Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01799

 

 

 

 

 2023 09 22 210/МА2023/01799

 

Б.Т...ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24ий өдрийн 102/ШШ2023/02672 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Т...ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Х....д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.З... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. О.Х... 20,000,000 төгрөг зээлээч гэсний дагуу өөрийн Хаан банкны 5517... тоот дансанд байсан 5,000,000 төгрөгийг түүнд шилжүүлсэн. 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 4,000,000 төгрөг, мөн дараа нь 11,000,000 төгрөг шилжүүлсэн. Уг 11,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг бусдаас зээлсэн байсан.

 

1.2. Б.Т... бусдаас зээлсэн 10,000,000 төгрөгийн хүүг дараах байдлаар төлж барагдуулсан. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр үндсэн мөнгө 10,000,000 төгрөг, хүүд 2,000,000 төгрөгийг төлсөн. Бусдаас зээлж авч О.Х...д өгсөн 10,000,000 төгрөгийг төлөхгүй байсны улмаас Б.Т... уг 10,000,000 төгрөгийн хүүд 5,000,000 төгрөг төлсөн.

 

1.3. Иймд зээлсэн 10,000,000 төгрөг, хүү 5,000,000 төгрөг, мөн өөрийн данснаас шилжүүлсэн 5,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг гаргуулна.

 

1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан.

Өөрийн эзэмшлийн ХААН банкны 5517100413 тоот дансаар дамжуулан 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 4,000,000 төгрөгийг О.Х...д шилжүүлсэн гэсэн шаардлагаасаа татгалзаж, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б.Т...ын зааварчилгаагаар Б.Т...ийн данснаас 5,000,000 төгрөгийг О.Х...ийн 1805 1012 62 тоот дансанд шилжүүлсэн. Иймд О.Х...аас нийт 20,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

2.1. Хариуцагч нь 14,800,000 төгрөгийг Б.Т...д буцаан төлсөн.

 

2.2. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү, алданги авахаар тохиролцоогүй. Б.Т... бусдаас хүүтэй мөнгө зээлсэн нь О.Х...ийн асуудал биш. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар О.Х...д холбогдох, 20,000,000 төгрөг гаргуулах тухай Б.Т...ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М....оос шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

 

4.1. Нэхэмжлэгч, хариуцагч, гэрч Б.Т... нар байлцан 5,000,000 төгрөгний гүйлгээг хийсэн. Б.Т... нэхэмжлэгчээс өгсөн даалгаврын дагуу хариуцагчийн санал болгосноор гүйлгээ хийсэн. Энэ нь түүний мэдүүлгээр нотлогддог учраас нэхэмжлэгч дээрх мөнгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. Б.Т.... дээрх мөнгийг хэнээс авч шилжүүлсэн нь энэ хэрэгт ач холбогдолгүй.

 

4.2. Нэхэмжлэгч бусдаас мөнгө зээлдэн авч хариуцагчаар ямар нэгэн үйл ажиллагаа гүйцэтгүүлэхийн тулд шилжүүлээд уг ажлыг гүйцэтгээгүй учраас мөнгөө буцаан гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагч уг мөнгийг өгөхгүй байсан. Нэхэмжлэгч бусдаас зээлж авсан мөнгөний хүүд 5,000,000 төгрөг төлж хохирсон нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар нотлогддог.

 

Иймд зохигчийн хоорондын зээлийн гэрээтэй холбоотой харилцаа үүсээгүй байхад шүүх уг харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.Нэхэмжлэгч нэхэмжлэлээ зээлийн гэрээний үүрэг зөрчснөөс үүссэн хохирол гэсэн агуулгаар шаардлага гаргасан гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй.

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 5,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчд олгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

 

5.1. Шүүх хэргийн баримтын хүрээнд үндэслэлтэй шийдвэрлэсэн. Учир нь хариуцагчийн зүгээс 14,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн тухай баримтыг хавтас хэрэгт өгсөн. Хариуцагч О.Х... өөрийн данснаас Б.Т...д нэлээн хэдэн удаагийн гүйлгээгээр 14,900,000 төгрөгийг шилжүүлсэн, нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй.

 

5.2. Зохигч нь бичгээр байгуулсан гэрээ байхгүй. Хүү, алданги хариуцах үүрэг байхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.Т... нь хариуцагч О.Х...д холбогдуулан гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ...11,000,000 төгрөгийг зээлж авсан, гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү, алданги, хохирол шаардах эрхгүй, төлбөрийг төлж барагдуулсан гэж маргажээ. /1-р хх 1-2, 67-68, 85-87/

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

3.а. Б.Т...ын 5517.... тоот данснаас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 11,000,000 төгрөгийг О.Х....ийн дансанд шилжүүлсэн. Энэ талаар талууд маргаагүй. /1хх 7/

3.б. Хариуцагчийн ...14,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан гэх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэн маргаагүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

3.в. Хэрэгт 5,000,000 төгрөгийг Д.Д....ос гэрч Б.Т... авч, хариуцагч О.Х...д шилжүүлсэн талаар Хас банкны 5002.... тоот дансны 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуулга, Б.Т....ийн өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг баримт авагджээ./1-р хх70, 81-82/

4. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

4.а. Хариуцагч О.Х... нь нийт 11,000,000 төгрөг л зээлж аваад буцаан 14,800,000 төгрөг төлсөн, гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү, алданги төлөхгүй, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэсэн бол нэхэмжлэгч нь Б.Т...т зааварчилгаа өгч 5,000,000 төгрөгийг О.Х...д нэмж шилжүүлснээ гаргуулна, мөн бусдад хүүд төлсөн 5,000, 000 төгрөгийг хохиролд гаргуулна гэж маргасан.

 

4.б. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэргийн баримтаас талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул нэхэмжлэгч Б.Т...аас хариуцагч О.Х...д 11,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтаар зээлийн харилцаа үүссэн гэж үзнэ.

4.в. Нэхэмжлэлд дурдсан 5,000,000 төгрөгийг Д.Д...оос гэрч Б.Т... зээлж, хариуцагч О.Х...д шилжүүлсэн, тусдаа харилцаа болох нь түүний шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг болон Хасбанкны 5002... тоот дансны 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуулга зэрэг баримтаар тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5. Нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо бусдаас мөнгө зээлдэн авч хариуцагчаар ямар нэгэн үйл ажиллагаа гүйцэтгүүлэхийн тулд шилжүүлээд уг ажлыг гүйцэтгээгүй учраас мөнгөө буцаан гаргуулахаар нэхэмжилсэн гэх боловч энэ талын баримт хэрэгт авагдаагүй.

 

5.б. Мөн талууд бичгээр гэрээ байгуулаагүй тул хугацааны талаар дүгнэх, хариуцагчийн гэрээний үүрэг зөрчсөн хугацааг тодорхойлох баримтгүй, хүү, анз, хохирол гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй тул 5,000,000 төгрөг нэмж гаргуулах нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М...ийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/02672 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ми.... ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД