Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 119/ШШ2023/0015

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Ю” ХХК

                Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Ц

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Г

Хариуцагч: “Э” ТӨҮГ, “Э” ТӨҮГ-ын ТҮХ

Хариуагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Л, Б.Б, И.Б нарын хоорондын

“Э” ТӨҮГазарт “2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, ТҮХ-ны “2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар  шийдвэрийг хүчингүй болгох”, “2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20220710… дугаар тендерт тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, хариуцагч “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.Б, И.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ю” ХХК “Э” ТӨҮГ болон ТҮХ-д холбогдуулан “ТҮХ-ны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэр, “Э” ТӨҮГ-аас “Э” ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгож,  “Э” ТӨҮГазраас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20220710... дугаартай тендерт “Ю” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, гэрээ байгуулахыг захиалагч буюу “Э” ТӨҮГазарт даалгах” шийдвэр гаргуулахаар маргаж байна.

2. “Ю ” ХХК нь “Э ТӨҮГ-ын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах  ЭҮТӨҮГ/20220710... дугаар нээлттэй цахим тендерт оролцжээ.

3. Хариуцагч “Э” ТӨҮГ-аас 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ112-12/931 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Ю ” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн тендерт шалгараагүй гэж ТҮХ дүгнэснийг мэдэгдсэн байна.

4. 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5. Нэхэмжлэгч “Ю ” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

1. Захиалагчийн техникийн тодорхойлолтын шаардлага буюу Хөдөлгүүрийн хүчин чадал 1750-1900 rpm, 1082-1180 kw, 1400-1598 морины хүчтэй байх шаардлага тавьсан. Манай компанийн санал болгосон техник нь 1194, 1600 морины хүчтэй ба энэ нь техникийн шаардлагыг хангах төдийгүй илүү хүчтэй гэсэн үг. Санал болгосон техникийн хүчин чадал нь техникийн шаардлагаас илүү өндөр буюу илүү хүчтэй байгаа нь давуу тал болохоос татгалзах шалтгаан болохгүй гэж тодорхойлжээ.

6. Нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн зүгээс “Э” ТӨҮГ, ТҮХ-той холбоотой дараах шаардлагыг гаргасан байгаа. 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн бүх тендерээс татгалзаж дахин тендер шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах мөн хүнд даацын өөрөө буулгагч автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийлгэхийг даалгах гэж эцсийн байдлаар шаардлагаа тодорхойлсон байгаа.

 Тендер 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр анх зарлагдсан. Ингээд нэхэмжлэгч болон бусад оролцогч нарын зүгээс техникийн тодорхойлолттой холбоотой 4 удаагийн гомдлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан. Эхний явцад “Komatsu” буюу түүнтэй дүйцэх гэдэг нь өрсөлдөөнийг хязгаарласан байна гэдэг байдлаар техникийн тодорхойлолтоо хуульд нийцүүлэх шаардлагатай гэдэг шийдвэрийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас анх өгсөн. Үүний дараа техникийн тодорхойлолтыг шинэчлээд явууллаа гэсэн. Гэтэл “Komatsu” гэдгээ арилгасан нь хэлбэрийн хувьд техникийн тодорхойлолтын хувьд яг л “Komatsu”-гийн шаардлагыг тавьсан байна гэдэг шалтгаанаар  2 дахь удаагаа хүчингүй болгосон. 3 дахь удаагаа энэ асуудлыг шийдвэрлэхдээ ялгаагүй, дүйцэх гэдэг нэр томъёо хэрэглэхгүй зөвхөн “Komatsu”-д зориулж өрсөлдөөнийг хязгаарласан байдал хэвээрээ байгаад байна энэ шийдвэрийг биелүүл гэхэд захиалагчийн зүгээс ингэх боломжгүй байна гэж үзээд уг асуудлыг хуулийн байгууллагаар шийдүүлэх хэмжээнд хүрч байж 4 дэх удаагийн техникийн тодорхойлолт гарч тендер явагдсан.

 Ингээд 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тендер шалгаруулалтыг явуулаад энэ тендер шалгаруулалтаар “Т буюу “Komatsu” нийлүүлэгч байгууллага шалгарсан. Үүнтэй холбоотой гомдлыг нэхэмжлэгчийн зүгээс Сангийн яамаар урьдчилан шийдвэрлүүлсэн. Сангийн яамнаас “Ю” ХХК-тай холбоотой тендер дээр дахин үнэлгээ хийе гэдэг байдлаар нэг шийдвэр, “Т” буюу “Komatsu” нийлүүлэгч байгууллагын тендер санхүүгийн чадавхийн буюу гэрээ дүгнэсэн акт зэрэг баримтууд байхгүй байгаа учраас үүнийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасан.

ТҮХ 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр, 03 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр ямар нэгэн байдлаар үг үсэг, үндэслэлийн зөрүү байхгүй. Нэгэнт “Т” ХХК тендерийн шаардлагад нийцэхгүй гэдэг нь дээд шатны байгууллагаар тогтоогдсон учраас энэ тендерийг бүх тендерээс татгалзах байдлаар шийдвэрлэсэн. Захиалагч талын техникийн үзүүлэлт тендерийн бичиг баримтад заасан техникийн тодорхойлолтыг дахиж үнэлэх байтал өмнөхтэйгээ адил байдлаар техникийн тодорхойлолтоор ирүүлээд байгаа тайлбар, албан бичгээр өгөөд байгаа техникийн үзүүлэлт тодорхойлолтууд нийцэхгүй байна гэж яг ижилхэн 2 дахь удаагийн шийдвэрээ гаргаад явсан. Ийм учраас шүүхэд энэ тендертэй холбоотой шийдвэрүүдийг, захиалагчийн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, ҮХ-ы бүх тендерээс татгалзаж дахин тендер явуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус учраас энэ шийдвэрийг хүчингүй болгож дахин тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу хийж өгөх ийм шаардлагыг гаргаж байна.

Техникийн үзүүлэлтэй холбоотой зүйлүүдийг тодруулья. Гурван асуудал яригдаад байгаа. ТҮХ-ны тайлбар, хурлын тэмдэглэл дээр даацын асуудал яригдаад байгаа. ТҮХ-ны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан байгаа. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан хүчингүй болгох үндэслэлтэй гэж гаргасан. Захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно. ТҮХ-ны шийдвэрийг хүчингүй болгуулах ийм шаардлага гаргаж байгаа юм. Учир нь ҮХ-ы шийдвэр гараад дараа нь захиалагчаас ҮХ-ы шийдвэрт үндэслээд энэ шийдвэрээ гаргаж байгаа. Тэгэхээр энэ шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д заасан илт хууль бус акт. Ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэг үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор гаргаж байгаа. ТҮХ-ны шийдвэрийг шүүх эхлээд үүнийг хүчингүй болгох үндэслэлтэй байна уу, үгүй гэдэг үндэслэл яригдах ёстой. Тендерийн үйл ажиллагааныхаа дагуу ч гэсэн тендерийн хорооныхоо шийдвэрийг үндэслээд захиалагчийн мэдэгдэл явж байгаа учраас хүчингүй болсон тохиолдолд энэ бол илт хууль бус болох юм гэдэг ийм үндэслэлээр гаргаж байгаа юм. ҮХ-ы хурлын тэмдэглэл дээр даацын асуудал, хурдны хайрцаг, хөдөлгүүрийн хүчин чадал гэсэн 3 асуудал яригдсан байдаг. Тендерт оролцогч “Ю” ХХК-иас техникийн тодорхойлолт дээрээ тодорхой заагаад өгсөн. Автомат хурдны хайрцагтай гэдгээс цахилгаан шатлалтай энэ хөдөлгүүр нь дэвшилтэт буюу дараагийн шатны үзүүлэлттэй эвдрэл багатай, ашиглалт ажиллах хүчний зардал багатай техникийн үзүүлэлт дээр үндэслэж гарч байгаа үзүүлэлт. Тендерийн зарчмаар эргээд харвал  үр ашигтай хэмнэлттэй буюу өндөр технологийг бага үнээр худалдаж авах л ийм зарчим яригдаж байгаа. Гэтэл бид нар илүү хүчин чадалтай, зардалд хэмнэлттэй ийм техник хэрэгслийг нийлүүлэх санал ирүүлсэн. Тэгэхээр хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.” гэв.  

7. Нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн өмгөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр болон 03 дугаар сарын 06-ны өдрийн “Э” ТӨҮГ-ын мэдэгдэл хүргүүлэх тухайд нэг үг, үсэг цэг, таслалын зөрүү байхгүй. Гэтэл 02 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдлийг Сангийн яам үндэслэлгүй байна, хүчингүй болгох ёстой дахиад үнэлье гэхэд яг адил үндэслэлээр дахиад манай тендерээс шалгаруулахгүй байх ч юм уу, нийцэхгүй байна гэж дүгнэх үндэслэлгүй болж байгаа юм. Өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагч талаас тайлбарлаж байсан. Сангийн яамны мэдэгдэлд өөрөө “Ю” ХХК-ийг шалгаруул гэсэн нэг ч үг, үсэг өгүүлбэр байхгүй гэж.. Сангийн яам бол хэзээ ч тийм мэдэгдэл явуулдаггүй. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тухайн гэрээ байгуулах эрх олгох нь өөрөө ҮХ-д хадгалагддаг учраас Сангийн яам үнэлгээг буруу үнэлсэн байна гэж үзэхэд Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийлгэ ингэж татгалзсан байгаа нь үндэслэлгүй байна. Гэтэл яг адилхан үндэслэлээр нэг үг, үсгийн зөрүүгүйгээр явуулж байгаа нь Сангийн яамны хүчингүй болгосон шийдвэрийг л дахиж гаргаад байгаа ийм үйлдэл болоод байгаа.

Б.Б төлөөлөгч боршур, сайтад заагаагүй гэдэг зүйл ярилаа. Гэтэл энэ хоёр мэдэгдлийн алинд нь ч энэ үндэслэлийг заасан зүйл байхгүй.  Хөдөлгүүрийн хүчин чадал, хурдны хайрцаг гэдэг 2 үндэслэлээр 2 мэдэгдэл хоёулаа ирсэн. “Э”  үндсэн тоног төхөөрөмж нь өөрөө белаз үйлдвэрийнх байдаг бүх засвар үйлчилгээ нь белаз дээр түшиглэдэг техник тоног төхөөрөмжийн хувьд илүү хэмнэлттэй гэдэг нь тодорхой. Нөгөө талаар өмнө нь шалгаруулсан байсан “Komatsu” маркийн техник нь өөрөө гидер механикийн ийм хөдөлгүүртэй тос масол, түлшний зарцуулалт ихтэй. Нөгөө талаар ил далд уурхайд явах нөхцөлд өөрөө “Э” ТӨҮГ өөрөө белаз маркийн автомашин хэрэглэдэг учраас хоёр белаз автомашин зөрөх өргөнтэйгээр хийсэн. “Komatsu”  маркийн автомашин нь 1.5 метрийн өргөн буюу эргээд хүнд үйлдвэр дээр гарахад 2 талаараа зөрөхөд хүртэл хүндрэлтэй нөхцөлүүд байсан. Энэ тендер шалгаруулалтыг манайх шалгараагүй болохоороо гомдол гаргаад гомдоод яваад байгаа асуудал огт биш. Үүнийг анх тендер зарласнаас эхлээд л явж байгаа. Шударга бус байна, зориуд эхлээд нэг компанид зориулаад тендер шалгаруулалт явуулаад байгаа юм биш үү, техникийн тодорхойлолтоо өөрчил гэж дөрвөн удаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргахад бүгдэд нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар шударга өрсөлдөөнийг хязгаарласан байна гэдэг үндэслэлийг тавьж байсан.

 Техникийн тодорхойлолтод заасан шалгуур илүү гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Тендерийн тухай хуульд зааснаар мэдээж үр ашигтай, өгөөжтэй чанартай техник хэрэгслийг бага үнээр нийлүүлэх гэж саналаа ирүүлсэн. Гэтэл Монголын түүхэнд илүү байна гэдэг үндэслэлээр татгалзсан тендер байхгүй байх. Дутуу байна гэдэг болохоос биш илүү байна гэж татгалзсаныг мэдэхгүй. Тендерийн техникийн тодорхойлолтдоо өөрөө дүйцэхүйц гэж оруулж ирж, удаа дараа гомдол гаргасны эцэст Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар удаа дараа албан бичиг хүргүүлсний эцэст сүүлдээ Авилгатай тэмцэх газар мэдэгдэнэ шүү гэдэг мэдэгдлийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Э” ТӨҮГ-т хүргүүлсний эцэст дүйцэхүйц гэдэг үгийг оруулж ирсэн. Дүйцэхүйц гэдэг үг нь өөрөө тэр болон түүнээс дээш чанарыг хэлж байгаа. Түүнээс биш ижил гэдэг чинь үндэслэлгүй байна гээд дүйцэхүйц гэдэг үгээр сольж орж байгаа чинь техникийн тодорхойлолтод заасан нэг бол адилхан эсхүл түүнээс илүү байна гэсэн ийм үгийг илэрхийлж байгаа юм. Тэгэхлээр дүйцэхүйц буюу бид нар дүйцүүлээд ирж байхад энэ үндэслэлгүй байна гэж байгаа нь тендерийг шударга бусаар явуулж Сангийн яамнаас хүчингүй болгосоор байтал ижил үндэслэлээр манай тендерээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.” гэв.

8. Хариуцагч “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Ю” ХХК-иас нийтдээ тодруулсан, өөрчилсөнтэйгээ холбогдуулаад 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 3 удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, тодруулсан. Хамгийн сүүлд 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байгаа. Тодруулахдаа 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн шаардлага гаргасан. Энэхүү шаардлагын хүрээнд авч үзэхээр илт хууль бус гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар 7 үндэслэл байгаа. Энэ  үндэслэлүүдийн яг аль үндэслэлд нь хамааруулж илт хууль бус гэж энэ актыг үзэж байгаа нь тодорхойгүй байна. Өмнөх 5 дугаар сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн шаардлагаа 05 дугаар сарын 18-ны тодруулсан биш өөрчилсөн байна гэж харж байгаа. Илт хууль бус гэж өөрчилсөн энэ шаардлага нь тодорхойгүй учраас үндэслэлгүй байна. Тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц-аас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар бүх тендерээс татгалзаж дахин тендер явуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах гэж ҮХ-д холбогдуулан энэ шаардлагаа тодруулсан гэж ойлгож байна. ТҮХ 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр үнэлгээгээ хийгээд тендерт 3 оролцогч тендер ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлд бүх тендерээс татгалзах талаар заасан байгаа. Тэгэхээр Үнэлгээний хороо тендерийг хянан үзээд 30.1.1-д зааснаар шаардлага хангасан нэг ч оролцогч байхгүй, тендер ирээгүй учраас бүх тендерээс татгалзаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрээ үндэслэлтэй гэж үзэж байгаа. Дараагийн нэг шаардлага нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан хүнд даацын өөрөө буулгагч автомашиныг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э” ТӨҮГ-т холбогдуулан гаргаад өөрчилж, тодруулаад байгаа нэхэмжлэлийн шаардлага маань ТҮХ-д холбогдуулж гаргаад байгаа шаардлагатайгаа авцалдахгүй байна. Логикийн хувьд ойлгохгүй байна. “Э” ТӨҮГ-т белаз гээд машин маань маш чухал ач холбогдолтой, хүдэр зөөвөрлөдөг “Э” ТӨҮГ-ын гол техник хэрэгсэл.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд худалдан авах ажиллагааны зарчмыг тодорхойлсон. Худалдан авах ажиллагааг өрсөлдөх тэгш боломжтой, хариуцлагатай, хэмнэлттэй зохион байгуулах ёстой. Энэ компаниас гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагууд нь ерөөсөө л манай компанийг шалгаруулж өг, мэдэгдлийг маань илт хууль бус захиргааны акт гэж үзээд байгаа юм байна. Үндэслэлгүйгээр шалгаруулж өг гэсэн нь энэ хуулийн зарчимд нийцэхгүй ийм нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаад байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Ямар үндэслэлээр захиалагчийн мэдэгдлийг илт хууль бус гэж үзээд байгааг өөрсдөөс нь тодруулмаар байна. “Ю” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан үндэслэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б мэргэжлийн хувьд үндэслэлээ тайлбарлаад явна.” гэв.

9. Хариуцагч “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: ““Ю” ХХК-иас ирүүлсэн тендерт техникийн тодорхойлолтод зааснаас давсан үзүүлэлт буюу техникийн тодорхойлолтын дээд хязгаар зааж өгсөн байгаа. Техникийн тодорхойлолтын 5 дахь бүлэгт албан ёсны боршур сайтын мэдээллийг ирүүлнэ гэсэн заалт байдаг. Албан ёсны боршур сайтыг ирүүлсэн бол харьцуулаад үзүүлэлтийг харуулсан байх ёстой. Хэрвээ ирүүлээгүй бол тендер ирүүлээгүйд тооцно гэсэн заалттай байгаа. Энэ компанийн ирүүлсэн тендерт албан ёсны боршур сайт зааж өгөөгүй байсан. Мөн хурдны хайрцаг гэсэн хэсэгт автомат хурдны хайрцаг гэж, техникийн тодорхойлолтын дагуу тендерт ирсэн бичиг баримт дээр түүнтэй дүйцэхүйц гэж заасан байгаа. Түүнтэй дүйцэхүйц цахилгаан дамжуулахтай автомашиныг санал болгосон байгаа. Хөдөлгүүрийн хүчин чадал  тендерийн тодорхойлолтод зааснаас зөрсөн. Дүйцэхгүй гэх шалтгаан нь хурдны хайрцаг дүйцэхгүй шалтгааныг миний зүгээс болон манай үйлдвэрт байдаг технологийн болон холбогдох хүмүүс техникийн тодорхойлолтыг зохих журмын дагуу үзэхэд хурдны хайрцаг гэдэг маань өөрөө ажиллах зарчим, цахилгаан дамжуулахтай хурдны хайрцаг буюу яг хурдыг хайрцагладаг тоног төхөөрөмж байхгүй гэдэг үүднээс татгалзсан байгаа юм.” гэв.

10. Хариуцагч “Э” ТӨҮГ-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн тендерийг Сангийн яамны бичгийн дагуу дахин үнэлгээ хийгээд дахин мэдэгдэл өгсөн. Техникийн тодорхойлолт үнэхээр шаардлагад нийцэхгүй гэж татгалзсан байгаа. Өөрсдөө шалгараагүй учраас манайх шалгарах ёстой гэж сүүлийн үед бүх компаниуд иймэрхүү хандлагатай болчихоод байна. Уг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер маань явж байгаа. Үүнд энэ компани шаардлагад нийцэхгүй учраас татгалзсан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 1. Нэхэмжлэгч “Ю ” ХХК нь “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ, ҮХ-д тус тус холбогдуулан ““ТҮХ-ны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэр, “Э” ТӨҮГазраас “Э” ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгож,  “Э” ТӨҮГ-аас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2022071..... дугаартай тендерт “Ю” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, гэрээ байгуулахыг захиалагч буюу “Э” ТӨҮГазарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц “Э” ТӨҮГазарт “2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, ТҮХ-ны “2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар  шийдвэрийг хүчингүй болгох”, “2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2022071... дугаар тендерт тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж,тодруулсан.

3. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг  үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.  

4.    ““Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1. “Э” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2022 оны  07 дугаар сарын 08-ны өдрийн А/459 дугаартай “Үнэлгээний хороод байгуулах тухай” тушаалын 10 дугаар хавсралтаар “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” /ЭҮТӨҮГ/2022071008/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсны дагуу ТҮХ 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тендер сонгон шалгаруулалтыг зарласан байна.

4.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу тендерт оролцогч нар тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэд хэдэн удаа гомдол гаргаж байсан ба тендерийн баримт бичигт байгаа зөрчлийг арилгуулах талаар холбогдох үүргийг өгч засуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

4.3. ТҮХ 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тендерийг үнэлж, “Э” ТӨҮГ-ын хэрэгцээт “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” худалдан авах  ЭҮТӨҮГ/2022071008 тоот тендерт ҮХ-ны гишүүдийн 100 хувийн саналаар шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж   “Т” ХХК-ийн DDP-Э ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 28.490.000.000 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзжээ. 

4.4. Нэхэмжлэгч “Ю” ХХК захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасны дагуу 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/1049 дугаар албан бичгээр “Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье.”  гэсэн хариуг хүргүүлжээ. 

4.5. Монгол Улсын Сангийн яамны албан бичгийн дагуу ТҮХ 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дахин үнэлгээ хийж, ““Э” ТӨҮГ-ын хэрэгцээт “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” худалдан авах  ЭҮТӨҮГ/20220710... тоот нээлттэй тендерт шаардлагад нийцсэн нэг ч тендерт оролцогч байхгүй учир бүх тендерээс татгалзаж ...” шийдвэрлэжээ.

4.6. ТҮХ-ны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар “Ю” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзээд “...тендерт оролцогч “Ю” ХХК-ийн ирүүлсэн техникийн тодорхойлолтын хөдөлгүүрийн хүчин чадал 1194 квт, 1600 морины хүчтэй, хурдны хайрцаг хувьсах тогтмол гүйдлийн цахилгаан хөтлөгчтэй, хүчний генератортой, 2 цахилгаан хөдөлгүүртэй, дугуйн цахилгаан моторын редуктор, тохируулгын аппарат, бичил удирдлагын системтэй, хяналтын төхөөрөмжтэй гэж ирүүлсэн нь шаардлагад нийцэхгүй учир тухайн тендерээс татгалзах нь зүйтэй гэж үзэн ҮХ-ны гишүүдийн 100 хувийн саналаар нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан байна.

4.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  “Техникийн тодорхойлолт” гэсэн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “тухайн бараа ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус зориулалт, эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн болон тухайн бараа, ажил, үйлчилгээ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шалгуур үзүүлэлтээр тодорхойлох” гэж заасан хуулийн шаардлагын дагуу техникийн тодорхойлолтоо хийжээ.

4.8. “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин”-д тавигдах “Техникийн тодорхойлолт” /1 хавтаст хэргийн 204 хуудас/-д “Хөдөлгүүрийн хүчин чадал: 1750-1900 rpm, 1082-1180 kw, 1400-1598 морины хүчтэй 4 тактын усан хөргөлттэй, турбинтэй” гэж, Хурдны хайрцаг: Автомат хурдны хайрцагтай, урагш 6-с багагүй, ухрах 2-с ихгүй шатлалтай эсхүл түүнтэй дүйцэх. Даац: 140тн-оос 150 тн-ын хооронд” гэж тус тус заасан байна.

4.9. Нэхэмжлэгч “Ю” ХХК техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн шүүх хуралдаанд гаргасан “Хөдөлгүүрийн хүчин чадал 1080-1180 квт чадалтай хөдөлгүүр буюу тухайн хөдөлгүүрийнхээ чадлыг зааж өгсөн. 1194 квт буюу 14 квт-аар илүүг нь татгалзаж байгаа үндэслэл нь илүү чадалтай тухайн автомашины  даац хөлийнхөө чадлаас хамаараад илүү чадалтай хөдөлгүүр гаргаж байгаа юм бол тухайн автомашины даац өндөр байх ёстой. Хөдөлгүүрийн чадал нь өндөр байвал даац нь өндөр байх ёстой. Гэтэл ирүүлсэн тендер нь хөдөлгүүрийн чадал нь илүү мөртлөө даац нь хамгийн бага буюу 140 тонны даацтай машин байсан. 140 тонн ч биш албан ёсны сайт дээр 136 тонны даацтай гэсэн үзүүлэлттэй байгаа. 1600 морины хүч гэдэг нь тухайн үед хөдөлгүүрийн гаргаж байгаа чадлыг морины хүч буюу европын болон Америкийн нэгдсэн системд хамааруулж үзэхдээ 1600 морины хүч заавал хөдөлгүүрийн хүчин чадалд хамааруулж явдаг байсан. 1600 морины хүч гэдэг нь хөдөлгүүрийн чадалтай харьцуулсан морины хүчээр илэрхийлсэн нэгж нь. Хүч илүү гэдэг маань хөдөлгүүрээс гаргаж байгаа чадал буюу эргэлтийн момент өндөр байна. Эргэлтийн момент өндөр гэдэг нь тухайн хүчийг дамжуулаад гаргаж байгаа машин маань тэр хэмжээгээрээ даац өндөртэй буюу үйлдвэрийн уулын нөхцөлд бүтээмж өндөр байх ёстой гэдэг утгатай. Тийм болохоор илүү чадалтай мөртлөө хамгийн бага даацтай, хамгийн бага хурдтай автомашин санал болгож байгаа нь эдийн засаг хувьд  бүтээл багатай гэсэн үг. Бүтээл гэдэг маань нэг рессийг хийх хурд, хурдатгал, дундаж хугацаа тухайн авто машины даац юм.” гэсэн тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 4.10. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “ҮХ-оос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт/ гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна.” заасан ба 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ТҮХ-ны 08 дугаар шийдвэрт нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн санал болгосон Белаз7513D загварын даацын  асуудлыг хэлэлцсэн байна. 

4.11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д “нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт, эсхүл гэрэл зураг, тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт бичиг” гэж заасны дагуу “Ю” ХХК нь Беларусь улсын худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Белаз-холдинг” холдингийн толгой компани “Белаз” НХК-ийн №43.7/411-1 дугаартай Өөрийн үйлдвэрлэл эрхлэх “ГЭРЧИЛГЭЭГ” тендерт ирүүлжээ.

4.12. Тус гэрчилгээ нь  “Белаз-холдинг” холдингийн толгой компани “Белаз” НХК хавсралтанд байгаа “Белаз” маркийн автомашиныг өөрөө үйлдвэрлэлд  хамрагдахыг баталсан баримт байна. Гэрчилгээний хавсралтын 41 дугаарт “Белаз 7513D” маркийн автосамосвал нь “90 тонн”-ын даацтай автосамосвалын жагсаалтад байгаа нь нэхэмжлэгч “Ю” ХХК тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан “Даац: 140-150 тонн” гэсэн шаардлагыг хангаагүй болох нь нотлогдож байна.

4.13. Мөн нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар техникийн тодорхойлолтод заасан автосамосвалын даацын шалгуур дээр мэтгэлцдэг ба хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийн дагуу “Belaz.By” гэсэн сайтыг  нотлох баримтын хүрээнд үзэхэд нэхэмжлэгч компанийн тендерт ирүүлсэн “Белаз 7513D” маркийн автосомосвал нь 130-136 тоннын даацтай болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч компанийг техникийн тодорхойлолтын шалгуурыг хангасан гэж үзэх үндэслэлгүй байна.  

4.14. Иймээс ТҮХ-ны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаас “Ю” ХХК-иас ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу “шаардлагад нийцээгүй” тендер гэж дүгнэн, 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт зааснаар “бүх тендерээс татгалзах”-аар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

5. Нэхэмжлэгчийн “Э” ТӨҮГазрын “2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд:

5.1. “Э” ТӨҮГ-ын хэрэгцээт “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТҮХ 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж бүх тендерээс татгалзсан тухай 08 дугаар шийдвэрийг  гаргасан байна.

5.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” заасныг үндэслэн ДҮ-112-12/931 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдлийг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. 

 5.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “ ...бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ.”, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д ”Захиргааны актыг хаягласан этгээд болон, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ.” гэж тус тус заасны дагуу “Э” ТӨҮГ ТҮХ-ны шийдвэрийг “2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгдэж, нэхэмжлэгч компанид хүргүүлсэн нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

6. “2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2022071... дугаар тендерт тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг даалгах” нэхэмжлэлийн тухайд:

6.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу “Тендерийг хянан үзэх”,  28 дугаар зүйлд заасан “Тендер үнэлэх”, 29 дүгээр зүйлд заасан “Гэрээ байгуулах эрх олгох” шийдвэрүүдийг мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д “Тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно.” гэж зааснаар Үнэлгээний хороо  захиалагчид шийдвэрээ хүргүүлэх зохицуулалттай.

6.2. ЭҮТӨҮГ/2022071... дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “Ю” ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлага хангаагүй, нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан ҮХ-ны шийдвэр хууль зөрчөөгүй, хууль бус болох нь тогтоогдоогүй тул тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

6.3. Иймд Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “ Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.” гэснийг захиргааны байгууллага зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1,  27 дугаар зүйлийн 27.2, 27.4,  30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн “Э” ТӨҮГ, ТҮХ-д тус тус холбогдуулан  гаргасан ““Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”, “2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох”,  “тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож,  “Ю” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.БОЛОРМАА