Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2023/02672

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Т

Хариуцагч: О.Х

 

Зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, гэрч А.Б  шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Т О.Х 20,000,000 төгрөг зээлээч гэсэн саналын дагуу өөрийн Хаан банкны ... тоот дансанд байсан 5,000,000 төгрөгийг тус тус О.Х руу шилжүүлсэн байдаг. 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хаан банкны данснаас 4,000,000 төгрөг, мөн дараа нь 11,000,000 төгрөг шилжүүлсэн. 11,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг бусдаас зээлсэн. Бусдаас зээлэхдээ хүүтэй зээлсэн. Б.Т бусдаас зээлсэн 10,000,000 төгрөгийн хүүг дараах байдлаар төлж барагдуулсан. 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 3 сарын 02-ны өдөр үндсэн мөнгө 10,000,000 төгрөг, хүүд 2,000,000 төгрөг тус тус төлсөн. О.Х-н бусдаас зээлүүлэх замаар авсан 10,000,000 төгрөгийг төлөхгүй байсны улмаас Б.Т уг 10,000,000 төгрөгийн хүнд 5,000,000 төгрөг төлсөн. Иймд О.Х-с Б.Т-н бусдаас зээлж авч өгсөн 10,000,000 төгрөг, хүү 5,000,000 төгрөг, мөн өөрийн данснаас шилжүүлсэн 5,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөгийг Б.Т-д олгож өгнө үү гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулжээ. Ингэхдээ өөрийн эзэмшлийн ХААН банкны ... тоот дансаар дамжуулан 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 4,000,000 төгрөгийг О.Х руу шилжүүлсэн гэсэн шаардлагаасаа татгалзаж, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Төгөлдөр гэх хүний данснаас О.Х..н 1805 1012 62 тоот данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн, уг гүйлгээг Т Б.Т хэлсний дагуу хийсэн. О.Х бусдаас зээлдүүлэх замаар авсан 10,000,000 төгрөгийг төлөхгүй байсны улмаас Б.Т уг 10,000,000 төгрөгийн хүүд 5,000,000 төгрөг төлсөн. Иймд О.Х нийт 20,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: ... О.Х нийт 14,800,000 төгрөгийг Б.Т төлсөн. Мөн Б.Т, О.Х нар гэрээг бичгээр байгуулаагүй, хүү алданги тохиролцоогүй. Б.Т бусдаас хүүтэй мөнгө зээлсэн асуудал нь О.Х асуудал биш. Б.Түвшинжаргал, О.Х нарын хооронд хүү алданги нэхэмжлэх эрх үүрэг үүсээгүй тул хүү алданги төлөх ёсгүй. Нийт 14,800,000 төгрөгийг төлсөн нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргажээ.

  3. Нэхэмжлэгчээс Хаан банкны ... дугаар дансны хуулга /хх 5-12/, хариуцагчаас Худалдаа хөгжлийн банкны ... дугаар дансны хуулга /хх 36-37/, Худалдаа хөгжлийн банкны ...дугаар дансны хуулга /хх 38-39/, Хаан банкны 5041228228 дугаар дансны хуулга /хх 40-51/, Хас банкны ... дугаар дансны хуулга /хх 70/ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Голомт банкнаас ... дугаар дансны хуулга /хх 23/ гаргуулж, хариуцагчийн хүсэлтээр гэрч А.Б, Б.Т нарыг асуусан байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний төлбөрт 15,000,000 төгрөг, хохиролд 5,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлээ бүрэн төлсөн тул төлөх төлбөргүй гэж маргажээ.

  6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Т нь А.Б дамжуулан 11,000,000 төгрөгийг О.Х-д шилжүүлсэн болох нь Голомт банкнаас ... дугаар дансны хуулга, гэрч А.Б мэдүүлгээр тогтоогдож байна. Хариуцагч энэ талаар маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч нь Б.Т-р дамжуулан 5,000,000 төгрөгийг О.Х-д шилжүүлэн болох нь тогтоогдохгүй байна. Б.Т нь 5,000,000 төгрөгийг Д.Д-с зээлэн О.Х шилжүүлсэн болох нь Хас банкны ...дугаар дансны хуулга болон гэрч Б.Т-н мэдүүлэгтэй тохирч байна.

Мөн хариуцагчаас 14,800,000 төгрөг буцаан авсан талаар нэхэмжлэгч маргаагүй бөгөөд энэхүү үйл баримт нь хариуцагчийн худалдаа хөгжлийн банкны ....дугаар дансны хуулга, худалдаа хөгжлийн банкны ... дугаар дансны хуулга, хаан банкны ... дугаар дансны хуулга хуулгаар тогтоогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч хүү тохирсон эсхүл, хариуцагчийн буруугаас 5,000,000 төгрөгөөр хохирсон болохоо баримтаар нотлоогүй байна.

7. Зохигчид зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар маргаагүй боловч нэхэмжлэгч 15,000,000 төгрөг зээлсэн гэснийг хариуцагч эс зөвшөөрч, 11,000,000 төгрөг зээлсэн гэж гэрээний үнийн дүнгийн талаар маргажээ.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 19,000,000 төгрөг гаргуулах шаардлагын 4,000,000 төгрөгөөс татгалзсан болон хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 14,800,000 төгрөг төлсөн үйл баримтаас үзэхэд талуудын хооронд 14,800,000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардахын тулд хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байх ёстой.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгчээс шилжүүлсэн 14,800,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулжээ.

 

Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний дагуу мөнгө шилжүүлснээр мөнгөн зээлийн гэрээ байгуулагддаг тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, хариуцагч зээлсэн мөнгийг төлж, аман гэрээгээр тохиролцсон үүргээ Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхгүй болжээ.

8. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүргийг зөрчсөний улмаас бусдад төлсөн 5,000,000 төгрөгийн хохирол гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. зааснаар хариуцагч О.Х зээлийн гэрээний үүргийг зөрчсөний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байхыг шаардана. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байх тул хохирол хариуцах үндэслэлгүй юм.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар О.Х-д холбогдох, 20,000,000 төгрөг гаргуулах тухай Б.Т нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ