Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01780

 

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01780

 

Ч.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2023/02755 дугаар шийдвэртэй,

 

Ч.Нын нэхэмжлэлтэй,

Г.Эд холбогдох,

 

Гэм хорын хохиролд 7,281,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2021 оны 12 дугаар сарийн 20-ны өдөр Г.Э өөрийн эхнэр Ц.Өгийн хамт ирж мөнгө зээлээч гэхэд нь надад мөнгө байхгүй гэж татгалзахад  намайг зодож, надад тархи толгой, хүзүү гэмтэж, уруулын дотор хэсэг сэтэрч урд талын шүд суларсан гэмтэл учирсан. Зодуулснаас болж зургаан сар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж харж хандах хүнгүй, гэртээ ганцаараа зовж шаналж сэтгэл санааны цочролд орж мөнгөгүй болж санхүүгийн хүндрэлд орсон. Тухайн үед хамаатан садан байсан тул цагдаад мэдэгдээгүй боловч дахин доромжилж гомдоосон тул цагдаад гомдол гаргасан.

1.2. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгаас хэрэг бүртгэлийн - дугаартай хэргийг Г.Эд холбогдуулан нээсэн. Гэвч зодуулсан даруй эрх зүйн мэдлэг дутмагаас цагдаад хандах, шинжээч эмчид үзүүлж, шинжээчийн дүгнэлт гаргуулахад цаг хугацаа алдсаны улмаас  шинжээч эмчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч амбулаториор эмчид үзүүлж, эмчлүүлсэн картад 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зодуулсан тухай бичигдсэн. Уг карт дээр 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд удаа дараа шинжилгээ хийлгэсэн талаар байгаа.

1.3. Г.Э энэ үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно”гэж заасны дагуу зөрчлийн торгох хариуцлага хүлээсэн. Улсын ерөнхий прокурорын хариу мэдэгдэх хуудсанд “Эрүүл мэндэд учирсан хохирол, гэм хорыг шүүхээр нэхэмжлэх таны эрхийг хязгаарлахгүй” гэж дурдсан тул дээрх өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 7,281,100 төгрөгийг нэхэмжилж байна.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийг зодоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Намайг гэртээ иртэл бөөн хэрүүл болж байсан, миний хүүхдийг “дагаврын шээс янхантай дагуулж ирчихээд” гэж хэлэхэд нь би нэхэмжлэгчийг багалзуураас нь түлхчихээд эхнэр хүүхдээ аваад гарсан. Урьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдсэн асуудлыг дахин өөр шүүхэд өгснийг ойлгохгүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Эд холбогдох, Ч.Нын нэхэмжилсэн 7,281,100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131,448 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Г.Э нь хийсэн хэрэгтээ гэмшихгүй шүүх хурал дээр огт зодоогүй гэж хэлдэг ч шүүхийн хэлэлцүүлэгт миний асуусан асуултад багалзуурдаж түлхэж унагаасан гэж хариулсан. Шүүх ч хүний эрүүл мэндэд хохирол учирсан нь тогтоогдсон гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д тусгаж өгсөн байдаг. Эмчлүүлсэн зардал 1,469,100 төгрөг, олох ёстой байсан орлого 1,560,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 2,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хүртэл таксигаар үйлчлүүлсний хөлс 262,000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс 500,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 31-ний хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөр 1,500,000 төгрөг, нийт 7,291,100 төгрөгийг Г.Эгаас хүний биед халдаж эрүүл мэндэд гэм хор учруулсан тул хохирлыг нэхэмжилсэн.

4.2. Шууд учирсан хохирлыг хугацаа нь таараагүй байна гэдэг үндэслэлээр, эм тарианы мөнгө, олох ёстой орлого, зодуулсны улмаас учирсан хохирол болох сэтгэл санааны хохирлыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэдэг нь 2022 он гарахаас 10 хоногийн өмнө бөгөөд 2022 оны 1-6 сарын баримт хүчинтэй гэж үзэж байна. Шүүх үүнийг нягталж шалгаагүй зөвхөн 2021 оных болохоор 2022 оных хамаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.3. Г.Эд зодуулснаас болж нэхэмжлэгчийн бие нь удаан хугацаанд сайжрахгүй шаналж зовж 53 кг жинтэй байснаас 44 кг хүртэл турж, эцэж сэтгэл гутралд орж аажмаар хүндэрч Шар хадны Сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хурцын тасагт 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 22-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлж гарсан ба сэтгэц нь өөрчлөлттэй болсон нь харамсалтай байна. Хүний биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан бол түүнд учирсан гэм хорыг арилгах нь шударга ёсонд нийцнэ. Огт гэм хорыг арилгахгүй хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлгүй. Тухайн үед эмнэлгээр явахдаа таксигаар үйлчлүүлсэн нь шууд хохиролд тооцогдох ёстой.

4.4. “Шүүгч нэхэмжлэгчийг ярьж байхад нь хоёр удаа хөөж гаргана гэж хэлэхэд нь бүр ч сандарч хэлэх зүйлээ ярьж чадсангүй, шүүгч хүн ингэж хүн дарамталж болдог юм уу” гэж надаас асуугаад байсан.

4.5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм хор учирсан нь нотлогддог боловч шүүх хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудыг үнэлээгүй, хэргийн бодит байдлыг тогтоолгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд нь гомдол гаргаж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасныг зөрчсөн.

4.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлын хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч Г.Эд холбогдуулан гэм хорын хохиролд 7,281,100 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/05235 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2023/00379 дугаар магадлалаар Г.Эд холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 8,144,150 төгрөг гаргуулах тухай Ч.Нын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэж, хариуцагч Г.Эгаас гэм хорын хохиролд 130,000 төгрөг гаргуулж Ч.Нт олгож, нэхэмжлэлээс 8,014,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

3.1. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар Г.Э нь 2021 оны 12 дугаар сарын 20-ын өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 22а байр - орон сууцанд Ч.Нтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний биед халдсаны улмаас түүний биед гэмтэл үүсгэсэн боловч тухайн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болохыг тогтоосон үйл баримтыг дахин нотлохгүй юм.

3.2.Түүнээс гадна дээрхи шийдвэрээр өмгөөлөгч Б.-т төлсөн 500,000 төгрөг, “Манал оточ”-д 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 665,000 төгрөг, Удам эмнэлэгт 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 300,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүдний үзлэгт төлсөн 10,000 төгрөг, Сонор эмийн сангаас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн баримтаар 57,000 төгрөг, Лемон /Lemon/ 24 гэх газраас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн баримтаар 18,700 төгрөг, Сафир эмийн сангаас 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн баримтаар 78,650 төгрөг болон 12,000 төгрөг, Улиастай фармаас 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн баримтаар 5,750 төгрөг, Удам эмнэлгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн баримтаар 200,000 төгрөг, Ахим трейд ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн баримтаар 95,000 төгрөгөөр тодорхойлсон Ч.Нын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.      

3.3. Иймд 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах өмгөөллийн хөлс, үзлэг, шинжилгээ, эмчилгээтэй холбоотой төлбөрийн баримтуудаар тодорхойлогдох нэхэмжлэлийг хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн тул анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлэхгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

4. Ч.Нын амбулаториор эмчлүүлэгсдийн картад хийсэн эмчийн тэмдэглэлээс 2022 оны 02 дугаар сарын 16, 17, 23-ны өдрүүд, 03 дугаар сарын 09, 06 дугаар сарын 11-ний өдрүүдэд хийсэн эмчийн үзлэг нь дээр дурдсан шүүхийн шийдвэр гарахаас өмнөх хугацаанд хамаарч байх тул мөн шийдвэрт баримтаар үнэлэгджээ.

Шүүхийн шийдвэр гарсны дараа Ч.Н нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эмчид үзүүлсэн бөгөөд эмчийн заавраар эмчилгээ хийгдсэн гэх баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, “Өрнөх тэнгэр” ХХК-ийн эмийн сангаас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 5,000 төгрөг, “Улиастай фарм” эмийн сангаас 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 5,150 төгрөгийн баримтууд нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн эмчийн үзлэгээс өмнөх хугацаанд хамаарч байх бөгөөд эмчилгээтэй холбоотой өөр баримт хэрэгт авагдаагүй байна.

 

5. Дээр дурдсан шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд нэхэмжлэгч Ч.Нын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт заасан түүний эрүүл мэндэд учирсан хохиролтой шалтгаант холбоогүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ. Үүнд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас лавлагаа авах үйлчилгээнд төлсөн төлбөр /8,800 төгрөг/, шүүхийн тусгай архиваас лавлагаа авахад төлсөн төлбөр /8,990 төгрөг/ өмгөөлөгчид төлсөн хөлс /1,500,000 төгрөг/, гэрэл зураг угаалгахад төлсөн төлбөр /2,000 төгрөг/-үүд хамаарч байна.

 

6. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслээр үйлчлүүлсэн гэж баримтаар иргэн Д.Буяннэмэхийг тодорхойлолтыг гаргаж өгсөн боловч уг баримтыг гэрчийн мэдүүлэгтэй адилтган үнэлэх боломжгүй. Нэхэмжлэгч нь уг этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргаагүй байх тул шүүхэд гаргаж өгсөн дээрх баримтыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотлох баримт гэж дүгнэхгүй

 

7. Нэхэмжлэгч Ч.Нт эрүүл мэндэд нь гэм хор учирснаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон гэж тодорхойлж олох ёстой байсан орлого 1,560,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан журамд заасан гэмтлийн зэрэг Ч.Нт тогтоогдоогүй тул түүнийг хөдөлмөрийн чадвар алдсан гэж дүгнэхгүй юм. 

 

8. Ч.Нын нэхэмжлэлээс сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирол 2,000,000 төгрөг гаргуулах хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

9. Иймд хариуцагч Г.Эд холбогдох Ч.Нын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт нийцсэн гэж дүгнэв.   

 

10. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг зохиж журмын дагуу мэдэгдсэн, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх тухай зохигчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.  

 

11. Дээрх дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2023/02755 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Наас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,448 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД

 

  ШҮҮГЧИД                                                     Ш.ОЮУНХАНД

 

Э.ЗОЛЗАЯА