Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01869

 

 

 

 

 2023 10 18 210/МА2023/01869

 

Н.Ө...ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/02920 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Ө...ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Ө..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.З... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн .... дугаар хороо, .... дугаар хороолол, Дилав Хутагт Жамсранжав гудамж АОС .... байрны .... тоот хаягт байрлах, 41,09 м.кв талбай ... өрөө орон сууцны үнэлгээг тогтоохдоо зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур буюу 115,460,000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Дээрх орон сууцны одоогийн зах зээлийн үнэлгээ нь 250,000,000 төгрөг болно.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үндэслэлгүй үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 102/ШШ2021/03493 дугаар шийдвэрээр Н.Ө..., Л.П... нараас 38,505,099 төгрөгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-220502.... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн .... дугаар хороо, .... дугаар хороолол, .... дугаар байрны ... тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцаар хангуулж, Го. ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгчийн зүгээс уг орон сууцыг 250,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлт ирүүлсэн.

2.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу Х... ХХК-ийн шинжээч Ж.У...г томилж, хөрөнгийн үнэлгээг тогтоолгоход орон сууцны зах зээлийн үнийг 115,460,000 төгрөгөөр тогтоосон.

2.4. Үнэлгээний тайланг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч төлбөр төлөгч нарт танилцуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан эрх үүргийг тайлбарлан тэмдэглэл хөтөлсөн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, эрхийн улсын бүртгэлийн Ү-22050... дугаартай, Баянгол дүүргийн .... дугаар хороо, .... дугаар хороолол, Дилав хутагт жамсранжав аос гудамж, ... дугаар байрны .... тоот хаягт байршилтай, 41.09 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 259 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.Ө...ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Банкны нэхэмжилсэн 56,345,018.96 төгрөгөөс өнөөдрийн байдлаар 35,000,000 төгрөгийн зээл үлдсэн. Үлдэгдэл төлбөрийг хуваарь гарган төлөх саналыг удаа дараа гаргасан боловч банк болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн авахгүй, зөвхөн байрыг дуудлага худалдаагаар оруулан худалдаж, өр төлбөрийг барагдуулах шаардлага тавьж байгаа.

4.2. Хөрөнгийн үнэлгээний тухай хулийн 10 дугаар зүйлд зааснаар үнэлгээ хийлгэж байгаа миний бие хөрөнгийн үнэлгээний тайланг баталгаажуулахаас өмнө тайлантай танилцах, тайлбар санал гаргах эрхтэй байхад энэ эрхийг минь хэрэгжүүлээгүй, хэт хурдан нэг талыг барьсан үнэлгээ болсон.

Иймээс хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээч болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль зөрчсөн гэж үзэж байна. Шүүхээс үнэлгээг дахин гаргуулах асуудалд анхаарал хандуулаагүй.

4.3. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байхад шүүх хурлыг хийсэн. Хэрэг хэлэлцэх явцад өмгөөлөгч авах хүсэлт гаргасан бөгөөд өмгөөлөгч олж чадаагүй байхад дараагийн шүүх хурал зарлагдсан. Миний бие шүүх хуралдаанд оролцож зарим асуудлын талаар тодруулахыг үнэхээр хүсэж байсан боловч, 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадлагаатай байсан ба сэтгэл санааны гүн хямралд орж, нойр булчирхайн архаг өрөвслөөр өвдөж, анхан шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй.

Иймд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн, өмгөөлөгч авч эрхээ хамгаалах боломжоор хангаагүй, эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзалгүй шууд шүүх хурлыг үргэлжлүүлсэнд гомдолтой байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Н.Ө... нь Н...т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ. /1-р хх. 1, 26/

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/03493 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Н.Ө..., Л.П... нараас 56,345,018.96 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 509,875.09 төгрөгийг тус тус гаргуулж Г... ХХК-д олгож, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Ү-220502.... дугаартай, Баянгол дүүрэг .... дугаар хороо, ... дугаар хороолол, .... дугаар байр, .... тоот хаягт байршилтай 41,09 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Н...т даалгаж, шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1-р хх 34-37/

3.б. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 23370081/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 23370081/03 тоот тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд тус тус заасан зохицуулалтад нийцжээ. /1-р хх. 48-49, 54-55/

3.в. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5/204 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Х... ХХК-ийн үнэлгээчин Ж.У... шинжээчээр томилж, шинжээч Х... ХХК-аас улсын бүртгэлийн Ү-220502.... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн .... дугаар хороо, .... дугаар хороолол, АОС гудамж .... дугаар байрны .... тоот хаягт байршилтай 41,09 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 115,460,000 төгрөг гэж тогтоожээ.

Уг үнэлгээний талаарх мэдэгдлийг Н...аас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 4-149/10856 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Н.Ө...д хүлээлгэн өгч, тэмдэглэлээр баталгаажуулжээ.

4. Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч орон сууцны үнийг зах зээлийн хандлагын аргыг ашиглан зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон байна. Ингэхдээ www.unegui.mn /үнэгүй.мн/, www.remax.mn зарын сайт дээр худалдахаар зарлагдсан тухайн үнэлэгдэх хөрөнгөтэй нэг байршилтай хөрөнгүүдийг харьцуулжээ.

4.а. Гэвч Баянгол дүүргийн .... дугаар хороо, .... дугаар хороолол, АОС гудамж .... дугаар байрны ... тоот хаягт байршилтай ... м.кв талбайтай, 2013 онд ашиглалтад орсон 2 өрөө орон сууцтай харьцуулж буй гурван орон сууцны хоёр нь 2008 онд ашиглалтад орсон байна. 2013 онд ашиглалтад орсон байрыг 2008 онд ашиглалтад орсон сууцтай харьцуулахдаа тохируулга хэрэглэж, үнэд зохицуулалт хийгээгүй нь уг үнэлгээг бодитой болсон гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн, хөрөнгийн үнэлгээг хийхдээ хөрөнгийн өмчлөгч, нэхэмжлэгч талыг байлцуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй.

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

5. Харин Н.Ө....ийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Улмаар хэргийг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хэлэлцэн шийдвэрлэсэн.

5.а. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох боломжтой байсан гэж үзнэ. Улмаар нэхэмжлэгч 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.б. Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг олгоогүй талаар гаргасан гомдол үндэслэлгүй. 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаагүй бөгөөд давж заалдах гомдол гаргахдаа эмнэлгийн магадлагаа хавсаргасныг давж заалдах шатны шүүх нотлох баримтаар нөхөж үнэлэх боломжгүй юм.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/02920 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, эрхийн улсын бүртгэлийн Ү-22050... дугаартай, Баянгол дүүргийн .... дугаар хороо, .... дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав аос гудамж,...  дугаар байрны 3 тоот хаягт байршилтай, 41.09 м.кв талбайтай, ... өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 115,460,000 төгрөгөөр үнэлсэн, шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 259 дугаартай үнэлгээг хүчингүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ө...ид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

  ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

Ш.ОЮУНХАНД