Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2023/03859

 

 

 

 

 

 

2023 09 05

101/ШШ2023/03859

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б-ын гаргасан,

 

Хариуцагч: Х ХХК-т холбогдох,

 

Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримт өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие хариуцагч Х ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д Орон сууцны төлбөрийг дараах хуваарийн дагуу төсөл хэрэгжүүлэгчийн доорх харилцах данснуудын аль нэгэнд саадгүй шилжүүлнэ. Харилцах дансны нэр: А Хаан банк ... тоот гэж заасныг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 38,400.000.00 төгрөгийг шилжүүлж, гэрээний 4 дүгээр зүйлийн Б хэсгийн 4.16-д заасан төлбөр төлөх үүргээ биелүүлсэн.

 

Ингээд би, гэрээ байгуулсан өдрөөс хойш компанийн менежер А, Ц нартай утсаар холбогдож барилгын үйл явц, ажлын талаар асууж, хэзээ ашиглалтад орох зэрэг талаар ярьдаг байсан. Миний бие тухайн орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулахыг хүлээх хугацаанд түрээсийн байранд амьдарч байсан бөгөөд саяхан буюу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр миний худалдан авсан орон сууцыг бусдад давхар худалдсан гэсэн асуудал яригдсан. Би, үүнийг олж мэдээд хариуцагчтай очиж уулзахад танай байрыг өөр хүнд зарсан байна гэдгийг сонсоод учрыг нь олох гэж удаа дараа ярилцахад хариуцагч нь надад шилжүүлж өгнө гэж байсан.

 

Гэтэл хариуцагч тал намайг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр үүргээ бүрэн биелүүлж төлбөрийг төлсөн байхад орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэхгүй татгалзаж байна. Хэрэгт авагдсан 38,400,000.00 төгрөгийг төлсөн М Б гэж хүн нэхэмжлэгч Б-ын төрсөн аав бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцанд одоо өөрийн биеэр амьдарч байгаа болно. Түүнчлэн талуудын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээнд хариуцагч компанийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурсан боловч эх хувийг нь нэхэмжлэгчид өгөөгүй. Иймд, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээний дагуу 32 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б-ыг тогтоож, өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэхийг хариуцагч Х ХХК-нд даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд өгсөн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Бид, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан гэрээний хойш барилгын материалын үнэ ханш болон гадаад валютын үнэ ханш орон сууцыг барих явцад огцом өссөн /жишээ нь:цементийн үнэ дахин нэмэгдэж өссөн/ тул захиалагч нараас татаж авсан мөнгөөр тус орон сууцыг барьж дуусгахад хүрэлцэхгүй болсон тул 70 хувь хүргээд зогсоосон. Ингээд манай компани Х ХХК-нд хандаж 70 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг бүхэлд нь барьцаалуулж зээл авч, тухайн орон сууцыг барих ажлыг үргэлжлүүлсэн ба одоо уг орон сууц нь зээлийн барьцаанд бүртгэлтэй байдаг. Иймээс барьцаанд буй орон сууцыг бусдын өмч мөн гэж тогтоох боломжгүй.

 

Үүнээс гадна хэрэгт авагдсан буюу нэхэмжлэгчийн өгсөн зохигч нарын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн, аль эсхүл эх хувь байхгүй, харин хариуцагчийн өгсөн орон сууц захиалгын гэрээд манай компанийн захирал Т гэж хүн гарын үсэг зураагүй, өөр хүн түр орлов гэж гарын үсэг зурсан байх тул энэхүү гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй.

 

Мөн нэхэмжлэгч нь төлбөрийг А гэж хүний данс руу төлсөн байсан. Гэтэл А нь А ХХК-ийн борлуулалтын менежер гэж гарын үсэг зураад нэхэмжлэгчийн мөнгийг авсан боловч нас барсан. Хэдийгээр ... тоот хаягт байрлах А блок барилга нь манай компанийн нэр дээр бүртгэлтэй байдаг боловч дээр дурдсанаар талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус, түүнчлэн нэхэмжлэгч нь төлбөрийг бидэнд төлөөгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал манай компанитай бус, харин өөр компанитай гэрээ байгуулан төлбөрийг өөр хүний дансанд шилжүүлсэн байх тул үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэгч нь орон сууцыг чөлөөлж өгөх ёстой гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өгсөн хариу тайлбарт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 169 дугаар тушаалаар Х ХХК-ийн оноосон нэрийг ТХХК болгон өөрчилсөн, мөн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 389 дугаар тогтоолоор Т ХХК-ийг Х ХХК-нд нэгтгэхийг зөвшөөрч, эдгээр компаниуд нэгдсэн юм. Х ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Х" ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан ... тоот хаягт байрлах ... тоот улсын бүртгэлийн дугаартай ... м.кв талбайтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

 

Гэвч дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ Х ХХК болон Т нар биелүүлээгүй тул 2020 онд шүүхэд нэхэмжлэл гаргаад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2021/01154 тоот захирамжаар зээлийн гэрээний үүрэгт тэдгээрээс нийт 768,374,060.80 төгрөг гаргуулахаар болсон. Гэтэл энэхүү шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч нар сайн дураар зээлийг төлж барагдуулаагүй учир шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 10 дугаар сард эхлүүлсэн ба ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй тул барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнэлгээ тогтоолгосон.

 

Гэвч хариуцагч нар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг үл хүлээн зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/00484 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 210/МА2023/00775 тоот магадлал гарсан ч хуулийн хүчин төгөлдөр болоогүй байна. Уг барилга, мөн түүн доторх талбай бүр манай банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлбөрийг барагдуулах зорилгоор барьцаа хөрөнгөөр хураагдсан.

 

Нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу өмчлөлийн асуудлыг харьяалах дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх ёстой. Иймд, 32 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б-ын өмчлөлд шилжүүлэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.1, 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.            Улсын тэмдэгтийн хураамжид 349,950.00 төгрөг төлсөн баримт,

2.            2020 оны 07сарын 01-ний өдрийн 20/16 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ,

3.            Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд,

4.            Хаан банк ХХК дахь мөнгөн шилжүүлгийг баримт,

5.            Иргэний үнэмлэхийн хуулбар,

6.            Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

 

Хариуцагчийн шүүхэд өгсөн нотлох баримт:

1.            Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

2.            Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

3.            Х ХХК-ийн дүрэм,

4.            Хариу тайлбар,

5.            2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар барьцааны гэрээ,

6.            2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өгсөн нотлох баримт нь:

 

7.            Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

8.            Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 389 дугаар тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

9.            Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 169 дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

10.         Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

11.         Хариу тайлбар,

12.         2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар Зээлийн гэрээ,

13.         Зээлийн эргэн төлөлтийн хуваарь,

14.         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20223 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2023/00484 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

15.         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 210/МА2023/00775 тоот магадалын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б-оос хариуцагч Х ХХК-нд холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримт өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэхийг хүсчээ. Ингээд шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Х ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, ... байрлах Э ХХК-ийн 2,036 м.кв талбайтай газар дээр баригдах 80 айлын орон сууцны А блок, 7 дугаар давхарт 32 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 38,400,000.00 төгрөгөөр шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон байна /х.х-ийн 29-31 хуудас/.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Э 1 м.кв талбайг 1,200,000.00 төгрөгөөр тооцож нийт 38,400,000.00 төгрөгөөр 32 м.кв талбайтай 1 /нэг/ өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон энэхүү гэрээний дагуу 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 38,400,000.00 төгрөгийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан А гэж хүний дансанд шилжүүлсэн байна /х.х-ийн 8 хуудас/.

 

2.            Гэтэл хариуцагч Х ХХК-иас шүүхэд өгсөн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээнд манай компанийн гүйцэтгэх захирал Т-ыг түр орлов гэж өөр хүн гарын үсэг зурсан байсан, мөн төлбөрийг А ХХК-ийн борлуулалтын менежер Аын данс руу шилжүүлсэн, тухайн этгээд нас барсан тул энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан.

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заажээ. Өөрөөр хэлбэл, компанийн гүйцэтгэх захирал нь хуульд зааснаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд төлөөлөн удирдах зөвлөл, аль эсхүл хувьцаа эзэмшигчээс тогтоосон эрх хэмжээний дотор тухайн компанийг гадаад, дотоод харилцаанд төлөөлж гэрээ, хэлэлцээр байгуулах эрхтэй бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно заасны дагуу гүйцэтгэх захирлын компанийг төлөөлж хийсэн үйлдэл нь түүний хувь хүний бус, харин компанийн үйлдэлд тооцогдоно.

 

Харин аливаа компанийн гүйцэтгэх захирал нь чухам хэн болохыг мэдэхгүй гуравдагч этгээд өөрийгөө компанийг төлөөлөх эрх бүхий хүнтэй гэрээ, хэлэлцээр байгуулж байгаа гэсэн ойлголтоор тийнхүү гэрээ байгуулсан бол үүнийг төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ, хэлэлцээр байгуулсан гэж шууд буруутгах боломжгүй юм.

 

Учир нь, Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж, 65.2-т Төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, хэн нэгэн этгээдэд өөрийг нь төлөөлөх эрхтэй гэсэн ойлголтыг төрүүлж, улмаар ийм ойлголт өгсөн хүнийг нөгөө этгээд шударгаар төлөөлж бусад этгээдтэй гэрээ, хэлэлцээр байгуулсан бол хэлцлийн үр дагавар нь төлөөлүүлэгч болон гуравдагч этгээдийн хооронд үүснэ. Энэ утгаар төлөөлүүлэгч нь гуравдагч этгээдэд төлөөлөгчийг өөрийнхөө нэрийн өмнөөс төлөөлөх эрхтэй ба уг эрх хэмжээний хүрээнд ажилласан гэсэн итгэл үнэмшлийг төрүүлсэн бол төлөөлүүлэгч нь төлөөлөгчийг эрх хэмжээгүй байсан гэж маргах эрхгүй.

 

Иймд, нэхэмжлэгч Б, хариуцагч Х ХХК нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээнд хариуцагч компанийн гүйцэтгэх захирал гарын үсэг зураагүй гэсэн боловч тус компанийн тамга тэмдэг дарагдсан байгаагаас гадна орон сууцны борлуулалтыг хариуцдаг компани тухайн гэрээг баталсан байна.

 

3.            Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан төлбөр болох 38,400,000.00 төгрөгийг А гэж хүний Хаан банк ХХК дахь ... тоот дансанд шилжүүлсэн талаар маргаагүй. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар нэхэмжлэгчийг төлбөрийг шилжүүлсэн гэж үзнэ.

 

Гэтэл хариуцагчаас шүүхэд өгсөн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээний төлбөрийг манай компани хүлээж аваагүй учир нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, зарчмын хувьд үүргийн гүйцэтгэлийг гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөх бөгөөд хэрэв өгөх боломжгүй бол түүний зөвшөөрсөн этгээдэд, аль эсхүл үүргийг өөр этгээдэд хүлээлгэн өгсөн боловч хожим энэ нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашигтай нөхцөл байдлыг бий болгосон тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийг үүргийг эрх бүхий этгээдийн өмнө гүйцэтгэсэн гэж үздэг.

 

Ингээд талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б нь 38,400,000.00 төгрөгийг хариуцагч Х ХХК-ийн зөвшөөрсөн буюу тус компанийн орон сууцны борлуулалтыг хариуцдаг А ХХК-ийн борлуулалтын менежер Аын данс руу шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийг үүргийн гүйцэтгэлийг эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөнд тооцно.

 

4.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр борлуулалтын менежер Аын данс руу шилжүүлсэн 38,400,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Б бус, харин М Б гэж шилжүүлжээ.

 

Гэвч нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар М.Б нь нэхэмжлэгч Б-ын төрсөн аав бөгөөд тэрээр дээрх төлбөрийг шилжүүлсэн байна. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг гагцхүү талууд биечлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд бусдаар гүйцэтгүүлж болох бөгөөд нэхэмжлэгч Б-ын төлбөл зохих 38,400,000.00 төгрөгийг бусад этгээд буюу М.Б гэж хүн төлснийг нэхэмжлэгчийг үүргээ биелүүлсэнтэй адилтгаж үзэж болно.

 

5.            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тухайн гэрээ, хэлэлцээрийг байгуулж байх цаг хугацаанд гэрээний зүйл болох 32 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгчийг зориулалтын дагуу ашиглахад бэлэн буюу бодитоор бий болоогүй, харин хариуцагч нь уг 32 м.кв талбайтай орон сууцыг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шинээр барьж гүйцэтгэн 2020 оны 03 дугаар улиралд ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 343.2Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, түүнчлэн 343.3Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, хариуцагч Х ХХК нь зохигчдын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 32 м.кв талбайтай орон сууцыг барьж гүйцэтгэх, ийнхүү барьж гүйцэтгэсэн тохиолдолд үүнийг өмчлөх эрхийн хамт нэхэмжлэгч Бт хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байгаагаас үзэхэд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэгч Б, хариуцагч Х ХХК нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

 

6.            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний талууд гэрээнд заасан үүргээ тэдгээрээс үл хамаарах шалтгаанаар биелүүлэх боломжтой байвал заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлнө.

 

Энэ талаар Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1Ажил гүйцэтгэгч нь дараах үүрэг хүлээнэ гээд 350.1.1гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх гэж, 350.1.6захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэж тус тус заасан байдаг.

 

Ингээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчдын маргаж буй гэрээний зүйлийн албан ёсны хаягийг ... тоот гэж тодруулсан бөгөөд хариуцагч Х ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байдаг, нэхэмжлэгч Б нь тухайн байрны 7 дугаар давхарт 32 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 1 /нэг/ жил гаруй хугацаанд амьдарч, эзэмшиж байгаа ажээ /х.х-ийн 38, 39 хуудас/.

 

Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний төлбөрийг төлөөгүй, гэрээг компанийн эрх бүхий этгээдтэй байгуулаагүй гэсэн үндэслэлээр түүнд орон сууцыг өмчлөх эрхийг бичиг баримтын хамт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа болох нь дээр дурдсанаар тогтоогдож байна.

 

7.            Харин хариуцагч Х ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Х ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 600,000,000.00 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлэхдээ үүргийн гүйцэтгэлийг хангахаар зохигчдын маргаж байгаа орон сууцыг барьцаалсан нь нэхэмжлэгч Б-ыг өмчлөгчөөр тогтооход саад болохгүй /х.х-ийн 38, 39, 67-70 хуудас/.

 

Учир нь, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгч Х ХХК нь өөрийн үүргээ тэргүүн ээлжинд хангуулах зорилгоор үүрэг гүйцэтгэгч Х ХХК-иас гадна бусад этгээдийн өмчлөл, эзэмшлийн хөрөнгийг барьцаалсан бөгөөд энэ нь барьцааны зүйлийг шууд өөрийн өмчлөлд шилжүүлж авах агуулгатай биш юм.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч Б-ын зүгээс тухайн орон сууцыг барьцаалсан гэдгийг мэдсэн бөгөөд энэ талаар ямар нэгэн шаардлага, тайлбар гаргаагүй ба барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг хянан шийдвэрлээгүй учир бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг үндэслэн хариуцагч Х ХХК-нд ... тоот хаягт байрлах орон сууцны 7 дугаар давхарт 32 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг түүнтэй холбоотой баримт бичгийн хамт нэхэмжлэгч Бт шилжүүлэхийг даалгасугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 349,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР