Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/02705

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/02705

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С.Д- 

 

Хариуцагч: А ХХК 

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний дагуу нийтийн авто зогсоолоос 18 м2 гараажийг гаргуулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч талын нэр дээр гаргахыг даалгах, гэрээний хугацаа хэтрүүлсний алданги 15,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч С.Д-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нэхэмжлэгч С.Д- дараах байдлаар тайлбарласан. Үүнд: 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Р үл хөдлөх зуучлагчийн зар дээр ...Хан-Уул дүүрэг, 0 дугаар блокийн орон сууцанд 3 өрөө байр, 18 м2 талбайтай автомашины зогсоолын хамт зарна гэсэн байсан. Ингээд үл хөдлөх эд хөрөнгө зуучлагч болон Б ХХК-ийн захирал Ж.Ц-тэй уулзаж тухайн байрыг зогсоолын хамт очиж үзсэн. Тухайн үед байрыг үзэхэд барилгын дотоод засал дуусах шатандаа явж байсан. Цонх, тагт бүрэн дууссан байсан ба Б ХХК-ийн захирал Ж.Ц нь өөрийгөө ...цонхыг гүйцэтгэсэн компанийн захирал гэж танилцуулсан. Тэрээр надад ...үндсэн гүйцэтгэгч компани болох А ХХК-иас тус барилгын вакум цонхыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөндөө бартераар авсан байр, авто зогсоолын хамт зарна гэж хэлсэн. Ингээд бид наймаа тохирч орон сууц болон автозогсоолыг худалдаж авахаар болсон. Тухайн үед би дараа нь ямар нэг асуудал үүсэх, маргаан гарахаас сэргийлж барилгын үндсэн гүйцэтгэгч компани болох А ХХК руу хамтдаа орж асуусан. Тэгэхэд А ХХК-ийн захирал, нягтлан, инженер зэрэг хүмүүс байсан бөгөөд надад ...цонх гүйцэтгэсэн наад компаниасаа байр, гарааш авахад манай компанийн зүгээс асуудал байхгүй, наад компани чинь ажлаа бүрэн дууссан, бид гэрээг нь одоо шууд хийхэд бэлэн гэж хэлсэн. Ингээд би нийт 160,000,000 төгрөгийг Б ХХК-д шилжүүлсэн бөгөөд байр болон авто зогсоолыг худалдан авах гэрээг үндсэн гүйцэтгэгч компани болох А ХХК-тай хийж баталгаажуулсан. Талуудын байгуулсан гэрээ ёсоор 2021 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох ёстой орон сууц нь 2022 оны 5 дугаар сард байр ашиглалтад орж улсын комисс хүлээж авсан. Гэрээний дагуу А ХХК-иас байр болон гараашаа авахаар очиход өгөхгүй удаасаар 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байраа хүлээж авсан. Харин өнөөдрийг хүртэлх хугацаанд авто зогсоолоо хүлээн авахаар хөөцөлдсөн боловч А ХХК нь ...цонхыг гүйцэтгэсэн компани болох Б ХХК нь тус байрны цонхны засвар үйлчилгээг ирж хийхгүй байгаа учир танай гараашийг өгөхгүй гэж хэлж намайг маш их хохироож байна. Би Б ХХК руу энэ талаар асууж уулзахад тэд ...манайх хийх зүйлээ цаг тухайд нь бүрэн хийсэн, манай буруугаас бус хагарсан шилнүүдийг хүртэл бид өөрийн зардлаар сольж өгсөн учир наад асуудлаа А ХХК-тай ярьж гэрээний дагуу учраа ол гэдэг хариу өгсөн. Иймд миний зүгээс шүүхэд дараах шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:

1/ 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 20\043\А дугаартай гэрээний дагуу Арцат аппартмент 2 орон сууцны хотхоны нийтийн авто зогсоолоос 18 м2 талбай бүхий авто зогсоолыг А ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг Үл хөдлөх эд хөрөнгийн газарт даалгуулна.

2/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалт болон гэрээний заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 15,000,000 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 20/043/А дугаартай гэрээний дагуу Арцат аппартмент 2 орон сууцны хотхоны нийтийн авто зогсоолоос 18 м2 хэмжээтэй гараашийг А ХХК-иас гаргуулах, гэрээний хугацаа хэтрүүлсэн алданги 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн. Нэгдүгээрт: Маргаан бүхий гарааш нь А ХХК болон Б ХХК-ийн байгуулсан цонхны ажил гүйцэтгэлийн гэрээний дагуу гэрээний төлбөрт тооцсон бартерын гарааш юм. Гэтэл цонхны ажил гүйцэтгэсэн Б ХХК-ийн ажлын үр дүн нь доголдолтой байгаа бөгөөд уг доголдлыг арилгах үүргээ биелүүлэхгүй байгаа. Иймд уг гэрээний төлбөрт тооцсон маргаан бүхий 18 м2 гараашийг шилжүүлэх боломжгүй юм. Хоёрдугаарт: А ХХК болон Б ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний харилцаа бүрэн дуусаагүй буюу гүйцэтгэгч Б ХХК нь ажлын үр дүнгийн доголдлоо арилгаагүй байгаа тул манай компани гэрээний үнийг төлөхөөс татгалзаж байгаа. Ийнхүү татгалзал нь маргаан бүхий бартерын гараашийг гуравдагч этгээдийн нэр дээр шилжүүлэхгүй байх хэлбэрээр илэрнэ. Өөрөөр хэлбэл С.Д-гийн өмчлөлд уг гараашийг шилжүүлэх боломжгүй бөгөөд гэрээний үүрэг гүйцэтгэлтэй холбоотой алдангийг төлөх шаардлагыг биелүүлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн зүгээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн хуулбар /хх 5/, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 20/043/а тоот Орон сууц захиалгаар барих гэрээний хуулбар /хх 6-7/, Б ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн албан бичгийн хуулбар /хх 8/, Хаан банкны 2021 оны 7 дугаар сарын 05-08-ны өдрийн шилжүүлгийн баримт /хх 9-11/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 20/.

 

4. Хариуцагчийн зүгээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 15/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 16/, фото зураг /хх 28-29/, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 20/002/а тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар /хх 49-54/, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрээний хуулбар /хх 55-56/.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүхийн зүгээс бүрдүүлсэн. Үүнд: 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн БА238/2022 тоот Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбар /хх 42-47/. Гэрчээр Б ХХК-ийн захирал Ж.Ц-г асуусан.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Б ХХК нь А ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 20/002А тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Б ХХК нь захиалагч буюу А ХХК-ийн 0 давхар барилгын вакум цонх, тагтны хаалга, вакум хаалганы ажлыг хийж гүйцэтгэхээр, хийсэн ажлын төлбөрийг тухайн баригдаж буй орон сууцны барилгаас тооцож авахаар болжээ.

 

2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр А ХХК болон С.Д- нар 20/043/А тоот Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр А ХХК нь 0 дугаар блокын нийтийн авто зогсоолоос 18м2 талбай бүхий стандарт авто зогсоолыг 30,000,000 төгрөгт тооцон С.Д-гийн өмчлөлд шилжүүлэхээр талууд харилцан тохирсон байна.

 

2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч С.Д- нь хариуцагч А ХХК-д холбогдуулж дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

1/ 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 20\043\А дугаартай гэрээний дагуу 0 орон сууцны хотхоны нийтийн авто зогсоолоос 18 м2 талбайтай авто зогсоолыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг үл хөдлөх эд хөрөнгийн газарт даалгуулах;

2/ 15,000,000 төгрөгийн алданги гаргуулах.

 

С.Д-гийн нэхэмжлэл болон тайлбарын агуулгыг тодорхойлбол, тэрээр ...хариуцагч эд хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй-гээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үүнтэй холбоотой бичиг баримтыг гаргуулах, мөн гэрээний хариуцлага буюу алдангийг шаардсан байна.

 

Нэг.

 

Дээр дурдсанчлан С.Д- нь А0 орон сууцны хотхоны нийтийн авто зогсоолоос 18 м2 талбайтай авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт олгохыг А ХХК-д даалгах агуулга бүхий нэхэмжлэл гаргасан, энэ талаар зохигчид мэтгэлцсэн гэж үзнэ.

 

Хэрэгт Б ХХК-ийн А ХХК-д хандсан 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн албан бичиг авагдсан. Уг албан бичигт ...С.Д- нь манай компанийн бартерийн хөлсөнд авсан 0 дугаар блокын 2 дугаар орц /баруун тал/, 4 давхарын В айлын 78.31м1 орон сууц /танай компанитай хийсэн гэрээ №20/038/А/ болон 6 дугаар блокын 18м2 авто зогсоолын /танай компанитай хийсэн гэрээ №20/043/А/ төлбөрүүдийг манай компанид бүрэн 100% төлсөн бөгөөд мөнгө төгрөгийн тооцоогүй, ямар нэг маргаангүй болно. Энэ хүнд байрыг хүлээлгэж өгнө үү. Тус байр болон авто зогсоолыг НӨАТ-гүй үнээр худалдсан болно гэжээ.

 

Дээр дурдсан бичгийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй хэдий ч хариуцагч компанийн зүгээс уг албан бичгийн агуулга, бичгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй. Мөн хариуцагч талаас С.Д-гийн ...Б ХХК нь А ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын төлбөрт тооцож авсан байр, авто зогсоолыг надад худалдсан. Би А ХХК-ийн зөвшөөрлийг үндэслэн Б ХХК-д байр, авто зогсоолын төлбөрийг бүрэн төлсөн ба гэрээг харин А ХХК-тай байгуулсан. Гэрээний дагуу орон сууцаа хүлээн авсан, харин авто зогсоолоо хариуцагч тал хүлээлгэж өгөөгүй гэсэн агуулга бүхий тайлбарыг хариуцагч талаас үгүйсгээгүй, гагцхүү Буянхаргана ХХК-ийн хийсэн цонхны ажил доголдолтой гэсэн үндэслэлээр өөрийн татгалзлаа шүүхэд илэрхийлсэн болно.

 

2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр А ХХК болон С.Д- нарын хооронд байгуулагдсан 20/043/А тоот гэрээг талууд Орон сууц захиалгаар барих гэрээ гэж нэрлэсэн хэдий ч гэрээний заалт, агуулгаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Д- нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасны дагуу хариуцагч А ХХК-ийн заасан этгээдэд 18м2 талбай бүхий стандарт авто зогсоолын төлбөрийг бүрэн төлж барагдуулжээ.

 

Иймд Улаанбаатар хот, 0 дугаар блокын нийтийн авто зогсоолоос 18м2 талбай бүхий стандарт авто зогсоолын өмчлөгчөөр С.Д-г тогтоож, эрх бүхий байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид олгохыг А ХХК-д даалгаахаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Хоёр.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3-т зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нөгөө талдаа мөнгөн төлбөр буюу анз төлөх ба анзын тухай гэрээг бичгээр байгуулах ёстой.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар барих гэрээий 6.3-т Гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд буюу 2021 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж Захиалагчид хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 %-тай тэнцэх алдангийг төлнө гэжээ.

 

Хариуцагч А ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 20/043/А тоот Орон сууц захиалгаар барих гэрээий үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан алдангид 15,000,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Гурав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 303,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 303,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Д-д олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 0 дугаар блокын нийтийн авто зогсоолоос 18м2 талбай бүхий стандарт авто зогсоолын өмчлөгчөөр С.Д-г тогтоож, эрх бүхий байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид олгохыг А ХХК-д даалгаж, хариуцагч А ХХК-иас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Д-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 303,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Д-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ