Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01860

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01860

 

 

С.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн даргалагч шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/02705 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Д...гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А... ХХК-д холбогдох,

 

Гэрээний дагуу нийтийн авто зогсоолоос 18 м.кв гаражыг гаргуулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч талын нэр дээр гаргахыг даалгах, гэрээний хугацаа хэтрүүлсний алданги 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Д..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.З... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Ремакс үл хөдлөх зуучлагчийн зар дээр Хан-Уул дүүрэг, .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах А... 2 хотхоны .... дугаар блокийн орон сууцанд .... өрөө байр, 18 м2 талбайтай авто машины зогсоолын хамт зарна гэсэн байсан.

 

1.2. Ингээд үл хөдлөх эд хөрөнгө зуучлагч болон Б... ХХК-ийн захирал Ж.Ц...тэй уулзаж тухайн байрыг зогсоолын хамт очиж үзсэн. Тухайн үед байрыг үзэхэд барилгын дотоод засал дуусах шатандаа явж байсан. Цонх, тагт бүрэн дууссан байсан ба Б... ХХК-ийн захирал Ж.Ц...н нь өөрийгөө ...цонхыг гүйцэтгэсэн компанийн захирал гэж танилцуулсан. Тэрээр надад ...үндсэн гүйцэтгэгч компани болох А... ХХК-иас тус барилгын вакум цонхыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөндөө бартераар авсан байр, авто зогсоолын хамт зарна гэж хэлсэн.

 

1.3. Бид наймаа тохирч орон сууц болон автозогсоолыг худалдаж авахаар болсон. Тухайн үед би дараа нь ямар нэг асуудал үүсэх, маргаан гарахаас сэргийлж барилгын үндсэн гүйцэтгэгч компани болох А... ХХК руу хамтдаа орж асуусан. Тэгэхэд А... ХХК-ийн захирал, нягтлан, инженер зэрэг хүмүүс байсан бөгөөд надад ...цонх гүйцэтгэсэн наад компаниасаа байр, гарааш авахад манай компанийн зүгээс асуудал байхгүй, наад компани чинь ажлаа бүрэн дууссан, бид гэрээг нь одоо шууд хийхэд бэлэн гэж хэлсэн.

 

1.4. Нийт 160,000,000 төгрөгийг Б... ХХК-д шилжүүлсэн бөгөөд байр болон авто зогсоолыг худалдан авах гэрээг үндсэн гүйцэтгэгч компани болох А... ХХК-тай хийж баталгаажуулсан. Талуудын байгуулсан гэрээ ёсоор 2021 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох ёстой орон сууц нь 2022 оны 05 дугаар сард байр ашиглалтад орж улсын комисс хүлээж авсан. Гэрээний дагуу А... ХХК-иас байр болон гараашаа авахаар очиход өгөхгүй удаасаар 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байраа хүлээж авсан.

 

1.5. Харин өнөөдрийг хүртэлх хугацаанд авто зогсоолоо хүлээн авахаар хөөцөлдсөн боловч А... ХХК нь ...цонхыг гүйцэтгэсэн компани болох Б... ХХК нь тус байрны цонхны засвар үйлчилгээг ирж хийхгүй байгаа учир танай гараашийг өгөхгүй гэж хэлж намайг маш их хохироож байна.

 

Иймд миний зүгээс шүүхэд дараах шаардлагуудыг гаргаж байна.

 

2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 20\043\А дугаартай гэрээний дагуу А... 2 орон сууцны хотхоны нийтийн авто зогсоолоос 18 м2 талбай бүхий авто зогсоолыг А... ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг Үл хөдлөх эд хөрөнгийн газарт даалгуулна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалт болон гэрээний заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 15,000,000 төгрөгийг хариуцагч А... ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

 

2.1. Маргаан бүхий гарааш нь А... ХХК болон Б... ХХК-ийн байгуулсан цонхны ажил гүйцэтгэлийн гэрээний дагуу гэрээний төлбөрт тооцсон бартерын гарааш юм.

 

2.2. Гэтэл цонхны ажил гүйцэтгэсэн Б... ХХК-ийн ажлын үр дүн нь доголдолтой байгаа бөгөөд уг доголдлыг арилгах үүргээ биелүүлэхгүй. Уг гэрээний төлбөрт тооцсон маргаан бүхий 18 м.кв гаражыг шилжүүлэх боломжгүй.

 

2.3. А... ХХК болон Б... ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний харилцаа бүрэн дуусаагүй буюу гүйцэтгэгч Б... ХХК нь ажлын үр дүнгийн доголдлоо арилгаагүй байгаа тул манай компани гэрээний үнийг төлөхөөс татгалзаж байгаа. Ийнхүү татгалзал нь маргаан бүхий бартерын гараашийг гуравдагч этгээдийн нэр дээр шилжүүлэхгүй байх хэлбэрээр илэрнэ.

 

2.4. Өөрөөр хэлбэл С.Д...гийн өмчлөлд уг гаражыг шилжүүлэх боломжгүй бөгөөд гэрээний үүрэг гүйцэтгэлтэй холбоотой алдангийг төлөх шаардлагыг биелүүлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, .... дүгээр хороо, А... А. 2 хотхоны ... дү..гээр ээлжийн ... дугаар блокын нийтийн авто зогсоолоос 18м2 талбай бүхий стандарт авто зогсоолын өмчлөгчөөр С.Д...г тогтоож, эрх бүхий байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид олгохыг А... ХХК-д даалгаж, хариуцагч А... ХХК-иас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Д...д олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А... ХХК-иас 303,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Д...д олгож, шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/02705 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул давж заалдах гомдол гаргаж байна.

 

4.1. Анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус нэхэмжлэлээс хальсан асуудлыг шийдвэрлэсэн, мөн маргаан бүхий харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

 

4.2. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэх хүртэл буюу 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд тодруулсан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт болон 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан зүйл огт байдаггүй.

 

Гэвч анхан шатны шүүх ямар баримт, тайлбарыг үндэслэн шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгтээ: "...С.Д...ийн нэхэмжлэл болон тайлбарын агуулгыг тодорхойлбол, тэрээр "...хариуцагч эд хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй"-гээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үүнтэй холбоотой бичиг баримтыг гаргуулах, мөн гэрээний хариуцлага буюу алдангийг шаардсан байна..." гэж хөндлөнгийн бус хувийн дүгнэлт хийж шийдвэрлэсэн.

 

4.3. Монгол Улсын шүүхийн байгууллага нь хараат бус хөндлөнгийн байх, маргааныг шийдвэрлэдэг чиг үүрэгтэй. Гэвч анхан шатны шүүх хэргийн оролцогчоос нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг хийгээгүй бөгөөд өөрийн хувийн дүгнэлтээ хийж хэт нэг талыг баримталсан байна.

 

Нөгөөтээгүүр хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хууль зүйн үндэслэлтэй гаргах бөгөөд тухайн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус тохиолдолд шүүхээс тодруулах нь зүй ёсны хэрэг.

 

4.4. Нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч талын нэр дээр гаргахыг Үл хөдлөх эд хөрөнгийн газарт даалгах... шаардлага нь хариуцагч биш этгээдэд чиглэгдсэн бодит байдал дээр хэрэгжих боломжгүй, үүнийг нь шүүх өөрийн санаачилгаар зөвтгөж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана.", 6 дугаар зүйлийн 6.6-д .... Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана...", 26 дугаар зүйлийн 26.4-т ... Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ..." зэрэг хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

4.5. Нэхэмжлэлийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хальж өөр нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэж хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

 

4.6. Талуудын хооронд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 20/043/А дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээг байгуулсан. Гэтэл тус гэрээний 2.1-т Гүйцэтгэгч нь барилга угсралтын ажлыг 2021 оны 2 дугаар улиралд багтаан дуусгавар болгоно гэж заасан бөгөөд тухайн жилийн 2 дугаар улирал нь 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөр дуусгавар болж байгаа. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна гэж заасан. Гэвч уг орон сууц, авто зогсоолын угсралтын ажлыг 2021 оны 2-р улирал буюу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусгахаар тохиролцсон боловч тус хугацаа дууссан өдрөөс хойш 5 хоногийн дараа гэрээ байгуулсан бодит байдал тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч ч гэсэн нэхэмжлэлдээ: "... Тухайн үед байрыг үзэхэд барилгын дотоод засал дуусах шатандаа явж байсан..." гэх тайлбар зэргээс харахад бодит байдал дээр 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дотоод засал дээрээ явж байгаа байр 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор ашиглалтад ороогүй байсан байна. Энэ нь анхнаасаа хугацаандаа ашиглалтад орох боломжгүйг аль аль тал нь мэдэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож байна.

 

4.7. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хуулийн уг заалтыг шүүх хэрэглэх урьдач нөхцөл нь "...гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн..." байх шаардлагатай. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан хугацаанд үүрэг гүйцэтгэх боломжгүй байсныг талууд мэдэж байсан, бодит байдалд биелэгдэх боломжгүй тэгэхээр тухайн заалтыг хэрэглэх урьдач нөхцөл хангагдаагүй.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр заасан. Гэвч бодит байдал дээр уг хугацаанд биелэгдэх боломжгүй үүргийг гүйцэтгээгүй нь манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй нь харагдаж байна.

 

4.8. Мөн хариуцагч анх шүүхэд гаргасан тайлбартаа яагаад өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийг шилжүүлээгүй талаараа бодит байдалд нийцсэн тайлбарыг өгдөг.

 

Учир нь нэхэмжлэгч тал орон сууц болон автомашины зогсоолын үнийг хариуцагч талтай Ажил гүйцэтгэх гэрээний дагуу цонх нийлүүлсэн компанид төлсөн, уг компани нь ажлаа чанартай хийгээгүй гэж үндэслэл бүхий тайлбарладаг.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 223-р зүйлийн 223.2-т зааснаар Үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ,

 

Иргэний хуулийн 224-р зүйлийн 224.2, 224.2.3-т зааснаар анз авах эрхээ алдах үр дагавар үүснэ. Тийм учраас хоёр талын байгуулсан гэрээний болон иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6-д зааснаар алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй болно.

 

4.9. Хариуцагч талаас авто гараажийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх талаар татгалзаагүй, харин тухайн гэрээний үнэд нийцсэн чанартай ажил гүйцэтгэхийг "Б...." ХХК-иас хүссэн.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168-р зүйлийн 168.1.1- д зааснаар шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй нөхцөл байдал бий болж байгаа тул уг хуулийн 167-р зүйлийн 167.1.5- д зааснаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07-р сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/02705 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

 

7.1. Нэхэмжлэгч С.Д... нь А... ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 20/043/А дугаартай орон сууц авто зогсоолын гэрээ байгуулсан.

 

Дээрхи гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д " Гүйцэтгэгч барилга угсралтын ажлыг 2021 оны 02 дугаар улиралд багтаан дуусгавар болгоно" гэж заасны дагуу орон сууц болон авто зогсоолыг 2021 оны 2-р улиралд хүлээлгэж өгөхөөр А... ХХК нь үүрэг хүлээсэн. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нь 2021 оны 3-р улирал гарсан байна, орон сууцны болон авто зогсоолын гэрээг ингэж буруу хийж байгаа нь залилангийн шинж чанартай байна гэх үед... Өө тийм юм байхгүй ээ, та харж байгаа шүү дээ одоо 10-аад хоногийн дараа орлоо, барилгын ажил 1 сараар хойшлох нь хэвийн үзэгдэл шүү дээ санаа зоволтгүй" гэх хариулт өгсөн.

 

7.2. Би аргаа бараад 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр очиж уулзахад нягтлан нь танайхыг оруулахгүй, бүх бартераар авсан айлуудыг чангална, ерөнхий инженер Э...аас оруулж болно гэсэн бичгээ аваад ир тэгвэл оруулна. Одоо наад гэрээгээ аваад зайл, явдаг газраараа явж болно гэж хэлээд хөөгөөд гаргасан.

 

Миний авто зогсоолыг "А... ХХК" нь ямар ч өгөх санаа байхгүй, би энэ хугацаанд байнга авто зогсоол нь ороход хоосон зогсоол огт байхгүй, миний авто зогсоолын дугаарыг огт хэлэхгүй байгаа нь миний авто зогсоолын мөнгө олж байгаа гэсэн хардалт төрж байна. "А... ХХК"-т итгэж гэрээ хийснээр би ажил хийх ямар ч боломжгүй болж, байнга байр, авто зогсоолын араас хөөцөлдөж явсаар ажлаасаа халагдаж, өдөр бүр яармаг руу түгжрээнд явж, 2 жил гаруй хугацаанд машинаа авто зогсоолд хийж чадаагүй улмаас эд материал болон сэтгэл санааны хувьд маш их хохирол амслаа.

 

Би байрандаа алданги нэхээгүй, харин авто зогсоолын хувьд захиралд нь хэлээд, гуйгаад байхад авто зогсоолыг маань өгөхгүй байсан байж шүүхээр явахаар авто зогсоолоо ав алданги өгөхгүй гэж байгаа нь миний цаг хугацаа, сэтгэл санаа, мөнгө санхүү, эд хөрөнгөөр үнэхээр их хохироож байна.

 

Би "А... ХХК"-тай л гэрээ хийсэн бөгөөд "Б... ХХК-тай огт гэрээ хийгээгүй, энэ хоёр компаний хоорондох асуудлын би мэдэхгүй, надад огт хамаагүй.

 

Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн зүгээс Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/02705 дугаар тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.Д... нь хариуцагч А... ХХК-д холбогдуулан Гэрээний дагуу нийтийн авто зогсоолоос 18 м.кв авто зогсоолыг гаргуулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч талын нэр дээр гаргахыг даалгах, гэрээний хугацаа хэтрүүлсний алданги 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний дагуу Б... ХХК-д бартераар өгсөн гараж, Б... ХХК гэрээний доголдолоо арилгаагүй гэж маргажээ. /1-р хх. 1, 21/

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.а. Зохигч 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулж, А... ХХК нь 2021 оны 002 дугаар улиралд багтаан Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, А... аманд байрлах, А... апартмент-2 хотхоны .... дүгээр .... блокын нийтийн зогсоолоос стандарт 18 м.кв авто зогсоолыг С.Д...ийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч С.Д... нь 30,000,000 төгрөгийн үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1-р хх. 6-7/

3.б. Б... ХХК болон А... ХХК-уудын хооронд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Б... ХХК нь Хан-Уул дүүрэг, А. байрлах, А... апартмент-2 хотхоны ...-р блокын ... давхар барилгын Вакум цонх, тагтны хаалт, вакум хаалганы ажлыг хийж гүйцэтгэх, А... ХХК нь гэрээний үнийн дүнгийн 100 хувьд тооцож, 6 байрнаас 350,94 м.кв талбайтай орон сууц шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцжээ. /1-р хх. 49-54/

4. Зохигч дараах асуудлаар маргаж байна. Үүнд:

4.а. Хариуцагч нь Б... ХХК нь гэрээнд заасан ажлын засвар үйлчилгээг хийгээгүй. Доголдолоо арилгаагүй тохиолдолд гаражийг шилжүүлэхгүй, алданги тооцох ёсгүй гэжээ. /1-р хх 21/

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, төлбөр төлөгдсөн талаар зөв дүгнэсэн. Гэрээ хүчин төгөлдөр байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэхдээ гаражийн эзэмшил шилжүүлэх агуулгатай шаардлагыг шийдвэрийн тогтоох хэсэгт буруу бичсэнийг өөрчлөн найруулах, нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 15,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй.

5.а. Нэхэмжлэгч С.Д... нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд А...-2 орон сууцны хотхоны нийтийн авто зогсоолоос 18 м.кв гаражийг А... ХХК-аас гаргуулах гэж нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн.

Гэтэл шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгтээ Хан-Уул дүүрэг, .... дүгээр хороо, А..., А. аппартме..нт-2 хотхоны .... дүгээр ээлжийн ... дугаар блокын нийтийн авто зогсоолоос 18 м2 талбай бүхий стандарт авто зогсоолын өмчлөгчөөр С.Д...г тогтоож гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн дүгнэснийг Хан-Уул дүүрэг, .... дүгээр хороо, А... А... аппартмент-2 хотхоны 1 дүгээр ээлжийн 6 дугаар блокын нийтийн авто зогсоолоос 18 м2 талбай бүхий стандарт авто зогсоолыг С.Д...гийн эзэмшилд шилжүүлэхийг даалгаж гэж, нэхэмжлэлийн шаардлагад нийцүүлнэ.

5.б. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт анзийн гэрээг бичгээр байгуулахаар хуульчилсан бөгөөд талуудын хооронд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд буюу 2021 оны 2 улиралд багтаан ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлөх-өөр тохиролцсон.

Тэгэхдээ талуудын худалдах, худалдах авах гэрээ байгуулсан огноог уг гэрээний алдангийн заалттай харьцуулан дүгнэхэд нэгэнт 2021 оны 2 дугаар улирал дууссан байсан болох нь тодорхой харагдана. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд талуудыг алдангийн талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй юм. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.

Иймд алданги 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Х... дүүрэг, ... дүгээр хороо, А..., А... аппартмент 2 хотхоны ... дүгээр ээлжийн ... дугаар блокын нийтийн авто зогсоолоос 18м2 талбай бүхий стандарт авто зогсоолыг нэхэмжлэгч С.Д...ийн эзэмшилд шилжүүлэхийг даалгаж, эрх бүхий байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид олгохыг А... ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/02705 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, .... дүгээр хороо, А..., А.... 2 хотхоны... дүгээр ээлжийн .... дугаар блокын нийтийн авто зогсоолоос 18м2 талбай бүхий стандарт авто зогсоолыг нэхэмжлэгч С.Д...гийн эзэмшилд шилжүүлэхийг даалгаж, эрх бүхий байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид олгохыг А... ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг... хариуцагч А... ХХК-аас 303,150 төгрөгийг гаргуулан... гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг... хариуцагч А...ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД