Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2023/03507

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2023/03507

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: О ХХК

 

Хариуцагч: Б.Т

 

Хариуцагч: Э ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 127,796,486 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах;

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: шимтгэлд суутгасан 2,000,000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.Т

Хариуцагчийн өмгөөлөгч М.Ж

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Зээлдэгч Б.Т нь Б ХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр №3Г/105 тоот Зээлийн гэрээ, №БГ/310-ЗГ/105 тоот Барьцааны гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр №БД/378-ЗГ/672 тоот Батлан даалтын гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр №ЗГ-НГ105А тоот Зээлийн нэмэлт гэрээ-нүүдийг байгуулж, 200,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс 0 тоот, 79.9 м2 талбайтай, 4 өрөө орон сууц, 0 тоот, 68 м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Мөн хариуцагч Э ХХК, Б.Т-ын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд баталгаа гарган 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Батлан даалтын гэрээ байгуулсан. Талуудын байгуулсан гэрээ 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон ба 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Б ХК нь хариуцагч Б.Т, Э ХХК-иудад холбогдуулж дараах шаардлагыг гаргасан. Үүнд:

1/ Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 119,523,030 төгрөг, хүү 6,948,998 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,295,957 төгрөг, нотариатын зардал 28,500 төгрөг нийт 127,796,486 төгрөгийг хариуцагч Б.Т, Э ХХК-иас гаргуулах;

2/ Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б ХК нь О ХХК-тай Чанаргүй зээлийн багц худалдах-худалдан авах гэрээ-г байгуулсан ба уг гэрээгээр О ХХК нь хариуцагч Э ХХК, Б.Т нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийг худалдан авсан. Ингэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О ХХК нь нэхэмжлэгчээр орж ирсэн. Нэхэмжлэгч О ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Б ХК-ийн гаргасан мөнгөн дүнгийн хэмжээг огт өөрчлөөгүй, анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нь бүхэлд нь дэмжин оролцож байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Үүнд:

1/ Миний бие 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Б ХК-тай №ЗГ/105 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 200,000,000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Ингээд зээлийг олгосноос хойш төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу төлж байгаад 2019 онд короновируст халдвар дэлхий нийтэд анх гарч БНХАУ-аас зорчих болон ачаа тээврийг хязгаарлаж хилийн боомтуудын үйл ажиллагааг хааснаас болж эргэн төлөлт тасалдсан. 2020 оны 9 дүгээр сар болон 10 дугаар сард тус банкны зээлийн мэргэжилтэн болон гэрээг анх байгуулсан салбарын захиралтай уулзаж зээлийн эргэн төлөлтийн графикт өөрчлөлт оруулж, үүргийг хойшлуулах боломжийг асуусан. Ингээд зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах боломжгүй гэж хариу өгсөн учир хүсэлтээ өөрийн гарааг бичиж өгч хүлээлгэн өгсөн. Ингээд 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 83,849,500 төгрөгийг зээлийн үлдэгдлээ төлсөн бөгөөд тухайн үед банкнаас үлдэгдэл зээлийн талаар мэдээлэл гаргаж өгөхийг хүссэн. Банк хүсэлтийн дагуу 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 21/380 тоот албан бичгийг хийж өгсөн байдаг. Уг бичигт миний зээлийн үлдэгдэл 79,274,199.11 төгрөг, зээлийн хүү 2,339,753.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179,438.67 төгрөг, нийт 81,793,390.87 төгрөгийн нийт өр төлбөртэй талаар сануулсан албан бичгийг надад хүргүүлсэн. Дээрх албан бичгийн дагуу тооцоолол хийж, зээлийн гэрээний хугацаа дуусах үе буюу 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдлийг тооцож нийт 87,184,036.87 төгрөг болж байна. Гэтэл ямар тооцооллоор банк нэхэмжлэхдээ илт үндсэлэлгүй байдлаар өндөр үнийн дүн гаргаж надаас нэхэмжилж байгаа нь огт тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд нийт 174,272,097 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн боловч өнөөдөр 127,796,486 төгрөгийн зээлийн үлдэгдэл үүсч байгааг огт ойлгохгүй тул дээрх нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түүнчлэн энэ зээлийн хугацаа нь коронавируст халдварын үеийн хүнд нөхцөл бүхий зээл боловч яагаад бусдад зээлийн хөнгөлөлт, хугацаа хойшлуулах шийдвэр гаргасан атлаа надад ийнхүү ялгавартай хандаж зээлийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж байгааг ойлгохгүй байна. Иймд үндэслэлгүй нэхэмжилж буй 40,612,449.13 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2/ Зээлийн шимтгэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ-ний дагуу зээл олгохдоо зээлийн дүнгээс 1 хувийг суутган авч зээлийг олгосон бөгөөд зээлийн шимтгэлийн талаарх ойлголт Иргэний хуулийн 281-286 дугаар зүйлд огт байдаггүй. Тодруулбал Иргэний хууль, зээлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуулиар зээлийн хүү гэдэг нь мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнэ байдаг. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүд шимтгэл багтдаггүй. Мөн төлүүлж буй шимтгэлийн хэмжээ үндэслэлтэй, бодит зардалд нийцсэн байх ёстой бөгөөд талууд зээлийн гэрээнд шимтгэлийн хэмжээг 1 хувь гэж тохирсон боловч яагаад 1 хувь эсвэл түүнээс доош байх эсэх талаар баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй. Энэ хэрэгт банк нь зээлийн бүтээгдэхүүний онцлогоос хамаараад нарийвчилсан ямар шалгуураар шимтгэл тогтоосон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учраас шимтгэлийг буцаан гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй. Тодруулбал зээл олгох эсэхийг банк судлахдаа зээлийн үнийн дүнгийн 1 хувьд ногдох зардал банкнаас гарсан болох нь холбогдох баримтаар нотлох ёстой боловч энэ баримт хэрэгт байхгүй байна. Мөн банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6.6-д Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд үүнд Монголбанк , Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина. гэж заасны дагуу шимтгэлийн хэмжээг үндэслэлтэй тогтоосон байх үүргийг банк хүлээдэг. Иймд дээрх гэрээний дагуу шимтгэл хэлбэрээр суутган тооцсон зээлийн үнийн дүнгийн 1 хувийн буюу 2,000,000 төгрөгийн үүргийг хүлээн зөвшөөрөхгүй.

3/ Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжилж байгаа төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа зээлийн гэрээний хугацаа 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон хэдий ч хариуцагч нар нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 119,523,030.00 төгрөг, үндсэн хүү 6,948,998.00, нэмэгдүүлсэн хүү 1,295,957.00 төгрөг нэхэмжилсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нь яагаад 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон гэрээний үүргийг 8 дугаар сарын 02-ны өдрөөр шаардаж үндэслэлгүйгээр зээлийн хүүг нэмэгдүүлсэн байна. Мөн хариуцагчийн хувьд гэрээний хугацаа дуусах үед буюу 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 15,615,500 төгрөгийг төлөх үедээ зээлийн хугацааг цаашид сунгах хүсэл сонирхолгүй байгаагаа илэрхийлж, зээлийг буцаан шаардсанаар барьцаа хөрөнгөөр зээлийг гаргуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч банкны зүгээс тодорхой хариу өгөлгүй зээлийн хугацааг өөрсдийн дураар явуулж зээлийн төлбөрийг нэмэгдүүлэн нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4/ Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно. гэдэг хуулийн нөхцөл байна. Уг зохицуулалтын дагуу Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг дээрх банкны хувьд өр төлбөрийг худалдаж авч байгаа үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг заавал шалгах ёстой, шалгаагүй байна гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс эрх шилжүүлж авсан этгээд нь өөрөө банкны зээлийн үйл ажиллагааг шаардах эрхтэй этгээд мөн үү үгүй юу гэдэг талаар нотлох баримт, хүсэлт гаргаж өгөөгүй, тодорхой бус хэвээрээ байгаа. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх асуудал нь өөрөө тусдаа хууль, зохицуулалттай. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээнээс шал ондоо асуудал. Тэгэхээр нэхэмжлэгч нь зээлийг худалдан авах замаар шилжүүлж авсан хэрнээ тухайн Банкны тухай хуулиар зөвшөөрөгдөөгүй, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд нь зээлийг шилжүүлж аваад, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардаад байгаа нь үндэслэлгүй. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бас байгааг шүүхээс анхаарах ёстой гэжээ.

 

3. Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Т нь Б ХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Зээлийн гэрээ-г байгуулж 200,000,000 төгрөгийн зээл авахад зээлийн дүнгээс 1%-ийг суутган авч зээлийг олгосон. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 281-286 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний зохицуулалтад хамаарах бөгөөд уг хуулиар зээлийн шимтгэлийг авах тухай зохицуулаагүй байхад банк 1%-ийн шимтгэлийг нэхэмжлэгчээс гаргуулсан байна. Дээр дурдсанчлан Иргэний хуульд зээлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан ба зээлийн хүү гэдэг нь мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнэ байдаг. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүд шимтгэл багтдаггүй. Энэ хэрэгт банк нь зээлийн бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалж ямар үндэслэлээр шимтгэл тогтоосон тодорхойгүй. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5.1.1-д зээл гэж банк, эрх бүхий хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр тодорхой зориулалт, хугацаа, эргэн төлөгдөх нөхцөлөөр хүүтэй буюу хүүгүй бусад этгээдэд аливаа хэлбэрээр олгосон мөнгөн хөрөнгийг ойлгохоор зохицуулсан ба зээлийн үйл ажиллагааны тухай ойлголтод шимтгэл төлөх үүргийг зээлдэгчид ногдуулаагүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6.6-д Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд үүнд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина. гэж заасны дагуу шимтгэлийн хэмжээг үндэслэлтэй тогтоосон байх үүргийг банк хүлээдэг. Нөгөө талаар банкны үндсэн үйл ажиллагааг зээл олгох үйл ажиллагаа ба энэ хүрээндээ банк хүү нөхөн төлүүлж ашиг хуримтлуулдаг ба зээлийн шимтгэлийг зөвхөн - зээл судалсантай холбоотой гаргуулах нь илт хууль зөрчсөн үйлдэл юм. Түүнчлэн Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд зээлийн шимтгэл хураан авах тухай ойлголт зохицуулагдаагүй. Иймд дээрх гэрээний дагуу шимтгэл хэлбэрээр суутган тооцсон зээлийн үнийн дүнгийн 1%-ийн авах тухай зохицуулсан 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний 3.4 дэх заалт нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй. Хариуцагч банк нь зээл олгосны шимтгэлийг суутгах эрхийг өөртөө олгож, зээлдэгчид илт хохиролтой, хууль зөрчсөн нөхцөлийг гэрээнд тусгаж, дээрх зээлийн дүнгээс суутгаж авсан. Зээлийн гэрээний 3.4-т зээлдэгч нь зээлийн хүсэлтийг судлуулсны төлөө гэрээнд заасан зээлийн нийт дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг зээлдүүлэгчид төлнө гэж заасан бөгөөд үүний дагуу зээлийн үнийн дүнгийн 1 хувь болох 2,000,000 төгрөгийг нь шимтгэл нэрээр буцаан суутгах хасч зээл олголтыг дутуу олгосон байна. Иймд дээрх гэрээний заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул эдгээр заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу хариуцагч талаас 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр зөвшөөрөхгүй.

1/ Анх зээлийн олгосон үеийн шимтгэлийн талаар хариуцагч ярьж байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой. Өөрөөр хэлбэл шимтгэлийг буцаан нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

2/ О ХХК нь хариуцагч нараас гэрээний үүрэг нэхэмжилж байгааг анхаарах ёстой. Анх 2019 онд Б ХК-д төлсөн шимтгэл, чанаргүй зээлийн багцыг худалдаж авсан асуудал дээр ямар нэгэн шимтгэлийн давхар юм явагдаагүй учир энэ сөрөг нэхэмжлэл нь О ХХК-д хамааралгүй гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Банкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/203 тоот тушаалаар шимтгэлтэй холбоотой журам батлагдсан. Ингээд уг журмын 1.18, 2.4, 4.1, 4.2 дахь хэсгүүдэд зааснаар бол харилцагчаас үйлчилгээний зардлын шимтгэлийн 1 хувийг авдаг. Энийг банк тогтоох эрхийг олгосон байдаг. Мөн талуудын хороонд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т энэ зээлийг судалсантай холбоотойгоор 1 хувийн шимтгэлийг авахаар тусгаад талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл уг журам нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу талуудын өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулсан. Мөн уг харилцааг Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зохицуулсан байдаг. Тэгэхээр банк үүнийг дур мэдээд авдаггүй, хуулиар зохицуулагдсан байгаа. Банк анх 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээл хүүгийн тооцооллыг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгож гаргасан. Уг тооцоолол бол зээлийн гэрээ байгуулагдсан өдрөөс хойш үндсэн зээлд хэдэн төгрөг төлөгдсөн эсэхийг тооцоолсон. Уг тооцооллын хамт зээлийн дансны хуулгыг гаргаж өгсөн. Энэ хоёр нотлох баримтыг харьцуулаад харах юм бол зээлдэгч талаас төлөгдсөн мөнгөн төлбөр бүрэн тусгагдсан бөгөөд уг төлбөрөөс хэд нь үндсэн төлбөрт төлөгдсөн, хэд нь хүүд төлөгдсөн, хэд нь нэмэгдүүлсэн хүүд төлөгдсөн гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа. Хариуцагч талаас зээл хүүгийн тооцоолол алдаатай гээд байгаа боловч энэ талаарх баримтаа хэрэгт хавсаргаж өгөөгүй. Харин нэхэмжлэгч талаас зээлдэгчийн өөрийнх дансны хуулгыг зээл хүүгийн тооцооллын хамт гаргаж өсөн байгаа. Ингэснээрээ энэ зээл хүүгийн үлдэгдлийн тооцоо нь өөрөө үнэн зөв юм аа гэж нотлогдож байгаа юм аа. Манай 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр талууд Монгол банкнаас зээл авах зөвшөөрөл авсан. Иргэний хуулийн 123 дугаар зүйл, 119 дүгээр зүйл зааснаар шаардах эрх шилжүүлсэн нь хуульд нийцсэн. Тиймээс банкны хувьд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин оролцож байна гэжээ.

 

6. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг хэрэгт өгсөн. Үүнд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх3-4/, итгэмжлэл /хх5/, Б ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх6/, зээлийн тооцоолол /хх7/, төлбөрийн баримт /хх8/, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ/105 дугаартай Зээлийн гэрээ /хх9-13/, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ-НГ105А дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх14-15/, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн БГ/310-ЗГ/105 дугаартай Барьцааны гэрээ /хх16-19/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх20/, Барьцаалбар /хх21/, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн БГ/310-ЗГ/105 дугаартай Барьцааны гэрээ /хх22-25/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх26/, Барьцаалбар/хх27/, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн БД/124-ЗГ/105 дугаартай Батлан даалтын гэрээ /хх28-29/, Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх30/, Э ХХК-ийн дүрэм /хх31-32/, Зээлийн өргөдөл /хх33/, мемориалын баримт /хх34/, зээлийн дансны хуулга/хх35/, Б ХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 20/22 дугаартай Мэдэгдэл /хх36/, зээлийн дансны хуулга /хх77-79/.

Хүсэлт /хх121/, итгэмжлэл /хх126/, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/05-1 дугаартай Чанаргүй зээлийн багц худалдах, худалдан авах гэрээ /хх127-129/, Чанаргүй зээлийн багцын мэдээлэл/хх130-131/, О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх132/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх207-209/.

 

7. Хариуцагчаас дараах баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Үүнд: Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх38/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх39/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2022/2563 дугаартай шийдвэр /хх85-89/, Б ХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 21/380 дугаартай Мэдэгдэл /хх94/, хүсэлт /хх103/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх107/.

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх203/, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А-148 тоот Б ХК-д нэмэлт зөвшөөрөл олгох тухай Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаал /хх205/.

 

9. Шүүхийн журмаар дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд:Монгол банкны 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б-10/598 тоот албан бичиг.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

1. 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Б ХК болон Б.Т нар №ЗГ/105 тоот зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Б ХК нь Б.Т-т 200,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаатай зээлдүүлжээ.

 

2. Дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2019 оны 4 дүгээр сарын 24ий өдөр №БГ/310-ЗГ/105 тоот барьцааны гэрээ байгуулж дараах хөрөнгүүдийг барьцаалжээ. Үүнд:

1/ 0 тоот хаягт байршилтай, 79.9 м2 талбайтай, 4 өрөө орон сууц;

2/ 0 тоот хаягт байршилтай, 79.9 м2 талбайтай, 4 өрөө орон сууц;

3/ 0 тоот хаягт байршилтай, 68 м2 талбайтай, 3 өрөө орон сууц.

 

3. Б ХК нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Э ХХК-тай №БД/124-ЗГ/105 тоот батлан даалтын гэрээг байгуулжээ. Гэрээгээр Э ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №ЗГ/105 тоот зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч болох Б.Тын гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэхийг үүрэг гүйцэтгүүлэгч Б ХК-ийн өмнө баталж, хэрэв гүйцэтгэхгүй бол батлан даагч зээлдэгчийн нэрийн өмнө зээлийн гэрээний үүргийг өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх баталгааг гаргажээ.

 

4. 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Б ХК болон Б.Т нар ЗГ-НГ105А дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-г байгуулж, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №ЗГ/105 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна.

 

5. Б ХК болон Б.Т нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна. Мөн Б ХК болон Э ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заагдсан батлан даалтын гэрээ байгуулагдсан ба гэрээ нь Иргэний хуулийн 459 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна.

 

Хоёр.

 

1. 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Б ХК нь хариуцагч Б.Т, Э ХХК-иудад холбогдуулж 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №ЗГ/105 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 119,523,030 төгрөг, үндсэн хүү 6,948,998 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,295,957 төгрөг, нотариатын зардал 28,500 төгрөг, нийт 127,769,486 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 0 тоот хаягт байршилтай, 79.9 м2 талбайтай, 4 өрөө орон сууц, эрхийн улсын Ү-0 дугаарт бүртгэлтэй, 0 тоот хаягт байршилтай, 68 м2 талбайтай, 3 өрөө орон сууцуудаас хангуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан.

 

2. Хариуцагч Б.Т Б ХК-д холбогдуулж 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №ЗГ/105 тоот зээлийн гэрээний 3.4-т Зээлдэгч зээлийн гэрээний хүсэлтийг судлуулсны төлөө гэрээнд заасан нийт үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг зээлдүүлэгчид төлнө гэсэн заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, шимтгэлд суутгасан 2,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/05-1 дугаартай Чанаргүй зээлийн багц худалдах, худалдан авах гэрээ-гээр Б ХК нь О ХХК-д 1,723,150,610.85 төгрөгийн чанаргүй зээлийг худалдсан, улмаар шүүхээс нэхэмжлэгч Б ХК-ийг О ХХК-иар сольсон.

 

Гурав.

 

Үндсэн нэхэмжлэл:

 

1. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б ХК нь О ХХК-тай №2022/05-1 тоот Чанаргүй зээлийн багц худалдах-худалдан авах гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр Б ХК нь Иргэний хуулийн 123 дугаар зүйл, 189 дүгээр зүйл, 243-261 дүгээр зүйлүүдийг үндэслэн гэрээний хавсралтад дурдсан чанаргүй зээлийн багцыг тодорхой үнийн дүнгээр О ХХК-д худалдсан байна.

 

2. Хариуцагч Б.Т болон Э ХХК-иудад холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ О ХХК-ийн зүгээс ...2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б ХК-тай Чанаргүй зээлийн багц худалдах-худалдан авах гэрээ-г байгуулсан. Ингэснээр Э ХХК, Б.Т нарт холбогдох, зээлийн болон барьцааны гэрээтэй холбоотой маргаанд манай компани нэхэмжлэгчээр орж ирсэн. О ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Б ХК-ийн нэхэмжилсэн зээлийн мөнгөн дүнгийн хэмжээг огт өөрчлөөгүй. Зөвхөн Б ХХК-ийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэмжээг бүхэлд нь дэмжин оролцож байгаа гэж тайлбарласан.

3. Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд О ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б ХК-тай байгуулсан №2022/05-1 тоот Чанаргүй зээлийн багц худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Б ХК болон Б.Т нарын хооронд байгуулагдсан №ЗГ/105 тоот зээлийн гэрээний үүрэгт өөрт нь үүссэн гэж үзэж, улмаар тухайн үүргийг хариуцагч нараас нэхэмжилжээ.

 

4. Хариуцагчийн зүгээс өөрийн татгалзлаа ...зээлийн тооцооллыг буруу гаргасан, ...тусгай зөвшөөрөлгүй учир нэхэмжлэгч О ХХК нь зээлийн гэрээний үүргийг шаардах боломжгүй, ...шимтгэлийг хууль бусаар авсан гэсэн үндэслэлүүдийг заан тайлбарласан.

 

5. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэжээ. Өөрөөр хэлбэл тусгайлсан хуулиар хориглосон болон шаардах эрхийг шилжүүлснээр тухайн шаардах эрхийн агуулга болон мөн чанар өөрчлөгдөж байвал шаардах эрхийг шилжүүлж болохгүйг дээрх байдлаар хуульчилсан.

 

6. Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Банк Монголбанкны зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ, 6.1.11-д зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах, 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1-6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох... гэжээ.

 

7. Иргэний хуульд зээлийн харилцааг зээлдүүлэгчийн эрх зүйн байдлын хувьд хоёр төрөл хэсэгт хувааж, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс хэрэгжүүлж байгаа зээлийн харилцааг ажил гүйцэтгэх туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэгт, бусад зээлийн харилцааг бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэгт тус тус хамааруулсан. Түүнчлэн зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл авах, түүнийг эргүүлэн төлөхтэй холбогдсон харилцааг Иргэний хууль болон тухайн эрх бүхий этгээдийн эрх зүйн байдалтай холбоотой өөр өөрийн нарийвчилсан хуулиар зохицуулдаг.

 

8. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, ямар ч төрлийн гэрээг байгуулах эрхтэй. Гагцхүү байгуулсан гэрээ нь өөрөө хуулийн хүрээнд байх ёстой. Хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн тайлбар, дээр дурдсан хуулийн зохицуулалтуудтай харьцуулан үзэхэд Б ХК болон О ХХК-иудын хооронд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан №2022/05-1 тоот Чанаргүй зээлийн багц худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй, Банкны тухай хуульд заасан зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах зохицуулалт нь гагцхүү тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банк болон банкны үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдүүдийн хооронд хамаарахаар байна гэж шүүхээс үзлээ.

 

Сөрөг нэхэмжлэл:

 

1. Дээр дурдсанчлан хариуцагч нь Б ХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан №ЗГ/105 тоот зээлийн гэрээний 3.4-т Зээлдэгч зээлийн гэрээний хүсэлтийг судлуулсны төлөө гэрээнд заасан нийт үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг зээлдүүлэгчид төлнө гэсэн заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу 2,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

2. Зээлдэгчээс авах шимтгэлийг зээлдүүлэгч гэрээнд нээлттэй тусгасан, хураамжийн хэмжээг талууд харилцан тохирч, шимтгэлийн хэмжээг гэрээнд тусгасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасныг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй, мөн шимтгэлийг авсан этгээд нь О ХХК биш тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Т, Э ХХК-иудад холбогдох 127,769,486 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 0 тоот хаягт байршилтай, 79.9 м2 талбайтай, 4 өрөө орон сууц, эрхийн улсын Ү-0 дугаарт бүртгэлтэй, 0 тоот хаягт байршилтай, 68 м2 талбайтай, 3 өрөө орон сууцуудаас хангуулах тухай О ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул 2,000,000 төгрөг гаргуулах тухай Б.Т-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 867,133 төгрөг, хариуцагчаас төлсөн 46,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ