Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2023/02741

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2023/02741

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С.Т

 

Хариуцагч: Ц.Ц

 

Нэхэмжлэлийн шаардлага: 28,500,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Ц.Ц-ээс 28,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Ц.Ц нь С.Т-аас 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцон төлөхөөр харилцан тохиролцож 1654 дугаар зээлийн гэрээ байгуулан, гэрээний дагуу 15,000,000 төгрөг зээл авсан. Ц.Ц 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн хүүд 3,000,000 төгрөг төлсөн ба үүнээс өөр ямар нэгэн төлбөр өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд Ц.Ц-тэй байгуулсан 1654 дугаар зээлийн гэрээг цуцалж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 6,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 28,500,000 төгрөг гаргуулж өгнө үү. 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 1 хувийн алданги төлөхөөр тохирсон боловч энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасан хэмжээнээс хэтэрсэн тул төлбөр барагдуулах 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр алдангийг хуульд нийцүүлэн 0.5 хувь болгож бууруулсан болно. Зээл анх өгсөн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааг 12 сараар тооцсон. 1 сарын хүүг 5 хувиар тооцоход 750,000 төгрөг болно. 12 сарын хүү нь 9,000,000 төгрөг болох бөгөөд хариуцагчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр буцаан төлсөн 3,000,000 төгрөгийг хасахад хариуцагчийн төлөх ёстой хүү 6,000,000 төгрөг гэж үзсэн гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Т- нь хариуцагч Ц.Ц-ээр нохой үржүүлгийн үйлчилгээгээр үйлчлүүлдэг. Энэ нохой үржүүлгийн санг дэмжих зорилгоор Ц.Ц-д 15,000,000 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүүгүйгээр зээлдүүлсэн. Нэхэмжлэгч тал хүүд 6,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагчтай 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнийхээ талаар нэхэмжилж байна. Энэ гэрээг нэхэмжлэгч талын шахалтаар байгуулсан ба нөхөж хийсэн гэрээ юм. 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1654 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус хэлцэл. Анхнаасаа хүү тооцоогүй, дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж байгаа. Байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус учраас ямар нэг хүү төлөхгүй. Мөн нэхэмжлэгч алдангийг 1 хувиар тооцож, талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөрчсөн, 1 хувийн алдангийг хуулиар зөвшөөрөөгүй. Хариуцагч нь анх зээлж авсан 15,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг буцаан төлсөн учир үлдэгдэл 12,000,000 төгрөгийг л төлнө, өөр төлбөр төлөхгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: С.Т-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 4/, итгэмжлэл /хх 5-6/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 7/, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №1654 тоот зээлийн гэрээний хуулбар /хх 8-9/, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ /хх 10/, 2023 оны 3 дугаар сарыны 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ /хх 11/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 12-13/.

 

4. Хариуцагч бичгээр тайлбар өгөөгүй ба дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 33/.

 

5. Хариуцагчийн хүсэлтээр дараах баримтыг шүүхийн зүгээс бүрдүүлсэн. Үүнд: С.Т-ын Хаан банкны 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх дансны хуулга /хх 42-46/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

Хэрэгт дараах гэрээнүүд авагджээ. Үүнд:

 

1. 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ: Уг гэрээнд ...Ц овогтой Ц миний бие /УЗ89012929/ Сүхээ овогтой Т--с 2022.04.05-ны өдөр 15,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 0000000000 тоот дансанд 2 сарын хугацаатай хуваан төлөхөөр Propet shop-н эргэлтэнд зориулж зээл авлаа. Зээлийн барьцаанд дэлгүүрийн өдөр бүрийн орлого болон бараа материалыг тавьсан бөгөөд хэрвээ хугацаандаа эргүүлэн төлөөгүй тохиолдолд өдрийн 1 хувийн алданги төлөхөөс гадна Propet house төвийн орлогоос хураалгахаар тохиролцлоо. Зээл өгсөн: С.Т-, Зээл авсан: Ц.Ц гэж тусгагджээ.

 

Улмаар 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр С.Т- нь Ц.Цд 15,000,000 төгрөгийг P*-n T-d zeel 2 saraar гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна.

 

2. 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэг талаас зээлдүүлэгч С.Т- болон нөгөө талаас зээлдэгч Ц.Ц нар 1654 тоот зээлийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

1/ Зээлийн хэмжээ: 15,000,000 төгрөг;

2/ Зээлийн гэрээний хугацаа: 2022-04-05-ны өдрөөс 2023-04-30 өдрийг хүртэл нэг жил;

3/ Зээлийн хүү: 5 хувь.

 

3. 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ: Уг гэрээнд ...Миний бие 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр манай компанийн үйлчлүүлэгч иргэн С.Т--с 15,000,000 сар бүрийн 5% хүүтэй зээлэхээр хоёр талаас харилцан тохиролцож бичгээр гэрээ үйлдэн талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр С.Т-ын Хаан банкны 0000000000000 тоот данснаас өөрийн нэр дээрх Ц.Ц Хаан банкны 0000000000 тоот данс руу 15,000,000 авсан нь үнэн болно. Зээлийн үндсэн төлөгдөх хугацааг хоёр талаас харилцан тохиролцсоны үндсэн дээр шинэчилж 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дуусах нөхцөлтэй, 1 жилийн хугацаатай сунгаж байна. Энэхүү заасан хугацаанд төлбөрөө барагдуулж чадна гэдгээ энэ гэрээнд тусгаж байна. Заасан хугацаанд үндсэн төлбөр болон сар бүрийн 5% хүүг барагдуулж дуусгаагүй тохиолдолд, гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн, хоног бүрийн 0.5% алданги тооцуулан Р өдөр өнжүүлэх төвийн орлогоос төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэж тусгагджээ.

 

Хоёр.

 

2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ хийгдсэнээр нэхэмжлэгч С.Т- болон хариуцагч Ц.Ц нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр С.Т- болон Ц.Ц нар 1654 тоот зээлийн гэрээ байгуулснаар 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг талууд дуусгавар болгож, гэрээний дагуу хүлээх үүргийг өөрчилжээ.

 

Харин 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулснаар 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1654 тоот зээлийн гэрээ дууссан гэж үзнэ.

 

Гурав.

 

1. 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч С.Т- нь хариуцагч Ц.Цд холбогдуулж 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1654 тоот зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 6,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 28,500,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

2. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...үндсэн зээл 15,000,000 төгрөг болно. Хүү: Зээл анх өгсөн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааг 12 сараар тооцсон. 1 сарын хүүг 5 хувиар тооцоход 750,000 төгрөг болно. 12 сарын хүү нь 9,000,000 төгрөг болох бөгөөд хариуцагчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр буцаан төлсөн 3,000,000 төгрөгийг хасахад хариуцагчийн төлөх ёстой хүү 6,000,000 төгрөг болно. Алданги: Алдангийг 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний дагуу шаардаж байгаа. Ийнхүү тооцоолол гаргахад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн учир бид гэрээгээр тохирсон 1 хувийн алдангийг 0.5 хувь болгож бууруулсан. Хариуцагчийн төлөх ёстой алданги нь гүйцэтгээгүй үүргийн тал хувь буюу 7,500,000 төгрөг болно гэжээ.

 

3. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн татгалзлаа ...15,000,000 төгрөгийг анхнаасаа хүүгүй зээлж авсан, ийм учир нөхөж хийсэн гэрээний дагуу ямар нэг хүү төлөх учиргүй, ...2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1654 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус хэлцэл, ...алдангийг 1 хувиар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөрчсөн, ...анх зээлж авсан 15,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг буцаан төлсөн учир үлдэгдэл 12,000,000 төгрөгийг л төлнө гэсэн агуулгуудаар тайлбарлаж байна.

 

4. Дээр дурдсанчлан талууд гэрээний гол зүйл болох 15,000,000 төгрөгийн хувьд 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулснаар өмнөх гэрээний тохиролцоонууд өөрчлөгдсөн буюу дууссан бөгөөд нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1654 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүүг, харин 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний алдангийг шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй.

 

Дөрөв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлүүдээр хангаж шийдвэрлэв.

 

1. Үндсэн зээл:

 

Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр буюу нэг тал нь мөнгө зээлэх эсхүл мөнгө зээлдүүлэх санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагддаг хоёр талт гэрээ бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан.

 

Харин гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн эсэх буюу гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн эсэх тал дээр маргаан гарсан тохиолдолд мөнгө, эд хөрөнгийг шилжүүлсэн байх нь гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэл болохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгээр зохицуулжээ.

 

Дээр дурдсанчлан хариуцагчийн зүгээс зээлийн гэрээнүүдийг бичгээр байгуулсан, гэрээний дагуу мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй. Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог. Хариуцагч гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл 15,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

2. Зээлийн хүү:

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн байна.

 

2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч Ц.Ц нь 15,000,000 төгрөгийг хүлээн авсан. Харин уг гэрээгээр талууд хүү тохиролцоогүй. Харин 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээгээр талууд 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээний дагуу олгогдсон 15,000,000 төгрөгийн хүү 5 хувь байхаар буюу гэрээний хүүг нөхөж тохирсон.

 

Иймд нэхэмжлэгчийн ...анх зээл өгсөн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааг 12 сараар тооцсон. 1 сарын хүүг 5 хувиар тооцоход 750,000 төгрөг, 12 сарын хүү нь 9,000,000 төгрөг болох бөгөөд хариуцагчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр буцаан төлсөн 3,000,000 төгрөгийг хасахад хариуцагчийн төлөх ёстой хүү 6,000,000 төгрөг болно гэх тайлбар үндэслэлгүй.

 

Харин 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч нь нийт 5 сар /2022 оны 11 дүгээр сарын 22 2023 оны 3 дугаар сар/-ын хүү болох 3,750,000 төгрөгийг төлөхөөр байна. Үүнээс хариуцагчийн төлсөн 3,000,000 төгрөгийг хасахад 750,000 төгрөг болно. Уг мөнгийг хариуцагчаас үндсэн зээл 15,000,000 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүх үзэв.

 

Байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд нэрлэн багтаажээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж, 56.1.2-т аливаа гэрээний талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, байгуулсан хэлцлээрээ ямарваа нэг үр дагавар гаргахыг хүсээгүй дүр үзүүлж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхыг заасан.

 

Дээр дурдсанчлан зээлийн гэрээнд талууд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэн гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан шаардлага хангасан хуулийн хүчин төгөлдөр хэлцэл байхаас гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсгүүдэд заасан нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн ...талуудын байгуулсан гэрээнүүд байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус, ...иймд гэрээний дагуу ямар нэг хүү шаардах боломжгүй гэх татгалзал үндэслэл муутай гэж үзэв.

3. Алданги:

 

Хариуцагчаас гэрээний хариуцлага буюу алданги гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3-т зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нөгөө талдаа мөнгөн төлбөр буюу анз төлөх ба анзын тухай гэрээг бичгээр байгуулах ёстой.

 

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч ...алдангийг 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний дагуу шаардаж байгаа. Ийнхүү тооцоолол гаргахад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн учир бид гэрээгээр тохирсон 1 хувийн алдангийг 0.5 хувь болгож бууруулсан. Хариуцагчийн төлөх ёстой алданги нь гүйцэтгээгүй үүргийн тал хувь буюу 7,500,000 төгрөг болно гэж тайлбарласан.

 

2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ний хугацаа 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дуусах байсан бөгөөд нэхэмжлэгч 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд хандахдаа өөрийн шаардлагын үндэслэлдээ ...гэрээг цуцлах гэж дурдсан. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж гэрээ дуусгавар болж буй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алданги шаардах эрх Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар салгаж үл болох эрх буюу нэмэгдэл үүргийн хувьд дуусгавар болно. Иймд алданги гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 236,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ц.Цээс 15,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 236,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ