Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/02026

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 20 өдөр Дуга210/МА2023/02026

 

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/03859 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.*******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хатанцамхаг ХХК-д холбогдох,

 

Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримт өгөхийг даалгах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ундармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие хариуцагч Хатанцамхаг ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан.

Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т Орон сууцны төлбөрийг дараах хуваарийн дагуу төсөл хэрэгжүүлэгчийн доорх харилцах данснуудын аль нэгэнд саадгүй шилжүүлнэ. Харилцах дансны нэр: Х.Ариунболд, Хаан банк 5063126117 тоот гэж заасны дагуу 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 38,400,000 төгрөгийг шилжүүлж, гэрээний 4 дүгээр зүйлийн Б хэсгийн 4.16-д заасан төлбөр төлөх үүргээ биелүүлсэн.

 

1.2. Гэрээ байгуулсан өдрөөс хойш компанийн менежер Х.Ариунболд, Г.Цолмон нартай холбогдож барилгын үйл явц, хэзээ ашиглалтад орох, ажлын талаар асууж байсан.

2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр миний худалдан авсан орон сууцыг бусдад давхар худалдсан гэдгийг олж мэдэн хариуцагчтай уулзаж, ярилцахад хариуцагч нь орон сууцыг надад шилжүүлж өгнө гэж байсан.

 

1.3. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр үүргээ бүрэн биелүүлж, төлбөрийг төлсөн байхад орон сууцыг хариуцагч тал миний өмчлөлд шилжүүлэхээс татгалзаж байна.

Хэрэгт авагдсан 38,400,000 төгрөгийг төлсөн Магсарын Батцэнгэл нь Б.******* миний төрсөн аав бөгөөд орон сууцанд одоо өөрийн биеэр амьдарч байна.

Иймд, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээний дагуу 32 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.*******ыг тогтоож, өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэхийг хариуцагч Хатанцамхаг ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан гэрээнээс хойш барилгын материалын үнэ ханш болон гадаад валютын үнэ ханш орон сууцыг барих явцад огцом өссөн/жишээ нь: цементийн үнэ дахин нэмэгдэж өссөн/ ба захиалагч нараас татаж авсан мөнгөөр тус орон сууцыг барьж дуусгах боломжгүй болсон тул барилгын ажлыг 70 хувь хүргээд зогсоосон.

Ингээд манай компани Хан Алтайн нуруу ББСБ ХХК-д хандаж 70 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг бүхэлд нь барьцаалж зээл авч, тухайн орон сууцыг барих ажлыг үргэлжлүүлсэн.

Одоо уг орон сууц нь зээлийн барьцаанд бүртгэлтэй ба барьцаанд байгаа орон сууцыг бусдын өмч мөн гэж тогтоох боломжгүй.

 

2.2. Түүнчлэн хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн өгсөн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зохигчийн байгуулсан орон сууц захиалгын гэрээний эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хувь байхгүй, харин хариуцагчийн өгсөн орон сууц захиалгын гэрээнд манай компанийн захирал Ц.Тулга гэж хүн гарын үсэг зураагүй, өөр хүн түр орлов гэж гарын үсэг зурсан байх тул энэхүү гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй.

 

2.3. Мөн нэхэмжлэгч нь төлбөрийг Х.Ариунболд гэж хүний данс руу төлсөн. Гэтэл Алтан шонхор ХХК-ийн борлуулалтын менежер гэж гарын үсэг зураад нэхэмжлэгчийн мөнгийг авсан боловч Х.Ариунболд нь нас барсан. Хэдийгээр Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 50а тоот хаягт байрлах, А блок барилга нь манай компанийн нэр дээр бүртгэлтэй боловч дээр дурдсанаар талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус, түүнчлэн нэхэмжлэгч нь төлбөрийг бидэнд төлөөгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал манай компанитай бус, харин өөр компанитай гэрээ байгуулан төлбөрийг өөр хүний дансанд шилжүүлсэн байх тул үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэгч нь орон сууцыг чөлөөлж өгөх ёстой гэжээ.

 

3. Бие даасан шаардага гаргаагүй гуравдагч этгээд Хас хаан ББСБ ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 169 дугаар тушаалаар Хан-Алтайн нуруу ББСБ ХХК-ийн оноосон нэрийг Тайм энд Валью ББСБ ХХК болгон өөрчилсөн ба Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 389 дугаар тогтоолоор Тайм энд Валью ББСБ ХХК-ийг Хас хаан ББСБ ХХК-д нэгтгэхийг зөвшөөрч, эдгээр компаниуд нэгдсэн.

 

3.2. Хан-Алтайн нуруу ББСБ ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хатанцамхаг ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 50а тоот хаягт байрлах, Ү-2204081608 тоот улсын бүртгэлийн дугаартай 3,450 м.кв талбайтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

Гэвч дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ Хатанцамхаг ХХК болон Ц.Тулга нар биелүүлээгүй тул 2020 онд шүүхэд нэхэмжлэл гаргаад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2021/01154 тоот захирамжаар зээлийн гэрээний үүрэгт тэдгээрээс нийт 768,374,060.80 төгрөг гаргуулахаар болсон.

 

3.3. Гэтэл энэхүү шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч нар сайн дураар зээлийг төлж барагдуулаагүй учир шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 10 дугаар сард эхлүүлсэн ба ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй тул барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнэлгээ тогтоолгосон.

Хариуцагч нар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг үл хүлээн зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/00484 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 210/МА2023/00775 тоот магадлал гарсан ч хуулийн хүчин төгөлдөр болоогүй байна.

 

3.4. Уг барилга болон түүн доторх талбай бүр манай банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлбөрийг барагдуулах зорилгоор барьцаа хөрөнгөөр хураагдсан.

Нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно. гэж заасны дагуу өмчлөлийн асуудлыг харъяалах дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх ёстой.

Иймд, 32 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг нэхэмжпэгч Б.*******ын өмчлөлд шилжүүлэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.1, 117.1 -д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг үндэслэн хариуцагч Хатанцамхаг ХХК-д Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 50а тоот хаягт байрлах орон сууцны 7 дугаар давхарт 32 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг түүнтэй холбоотой баримт бичгийн хамт нэхэмжлэгч Б.*******т шилжүүлэхийг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 349,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Бие даасан шаардага гаргаагүй гуравдагч этгээд Хас хаан ББСБ ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

 

5.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/03859 дугаар шийдвэрийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гардан авсан ба дараах гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна.

Тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д Хариуцагч Хатанцамхаг ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Хас Хаан ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 600,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлэхдээ үүргийн гүйцэтгэлийг хангахаар зохигчдын маргаж байгаа орон сууцыг барьцаалсан нь нэхэмжлэгч Б.*******ыг өмчлөгчөөр тогтооход саад болохгүй.

Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4, 165 дугаар зүйлиин 165.1.6-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгч Хас Хаан ББСБ ХХК нь өөрийн үүргээ тэргүүн ээлжинд хангуулах зорилгоор үүрэг гүйцэтгэгч*******ХХК-аас гадна бусад этгээдийн өмчлөл, эзэмшлийн хөрөнгийг барьцаалсан бөгөөд энэ нь барьцааны зүйлийг шууд өөрийн өмчлөлд шилжүүлж авах агуулгатай биш юм. гэжээ.

 

5.2. Анхан шатны шүүхээс Б.*******ыг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоох шийдвэр гаргасан хэдий ч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр уг орон сууц байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь бүхэлдээ манай байгууллагын барьцаанд байгаа, зээлийн төлбөрийг*******ХХК, Тулга нараас гаргуулах ёстой манай байгууллагын төлбөрийн асуудал одоог хүртэл шийдэгдээгүй хэвээр, түүнчлэн Улсын бүртгэлд бүртгүүлсэн барьцааны эрхийн бүртгэл хэвээр байгаа болно.

Энэ шалтгаанаар Улсын бүртгэлийн газар орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхөөс татгалзаж байгаа практиктай холбоотойгоор анхан шатны шүүх ирээдүйд биелэгдэх боломжгүй шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

5.3. Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, Дандарбаатарын гудамж, 50а тоот хаягт байршилтай ГД:000688488 улсын бүртгэлийн Ү-2204081608 дугаар бүртгэлтэй, 3450 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй энэхүү үл хөдлөх хөрөнгө нь бүхэлдээ Хас хаан ББСБ ХХК-ийн барьцаанд байгаа ба төлбөр төлөгч Хатанцамхаг ХХК, Ц.Тулга нараас төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй байгаа нөхцөлд маргаан бүхий орон сууцыг өмчлөгч нь Б.******* болж өөрчлөгдөхийг зөвшөөрөх боломжгүй юм.

ИХ-ийн 158 дугаар зүйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана. гэж заасны дагуу барьцаалагч Хас хаан ББСБ ХХК-ийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийг Хатанцамхаг ХХК, Ц.Тулга нар нь биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй.

Нэгэнт маргаан бүхий орон сууц нь барьцаанд байгаа учир нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон ч тухайн орон сууц нь манай банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд давхар бүртгэгдэх ёстой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

 

6.1. Гуравдагч этгээд гомдол гаргахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ манай ББСБ-ын барьцаанд байгаа гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч Б.******* нь Хатанцамхаг ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан.

 

6.2. ББСБ-д барьцаанд тавьж, шүүхийн шийдвэрээр төл гэж шийдвэрлэсэн гэж дурддаг. Энэ нь 2021 оны 06 дугаар сар буюу манай компани Б.*******той орон сууц захиалгын гэрээ байгуулснаас хойш бүтэн 1 жилийн дараа гарсан шийдвэр байдаг. Тус шүүхийн шийдвэрт Б.*******ын м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар заагаагүй. Б.******* нь 2022 оны 11 дүгээр сараас хойш тус орон сууцанд оршин сууж байгаа. Нэхэмжлэгч Б.******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, Хатанцамхаг ХХК нь үл хөдлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, эзэмшилд нь шилжүүлэх үүргээ биелүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулах объектыг нарийвчлан дурдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Бие даасан шаардага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Хатанцамхаг ХХК-д холбогдуулан Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримт өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд эс зөвшөөрч маргажээ.

 

3. Б.*******, Хатанцамхаг ХХК-ийн хооронд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах Эрчим-Арт ХХК-ийн 2,036 м.кв талбайтай газар дээр баригдах 80 айлын орон сууцны А блок, 7 дугаар давхарт 32 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 38,400,000 төгрөгөөр шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон. /хх 29-31/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн алдаа гаргасныг залруулна.

 

3.1.Талууд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ байгуулсан, уг гэрээний 4.1-д ...2020 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулна гэж тохиролцсон хугацаанаас үзэхэд ашиглалтад ороход бэлэн болсон барилгаас сонголт хийсэн байх тул худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Гэрээ байгуулах саналын хувьд зөвхөн нэхэмжлэгчид бус нийтэд санал болгож байгаа нөхцөл бөгөөд зөвхөн нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үнэ буюу 38,400,000 төгрөгөөр барилгыг барих боломжгүй тул гэрээний зүйлийг нэг бүрийн шинжтэй гэж үзэхгүй юм.

Нийтийн зориулалттай орон сууцны зориулалттай барилгын тодорхой хэсгийг захиалж байгаа тохиолдолд өмч шинээр бий болж байгаа боловч ажлын үр дүн нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох шинжийг агуулаагүй, олон тоогоор буюу нэг нь нөгөөг орлох төрлийн шинжтэй байдаг тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний журам үйлчилнэ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4. Орон сууц захиалагчтай байгуулах гэрээний дагуу нэхэмжлэгч Б.******* нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д нэрлэн заасан 5063126117 дугаар дансанд 38,400,000 төгрөгийг орон сууцны төлбөрт шилжүүлсэн, харин хариуцагч Хатанцамхаг ХХК нь нийтийн зориулалттай орон сууцыг эзэмшилд шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Хатанцамхаг ХХК-д орон сууцны үнэ 38,400,000 төгрөгийг бүрэн төлсөн байх тул өмчлөгч гэж үзнэ.

 

5. Анхан шатны шүүх хариуцагч Хатанцамхаг ХХК-д Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 50а тоот хаягт байрлах орон сууцны 7 дугаар давхарт 32 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг түүнтэй холбоотой баримт бичгийн хамт нэхэмжлэгч Б.*******т шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн байна.

 

6. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч*******ХХК нь гуравдагч этгээд Хас хаан ББСБ ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 00001713 дугаар Зээлийн гэрээ байгуулан 600,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлэхдээ үүргийн гүйцэтгэлийг хангахаар зохигчдын маргаж байгаа орон сууцыг барьцаалсан үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. /х.х 38, 39, 67-70/

 

Давж заалдах шатны шүүх*******ХХК болон гуравдагч этгээд Хас хаан ББСБ ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ нь маргааны зүйлд хамаарагүй үндэслэлээр дүгнээгүй бөгөөд хэрэв барьцааны гэрээгээр Хас хаан ББСБ ХХК-д барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардах эрхтэй тохиолдолд өмчлөгч өөрчлөгдөх нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэх хангуулахад саад болохгүй тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас хаан ББСБ ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/03859 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 343 дугаар зүйлийн 343.1 гэснийг ... 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас хаан ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

 

  ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР