Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2023/02920

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Ө

 

Хариуцагч: НГ

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Г.Алтаннаран нар оролцов. Нэхэмжлэгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Ө Л.П нарт холбогдох Г ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт 56,345,018.96 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч Г ХХК-ийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх хүсэлтийн дагуу шүүгчийн захирамж гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Миний өмчлөлийн ....2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар оруулан худалдахаар үнэлгээ тогтоохдоо 115,460,000 төгрөгөөр тооцон үнэлсэн. Дээрх орон сууц нь одоогийн зах зээлийн үнэлгээ нь 250,000,000 төгрөг байгаа болно. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бидний орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр үндэслэлгүй үнэлсэнд гомдолтой байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үндэслэлгүй үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын .... дугаарт бүртгэлтэй ....өрөө орон сууцыг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ... тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ... тоот тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгчдийн зүгээс уг орон сууцыг 250 сая төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу Х ХХК-ийн шинжээч Ж.У-г томилж хөрөнгийн үнэлгээг тогтоолгоход уг орон сууцны зах зээлийн үнийг 115,460,000 төгрөгөөр тогтоосон. Уг үнэлгээний тайланг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч төлбөр төлөгч нарт 2023 оны ... тоот албан бичгээр мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 62 дугаар зүйлийн 62.1-д заасан эрх үүргийг тайлбарлан тэмдэглэл хөтөлсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 616 дугаар магадлал /хх 4-6/, ... 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 4-149/10856 дугаар төлбөр төлөгчид үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг /хх 8/, хариуцагчаас ...2023 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн 4-149/12699 дугаар мэдэгдэл албан бичиг /хх 16/, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 7/44 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдэл /хх 17/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1890 дугаартай гүйцэтгэх хуудас /хх 34/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19557 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /хх 35/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ...дугаар шийдвэр /хх 36-39/, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх 46/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4-149/1164 дугаар албан бичиг /хх 47-48/, эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай, ...хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх 49/, Н...газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 23370081/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, жагсаалт /хх 50-51/, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 52/, 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн талуудад эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл /хх 53-54/, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 55/, Н газрын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 23370081/03 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх 56-57/, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 58/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4-149/9516 дугаар мэдэгдэл /хх 59/, нэхэмжлэгч Н.Ө-н гаргасан үнийн санал болон шинжээч томилуулах хүсэлт /хх 60/, Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлт /хх 61/, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 4/204 дугаар шинжээч томилох тухай тогтоол /хх 62-64/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 65-90/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 4-149/10856 дугаар төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдсэн тухай албан бичиг /хх 91/, 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 93/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 4-149/12699 дугаар мэдэгдэл /хх 94/ тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

4. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч нь эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ...хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ зах зээлийн ханшнаас доогоор үнэлэгдсэн тул 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 259 дугаартай орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мэдсэнээс хойш 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гомдлыг шүүх хянан хэлэлцэх үндэслэл бүрджээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ... дугаар магадлалаар Н.Ө, Л.П нараас 56,345,018.96 төгрөг гаргуулан Г ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангаж шийдвэрлэжээ.

 

8. Энэхүү шийдвэрийг Н.Ө, Л.П нар сайн дураар биелүүлээгүйгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ...дугаартай гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үүсгэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 7 хоногоор тогтоож, уг тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураан авах ажиллагааг хийсэн байна.

 

Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг төлбөр төлөгч Л.П-д мэдэгдэж, уг ажиллагааг мөн өдрийн тэмдэглэлээр баталгаажуулжээ. Энэхүү ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл үйлдэнэ, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, ... мэдэгдэж болно., мөн зүйлийн 14.6 дахь хэсэгт Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, ...хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасантай нийцэж байна. Энэ талаар нэхэмжлэгч маргааны үндэслэлээ тодорхойлоогүй бөгөөд эд хөрөнгө хураагдсаныг мэдсэний үндсэн дээр шинжээч томилуулах хүсэлт гаргажээ.

 

9. Шийдвэр гүйцэтгэгч нь эрхийн улсын бүртгэлийн . дугаартай, ...орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, төлбөр төлөх хугацааг дахин 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 7 хоногийн хугацаа тогтоосон боловч төлбөр төлөгдөөгүй байхаас гадна төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар санал зөрж, шинжээч томилуулах хүсэлт хэн аль нь гаргажээ.

 

10. Иймээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авсан боловч үнийг тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 5/204 дугаар тогтоолоор шинжээч Х ХХК, Ж.У-г томилж, үнэлгээ тогтоолгожээ.

 

11. Шинжээч Х ХХК нь эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ....хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нийт 115,460,000 төгрөгөөр үнэлсэн байна. Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу дүгнэлт гаргуулах ажиллагаа явагджээ.

 

12. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээг үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлохоор заасан.

 

Шинжээч хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээ хийх ҮОУСтандарт болон зах зээлийн, өртгийн, орлогын хандлагаар тооцооллыг хийж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байна. Ийнхүү шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гаргахдаа ойролцоо байршлын, ижил шинж чанарын 3-аас доошгүй хөрөнгөтэй харьцуулан, хөрөнгийн талбай, байршил, өмчлөх эрх, сайжруулалт, хөрөнгийн биет байдал зэрэгт тохируулга хийжээ. Дээрх хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзвэл хөрөнгийн үнэлгээний дүгнэлтүүд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй гэж үзэх бодит үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч болон төлбөрт төлөгч нарын үнийн саналд 250,000,000 төгрөгийн үнэтэй гэсэн нь үндэслэлгүй байх ба Шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилж, үнэлгээ гаргуулахтай холбоотой ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

13. Хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гарсныг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, төлбөр төлөгчид мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэнэ гэсэн журмыг зөрчөөгүй байх тул үнэлгээг хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй.

 

14. Иймд эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 259 дугаартай үнэлгээ нь хууль болон төлбөр төлөгч нарын эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай,.... өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн.... дугаартай үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.Ө-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.ЗҮМБЭРЭЛ