Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/ма2023/01894

 

 

 

 

 

 

 

 

2023 10 27 210/МА2023/01894

 

 

Ж -гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/03783 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж -гийн хариуцагч Д.Х эд холбогдуулан гаргасан 12,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Д.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: 2022 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Bobo's оnline shopping цахим хуудаснаас халдаг гудас худалдана гэсэн зарын дагуу хариуцагч Д.Х ээс 128 ширхэг гудасыг нэг бүрийг 110,000 төгрөгөөр тооцон 14,080,000 төгрөгөөр худалдаж авсан боловч хариуцагч нь надад төлбөрийг хүлээн авсан тухай баримт өгөөгүй. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зочид буудлын өрөөнүүдэд тавьсан халдаг гудаснууд хэт халалтын улмаас шатаж, орны даавуу, гудас, матрас түлэгдэж байсан. Ингээд би энэ талаар хариуцагчид мэдэгдэж, буцааж ав гэж хэлэхэд хариуцагч нь барааг буцаах боломжгүй, сонголтоо та нар өөрсдөө хийсэн мөнгө байхгүй, очиж үзэх шаардлага байхгүй гэсэн.

Хариуцагчийн хариу тайлбарыг үзвэл тэрээр нэхэмжлэгчээс 128 ширхэг халдаг гудасны төлбөрт 12,700,000 төгрөгийг хүлээн авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 1,380,000 төгрөгөөр багасгаж байна. Иймд хариуцагчийг эд хөрөнгийн доголдолтой бүтээгдэхүүн худалдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь түүнтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагчаас 12,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие 2022 оны 11 дүгээр сард Bobo's online shopping нэртэй онлайн хаягаар БНСУ-аас ирсэн халдаг гудас худалдах зар байршуулсан. Уг зарын дагуу нэхэмжлэгч холбогдож дахин 50 ширхэг гудасыг 1 ширхэгийг 110,000 төгрөгөөр бодож, 5,000,000 төгрөгөөр тооцоо хийсэн. Тухайн үед баримт байгаа юу гэж асуухад баримт байхгүй гэж хэлэхэд өөрсдөө тамгатай баримт дээр хүлээлгэж өгсөн гэж бичүүлээд гарын үсэг зуруулж авсан. Ингээд дахин хэд хоногийн дараа 77 ширхэг гудас авсан бөгөөд тэр үедээ гудас хэрэглэх зааварчилгааг өгч, шалгаж үзээд авсан. Би тухайн онлайн дэлгүүрийн хуудсаар дамжуулан өөр бусад олон хүмүүст худалдан борлуулахад гомдол санал ирж байгаагүй. Нэхэмжлэгч нь халдаг гудсыг ямар горимоор ажилладаг гэдгийг сайн мэддэг атал яг зарчмаар нь ажиллуулаагүй, сайн халаахын тулд хамгийн их дээр нь тавиад хонуулсан уу гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Анх нэхэмжлэгчид эдгээр халдаг гудас Солонгост амьдардаг хүний оруулж ирсэн гудас, миний бие худалдан борлуулж өгч байгаа гэдгийг хэлсэн. Би мөнгийг нь шилжүүлсэн учраас мөнгийг буцаах боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Ж -гийн хариуцагч Д.Х эд холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 12,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,350 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар худалдах, худалдан авах гэрээний зүйл болох халдаг гудаснууд доголдолтой болох нь тогтоогдсонгүй. Мөн нэхэмжлэгч Ж  нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг этгээд бөгөөд тэрээр хариуцагч Д.Х ээс 128 ширхэг гудасыг худалдан авахдаа нэг бүрчлэн шалгаж аваагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал тухайн үед халдаг гудаснуудын дийлэнх хэсгийг шалгаж үзэж авсан хэдий ч дээрх гудаснууд нь худалдан авагч тал хараад, шалгаад биет байдлын доголдолтой эсэхийг мэдэх боломжгүй байсан төдийгүй Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.2-т заасан зохицуулалтыг нэхэмжлэгч тал гудас худалдан авах үедээ хэрэгжүүлсэн, хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч талын гудаснуудыг шалгаж авсан талаар мэдүүлсэн тул шүүхийн хийсэн дүгнэлт болох худалдан авагч нь гэрээний зүйлийг шалгаж аваагүй бол шаардах эрхээ алдах талаарх хууль зүйн зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу бөгөөд халдаг гудасыг шалгаж авсан үйл баримтын хувьд талууд маргаагүй.

Шүүх худалдах, худалдан авах гэрээний харилцаа нь нэг талаас худалдан авагч Ж нөгөө талаас худалдагч Д.Х нар тохиролцож худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байхад шүүх гэрээний нэг талыг хуулийн этгээд мэтээр тайлбарлаж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлдэг гэж үзэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх ...худалдагч буюу хариуцагчийг доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж шууд дүгнэхэд учир дутагдалтай байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тухайн маргаан бүхий халдаг гудас нь биет байдлын доголдолтой чанарын шаардлага хангаагүй, хүний амь нас, эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа, нэхэмжлэгчийн зүгээс тухайн халдаг гудасын дахин ашиглах, бусдад худалдан борлуулах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч талаас гудасыг зааварын дагуу ашигласан байтал тухайн гудас хэт халалтын улмаас шатах эрсдэлтэй байгаа нь анхнаасаа биет байдлын доголдолтой байсныг илтгэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Эхний ээлжинд нэг ширхэг халдаг гудас хүргэж өгсөн. Халдаг гудасны уутанд Солонгос хэл дээр хэрэглэх заавар байдаг. 30 минут орчим ярилцаж, тайлбарласан. Дараа нь 5 хоногийн дараа 50 ширхэг халдаг гудас, 30 хоногийн дараа 70 ширхэг халдаг гудас тус тус худалдан авсан. Гэвч ямар зорилгоор буцаахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар ойлгохгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ж нь хариуцагч Д.Х эд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 14,080,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 1,380,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Д.Х ээс 12,700,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Худалдагч Д.Х нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 50 ширхэг халдаг гудас, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 78 ширхэг халдаг гудасыг Ж -д худалдах, худалдан авагч нь 128 ширхэг гудасны үнэд 14,080,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.4, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэхээр байна.

4. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

5. Дээрх гэрээний дагуу захиалагч нь 128 халдаг гудасны үнэд 12,700,000 төгрөг төлсөн, нийлүүлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 50 ширхэг халдаг гудас, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 78 ширхэг халдаг гудасыг тус тус нийлүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

6. Талууд халдаг гудасны тоо, хэмжээ болон түүнд тохирсон хөлс төлсөн байдлын талаар маргаагүй. Харин тухайн халдаг гудасны чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолтой эсэх асуудлаар маргасан.

7. Нэхэмжлэгч Ж -гийн хувьд Жэй зочид буудлын үйл ажиллагаанд зориулж халдаг гудасыг худалдан авч хэрэглэсэн тохиолдолд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдэд хамаарах бөгөөд тэрээр халдаг гудасыг анх хүлээж авахдаа нэн даруй шалгах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй учир доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын үзлэг хийлгүүлэх тухай хүсэлтийг хангаж, уг үзлэгээр ...Тогонд залгаж үзэхэд гэрэл асаж байв. 2 талдаа шарлаж шатсан байдалтай. Тогонд залгахад гудас халахгүй байв. гэж тусгагдсан байдал нь эд хөрөнгийг хүлээн авсан үеэс доголдолтой байсныг нотлохгүй юм. Учир нь худалдан авагч халдаг гудасыг хүлээн авч ашиглах хугацаанд ашиглалтын заавар зөрчсөний улмаас гэмтсэн эсэх нь тодорхойгүй, анхнаасаа доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгснөөр тухайн эд хөрөнгө гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжсэн байх тул нэхэмжлэгч талын энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

9. Нэхэмжлэгч тал халдаг гудаснуудын дийлэнх хэсгийг шалгаж авсан боловч шууд хараад биет байдлын доголдолтой эсэхийг мэдэх боломжгүй, биет байдлын доголдолтой чанарын шаардлага хангаагүй халдаг гудас шилжүүлсэн гэж тайлбарласан боловч дээрх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагчийн татгалзлыг үнэн зөв гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

10. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/03783 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Д.ЦОГТСАЙХАН