Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2023/03783

 

 

 

 

 

 

2023 08 29

101/ШШ2023/03783

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: J-ийн гаргасан,

 

Хариуцагч: Д-д холбогдох 14,080,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, хариуцагч Х, гэрчH, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Jминий бие Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчийн хувьд өөрийн эзэмшлийн  ХХК-ийг хариуцан ажиллуулдаг бөгөөд ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... зочид буудлын үйл ажиллагаанд зориулж өөрийн зүгээс 2022 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд ... цахим хуудаснаас халдаг гудас худалдана гэсэн зарын дагуу хариуцагч Хээс 128 ширхэг гудсыг нэг бүрийн 110,000.00 төгрөгөөр тооцож худалдан авсан.

Би, хариуцагчийн 88 тоот дугаарт руу залгаж захиалга өгч 128 ширхэг гудсыг 14,080,000.00 төгрөгөөр худалдаж авсан ба худалдан авагчийн хувьд халдаг гудасны төлбөрийг манай зочид буудлын ажилтан болох Эаар дамжуулж 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 50 ширхэг халдаг гудсыг хүлээн авч, 5,500,000.00 төгрөг, нарийн бичиг Цгаар дамжуулан үлдэгдэл 78 ширхэг гудсыг хүлээн авч 8,580,000.00 төгрөг, нийт 14,080,000.00 төгрөгийг төлсөн боловч хариуцагч нь надад төлбөрийг хүлээн авсан тухай баримт өгөөгүй.

 

Гэтэл миний бие халдаг гудаснуудыг зочид буудлынхаа өрөөнүүдэд тавьсны дараа 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай зочид буудлын үйлчлэгч 1105 тоот өрөөг цэвэрлэхээр ортол шатсан, түлэгдсэн үнэр гарч байсныг тэрээр надад хэлж, намайг ажилчидтайгаа хамт өрөөнд орж шалгаж үзэхэд дээрх худалдан авсан цахилгаанаар халдаг гудас нь хэт халалтын улмаас шатаж, орны даавуу, гудас, матрас түлэгдэж байсан. Ингээд би, энэ талаар хариуцагчид мэдэгдэж, чиний худалдсан гудас чинь биет байдлын доголдолтой, чанарын шаардлага хангаагүй, цаашлаад бусдын эд хөрөнгө, зочид буудлаар үйлчлүүлж буй иргэд, цэвэрлэгээ үйлчилгээ хийж байгаа ажилчдын эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц бараа бүтээгдэхүүн байна, тийм болохоор буцааж ав гэж хэлэхэд хариуцагч нь надад бараагаа буцаан авахгүй, сонголтоо та нар өөрсдөө хийсэн мөнгө байхгүй, очиж үзэх шаардлага байхгүй гэх мэт ойлгомжгүй үйлдэл гаргасан.

Энэхүү нөхцөл байдлыг үндэслэн хариуцагчийг эрүүгийн журмаар шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан боловч Сүхбаатар дүүргийн прокурорын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн хариу тайлбарыг үзвэл тэрээр нэхэмжлэгчээс 128 ширхэг халдаг гудасны төлбөрт 12,700,000.00 төгрөгийг хүлээн авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 1,380,000.00 төгрөгөөр багасгаж байна.

Бид, хариуцагчтай байгууллагын нэрээр худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй, нэхэмжлэгч нь өөрийн нэрээр тус гэрээг байгуулсан бөгөөд зочид буудлын зүгээс 1105 тоот өрөөнд амарч байсан үйлчлүүлэгчид халдаг гудсыг хэрхэн ашиглах талаар зааварчилгаа өгсөн ба түүнийг өрөөг хүлээлгэж өгсний дараа тухайн өрөөг цэвэрлэхээр ороход дээрх үйл явдал болсон байсан. Иймд, хариуцагчийг эд хөрөнгийн доголдолтой бүтээгдэхүүн худалдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь түүнтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагчид өгсөн 12,700,000.00 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие 2022 оны 11 дүгээр сард гэр бүлийн хүний ажиллуулдаг онлайн дэлгүүрийн Бнэртэй фэйсбүүк хуудас хаягаар Солонгос улсаас ирсэн халдаг гудас худалдах зар байршуулан борлуулж эхэлсэн. Тэр үед тодорхой дугаараас над руу залгаж 1 ширхэг гудсыг 120,000.00 төгрөгөөр Б компанийн хойно байрлах Жгэх газар хүргүүлж авсан. Намайг барааг хүргэж очих үед 50 гаруй насны Солонгос захирал, хэлмэрч эмэгтэй гэх хоёр хүн байсан бөгөөд гудсыг хүргэж өгөхдөө өөрийн дүүтэйгээ хамт очсон, яагаад гэвэл дүү маань олон жил Солонгос улсад байсан учир тус захирал гэх хүнтэй шууд харилцсан. Тэдгээр хүмүүс танай гудас чинь Солонгос бичигтэй Хятад гудас юм уу, эсхүл яг Солонгос гудас уу гэж асуухад нь Солонгос гудас гэж хэлэхэд шалгаж үзээд авсан юм.

 

Мөн би, эдгээр гудаснууд 8 төрлийн тохиргоотой, хүйтэн зуслангийн байшинд 1 эсхүл 2 дахь тохиргоон дээр нь тавиад унтахад л болдог, хэрэглэх үедээ хурдан халаахын тулд их дээр тавиад халсан хойно нь 1, 2 дугаар тохиргоо дээр тавихад болно, түүнчлэн дээр нь заавал нимгэн гудас /халдаг гудас дээр шууд даавуу тавихгүй байх/ бусад юм тавьж хэрэглэх ёстой гэсэн зааварчилгааг өгсөн. Үүнээс хойш нэхэмжлэгч нь 7 хоногийн дараа надтай дахин холбогдож 50 ширхэг гудас нэмж авсан. Манай зар дээр 10 ширхэгээс дээш гудас авбал 1 ширхэг гудсыг 110,000.00 төгрөг, 50 ширхэгээс дээш гудас авбал бол 100,000.00 төгрөг гэж бичсэн байсан. Ингээд нэхэмжлэгчид 50 ширхэг гудсыг нэг бүрийн үнийг 100,000.00 төгрөгөөр бодож 5,000,000.00 төгрөгөөр тооцоо хийсэн бөгөөд надаас баримт байгаа юу гэж асуухад баримт байхгүй гэж хэлтэл өөрсдөө тамгатай баримт дээр хүлээлгэж өгсөн гэж бичүүлээд гарын үсэг зуруулаад аваад явсан.

Ингээд дахин хэд хоногийн дараа нэхэмжлэгч нь надтай холбогдож 77 ширхэг /78 ширхэг биш/ гудас авсан. Нэхэмжлэгч тал анх надаас 1 ширхэг гудас авахад бид хоёр 30 минут орчим ярилцаад бүх зааварчилгааг өгсөн бөгөөд халдаг гудас дээрээ заавал нимгэн гудас эсвэл ямар нэг зүйл тавьж байж халалт нь жигд болж илүү тав тухтай болдог гэж хэлж тайлбарласан. Би, тухайн онлайн дэлгүүрийн хуудсаараа дамжуулан өөр бусад олон хүмүүст 1, 2 ширхэгээр болон 10, 20 ширхэгээр нийт 400 орчим ширхэг халдаг гудас зарж борлуулсан ба ихэвчлэн настай /хэвтэрт байгаа, эмнэлэгт хэвтэж буй/ болон бага насны хүүхэдтэй хүмүүс авсан. Тэдгээр хүмүүст ч мөн адил гудасны бүх л зааварчилгаагаа өгсөн ба эргээд нэг ч хүнээс гомдол санал ирж байгаагүй төдийгүй харин авсан хүмүүс цааш нь таньж мэддэг хүмүүстээ хэлж дахин холбогдож нэмж авч байсан. Энэ гудсыг миний ойр тойрны хүмүүс болох 60 гаруй насны эцэг эх, ах, өөрсдөө гээд олон хүмүүс хэрэглэж байгаа, ямар нэгэн асуудал гарсан зүйл байхгүй.

 

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад гудас халаад шатсан гэх даавууг харахад гаазаар үлээлгээд түлсэн мэт түлэгдсэн байгааг хараад ойлгохгүй байсан. Эхний 1 ширхэг гудас үзэж авахад Солонгос захирал нь өөрөө байсан, тэрээр энэ гудас ямар үнэ өртөгтэй зарагддаг талаар, ямар төрөл байдаг талаар мэдэж байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь халдаг гудсыг ямар горимоор ажилладаг вэ гэдгийг сайн мэддэг атал яг зарчмаар нь ажиллуулаагүй, сайн халаахын тулд хамгийн их дээр нь тавиад хонуулсан уу гэдгийг хэнч хэлж мэдэхгүй байна. Анх нэхэмжлэгчид эдгээр халдаг гудас Солонгост амьдардаг хүний оруулж ирсэн гудас, миний бие худалдан борлуулж өгч байгаа гэдгийг хэлсэн.

 

Гэтэл хэсэг хугацааны дараа нэхэмжлэгч талаас над руу холбогдож даавуу түлсэн учир бүгдийг нь буцаах хүсэлтэй тухайгаа хэлэхэд нь би өмнө нь хэлж байсанчлан эзэнд нь би мөнгийг нь шилжүүлсэн, асууж өгье гэсэн хариу хэлээд тухайн миний таньдаг Солонгос хүнээс асуухад нутаг руугаа буцсан байсан тул мөнгийг буцаах боломжгүй гэсэн. Сүүлийн 50 ширхэг гудас, мөн 77 ширхэг гудас авахын өмнө нэхэмжлэгч нь нэг бүрийн үнийг 90,000.00 төгрөгт бодож өгөх үү гэж асуухад нь би боломжгүй ээ гэдэг хариу өгөөд нэг бүрийн үнийг 100,000.00 төгрөгөөр бодож өгсөн.

Эдгээр хүмүүс ямар зорилготой нэг бүрийн үнийг 100,000.00 төгрөгөөр авсан гудсыг 110,000.00 төгрөгөөр авсан мэтээр нэхэмжлэлдээ дурдаж надаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Миний худалдан борлуулсан халдаг гудсанд ямар ч асуудал байхгүй, нэхэмжлэгч нь өөрөө зааварчилгааны дагуу ашиглаж чадаагүй, аль эсхүл 1105 тоот өрөөнд амарч байсан үйлчлүүлэгч нь буруу ашигласан ч байж болно. Энэ гудсыг худалдан авсан бусад хүмүүсээс өдий болтол ямар нэгэн гомдол санал ирээгүй байгаа гэдгийг дахин хэлэх хэрэгтэй байх. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.  Улсын тэмдэгтийн хураамжид 228,350.00 төгрөг төлсөн баримт,

2.  Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

3.  Иргэний үнэмлэхийн лавлагаа,

4.  Нотариатчийн тэмдэглэл,

5.  Фото зураг,

6.  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 1332 дугаар тогтоол,

7.  Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн албан бичиг,

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

1.  Хариу тайлбар,

2.  Фото зураг,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт

 

1.  Үзлэг хийсэн баримт,

2.  Гэрчийн мэдүүлэг.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч J-ээс хариуцагч Хэд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 14,080,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа 1,380,000.00 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 12,700,000.00 төгрөг нэхэмжилсэн.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Jнь Б/цаашид Б гэх/ иргэн ажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд 189.1-д Монгол Улсын шүүхээр гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнтэй холбогдолтой иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд тэдгээр нь хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн адил эрхтэй байна гэж, 189.2-т Монгол Улсын шүүх дор дурдсан олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой иргэний хэргийг өөрийн харьяалалд хамааруулан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна гээд 189.2.1-т нэхэмжлэлийн хариуцагч нь Монгол Улсад байнга оршин суудаг буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг гэж тус тус заасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Jнь гадаад улсын буюу Б-ын иргэн хэдий ч тэрээр Монгол Улсын хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол тус улсын иргэний нэгэн адил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдлэх бөгөөд хариуцагч Х нь Монгол Улсын иргэн бөгөөд байнга оршин суудаг тул энэ хэргийг Монгол Улсын шүүх хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй ба /lex fori/ зарчмын дагуу өөрийн улсын процессын хуулийг дагаж мөрдөнө.

 

2.            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Jнь B нэртэй цахим хуудсаар дамжуулан хариуцагч Хийн худалдан борлуулж байсан халдаг гудаснаас нийт 128 ширхэгийг 12,700,000.00 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон байна. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар зохигчдыг уг үйл баримтын талаар маргаагүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.4-т Талууд энэ хуулийн 549.1-д заасны дагуу хэрэглэх хуулийг сонгоогүй бол дор дурдсан талын оршин суугаа /оршин байгаа/ буюу үйл ажиллагааныхаа голыг явуулдаг улсын хуулиар тодорхойлно гээд 549.4.1-т худалдах, худалдан авах гэрээнд худалдагчийн гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, нэг талаас J, нөгөө талаас Монгол Улсын иргэн Х нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, улмаар тэдгээрийн хооронд маргаан /олон улсын иргэний хэрэг маргаан/ гарсан тохиолдолд худалдагч талын хуулиар тухайн маргааныг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул Монгол Улсын хуулийг хэрэглэнэ.

 

3.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал тохиролцсон үнийг хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.

 

Ингээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Jнь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 50 ширхэг халдаг гудас, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 78 ширхэг халдаг гудсыг тус тус хариуцагч Хээс худалдан авч, түүнд 12,700,000.00 төгрөгийг төлсөн байна.

 

4.            Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч J-ийн хариуцагч Хээс худалдан авсан халдаг гудаснуудаас ашиглаж байсан 1 /нэг/ ширхэг гудас нэхэмжлэгчийн ажиллуулдаг Жзочид буудлын 1105 тоот өрөөнд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шатаж, цаашид ашиглаж боломжгүй болсон байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтийг үндэслэн үзлэг хийсэн баримтаар тус 1 /нэг/ ширхэг халдаг гудас шатсан болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг доголдолтой эд хөрөнгө худалдсан гэсэн үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 12,700,000.00 төгрөгийг буцаан шаардаж байна.

 

5.            Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж, мөн 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээндээ худалдаж байгаа зүйлийн чанарын талаар тухайлан тохиролцсон бол уг тохиролцоогоор, хэрэв тохиролцоогүй тохиолдолд гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах боломжтой бол доголдолгүй гэж ойлгох ба хэрэв гэрээний зүйл доголдолтой бол худалдан авагч нь дээр дурдсан хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч буюу худалдан авагч тал доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байдаг.

 

Энэ тохиолдолд дээр дурдсан хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу талууд гэрээнээс татгалзсанаар гэрээг байгуулахын өмнөх нөхцөл байдал сэргээгдэх зарчимтай бөгөөд харилцан өгсөн, авсан зүйлээ буцаах эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг.

 

Гэвч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар худалдах, худалдан авах гэрээний зүйл болох халдаг гудаснууд доголдолтой болох нь тогтоогдсонгүй. Учир нь, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Jнь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг этгээд бөгөөд тэрээр хариуцагч Хээс 128 ширхэг гудсыг худалдан авахдаа нэгбүрчлэн шалгаж аваагүй байна.

 

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гээд 255.1.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл, зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч J-г аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг этгээд болон 128 ширхэг гудас бүрийг шалгаж аваагүй гэх үйл баримтын талаар маргаагүй бөгөөд нэгэнт нэхэмжлэгч нь эдгээр гудсыг зочид буудлын үйл ажиллагаандаа зориулж худалдан авахдаа шалган авах үүргээ биелүүлээгүй байх тул доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

6.            Мөн Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний зүйлийг тус хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д зааснаар худалдан авагчийн эзэмшилд шилжүүлснээр хүлээлгэн өгсөнд тооцох бөгөөд тийнхүү хүлээн авсан цагаас хойш эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжих журамтай.

 

Харин энэ хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7-д Эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж заасны дагуу хэдийгээр худалдан авагч тал гэрээний зүйлийг хүлээж авсан боловч доголдол нь эрсдэл шилжих үед анхнаасаа байсан бол тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжихгүй.

 

7.            Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус 1 /нэг/ ширхэг халдаг гудас нь анхнаасаа эрсдэл шилжих үед доголдолтой байсан нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь бусад 127 ширхэг гудсыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй буюу доголдолтой гэдгийг нотлохгүй байна. Тодруулбал, талууд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2-т тус тус зааснаар халдаг гудасны чанарын талаар гэрээгээр тохиролцоогүй тул зориулалтын дагуу ашиглах боломжтой байх тохиолдолд доголдолтой гэж үзэхгүй ба нэхэмжлэгч нь мөн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-д Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж зааснаар дундаас доошгүй чанартай гэдгийг нотлох ёстой байсан.

 

Нөгөө талаар шатсан гэх 1 /нэг/ ширхэг халдаг гудас нь 1105 тоот өрөөнд амарч байсан үйлчлүүлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, аль эсхүл бүрэн гүйцэт зааварчилгаа өгөөгүйн улмаас шатсан болох нь тус тус тогтоогдохгүй байх тул худалдагч буюу хариуцагчийг доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж шууд дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,350.00 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг үндэслэн Биргэн J-ийн гаргасан хариуцагч Хэд холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 12,700,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,350.00 төгрөгийг улсын орлого болгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР