Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00696

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 31 210/МА2023/00696

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/00311 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: Б.Т,

Хариуцагч: ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 127,796,486 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэг хувийн шимтгэлд суутгасан 2,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Р, хариуцагчийн өмгөөлөгч М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Зээлдэгч Б.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр к ХК-тай зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн.

1.2 Үүргийн гүйцэтгэлд Б.Тын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороолол, 00 дугаар хороо, Аийн гудамжны 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 79.9 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, мөн дүүргийн 00 дүгээр хороолол, 00 дугаар хороо, Аын гудамжны 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 68 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан.

1.3 Хариуцагч ХХК нь Б.Тын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд баталгаа гарган, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Батлан даалтын гэрээ байгуулсан.

1.4 Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 119,523,030 төгрөг, хүү 6,948,998 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,295,957 төгрөг, нотариатын зардал 28,500 төгрөг, нийт 127,796,486 төгрөгийг хариуцагч Б.Т, ХХК-аас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Зээлийн гэрээний дагуу нийт 179,545,000 төгрөгийг үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр орон сууцаа борлуулж, 80,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулах гэж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь уг 80,000,000 төгрөгөөс 47,000,000 төгрөгийг хүүгийн төлбөрөөс хассан нь үндэслэлгүй.

2.2 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дахин нэг орон сууцаа зарах гэхэд 15,000,000 төгрөг өгвөл дээрх орон сууцыг худалдан борлуулах эрх үүргийг өгнө гэж аваад уг мөнгийг бараг бүгдийг хүүгийн төлбөрөөс хассан. 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нийт 81,793,000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар к ХК-аас мэдэгдсэн. Нэхэмжлэл нь тооцоололын хувьд зөрүүтэй. Миний тооцоололоор 90,000,000-95,000,000 төгрөгийг төлөх буюу үүнээс шимтгэлийг хасаад 93,000,000 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.

 

3. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр к ХК-тай байгуулсан гэрээнд зээл олгосны хариуд нэг хувийн шимтгэл авах талаар бичиж, шимтгэл авсан нь хуульд нийцэхгүй. Банк үндсэн үүргээ хэрэгжүүлэх явцдаа шимтгэл авах зохицуулалт байхгүй. Иймд шимтгэлд авсан 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр к ХК-тай чанаргүй зээлийн багц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний хавсралтад заасан нийт 27 хэрэглэгчийн чанаргүй зээлийн багцыг худалдаж авсан. к ХК-ийг зээлийн шимтгэлд нэг хувь авсан нь Б ХХК-д хамааралгүй. Гэрээ байгуулах үеийн эрх, үүргийг худалдаж авсан. Шимтгэлийн талаар хариуцагч нь к ХК-д холбогдуулан тусдаа нэхэмжлэл гаргах эрхтэй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т, ХХК-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 120.573.117 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, үлдсэн 7.223.369 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Тын нэг хувийн шимтгэлд суутгасан 2.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороолол, 00 дугаар хороо, Аийн гудамжны 00 дугаар байрны 00 тоот, 79.9 метр квадрат талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 4 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороолол, 00 дугаар хороо, Аийн гудамжны 00 дугаар байрны 00 тоот, 68 метр квадрат талбайтай, Ү-улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцнуудыг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 867,133 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 831,016 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Тт олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Б.Т нь зээлийн гэрээний үүрэгт 186,464,554 төгрөгийг төлсөн. Мөн дээрх зээл нь ХХК-ийн үндсэн үйл ажиллагаанд шаардлагатай байсан хөрөнгө оруулалт бөгөөд компанийн үйл ажиллагаанд зарцуулсан. Гэтэл Covid-19 өвчнөөс шалтгаалж ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болсон.

Зээл эгүүлэн төлөх нөхцөл боломж буурсан тул хүүгийн төлбөрийг бууруулах зорилгоор тухайн үеийн эргэн төлөлтүүдийг зөвхөн үндсэн төлбөрт тооцуулах. Covid-19 цар тахлын үед хүүгийн тооцооллыг зогсоох, аливаа гэрээний хариуцлагыг хойшлуулах зэрэг хүсэлтийг к ХК-д хүргүүлж уулзалт хийж байсан. Харин банкны зүгээс энэ хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлэсэн, таны асуудлыг ойлгож байгаа гэх зэргээр хариу өгч байсан.

2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 21/380 дугаар албан бичгээр миний зээлийн үлдэгдлийг 79,274,199.11 төгрөг, хүү 2,339,753.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179,438.67 төгрөг, нийт 81,793,390.87 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн. Миний бие дахин 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн үндсэн дүнгээс хасуулахаар 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх тухайн үед төлсөн 15,000,000 төгрөгийн тооцооллыг үндсэн төлбөрөөс тооцож хүүгийн тооцооллыг зохих ёсоор хийгээгүй.

6.2 Мөн шүүх нь эрх бүхий этгээдийн баталсан зээлийн хүү тооцох аргачлалын дагуу хийсэн хариуцагчийн гаргасан тооцооллыг огт үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгчийн хувьд өөрөө зээлийн тооцооллыг 2021 оны 9 сард хийсэн бөгөөд үүнд хариуцагчаас ямар ч оролцоо байхгүй. Гэтэл шүүх дээрх зээлийг өндөр дүнгээр нэхэмжилж шүүх тооцооллыг зөвтгөж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анхан шатны шүүх зээлийн тооцоолол буруу хийсэн. Мөн шүүх хүүгийн тооцооллыг хэрхэн хийсэн нь ойлгомжгүй. Учир нь, үндсэн төлбөрөөс төлөлт хийх болгонд түүнд бодогдох хүүгийн тооцоолол буурч байх ёстой.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар зээлийн хүү тооцох аргачлалыг баталсан. Уг аргачлалаар 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 21/380 дугаар албан бичгийн дагуу зээлийн үлдэгдэл тооцоог хариуцагч талаас хийсэн.

Иймд үндэслэлгүйгээр тооцоолсон хүү болон зээлийн төлбөрийн хэмжээ болох 55,612,449 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

6.3 Банкны хувьд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр зээлийн төлбөрийн графикт өөрчлөлт оруулж, зээлийг эргүүлэн төлөхдөө цар тахлын үед буюу 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байхаар хүсэлтийг хүлээн авсан гэж танилцуулсан. Би 2019 онд ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд зориулж зээл авснаас хойш банканд дахин хандаж зээл аваагүй. Гэтэл нэмэлтээр зээл олгосон мэт зориуд худал хэлж, ийм гэрээнд гарын үсэг зуруулж, үндсэн зээлийн хэмжээг түүнд тооцогдох хүүг нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд зээлийн тооцооллыг хууль, түүний дагуу батлагдсан журамд нийцүүлж бодитоор хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 к ХК нь Б.Ттай 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар шинэчилж баталсан. Зээлийн гэрээний 5.4-т зээлдэгч авсан зээл, түүний хүүг энэ гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөөгүй бол орж ирсэн төлбөрийг банк эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, хүүгийн үндсэн зээл гэсэн дарааллаар төлүүлнэ гэж заасан. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч Б.Т 83,693,142 төгрөг шилжүүлсэн. Б.Тын төлөх нэмэгдүүлсэн хүү 156,358 төгрөг, төлөх хуримтлагдсан хүү 47,659,215 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 155,965,601 төгрөг байсан.

Зээлийн гэрээний 5.4-т заасны дагуу Б.Тын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 83,693,142 төгрөгөөс эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллын дагуу 156,358 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнээс, 47,659,215 төгрөгийг хүүгийн төлбөрөөс, үлдэх 36,033,927 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсон. Ингээд үндсэн зээлийн үлдэгдэлд 119,931,674 төгрөг үлдсэн.

7.2 Талууд зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр эргэн төлөлтийн хуваарийг шинэчилж баталсан. Нэмэлт гэрээний хавсралтаар зээлийн эргэн төлөлтийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл төлөхөөр график байгуулсан. Графикт хугацаа дуусаагүй буюу төлөх хугацаа болоогүй байсан тул тухайн үед шаардаагүй, зөвхөн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд хуримтлагдсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан.

7.3 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг зээлдэгч график зөрчсөн тул зээлийн гэрээний 5.4-т заасныг баримтлан төлөх нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүүгийн төлбөр, үндсэн зээлээс дарааллын дагуу хассан нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Б.Т, ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 127,796,486 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 93,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, зээлийн гэрээний нэг хувийн шимтгэлд суутгасан 2,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. к ХХК нь Б.Ттай 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ/105 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. /хх 9-12/

3.1 Мөн өдөр БГ/310/ЗГ/105 дугаартай Барьцааны гэрээ-г байгуулж, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороолол, 00 дугаар хороо, Аийн гудамжны 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 79.9 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороолол, 00 дугаар хороо, Аийн гудамжны 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 68 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ. /хх 16-27/

3.2 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-НГ105А дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-ээр 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан ЗГ/105 дугаартай зээлийн гэрээний хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийг харилцан тохиролцсон. /хх 14/

3.3 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн БД/124-ЗГ/105 дугаартай Батлан даалтын гэрээ-ээр батлан даагч хариуцагч ХХК зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн хариуцахаар тохиролцжээ. /хх 28-30/

4. к ХХК нь хариуцагч нарт холбогдуулан дээрх шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/05-1 дугаартай Чанаргүй зээлийн багц худалдах, худалдан авах гэрээ-ээр Б ХХК-д 1,723,150,610.85 төгрөгийн чанаргүй зээлийг худалдсанаар нэхэмжлэгч к ХХК-ийг Б ХХК-аар сольсон. /хх 127-131/

5. Нэхэмжлэгч Б ХХК нь к ХХК-ийн чанаргүй зээлийг худалдан авснаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан.

5.1 Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно. Өөрөөр хэлбэл, шаардах эрхийг бусдад шилжүүлж болох боловч энэ нь хууль болон гэрээний мөн чанарт харшлахгүй байх ёстой.

Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд банкны эрхлэх үйл ажиллагааг, мөн хуулийн 7 дугаар зүйлд банкинд хориглох үйл ажиллагааг тус тус нэрлэн заасан. Тухайлбал, банк нь Монголбанкны зөвшөөрөлтэйгөөр мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11-т зааснаар зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах үйл ажиллагааг эрхлэх боловч энэ нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банк болон банкны үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдүүдийн хооронд хамаарах эсэхийг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Өөрөөр хэлбэл, Б ХХК болон к ХХК-ийн хооронд байгуулагдсан чанаргүй зээл худалдах-худалдан авах гэрээгээр шаардах эрх Б ХХК-д шилжсэн хэлцэл нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр нөхцөлд нэхэмжлэгчид шаардах эрх үүснэ.

Ийнхүү дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дүгнэлт өгөхөд эрх шилжүүлэгч к ХХК-ийн эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тул түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг тодруулах шаардлагатай.

6. Нэхэмжлэгч Б ХХК нь к ХХК-аас чанаргүй зээлийн шаардах эрхийг шилжүүлэн авсан атлаа нотариатын зардал 28,500 төгрөгийг шаардаж буй үндэслэлийг анхан шатны шүүх тодруулаагүй, үйл баримтын талаар болон эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

7. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ХХК нь зээлийн гэрээний тал буюу зээлдэгч бус батлан даагч байхад анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэг ногдуулсан, мөн батлан даалтын гэрээтэй холбоотой үйл баримтыг тогтоогоогүй, эрх зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй байна.

8. Сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэгчид буюу үндсэн нэхэмжлэлийн эсрэг чиглэсэн эсэхийг анхан шатны шүүх тодруулаагүйгээс шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй болжээ.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх, нөхөн гүйцэтгэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/00311 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлөөлөгчөөс төлсөн 470,760 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 100 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

М.БАЯСГАЛАН