай байдалтай аж ахуй эрхлэгчид хориглосон үндэслэлээр гомдол гаргагчийг буруутгаж буй нь үндэслэлгүй, хэрэв хариуцагчийн тайлбарлаж байгаачлан “А*******” ХХК нь давамгай байдалтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бол хуульд заасан журмын дагуу давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосны дараа үнэ нэмсэн үйл ажиллагаанд нь оролцох боломжтой.
13. Мөн хариуцагчаас “...гурил бол стратегийн ач холбогдол бүхий бараа, бүтээгдэхүүн учраас төр гурилын үнэ тогтоох үйл ажиллагаанд оролцох боломжтой...” гэх боловч стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуй эрхлэгч ямарваа нэг хязгаарлалттайгаар за=х зээлд өрсөлдөнө гэсэн зохицуулалт Өрсөлдөөний тухай хуульд байхгүй.
14. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасныг үндэслэн гомдол гаргагчид шийтгэл оногдуулсан нь буруу, үүний улмаас “А*******” ХХК-ийн зах зээл дээр шударгаар өрсөлдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.4.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасныг баримтлан гомдол гаргагч “А*******” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ
[1] “Т-о” ХХК ба Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г*******, 128/2022/0828/З, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2023/0017
[2] “М-а” ХХК ба Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г*******, 128/2022/0849/З, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2023/0019
[3] “Х” ХХК ба Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г*******, 128/2022/0979/З, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2023/0029