Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 119/ШШ2023/0013

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, шүүгч П.Ууганцэцэг, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн  107 дугаар  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Э” ХМБ,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ч,

            Хариуцагч: ОАЗД С.Б,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

            Хариуцагч: ОАГХБХБГ,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Д нарын хоорондын    

          “ОАГХБХБГ-ын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” №117 дугаар бүхий албан бичиг, мөн АЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/350 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагатай газрын маргаан бүхий хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Э.Х, У.Б, хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч ОАГХБХБГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.       

 ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “Э” ХМБ-аас ОАГХБХБГ, АЗД-д тус тус холбогдуулан “ОАГХБХБГ-ын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” №117 дугаартай албан бичиг,  ОАЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/350 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

            2.1. ОАГХБХБГ-ын 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” №117 дугаартай албан бичиг нь “ОАЗД-д 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 160 иргэнээс хандсан хүсэлтийг үндэслэж гарсан гэх боловч цаг хугацааны хувьд маргаан бүхий захиргааны актаас өмнө буюу 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдөр гарсан, захиргааны байгууллага нь нийтийн эрх ашиг хэрхэн зөрчигдсөн талаар шалгаж тогтоолгүйгээр барилгын үйл ажиллагааг зогсоосон нь манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул хүчингүй болгуулах,

            2.2. ОАЗД-ын 2022 оны А/350 дугаар “Газрын байршил шилжүүлэх тухай” захирамжийг гаргахдаа “Э” ХМБ-аас Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт газрын байршлыг шилжүүлэх санал гаргаагүй байхад газрын байршлыг шилжүүлсэн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах”, 4.2.6 дахь хэсэгт заасан  “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах “ зарчмыг тус тус баримталж хангаагүй гэж,

            2.3. Хариуцагч ОАГХБХБГ нь “иргэдээс барилгын ажлыг эсэргүүцсэн санал, гомдлыг удаа дараа гаргасан” тул “Э” ХМБ-д барилга угсралтын ажлыг нэн даруй зогсоож, иргэдэд эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж тухайн талбайн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг мэдэгдэж, БЭЗ-61-02/22 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нь түдгэлзүүлсэн гэж,

            2.4. Хариуцагч ОАЗД-аас “... “Э” ХМБ-ын барьж буй барилгын ажлыг иргэд эсэргүүцэж санал, хүсэлт удаа дараа гаргасан тул нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд газар эзэмших эрхийг хүчингүй болгож, газрын байршлыг шилжүүлэн эзэмшүүлсэн гэж тус тус маргасан.

            3. Нэхэмжлэгч “Э” ХМБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч нараас хуулийн хүрээнд тайлбар гаргана” гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаартай мэдэгдлээр манай компанийн барилгын ажлыг үргэлжлүүлэх эрхийг түр түдгэлзүүлсэн. Энэ актын биелэлтийг түдгэлзүүлсэн үндэслэлээ анхан болон давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарлахдаа “...иргэдээс ирсэн гомдол, саналыг шийдэх хүртэл түр хугацаагаар түдгэлзүүлсэн” гэж тайлбарладаг.  Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 117 дугаартай мэдэгдэл гарах үед 160 иргэний гарын үсэгтэй гомдол, санал ирээгүй байсан. Уг мэдэгдэл гарсаны дараагаар иргэдээс санал, гомдол ирсэн тухай баримт нь хэрэгт авагдсан байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх үед 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаартай захирамжаар нэхэмжлэгч компанид олгосон газрын эрхийг дуусгавар болгосон. Энэ захирамжийн үндэслэл нь нэхэмжлэгч талын газрыг шилжүүлэх тухай хүсэлтийг хангаж, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор гэж тайлбарладаг. Манай талаас АЗД-д гаргасан хүсэлт нь газрыг шилжүүлэх тухай дурдаагүй байгаа. Нийтийн эрх ашиг хөндөгдсөн гэх үндэслэл байхгүй учир манайх уг актыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх уг хүсэлтээр хоёр шаардлага тавьсан. Нэг дэхь хүсэлт нь газраа шилжүүлсэн тохиолдолд барилгын ажлыг зураг төслийн дагуу хэвийн явуулах боломж нөхцөлөөр хангуулах ба гадна авто машины зогсоолыг хамтад нь шийдэж өгнө үү гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл газрыг шууд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт байгаагүй. Газрыг шилжүүлсэн тохиолдолд барилгын ажлыг хэвийн явуулах боломж нөхцөлөөр хангуулах гэсэн саналыг гаргасан, 2 дахь хүсэлт нь бидний буруутай үйл ажиллагаанаас болж үүсээгүй буюу 80.000.000 төгрөгийн хохирлыг шийдүүлэх гэсэн саналыг гаргасан.  Хариуцагчийн төлөөлөгч саналыг нь үндэслэж тухайн актыг гаргасан гэж тайлбарлаж байна. Газрыг шилжүүлж өгөх боломжгүй гэдгийг давж заалдах гомдолдоо дурдсан. Барилгыг дурын газарт шилжүүлнэ гэсэн учир манайх хүлээн зөвшөөрөөгүй, дурын газар луу шилжүүлсэн тохиолдолд тухайн газар барилга барих боломжтой юу эсэх асуудал яригдана. Манай гаргасан хүсэлт нь эхлээд байршлаа санал болго, мөн талбайн хэмжээг санал болгосны дараагаар манай хүсэлтээ шийдүүлье гэсэн саналыг хүргүүлсэн. Хөхбулаг гэдэг газарт газар олгосон уг газар нь эрхийн зөрчилтэй байж таарсан. Манай хүсэлтээс хойш байршлуудын талаар санал солилцох л зүйл яригдсан. Тиймээс  нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байна” гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Дараах баримтууд дээр шүүх бүрэлдэхүүн ач холбогдол өгч анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. “Э” ХМБ-д захиргааны байгууллага болох ОАЗД нь газрын зөвшөөрөл, ОАГХБХБГ нь барилга барих зөвшөөрлийг тус тус өгч уг барилгын ажил эхэлсэн байдаг. Нэхэмжлэгч тал хуулийн дагуу ямар нэгэн зөрчил гаргаагүй. Газар доорх хос шугамыг зөөж байршуулсан дараагаар буюу 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 117 дугаартай мэдэгдэл ирсэн. Иргэдээс удаа дараа гомдол, санал ирж байгаа гэдгээр Уртбулаг баг, Нутгийн удирдлагын ордны хойд талд олгосон газраа хүчингүй болгосон. Анх манайх 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Манай талаас 117 дугаартай мэдэгдэлтэй маргаж явсан. Захиргааны хэрэг үүсэж, шүүхийн шатанд мэдэгдэлтэй маргаж явах үед хоёр дахь захиргааны акт буюу 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаартай захирамжаар газрыг өөр газар луу сольж өмнөх газрын эзэмших гэрчилгээг хүчингүй болголоо гэх захиргааны акт гарсан. Хариуцагч талууд аль аль нь энэ талаар мэдэж байсан. 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргаж, хэргийн процессын үйл ажиллагаа явагдаж байх үед урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд Ерөнхий шүүгч Б.Болормаагаас сонин сонин хандлагууд гарсан. “...энэ асуудлаар фэйсбүүк орчин бөөн асуудал болж байна та нар энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй юм уу” гэдэг хувийн асуудлаа ярьж эхлэхээр нь манай зүгээс өөр шүүгчээр хэргийг шийдүүлэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг хангаагүй. Иргэдээс удаа дараа гомдол ирсэн гэдэг. 160 хүний гарын үсэгтэй баримт шүүхэд ирсэн. Гэтэл 117 дугаартай мэдэгдэл ирсний дараа буюу 26 хоногийн дараа хариуцагч талд энэ баримт очсон байдаг. Хэрэг дотор байгаа бүртгэл хяналтын картаар харахаар  хэн  ямар арга хэмжээ авч хаашаа цохсон гэдэг нь харагддаг. Үндэслэл болсон баримт нь ирээгүй байхад захиргааны акт нь гарсан, ямар асуудлаар гомдол, санал гаргасан талаар бичээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан “бодитой нөхцөл байдлыг тогтоох” ажил огт хийгээгүй, захиргааны сонсох ажил хийгээгүй. Тухайн газар амьдардаг хүмүүс мөн юм уу, 160 иргэний ямар эрх ашиг хохироод байгаа талаар бодитоор судлаагүй.

Тухайн газар дээр байсан мод, бутыг нэхэмжлэгч тал өөрийн хөрөнгөөр зөөж өөр газар байршуулсан, маргаан бүхий газар дээр байгаа модны доор очиж суух гэж байгаа юм шиг өргөдөл гаргасан байсан. Энэ 160 иргэнээс түүврийн байдлаар “та ямар асуудлаар гомдол санал гаргасан бэ?, ямар баримт дээр гарын үсэг зурсан талаар асуухад ихэнх хүмүүс нь ямар баримт дээр гарын үсгээ зурсан гэдгээ мэдэхгүй, зарим хүмүүс нь миний гарын үсэг биш байна, утас руу залгахаар тийм хүн байдаггүй” гэсэн хариуг өгч байсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр энэ захиргааны акттай эдгээр хүмүүс маргаагүй байна гэж хэлж байсан. Давж заалдах шатны шүүхээс “эдгээр баримтыг шинжлэн судалсан эсэх, энэ хүмүүсийн ямар эрх ашиг хөндөгдсөн талаар захиргааны байгууллага судлаагүй байна” гээд дахин анхан шат руу буцаагаад одоо хоёр дахь удаагаа шийдэгдэх гэж байна. Шүүгчийн захирамж гарч эдгээр 160 хүнтэй холбоотой ажиллагаа хийлгэх байсан гэтэл захиргаанаас ийм ажиллагаа хийсэн зүйл байхгүй. Төлөөлөөд байгаа 4-5 хүнтэй ч уулзаагүй, тэр 4 хүн нь аймгийн Монгол ардын намын хэсгийн бага шатны албан тушаалтай хүмүүс байсан. Хууль ёсны дагуу олгосон газар дээр хөрөнгө оруулагчийн гэрээ байгуулж уг барилгын ажлыг эхлүүлсэн. Газар доор байсан том шугам сүлжээг зөөж барилгын ажлаа эхлүүлсэн байхад эрхийг нь цуцласан. Үүн дээр л манай үйлчлүүлэгч гомдолтой байгаа.

Өнөөдрийг хүртэл хэний эрх ашиг хөндөгдсөн талаар тогтоосон тухай баримт хавтаст хэрэгт байхгүй. 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн захирамж нь “Э” ХМБ-ын хүсэлтээр Цагаанчулуут баг, 7А хороолол руу газрыг шилжүүллээ” гэсэн захирамж гарсан. Манай зүгээс 7 дугаар хороо руу шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаагүй. Сонсох ажиллагаа хийгээд хаашаа ямар газар луу шилжүүлэх үү гэдэг асуудал яригдаагүй. 2022 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн эдгээр асуудлаа шийдүүлэх хүсэлтэй байна гэсэн саналыг газраа шилжүүлэх хүсэлтэй байна гэсэн байдлаар шийдвэр гаргасан. Б.Болормаа шүүгчээс “...хүсэлтээ гаргасан байгаа учир газрыг шилжүүлэх нь үндэслэлтэй байна, тиймээс 117 дугаартай акт дээр хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй юм байна” гэдэг байдлаар шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүх дээр хүсэлт байсан юм уу, үгүй юм уу гэдэг талаар ажиллагаа хийгээгүй байна дахин ажиллагаа явуулж баримтыг цуглуул гэсэн шийдвэр гаргасан. Шүүхээс энэ талаар баримтыг гаргаж өгөхийг хариуцагч талд даалгасан. Хариуцагч талаас манай өгсөн 2 хуудас баримтыг л гаргаж өгсөн. Өөрөөр үүнтэй холбоотойгоор сонсох ажиллагаа болон уулзаж тохиролцсон тул газрыг шилжүүлсэн гэх нэг ч баримт байгаагүй. Захиргааны ерөнхий хуульд заасан эрх, үүргээ Засаг дарга хэрэгжүүлээгүй, төрийн байгууллага дур зоргоороо асуудлыг шийдээд яваад байна, хэний ч газрыг хаашаа ч хамаагүй цөлөөд байна. Учирсан хохирлыг авч үзэхгүй дур зоргоороо асуудлыг шийдсэн. Иймд эдгээр захиргааны актуудыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Манай нэхэмжлэлийн үндэслэл нь газрыг шилжүүлэх тохиролцоонд хүрээгүй байхад захирамж гаргасан. Сонсох ажиллагаа явуулаагүй мөн шийдвэрээ зохих журмын дагуу мэдэгдээгүй, нийтийн эрх ашиг зөрчигдөөгүй, газрыг сөрөг байдлаар ашиглаагүй гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа үндэслэлийг хариуцагчийн төлөөлөгч газар шилжүүлэх тохиролцоонд хүрсэн учир захирамжийг гаргасан гэж тайлбарладаг. Мөн хариу тайлбартаа бид бүхэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан гэж тайлбарлаж маргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 7А хороололд газраа шилжүүлье гэж яриагүй гэдэг, хариуцагч талаас ийм хүсэлт гаргасан гэж маргадаг. Үүнтэй холбоотой нэг  л баримт байгаа, энэ баримт нь “Э” ХМБ-ийн ОАЗД-д гаргасан албан бичиг байгаа. Энэ албан бичгээр 80.000.000 төгрөгийг зардал гарсан, ажилчид сул зогсолт хийсэн, талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн журмаар шийдүүлэх эвсэл харилцан тохиролцож газрын байршлыг шилжүүлэх нөхцөл байдал үүссэн тул шилжүүлж авах газарт нь авто зогсоолын асуудлыг хамтад нь шийдүүлэх, ажлаа хэвийн явуулах нөхцөл боломжоор хангаж өгөх, гарсан зардал болох 80.000.000 төгрөгийг гаргуулах ийм зүйлийг дурдсан байсан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа газраа шууд солье гэсэн байдлаар хандаагүй гэж хэлсэн байдаг. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Б.М нь захирамж гарч газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон талаар мэдээгүй, манай сэтгүүлчээс та газраа сольсон юм уу? гэж асуухаар нь үзтэл 7 дугаар хороо руу шилжүүлсэн байсныг мэдээд АЗД-ын Тамгын газрын хуулийн хэлтсийн даргатай уулзсан гэж нэхэмжлэгч тайлбараа гаргасан байдаг. Мөн ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан хариу тайлбартаа харилцан тохиролцсон байсан учир тус захирамж гарсан гэж маргадаг. Манайхаас явуулсан 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичгийг хариуцагч талаас буруу тайлбарласан гэж үзэж байгаа. Маргааны үйл баримт яг үүн дээр явж байгаа. Албан бичигт дурдсан хоёр асуудлыг шийдсэн тохиолдолд харилцан тохиролцох агуулгатай байсан талаар нэхэмжлэгч тайлбарлаж маргадаг. Нэхэмжлэгч ямар асуудлаа шийдүүлэх гэж байсан талаар баримтууд нь ОАЗД-д гаргаж байсан албан бичгүүдээр тодорхой харагдана. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болнозаасан. Хүсэл зоригийн илэрхийлэл өөрөө хүчин төгөлдөр байх хуулийн шаардлага хангагдаагүй байхад захиргааны акт гаргасан нь буруу гэж маргаж байгаа. Үүн дээр шүүх дүгнэлт хийх байх гэж бодож байна. Б.М-ийн 998616.. дугаарт мэдэгдсэн гэж хариуцагч тал тайлбарласан. Энэ мэдэгдсэнээ баримтжуулах үүрэгтэй, хууль хэрэглээний хувьд аваад үзэхээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх талаар тодорхой заасан байгаа. Хариуцагч талаас хэвлэл мэдэээллийн хэрэгслээр мэдээлсэн, үүгээрээ нэхэмжлэгчид мэдээлсэн гэж маргадаг. Гэтэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх гэдэг нь хууль хэрэглээний хувьд хуульд тусгайлан заасан тохиолдолд гэж заасан байгаа. Энэ маргаан нь газар эзэмших эрхийг цуцлаж, барилгын ажлыг зогсоож байгаа асуудал, Барилгын тухай хууль, Газрын тухай хуульд заасан тусгай процесс байсан бол тусгай зохицуулалтыг хэрэглэх боломжтой байсан. Нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдсэн баримтыг гаргаж өгөөгүй сүүлд 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хариу тайлбартаа олон нийтийн сүлжээнээс мэдсэн байна лээ гэсэн тайлбарыг гаргасан байсан. Мөн ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч захиргааны актыг хүргүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-т заасны дагуу мэдэгдсэн гэж хэлдэг. Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд хамаарах хүсэлтийг гаргах ёстой, холбогдох журмын дагуу бүрдүүлбэл зохих баримтыг бүрдүүлээд хүсэлтээ өгсөн талаар баримт хэрэгт байдаггүй. Мөн нэгж талбарын хувийн хэрэгт байдаггүй.

 Тохиролцсон бол эхлээд газар эзэмшигч нь газар эзэмших эрхээсээ татгалзана, өргөдлөө газрын албаар дамжуулж, мөн нөгөө 7 дугаар хороо руу шилжих тухай хүсэлтээ өгсөний дараагаар захирамж гаргах ёстой байдаг. Процесс ингэж явах ёстой байтал хувийн хэрэг болон АЗД-ын захирамжийн талаарх хувийн хэрэг гэсэн баримт байхгүй байгаа. Хэрвээ эдгээр баримтууд байсан бол нэхэмжлэгч гомдоод байх шаардлага байхгүй байсан. Ийм ажиллагаанууд хаана байна, захиргааны байгууллага ажлаа яаж хийсэн нь харагдаж байна. Хариуцагч талыг газар эзэмших гэрээний 4.3, 5.4-т заасан нөхцөлийг зөрчсөн гэж үзэхээр байна. Маргаан бүхий захиргааны актууд хоорондоо хамааралгүй байгаа. Учир нь 117 дугаартай мэдэгдэл нь 160 хүний гарын үсэгтэй өргөдөл болон А/350 дугаартай захирамж  гаргахаас өмнө гарсан. Барилгын ажил эхлүүлэх ажиллагааг түдгэлзүүлэх гэсэн боловч үр дагавар нь барилгын ажлыг зогсоох агуулгатай харагдаж байгаа. Шийдвэрээ гаргахдаа захиргааны байгууллага өмнө нь гаргасан захиргааны актыг түдгэлүүлж байгаа юм шиг зүйл харагдаж байгаа. 117 дугаартай захирамжийг уншихаар үр дагавар нь барилгын ажлыг зогсоосон.

Өөрөөр хэлбэл Цагдаагийн байгууллагын албан хаагчдаар ажилчдыг нь хөөж гаргаж, талбайг чөлөөлж, барилгын ажлыг бүрэн зогсоосон гэж харагдаж байгаа. ОАГХБХБГ-аас иргэдийн санал, гомдлыг АЗД-ын зүгээс судлан үзээд холбогдох хуульд заасны дагуу барилгын ажлыг зогсоох үүргийг манайд өгсөн гэж тайлбарладаг. Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үндэслэлээр шийдвэр гаргасан гэж маргадаг. Гэтэл Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-тБарилгын үйл ажиллагаанд хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлага болон иргэний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа талаар хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад санал, хүсэлт, гомдол гаргах эрхтэй” гэж заасан, өөрөөр хэлбэл иргэнээс барилгын ажилтай холбоотой хүсэлт гаргах эрх болохоос биш захиргааны байгууллага шийдвэр гаргах зохицуулалт биш. Мөн ОАГХБХБГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр өгсөн тайлбартаа Засаг даргын үүрэг өгсөний дагуу барилгын ажлыг зогсоох биш түдгэлзүүлэх тухай шийдвэр өгсөн, АЗД-д гомдол ирсэний дагуу шийдвэр гаргасан гэж маргадаг. Шүүх үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөхийг даалгасан байсан боловч баримт гаргаж өгөөгүй. Газрын хувийн хэргийг үзэхээр АЗД-аас ирүүлсэн баримт, иргэдээс ирүүлсэн гомдол, санал байдаггүй. Үүнтэй холбоотой нэг л баримт байгаа 160 хүний гарын үсэгтэй энэ баримт хэзээ хойно сүүлд ирсэн. Иргэдээс санал, гомдол ирсэн байна. Үүний дагуу захиргааны байгууллага шийдвэрээ гаргасан байна гэж үзэхгүй байгаа. Энэ баримт  нь нотлох баримтын шаардлага хангаагүй учир нотлох баримт байхгүй гэж үзэж байгаа. Шүүхээс баримтуудыг цуглуулж нийт 46 хуудас баримтыг хариуцагч талаас ирүүлсэн. 117 дугаар мэдэгдэл ирсэний дараа 160 хүний гарын үсэгтэй баримтыг гарган ирж маргаж байгаа байдал нь үндэслэлгүй. Хариуцагч А/350 дугаартай захирамж нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт учир бид Захиргааны ерөнхий хуульд заасан процесс ажиллагааг хийгээгүй гэж маргадаг. Энэ талаар 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тайлбар болон анхан шатны шүүх хуралдаан дээр ингэж маргасан. Үүн дээр логикын зөрчил гараад байгаа. Хэрвээ манай хоёр асуудлыг хоёуланг хангаж шийдсэн бол энэ нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт болно. Гэтэл 7А хороолол руу шилжүүлсэн юм байна, тэгвэл хоёр дахь хүсэлтийг яаж шийдсэн бэ орхигдуулсан уу, эс үйлдэхүй гаргасан уу яасан бэ? үүнтэй холбоотой зүйлийг ярихгүй байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

7. Хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Э” ХМБ нь ОАЗД танаа гэж хаягласан хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтдээ “ОАЗД-тай хууль зүйн хүрээнд асуудлаа танилцуулсан, нөхцөл байдалтай холбоотой албан бичиг хүргүүлсэн боловч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан иймд шүүхээр асуудлаа шийдүүлэх эс бөгөөс газраа солих хамтын шийдэлд хүрсэн” гэсэн байна. Уг албан бичигт дурдсанаар бол нэхэмжлэгч АЗД нар уулзаад нэг бол газраа солиулах эсвэл шүүхээр асуудлаа шийдүүлэх гэсэн зүйлийг ярилцсан. Албан бичгийн 2 дахь нүүрэнд “...иймд газар эзэмшигч “Э” ХМБ нь барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа “Е” ХХК-тай зөвшилцөж Засаг даргын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж газраа сольж барилгын ажлыг хэвийн явуулах шийдэлд хүрсэн” гэж бичсэн. Газраа солих хүсэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Э” ХМБ АЗД-д гаргасан. Мөн үүнтэй холбоотойгоор нэр бүхий 160 иргэдээс 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр санал, гомдол АЗД-д ирсэн. Уг гомдолдоо “Засаг дарга та энэ асуудлыг иргэдэд ашигтай байдлаар шийдэж өгнө гэдэгт найдаж байна...” гэх утгатай өргөдөл гаргасан байсан. “2018 онд гаргасан захирамжаа цуцлаж өгнө үү, бут сөөг бүхий ногоон байгууламжийг сэргээж өгнө үү” гээд 160 хүний гарын үсэгтэй, өмнө ба одоо гэсэн фото зургын хамт өргөдөл, гомдлыг гаргасан. АЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн захирамжийн хувьд сонсох ажиллагаа хийгээгүй талаар тайлбарлахад Захиргааны ерөнхий хуулийн 28  дугаар зүйлийн 28.1.3-т “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагааг хийхгүй байж болно” гэж заасан байдаг.

 Нэхэмжлэгч тал болох “Э” ХМБ нь өөрөө газраа сольё гэсэн хүсэлтийг АЗД-д гаргаж уг хүсэлтийг манайхаас хангаж шийдсэн. А/350 захирамж гарснаар өмнө “Э” ХМБ-д эзэмшүүлсэн газар хүчингүй болж байгаа, мөн 160 иргэний өргөдөл гомдлыг хангаж шийдсэн учир сонсох ажиллагаа хийгээгүй. Сая Б.Б өмгөөлөгч нэхэмжлэгч захиргааны актыг мэдсэн гэж хэлж байна, сэтгүүлч та газраа сольсон юм уу гэхээр нь би сайт руу ороод харсан чинь солигдсон байсан, маргааш нь Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга М.М-тай уулзсан гэж хэлсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-т “захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно” гэж заасан. ОАЗД-ын Тамгын газрын албан ёсны вэйб хуудас болох www.Erdenet.mn гэсэн сайтын лавлагаа мэдээлэл гэсэн цэс нь дотор АЗД-ын бүх захирамж он, сар, өдөртэйгөө тавигддаг. Үүнийг олж харсан гэдгээ нэхэмжлэгч өөрөө хэлдэг.

Иргэдийн гомдол, саналыг хангаж шийдэж байгаа учир заавал сонсох ажиллагаа явуулах ёстой гэдэг байдлаар буруутгах үндэслэл байхгүй. Хүсэлт дээр 2 асуудал яригдсан, нэг хүсэлтийг нь шийдсэн юм уу гэж байна. Өмнөх анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгч нэхэмжлэгчээс 04 дүгээр сарын 26-ны өдөр танайхаас албан бичиг өгч талууд харилцан тохиролцож шийдэлд хүрсэн юм биш үү, яагаад шүүхэд хандсан бэ гэж асуухад нэхэмжлэгч хариулахдаа “тиймээ бид 7 дугаар хороо руу газраа шилжүүлэхээр тохиролцсон юм гэхдээ эхний ээжинд 400 м.кв газрыг өгөөд нэмж газар олгоно гэхээр итгээгүй учраас шүүхэд хандсан” гэж хэлдэг. Тэгэхээр 80.000.000 төгрөгийн хохирлыг асуудлыг ярилцаад тохиролцсон байсан.  80.000.000 төгрөгийн бодитой хохирол гарсан гэдэг баримтыг гаргаж өгөөгүй. Төсвийн тухай хууль, Засаг захиргааны нэгжийн удирдлагын тухай хуулиар аймгийн иргэдийн төлөөлөгчдын хурлаас баталж өгсөн төсөв буюу батлагдсан төсвийн хүрээнд АЗД захиран зарцуулах эрхтэй байдаг. Нэхэмжлэгч тал 80.000.000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар хандсан гэж байна. АЗД нь төсвийн ерөнхий захирагч учир шууд тэр мөнгийг гаргаж өгдөг хүн биш, эхлээд Иргэдийн төлөөлөгчийн хурлаар орж байж энэ асуудлыг шийднэ. Өмнөх шүүх хуралдаан дээр оролцсон ОАГХБХБГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хэлэхдээ 160 хүний гарын үсэгтэй өргөдлийг үндэслэж мэдэгдэл гарсан гэж тайлбарладаг. Тэр итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай сайн танилцаагүй байсан. Яагаад тийм  тайлбар гаргасныг мэдэхгүй байна.

Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар АЗД-д барилгын ажлыг эхлүүлэх, түүнийгээ түдгэлзүүлэх, хүчингүй болох, сунгах эрхийг энэ хуулиар олгогдсон байдаг. Сая фото зургаар гаргаж өгсөн баримт дээр АЗД өөрийн цахим хуудсандаа 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “барилгачдын ажлыг зогсоов” гэсэн утгатай мэдээллийг нийтэлсэн. Энэ мэдэгдэл нь Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хуульд заасан шаардлагын хүрээнд очсон. Барилгын асуудлыг бүр мөсөн зогсоосон зүйл биш барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг түр түдгэлзүүлж байгаа хэлбэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараагаар нэхэмжлэгч талын эрх сэргэх боломжтой” гэв.

8. Хариуцагч ОАГХБХБГ-ын дарга Д.Цшүүхэд гаргасан тайлбартаа: “ ...ОАЗД-ын 2019 оны А/907 дугаар захирамжаар “Э” ХМБ-д Баян-Өндөр сумын Уртбулаг баг, Нутгийн удирдлагын ордны хойд талд байрлах 400 м.кв газрыг урлаг соёлын байгууллагын зориулалтаар 4 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Газар эзэмшигч нь өөрийн эзэмшил газар дээрээ барих барилгын зургийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, холбогдох бусад баримтыг бүрдүүлэн өгснийг судлан үзээд манай байгууллагаас “Э” ХМБ-д №БЭЗ-61-02/22 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр олгосон. “Э” ХМБ нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний дагуу барилга, угсралтын ажлаа эхлүүлэн хашаа барьж, газар шорооны ажил хийгдэж эхлэх үеэс Орхон аймгийн иргэд АЗД-д хандан барилгын ажлыг эсэргүүцсэн санал гомдлыг олон нийтийн цахим сүлжээгээр болон 70355311 дугаарын утсанд удаа дараа гаргаж, тухайн газарт ногоон байгууламж байгуулахыг шаардах болсон.

Иргэдийн санал, гомдлыг АЗД-ын зүгээс судлан үзээд холбогдох хуульд заасны дагуу барилга угсралтын ажлыг зогсоох үүргийг манай байгууллагад өгсөн. Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу иргэн гомдол, санал, хүсэлт гаргах эрхтэй байдаг тул иргэдийн гомдол, саналд эцэслэн хариу өгөх хүртэл хугацаанд “Э” ХМБ-д олгосон БЭЗ-61-02/22 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай мэдэгдлийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаартай албан бичгээр хүргүүлсэн болно.

Өнөөдрийн байдлаар иргэдээс ирсэн гомдол эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн 117 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах тухай “Э” ХМБ-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

9. Хариуцагч ОАГХБХБГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “ОАГХБХБГ-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 221 дугаар “Тайлбар хүргүүлэх тухай” шүүхэд гаргасан тайлбараа дэмжин оролцож байна. Өөр нэмэлт тайлбаргүй” гэв.

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч “Э” ХМБ нь ОАГХБХБГ, АЗД-д тус тус холбогдуулан “ОАГХБХБГ-ын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” №117 дугаар бүхий албан бичиг, мөн АЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/350 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд тус нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж оролцов.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 106.7  “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            3. “ОАГХБХБГ-ын 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” №117 дугаартай албан бичгийг  хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

            4. “Э” ХМБ нь ОАЗД-ын 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ”Шийдвэр хүчингүй болгох, газар эзэмшүүлэх тухай” А/457 тоот захирамжаар Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордны хойд талд 300 м.кв газрыг телевизийн студийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар /1 дэх ХХ-ийн 16, 161 дүгээр тал/,

            5. мөн АЗД-ын 2019 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн “Эдэлбэр газрын хэмжээ өөрчлөх тухай” А/907 тоот захирамжаар газрын хэмжээг 400 м.кв болгон нэмэгдүүлж, газрыг “Урлаг соёлын байгууллага” зориулалтаар эзэмшихээр шийдвэрлүүлсэн ба хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй. /1 дэх ХХ-ийн 15, 162 дугаар тал/

            6. Нэхэмжлэгч “Э” ХМБ нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг баг, Нутгийн удирдлагын ордны хойд талд 9 давхар “Соёл урлагийн барилга” барих “Барилгын ажлын зөвшөөрөл”-ийг авч, барилгын ажлаа явуулж байхад нь ОАГХБХБГ-аас 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 117 дугаартай албан бичгийг хүргүүлсэн байна. /1 дэх ХХ-ийн 34 дүгээр тал/

            7. Дээрх 117 дугаартай албан бичиг нь Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 /Барилгын үйл ажиллагаанд хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлага болон иргэний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа талаар хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад санал, хүсэлт, гомдол гаргах эрхтэй/ дахь заалтын хүрээнд иргэдээс “барилгын ажлыг эсэргүүцсэн санал, гомдлыг удаа дараа гаргаж байгаа...” тул “Э” ХМБ-д барилга угсралтын ажлыг нэн даруй зогсоож, иргэдэд эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж тухайн талбайн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг мэдэгдэж, БЭЗ-61-02/22 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлжээ. /1 дэх ХХ-ийг 34, 85-86 дугаар тал/

8. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт” гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан болон үйл ажиллагааг ойлгоно” заасан байдаг.

9. Дээрх маргаан бүхий 117 дугаартай албан бичиг нь ОАГХБХБГ-аас “Э” ХМБ-д олгосон БЭЗ-61-02/22 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлж байгаа тухайгаа мэдэгдсэн, өөрөөр хэлбэл эрх зүйн шууд үр  дагавар бий болгож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж буй шийдвэр бөгөөд уг шинжээрээ захиргааны актад хамаарч байна.

10. “Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалт нь иргэдээс санал гомдол гаргах эрхтэй болохыг зохицуулсан хуулийн заалт бөгөөд  Захиргааны байгууллага нь иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын мөрөөр нэхэмжлэгчийн барилга барих үйл ажиллагааны явцад нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар шалгаж тогтоогоогүй болох нь шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар болон шүүхээс уг байдлыг нотлосон баримтыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтыг газраас шаардсан боловч ирүүлээгүй үйл ажиллагаагаар тус тус нотлогдож байна. /2 дахь ХХ-ийн 159 дүгээр тал/.

11. Тиймээс хариуцагч /ОАГХБХБГ/ нь дээрх хуулийн заалтаар “Э” ХМБ-ын барилгын үйл ажиллагааг түдгэлзүүлэхээр 117 дугаартай захиргааны актыг гаргасан нь үндэслэлгүй.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туай хуулийн 32 дугаар зүлийн 32.8 /Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй/, 57 дугаар зүйлийн 57.2 /...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ/ гэж тус тус заасан.

13. Өөрөөр хэлбэл хариуцагч нь маргаан бүхий захиргааны актын үндэслэлээ нотлох бөгөөд энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий 117 дугаартай захиргааны актын үндэслэл болгосон гэх 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ОАЗД-д хандсан 160 иргэдийн хүсэлтэд үнэлэлт өгч шийдвэрлэв. /1 дэх ХХ-ийн 134-139 дүгээр тал/

14. Дээрх 160 иргэд нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ОАЗД-д хандсан бөгөөд маргаан бүхий 117 дугаартай албан бичгээс цаг хугацааны хувьд хойно, тодруулбал 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 117 дугаартай албан бичгээс 23 хоногийн хойно гарч буй нь хариуцагч шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл /Захиргааны үйл ажиллагааны зарчим/-ийн 4.2.5 /зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх/-д заасан зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

15. Түүнчлэн маргаан бүхий 117 дугаартай албан бичгийн талаар хариуцагч тал “Э” ХМБ-д “урьдчилж мэдэгдээгүй” талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нараас  тайлбарласан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 /бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах/, 27 дугаар зүйлийн 27.5 /Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна/ заасныг хэрэгжүүлээгүй байна.

            16. “ОАЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/350 дугаар захирамжийг хууль бус тул хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

            17. ОАЗД-ын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Эдэлбэр газрын хэмжээ өөрчлөх тухай” А/907 дугаар захирамжаар “Э” ХМБ-д /урлаг соёлын байгууллагын зориулалттай/ 400 м.кв газрыг 4 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, эзэмших эрхийн 000013713 дугаар гэрчилгээ олгосон байна.  /1 дэх ХХ-ийн 15,  166-170 дугаар тал/

            18. Дээрх А/907 тоот захирамжаар “Э” ХМБ нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, Нутгийн удирдлагын ордны хойд талд газар эзэмшиж байсан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/350 дугаартай захирамжаар эзэмшиж буй газрыг хүчингүй болгож, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 7А хороололд шилжүүлж шийдвэрлэжээ. /1 дэх ХХ-ийн 14, 15 дугаар тал/

19.Маргаан бүхий захиргааны акт нь газрын асуудлыг шийдвэрлэсэн захиргааны акт тул уг захиргааны актын эрх зүйн үндэслэлд  дүгнэлт өгөх учиртай.

            20. Хариуцагч ОАЗД-аас маргаан бүхий 2022 оны А/350 дугаартай захирамжийн үндэслэлээ “...Э” ХМБ-ын барьж буй барилгын ажлыг иргэд эсэргүүцэж санал, хүсэлт гаргасан тул Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 /шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол/, 49.3.5 /нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд/, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 /аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна/-д заасныг тус тус үндэслэн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд “Э” ХМБ-ын гаргасан хүсэлтийн дагуу газрын байршлыг шилжүүлж шийдвэрлэсэн” гэж тайлбарлаж байх ба мөн энэ талаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд дэмжиж оролцов.

            21. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө хэрхэн ямар байдлаар учирсаныг тус тус шалгаж, бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд уг байдлыг шалгаж тогтоогоогүй болох нь нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            22. Захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т /Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн/, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1  /хуульд үндэслэх/, 4.2.5 /зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх/, 4.2.8 /хууль ёсны итгэлийг хамгаалах/ гэж тус тус заасныг баримтлан ажиллах зарчимтай.

            23. Хариуцагч ОАЗД-аас “Э” ХМБ-ын саналыг авсан гэх боловч нэхэмжлэгчээс “газрын байршлыг Цагаанчулуут баг, 7А хороололд шилжүүлэх санал гаргаагүй” гэж үгүйсгэсэн, шүүхээс энэ талаар нотолсон баримтаа ирүүлэхийг шаардсан боловч “Э” ХМБ-ын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №022/95 дугаартай албан бичгээс өөр баримт гаргаж ирүүлээгүй болно. /1 дэх ХХ-ийн 116,  149-151, 156, 161-162 дугаар тал

            24. Дээрх №022/95 дугаартай албан бичигт “Э” ХМБ-аас газрын байршлын талаар дурдаагүй бөгөөд нэхэмжлэгчийг “Цагаанчулуут баг 7А хороололд шилжүүлэх санал гаргаагүй” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч болон өмгөөлөгч Б.Б, Э.Х, У.Б нарын тайлбарыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

            25. Түүнчлэн маргаан бүхий А/350 дугаартай захирамжийн талаар “Э” ХМБ-д мэдэгдээгүй, уг шийдвэрээ гардуулаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

            26. Хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 /иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд/ зааснаар сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарласан боловч “Э” ХМБ нь “Цагаанчулуут баг, 7А хороололд газар эзэмших хүсэлт гаргаагүй байхад түүний Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, Нутгийн удирдлагын ордны хойд талд байршилтай 400 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгож эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...“Э” ХМБ-ын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн учир сонсох ажиллагаа явуулаагүй...” гэх тайлбар үндэслэлгүй.

            27. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2 Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”,  32.3.2-т “тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.4-т “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө” гэж тус тус зохицуулсан.

28. Иймд “Э” ХМБ-аас Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 7А хороололд газраа шилжүүлэн эзэмших хүсэлт гаргаагүй байхад ОАЗД-аас 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” №А/350 дугаартай захирамж гаргаж, АЗД-ын 2019 оны №А/907 дугаартай захирамжаар эзэмшиж байсан газрыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

            29. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан /бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах/ зарчмыг хариуцагч ОАЗД-аас хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

         30. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Эрхийн гэрчилгээгээр газар эзэмшүүлэх шийдвэрийн талаар үүссэн маргааныг энэ хуулийн 60.1.1-д заасны дагуу шийдвэрлэнэ”, 60 дугаар зүйлийн 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд шууд хандсаныг хуульд нийцнэ гэж үзэв.          

        31. Иймд дээрх хуульд заасан үндэслэлүүд болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “ОАГХБХБГ-ын 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” №117 дугаартай албан бичиг, АЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” №А/350 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            32. “Э” ХМБ /РД:1191446/ нь 2001 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №01 дугаар шийдвэрээр үүсгэн байгуулагдаж, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн №000133883 тоот гэрчилгээг авсан байна. /2 дахь ХХ-ийн 163-166 дугаар тал/

            33. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн ирүүлсэн  Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №05/3898 дугаар албан бичиг, “нийтийн мэдээллийн төв 2000 онд үүсгэн байгуулагдсан болохыг нотлох”-оор гаргаж ирүүлсэн Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Нийтийн мэдээллийн дарга томилж, чөлөөлөх тухай” №89 дүгээр тогтоол,

            34. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-аас  Фэйсбүүк /facebook/ “ЗОХИМЖ shopping center, Bolor Erdene, Батжаргал Сэмжид хаягаас гаргаж өгсөн 3 ширхэг фото зургийн хуулбар, маргаан бүхий газрын хашаанд иргэдээс наасан гэх 2 хуудас фото зургийн хуулбар, CD зэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь /захиргааны хэргийн шүүх  хэрэг хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй/ хэсэгт зааснаар хэрэгт хамааралгүй, түүнчлэн эх сурвалж нь тодорхойгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй арга хэрэгслээр олж авсан гэж дүгнэн уг баримтуудыг нотлох баримтаас тус тус хасах нь зүйтэй гэж,

            35. “Э” ХМБ нь 2022 оны 02 дугаар сард маргаан бүхий газрыг хашаалж, газар шорооны ажил эхлүүлсэнтэй холбоотойгоор 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэр бүхий 160 иргэдээс ОАЗД-д уг газартай холбогдох асуудал /үр хүүхдүүдийнхээ аюулгүй байдлын төлөө нэгдэж гаргасан/-ыг шийдвэрлүүлэхээр хандсан хүсэлт бөгөөд маргаан бүхий газар эзэмших эрхтэй ямар нэгэн байдлаар холбоогүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдүүд гэж үзэхгүй бөгөөд тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах үндэслэлгүй гэж,

            36. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч нь барилгын ажлыг хийж гүйцэтгэх явцад учирсан гэх 80,000,000 /наян сая/ төгрөг болон бусад  хохирлоо тусад нь шүүхэд нэхэмжлэх боломжтой тухайгаа шүүх хуралдаан дээр тайлбарласан тул шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж,

            37. Нэхэмжлэгч Б.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Л.О, хариуцагч ОАЗД С.Б, аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Ц нарт шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч хүрэлцэн ирээгүй бөгөөд “тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой” гэх шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын саналыг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт /... хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ/ зааснаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж тус тус дүгнэсэн болно.

            38. Мөн иргэдийн төлөөлөгч С.Ж нь Орхон аймаг, Жаргалант сум, 3 дугаар баг, Дулаан уул гэх газраас сонгогдсон боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр үргэлжлүүлэхэд татгалзахгүй” гэх саналууд гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно...” гэж заасныг баримтлан түүнийг оролцуулахгүй шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны ерөнхий хуулийн 4  дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.3, 49 дүгээр зүйлийн 49.3.3, 49.3.5, Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3.2, 32.4, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Э” ХМБ-ын ОАЗД болон аймгийн ГХБХБГ-т тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ОАГХБХБГ-ын 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” №117 дугаар бүхий албан бичиг, мөн АЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/350 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн ЗДТГ-аас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг, аймгийн ГХБХБГ-аас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг, мөн илүү төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.          

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Д.САРАНГЭРЭЛ

 

                                            ШҮҮГЧИД                                 Б.БАТЧИМЭГ

                                                    

                                                                                                П.УУГАНЦЭЦЭГ