Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Зүмбэрэл |
Хэргийн индекс | 101/2023/00747/И |
Дугаар | 102/ШШ2023/02905 |
Огноо | 2023-08-17 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2023/02905
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, шүүгч Б.Азбаяр, шүүгч Ч.Баярсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.А
Хариуцагч: Н.Б
Гэм хорын хохиролд 10,020,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Э, иргэдийн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Г.Алтаннаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Н.Б нь 2022 оны 4 дүгээр дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагийн орчимд Баянгол дүүргийн ....... авто машиныг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодон МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,, 10.14 Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Toyota Harrier маркийн ... УБС улсын дугаартай автомашины урд зогсож байсан явган зорчигч А.А-г Toyota Harrier маркийн .... УБС улсын дугаартай автомашинтай хавсарган мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан. Тухайн ослын улмаас А.А-н биед тойгны дотор холбоосны урагдал, өвдөгний эргэн тойрон булчингийн урагдал, зүүн өвдөг, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учирсан. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Н.Б-г Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. А.А нь өөрийн эзэмшлийн .... УАО улсын бүртгэлийн дугаартай Hyundai Mighty-2 маркийн авто тээврийн хэрэгслээр дуудлагын автомашин ачилтын үйлчилгээ хувиараа эрхэлдэг юм. Гэтэл Н.Б-н гаргасан ослоос болж учруулсан гэмтлийн улмаас 2 сарын хугацаанд авто тээврийн хэрэгсэл жолоодож ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Ингэснээр тухайн хугацаанд олох байсан орлогоо алдсан байна. Мөн А.А нь цаашид хөлийн шөрмөсний нарийн мэс засалд орох шаардлагатай. Тиймээс Н.Б-с 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл олох байсан орлого болох 10,000,000 төгрөг, нотариатын зардал 20,300 төгрөгийг тус тус гаргуулж А.А-д олгуулах хүсэлтэй байна. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие 2022 оны 4 дүгээр сард авто осол гаргаж энэ асуудлаасаа болж цагдан хоригдож байгаад ирсэн. Анх тухайн хэргийг цагдан шалгаж байгаа мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд миний бие А.А-д учруулсан хохирлоо нөхөн төлж, эрүүл мэндийн зардлыг нөхөн тооцож, барагдуулж байсан. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болсон ба тухайн өдрийг хүртэлх хугацаанд гарсан хохирлыг би бүрэн төлж барагдуулсан байсан боловч намайг шүүхээс нэг жил цагдан хорих тухай шийдвэр гаргасан. Энэ шүүх хуралдаанд А.А нь эрүүгийн шүүхэд гаргаж өгч байсан баримтыг одоо энэ шүүхэд гаргаж өгсөн байна. Эрүүгийн шүүх хуралдаан болоход тус шүүхэд хохирогч А.А нь 10,000,000 төгрөг нэхэмжилж байсан боловч Эрүүгийн шүүх тухайн асуудлыг хэрэгсэхгүй болгосон. Миний бие А.А-д учруулсан эрүүл мэндийн хохирлыг бүрэн төлсөн гэж үзэж байна. Би Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын гудамд амьдардаг. Одоо тодорхой эрхэлсэн ажил байхгүй, ямар ч мөнгө төгрөг олох боломжгүй байна. Хуучин ажилдаа орох гэтэл ял шийтгэл эдэлсэн гээд ажилд авахгүй байна. Иймд А.А-н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
3. Нэхэмжлэгчээс ... улсын дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 4/, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч Л.Т-н дүгнэлт /хх 5/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 529 дугаар шийтгэх тогтоол /хх 6-14/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 804 дүгээр магадлал /хх 15-20/, А.А-н хаан банкны дансны хуулга /хх 21-37/ шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн хаан банкны 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх дансны хуулгыг /хх 78-82/ гаргуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь эрүүл мэнддээ гэм хор учирснаас олох ёстой байсан орлого 10,000,000 төгрөг, нотариатад баримт гэрчлэхэд 20,300 төгрөг, нийт 10,020,300 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хохирол үндэслэлгүй гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Н.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас А.А-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн... дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ... дүгээр магадлалаар тогтоогджээ.
Нэхэмжлэгчийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд орлого олоогүй гэсэн тайлбар түүний хаан банкны 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх дансны хуулгаар үгүйсгэгджээ.
7. Иргэний хуульд зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцож болохыг хуульчилсан байх ба зөрчлөөс үүдэн хохирол бий болох явдлыг гэм хор учруулсан гэж үзнэ. Энэхүү хуульд заасан нөхцөл бүрдсэнээр үүсэх үүргийг шаардахад хууль бус үйлдлийн улмаас бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд хохирол учирсан байхыг шаардана.
Хариуцагч Н.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч А.А-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, эрүүл мэндэд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй зааснаар зохигчийн хооронд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүсжээ.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаардана.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.А-г гэмтэл учирсны улмаас 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд орлого олоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хаан банкны 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх дансны хуулганаас харахад А.А нь машин ачилтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байжээ.
Нэхэмжлэгч гэм хорыг нөхөн арилгах үүргийг нөхцөлдүүлж байгаа тэр үйл явдал болоогүй бол уг ашиг орлого өөрт нь шилжин очих байсныг болон тогтмол ажиллаж байсан боловч гэм хор учирсны улмаас ажиллах боломжгүй болсныг баримтаар нотолж чадсангүй.
Түүнчлэн нотариатын зардалд 20,300 төгрөг гаргуулахаар шаардсан боловч гэм хор учруулсан үйлдэлтэй шалтгаант холбоотойг нэхэмжлэгч нотлоогүй байна.
9. Иймд хариуцагч Н.Б-с гэм хорын хохиролд 10,020,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
10. Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн .. дугаар тушаалын хавсралтаар батлагдсан иргэдийн төлөөлөгч Б.Д хариуцагч тал хохирлыг тухайн үед нь барагдуулсан гэж ойлгосон ба хохирлыг хариуцахгүй гэж үзэж байна гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Б-д холбогдох, А.А-н нэхэмжилсэн 10,020,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ
ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН