Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2023/02755

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, Ерөнхий шүүгч Р.Алтантуяа, шүүгч Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Н

Хариуцагч: Г.Э

Гэм хор учруулсны хохиролд 7,281,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н, түүний өмгөөлөгч М.Т, хариуцагч Г.Э, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Э.Мөнххэрлэн нар оролцов. Зохигчид иргэдийн төлөөлөгч Б.Б-г оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Миний бие 2016 оноос Солонгос улс руу хэд хэдэн удаа явж ирж байсан. 2021 оны 12 дугаар сарийн 20-ны өдөр Г.Э эхнэр Ц.Ө нар хадам ээжийнхээ 16 дугаар хороололд байдаг хашаа байшинг танд барьцаалаад 15.000.000 төгрөг зээлчих гэхэд надад тийм их мөнгө байхгүй тухай хэлэхэд үнэмшихгүй уурлан өөрийн гэртээ намайг хэвтэрт ортол зодож гэмтээснээс болж миний толгой одоо хүртэл өвддөг болсон. Тухайн өдөр зодуулсны улмаас тархи толгой, хүзүү гэмтэж, уруулын дотор хэсэг сэтэрч урд талын шүд суларсан гэмтэл учирсан. Зодуулснаас болж зургаан сар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж харж хандах хүнгүй, гэртээ ганцаараа зовж шаналж сэтгэл санааны цочролд орж мөнгөгүй болж санхүүгийн хүндрэлд орсон. Тухайн үед хамаатан садан байсан тул цагдаад мэдэгдээгүй боловч дахин доромжилж гомдоосон тул цагдаад арга буюу гомдол гаргасан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгаас хэрэг бүртгэлийн ...дугаартай хэргийг Э-д холбогдуулан үүсгэж нээсэн. Гэвч зодуулсан даруй эрх зүйн мэдлэг дутмагаас цагдаад хандах, шинжээч эмчид үзүүлж, шинжээчийн дүгнэлт гаргуулах зүйлийг цаг хугацаа алдсаны улмаас хариуцагч миний эрүүл мэндэд хохирол учруулсан ч шинжээч эмчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч амбултороор эмчид үзүүлж, эмчлүүлсэн картад 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зодуулсан тухай бичигдсэн. Уг карт дээр 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд удаа дараа шинжилгээ хийлгэсэн талаар байгаа. Г.Э-г энэ үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно гэсний дагуу зөрчлийн торгох хариуцлага хүлээсэн. Улсын ерөнхий прокурорын орлогч М.Ч хариу мэдэгдэх хуудсанд Эрүүл мэндэд учирсан хохирол, гэм хорыг шүүхээр нэхэмжлэх таны эрхийг хязгаарлахгүй гэж дурдсан тул дээрх өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол гэм хорыг нэхэмжилж байна. гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэл гаргахдаа 15,000,000 төгрөг нэхээд түүнээс болж зодсон гэдэг. Мөнгөнөөс болж маргаан үүсээгүй, юунаас болж маргалдсан гэдгийг хэсэгхэн дурдлаа. Тэгвэл яагаад нэхэмжлэлдээ түүнийг дурдаагүй юм бэ. Мөн намайг зодсон уруул амийг нь сэт цохисон гээд шүүхэд материал бүрдүүлж өгсөн байна лээ. Би хүлээн зөвшөөрөхгүй. Би таныг зодоогүй багалзуураас чинь түлхэж савчхаад эхнэр хүүхдээ аваад гарсан. Гэхдээ яагаад намайг тийм байдалд оруулснаа та өөрөө мэдэж байгаа. Намайг гэртээ иртэл бөөн хэрүүл байсан. Би тэсээд байгаад байтал үнэхээр болохгүй үг хэлсэн. Миний хүүхдийг дагаврын шээс янхантай дагуулж ирчхээд гэж хэлсэн. Ийм үгийг сонсоод би багалзуураар нь хойш түлхчхээд эхнэр хүүхдээ аваад гарсан юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Урьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдсэн асуудлыг дахин өөр шүүхэд өгснийг ойлгохгүй байна. гэв.

3. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Баянгол дүүргийн 25 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх 4/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 6/, Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 1/388 дугаар хариу мэдэгдэх хуудас /хх 7/, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4/437 дугаар хариу мэдэгдэх хуудас /хх 8/, Манал оточ /ор хоног, үзлэг, шинжилгээ/ 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 665,000 төгрөгийн кассын орлогын ордер болон 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Удам эмнэлгийн 300,000 төгрөг /хх 9/, 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн шүдний эмчийн үйлчилгээнд 10,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Сонор эмийн сангийн 57,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Сафир эмийн сангийн 12,000 төгрөг /хх 10/, 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Сафир эмийн сангийн 78,600 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Лемон 27-ийн 18,750 төгрөг /хх 11/, 2022 оны 5 дугаар сарын 26-ны Улайстай фармын 5,700 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Удам эмнэлгийн 200,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 30-ны А ХХК-ийн 95,000 төгрөг /хх12/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн кассын орлогын ордер /хх 13/, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 8800 төгрөг /хх 14/, Өрнөх тэнгэр ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 5,000 төгрөг /хх 15/, Улайстай фармын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 5,150 төгрөг /хх 16/, фото зураг угаалгасан 2000 төгрөг /хх 19/, Шүүхийн тусгай архивын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 8,990 төгрөг /хх 20/, Д.Б тодорхойлолт /хх 21/, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өмгөөлөгч Б.Э-т 500,000 төгрөг өгсөн баримт /хх 22/, 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өмгөөлөгч М.Т-т 1,500,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 23/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 24-31/, фото зураг /хх 32-40/, хариуцагчаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 5235 дугаар шийдвэр /хх 67-76/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 379 дүгээр магадлал /хх 77-83/ тус тус баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь эрүүл мэнддээ гэм хор учирснаас үүссэн хохиролд 7,281,100 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хохирол үндэслэлгүй гэж маргажээ.

  6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Г.Э нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн гэртээ байхдаа нагац эгч Ч.Н-тай маргалдаж, түүнийг түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд хохирол учруулсан боловч тухайн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжгүй байсан учир Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 100,000 төгрөгөөр торгуулжээ. Энэ талаар зохигчид маргаагүй бөгөөд Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 1/388 дугаар хариу мэдэгдэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 5235 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 379 дүгээр магадлал, хариуцагчийн багалзуурдаад хүлхэж унагаад гарсан гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Харин хариуцагчийн гэм буруугүй гэсэн тайлбар дээрх тогтоогдсон үйл баримтаар үгүйсгэгджээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн М эмнэлгийн /ор хоног, үзлэг, шинжилгээ/ 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 665,000 төгрөгийн кассын орлогын ордер болон 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Удам эмнэлгийн 300,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн шүдний эмчийн үйлчилгээнд 10,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Сонор эмийн сангийн 57,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Сафир эмийн сангийн 12,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Сафир эмийн сангийн 78,600 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Лемон 27-ийн 18,750 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 26-ны Улайстай фармын 5,700 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Удам эмнэлгийн 200,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 30-ны А ХХК-ийн 95,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өмгөөлөгч Б.Э-т 500,000 төгрөг өгсөн баримтуудын талаар урьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 5235 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 379 дүгээр магадлал гарчээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тус тус зааснаар дээрх баримтуудыг үнэлэх боломжгүй болжээ.

Мөн гэрчээр оролцвол зохих этгээд болох Д.Б-с тодорхойлолт гаргуулсныг нотлох баримтад тооцохгүй бөгөөд шүүх санаачилгаараа гэрчээр оролцуулах, мэдүүлэг авах эрхгүй юм.

Мөн нэхэмжлэгчийн шаардлагадаа хавсаргасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн кассын орлогын ордер, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 8800 төгрөг, Ө ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 5,000 төгрөг, Улайстай фармын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 5,150 төгрөг, фото зураг угаалгасан 2000 төгрөг, Шүүхийн тусгай архивын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 8,990 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өмгөөлөгч М.Т-т 1,500,000 төгрөг шилжүүлсэн баримтуудын зарим хэсэг нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар шийдвэр гарах үед шаардаж байсан 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарч байхаас гадна гэм хор учруулсан үйлдэлтэй шалтгаант холбоотойг нэхэмжлэгч нотлоогүй байна.

7. Иргэний хуульд зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцож болохыг хуульчилсан байх ба зөрчлөөс үүдэн хохирол бий болох явдлыг гэм хор учруулсан гэж үзнэ. Энэхүү хуульд заасан нөхцөл бүрдсэнээр үүсэх үүргийг шаардахад хууль бус үйлдлийн улмаас бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд хохирол учирсан байхыг шаардана.

Хариуцагч Г.Э нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Ч.Н эрүүл мэндэд хохирол учруулсан учир Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно заасны дагуу 100,000 төгрөгөөр торгуулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, эрүүл мэндэд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй зааснаар зохигчийн хооронд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүсжээ.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаардана.

Хэрэгт авагдсан баримтаар Г.Э-с нэхэмжлэгч Ч.Н-н биед гэмтэл учруулсны улмаас нэхэмжлэгчид Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 8,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 8800 төгрөг, Ө ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 5,000 төгрөг, Улайстай фармын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 5,150 төгрөг, фото зураг угаалгасан 2000 төгрөг, Шүүхийн тусгай архивын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 8,990 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өмгөөлөгч М.Т-т 1,500,000 төгрөгийн зардал тус тус гарсан гэж үзэх үндэслэл эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн баримтууд нь Г.Э-н үйлдэлтэй шууд шалтгаант холбоо тогтоогдохгүй байгаа юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс эмчлүүлсний зардал, олох ёстой байсан орлого, эмчилгээнд таксигаар явсны хөлс, сэтгэл санааны хохирол, хууль зүйн үйлчилгээ авсны төлбөрөө Г.Э-н үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойг баримтаар нотлоогүй байна.

Мөн нэхэмжлэгч олох ёстой байсан орлогод 1,560,000 төгрөг гаргуулахаар шаардахдаа гэм хор учруулсан үйлдлийн улмаас Бүгд найрамдах Солонгос улсад очиж ажиллаагүй учир орлого олоогүй гэжээ. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед  гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно. зааснаар нэхэмжлэгчид гэмтлийн зэрэг тогтоогдоогүй учир ажиллах боломжгүй болсны улмаас ашиг, орлого шилжин очих байж гэж дүгнэх үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч гэм хорыг нөхөн арилгах үүргийг нөхцөлдүүлж байгаа тэр үйл явдал болоогүй бол уг ашиг орлого өөрт нь шилжин очих байсныг болон тогтмол ажиллаж байсан боловч гэм хор учирсны улмаас ажиллах боломжгүй болсныг баримтаар нотолж чадсангүй.

Түүнчлэн сэтгэл санааны хохиролд 2,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хуульд тусгайлан заасан тохиолдлын улмаас эдийн бус гэм хорыг арилгахад 2,000,000 төгрөг шаардагдана гэдгийг нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байна.

9. Иймд хариуцагч Г.Э-с гэм хорын хохиролд 7,281,100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

10. Шүүхээс Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ... тушаалын хавсралтаар батлагдсан иргэдийн төлөөлөгч Б.Б-т шүүх хуралдааны товыг мэдэгдэж, эрх, үүргийг тайлбарласан боловч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн тул иргэдийн төлөөлөгчийг оролцуулаагүй болно.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Э-д холбогдох, Ч.Н-н нэхэмжилсэн 7,281,100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131,448 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА

ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ