Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01745

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01745

 

 

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2023/02741 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 28,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б- нь А-аас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцон төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан, гэрээний дагуу 15,000,000 төгрөг авсан. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн хүүд 3,000,000 төгрөг төлсөн ба үүнээс өөр төлбөр өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Талууд 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 1 хувийн алданги төлөхөөр тохирсон боловч энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасан хэмжээнээс хэтэрсэн тул төлбөр барагдуулах 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр алдангийг хуульд нийцүүлэн 0.5 хувь болгож бууруулсан болно.

Иймд Б-тэй байгуулсан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 9,000,000 төгрөгөөс төлсөн 3,000,000 төгрөгийг хасч тооцон 6,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 28,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч А- нь нохой үржүүлгийн санг дэмжих зорилгоор Б-д 15,000,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүүгүйгээр зээлдүүлсэн.

Харин талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг нэхэмжлэгч талын шахалтаар нөхөж хийсэн. 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1654 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус юм. Анхнаасаа хүү тооцоогүй, дүр үзүүлсэн хэлцэл хийсэн. Байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус учраас зээлийн хүү төлөх үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч алдангийг 1 хувиар тооцож, талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөрчсөн. Хариуцагч нь анх зээлж авсан 15,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг буцаан төлсөн учир үлдэгдэл 12,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б-ээс 15,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 236,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү болох 9,000,000 төгрөгөөс 3,750,000 төгрөгийн хүү шаардах эрхтэй, 5,250,000 төгрөгийн хүү шаардах эрхгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн байна.

Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан нь зээлийн хүүг тохиролцсон гэрээг бичгээр байгуулсан өдрөөс эхлэн зээлийн хүүг тооцно гэсэн агуулга огтхон ч байхгүй, харин зээлийн хүүг хэзээнээс төлөх талаар тохиролцсон гэрээг бичгээр байгуулсан тохиолдолд гэрээгээр тохиролцсон хугацаанаас зээлийн хүүг тооцож тогтоох боломжтой гэж ойлгогдож байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 15,000,000 төгрөгийн зээлийн хүүг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс тооцож төлөх талаар талууд харилцан тохиролцож нөхөж хийсэн гэрээ хэдий ч энэ нь хариуцагч Б- зээлийн хүүг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс төлөхийг өөрөө хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл юм. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд бүрэн нийцэж байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 21,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-т олгох өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Талуудын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд хүү тохиролцоогүй. Харин 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хүү тохиролцсон ба хүүг нөхөж авах эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 12,000,000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр А- нь 15,000,000 төгрөгийг Б-д зээлдүүлсэн, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохигч нь зээлийн гэрээнд сарын 5 хувийн хүү тооцохоор тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байна.  

 

3.1. Зээлдэгч Б- нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөгийг зээлдүүлэгчид буцаан төлсөнөөс өөр төлөлт хийгээгүй байх ба гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх хуваарийг зөрчсөн.

Иймд нэхэмжлэгч гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд хариуцагчаас зээлийн мөнгөн хөрөнгийг хугацаанаас өмнө буцаан гаргуулах, уг хугацаа хүртэл үүссэн хүү төлөхийг шаардах эрхтэй.

 

3.2. Анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 15,000,000 төгрөг болон 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс гэрээг цуцалсан 2023 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны хүү 3,750,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 3,000,000 төгрөгийг хасч тооцон 750,000 төгрөгийн хүүг нэхэмжлэгчид олгож, үүнээс өмнөх хугацааны хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт нийцжээ.

 

3.3. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан тул нэхэмжлэгч талын гаргасан гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнөх хугацаанд хүү тооцохоор талууд харилцан тохиролцсон гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Учир нь хуулийн дээрх зохицуулалт нь зээлийн хүү тооцохоор тохиролцсон гэрээг бичгээр байгуулсан үеэс эхлэн хүүг тооцох агуулгатай зохицуулалт бөгөөд хүүг нөхөж тооцох хэм хэмжээ тусгагдаагүй.

 

3.4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу үүнд дүгнэлт өгөхгүй.

 

4. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2023/02741 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                           ШҮҮГЧИД                                       Д.НЯМБАЗАР

 

                                                                                                 Т.БАДРАХ