Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2023/04741

 

 

 

 

 

 

 

2023 10 31

101/ШШ2023/04741

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, Ш-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух Э-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 76,690,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлийн гэрээний үүрэгт 76,690,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэгч Д.Ш болон хариуцагч Б.Э нар нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 30 сая төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 6 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр тохирсон. Уг зээлийг сарын 4 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохирсон, мөн гэрээний нөхцөлд зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,3 хувиар алданги төлөхөөр ийм гэрээ байгуулсан байдаг.

Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан байдаг. Уг барьцааны гэрээгээр Г.Э нь Монгол улсын иргэн Д-ы Р гэх хүнээс итгэмжлэл авч түүний өмчлөлийн Б тоот хаягт байрлалтай 29 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай ... гэсэн эрхийн улсын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байдаг. Зээлдэгч гэрээ байгуулсан өдрөө уг 30 сая төгрөгийг өгсөн байдаг. Цаашлаад зээлийн гэрээний хугацаа үргэлжилж байх явцад дахиж Д.Шгаас мөнгө зээлдэж авах хүсэлтээ илэрхийлсэн. Ингээд 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Д.Ш нь зээлдэгч Г.Эд 15 сая төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор шинэ гэрээ байгуулсан.

Энэ нь 30 саяын гэрээнээс тусдаа өөр гэрээ юм. Уг гэрээний барьцаанд Г.Э нь өөрийн эхнэр Б.Агийн Б тоот хаягт байрлалтай 700м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний ... гэсэн улсын бүртгэлтэй газрыг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан. Энэ 15 сая төгрөгийг Г.Эд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн болно. Мөнгө хүлээлгэн өгсөн баримт нь хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд авагдсан итгэмжлэлийн арын хуудаст гар бичмэлээр баталгаажсан байгаа. Мөн зээлдэгч нар 2016 онд 15 сая төгрөг зээлдүүлдэг өдрөө дахиж 30 сая төгрөгийн зээлийн гэрээний нөхцөл, хугацааг шинэчилж байгаа. 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 30 сая төгрөгийн зээлийн гэрээний хугацааг сунгаж нэмэлт өөрчлөлт оруулж, үлдэгдэл 30 сая төгрөг дээр нэмж 13 сая төгрөгийг нийтдээ 43 сая төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай зээлийн гэрээний өөрчлөлт оруулсан байдаг. Тухайн үед зээлийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа, Зээлдүүлэгчийн зүгээс эдгээр гэрээнд заасан үүргээ тодорхой хэмжээнд төлбөр төлж явсан. 2019 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгч Д.Шд баталгаа гаргаж зээлдэж авсан 43 сая төгрөг, 15 сая төгрөгийн хүү алдангийг ойрын хугацаанд төлж барагдуулахыг баталгаа гаргаж бичиж өгсөн болно.

Шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөх өдрийн байдлаар зээлдэгч Г.Э нь үндсэн зээлийн үлдэгдэл 43 сая төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэлд 5,970,000 төгрөг төлөх гэрээний үүрэг үүссэн байгаа нийт 48,970,000 төгрөг. Зарим сарын төлбөр төлөгдөж байсан тэр нь бол алдангид нь суутгаж тооцоолсон байгаа. Үүнийг бол шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тооцооллыг нарийвчилсан байдлаар дурдсан байгаа. 15 сая төгрөгийн үлдэгдэл 15 сая төгрөг, 12 сарын 1 жилийн хүүгийн төлбөр 5,400,000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоногийн алданги 7,500,000 төгрөг гэж тодорхойлогдож 15 сая төгрөгийн гэрээний үүрэг 27,900,000 төгрөг. Би нэг залруулга хэлье би шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын 76,990,000 төгрөг гэж тодорхойлсон. Гэтэл 43 сая төгрөг, 15 сая төгрөгийн хүү алданги нийлээд нийлбэр нь 76,870,000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс хариуцагчийн төлсөн 180,000 төгрөгийг хасч 76,690,000 төгрөг болж байгаа. Би нэгэнт нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор 180,000 төгрөг дээр тодруулга хийнэ. Өөрөөр хэлбэл 15 сая төгрөгийн алданги өөрөө 7,500,000 төгрөг гэж тодорхойлогдоод байгаа хэдий ч 7,500,000 төгрөгөөс 180,000 төгрөгийн хасаад алдангийн хэмжээг 7,320,000 төгрөг гэж бууруулж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээндээ нийцүүлж байна.

Иймд хариуцагчаас 76,690,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зээлж авсан зээлийн гэрээг 7 сарын хугацаатай 30 сая төгрөгийг 4 хүүтэй, 0,5 хувийн алданги төлөхөөр зээлж авсан. Нэмж 13 сая төгрөг авсан гэдэг. Одоо үүн дээр маргахгүй. Нэхэмжилж байгаа 43 сая төгрөгийн хувьд бэлэн болон бэлэн бусаар мөнгө төлөөд, байраа барьцаанаас чөлөөлүүлж авч бусдад 25 сая төгрөгөөр зараад энэ мөнгийг нь Д.Ш гуайд төлж, энэ гэрээний дагуух бүх мөнгөө төлсөн. Энэ нь барьцаанаас орон сууцыг чөлөөлсөн байдлаас нь харагдана.

Мөн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шинээр зээлийн гэрээ байгуулж 15 сая төгрөгийг 0,5 хувийн алдангитай, 3 хувийн хүүтэйгээр зээлж авсан байгаа. Барьцаа хөрөнгөөр газрыг барьцаалах гэсэн боловч барьцаалах боломжгүй гээд нэрийг нь шилжүүлсэн бөгөөд Б.Шгийн нэр дээр байгаа. Энэ нэрээ буцааж шилжүүлээгүй Б.Шгийн нэр дээр байгаа, 8 сая төгрөг төлсөн. Үүрэг дуусгавар болох тухай гэрээг байгуулснаар энэ 15 сая төгрөгийн гэрээ хангагдсан байсан гэж үзэж байгаа.

Гэтэл үүний дараагаар миний зээлсэн гэх шүүхийн шийдвэрт дурдагдаж байгаа Б.Атай 14 сая төгрөгийг хүүгүй зээлсэн гэж байгаа ч би аваагүй. Аваагүй байхад тухайн үед миний ээж өнгөрөөд удаагүй байсан тэр үед шүүхийн мэдэгдэх хуудас аваад шүүх дээр эвлэрсэн. Гэтэл энэ дээр газрыг минь аваад үүрэг дуусгавар болсон байтал дансыг битүүмжлэх ажиллагаа хийгдсэн. Тухайн үед ажиллагаа хийгдсэн гэдгийг мэдээгүй намайг мөнгө өгөөгүй гэж шүүхэд хандсан. Баримтуудыг эргээд харахаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны 1а тоот эд хөрөнгийг зараад үүрэг дуусгавар болсон. Би аваагүй мөнгөө төлөөд аль хэзээний үүрэг дуусгавар болсон.

Би анх 25 настайдаа Б.Ш гуайтай танилцаж байсан бол би одоо 42 настай. Энэ хугацаанд төлөөд барагдуулаад явж байхад яасан дуусдаггүй өр вэ гэж бодож байна. Шүүх хурал эхлэхийн өмнө яагаад эвлэрье гэж хэлсэн бэ гэхээр дансанд байгаа 7 сая төгрөгөө өгье гэсэн. Одоо анхан шатны шүүхээр шийдэгдээд дараа нь давах, хянах шүүхээр гээд 3 шатны шүүхээр орно гэхээр үнэхээр хэцүү байна. Би нэхэмжлээд байгаа энэ мөнгийг нь төлөх бүрэн үндэслэлгүй гэж үзэж байна. Зээл авч байсан нь үнэн. Гэхдээ аль хэдийн ярилцаад тохиролцоод, газраа өгөөд өр төлбөр дууссан гээд явж байхад дахин дахин мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна.

Аваагүй байсан мөнгө дээрээ зуслангийн газраа 8 сая төгрөгөөр тооцож өгөөд шүүхийн шийдвэр хаагдсан. Гэтэл энэ гэрээний үүрэгт хамааралгүй барьцаалсан байсан өмнөх шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх ажиллагаа хийгдээд явсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс: 2016 оны 6 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 2016 оны 6 сарын 28-ны өдрийн итгэмжлэл, 2016 оны 9 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 9 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2016 оны 6 сарын 28-ны өдрийн итгэмжлэл /гар бичилттэй/, Д.Шгийн эзэмшлийн Голомт банкны дансны хуулга, 2016 оны 9 сарын 12-ны өдрийн барьцааны гэрээ, 2016 оны 7 сарын 25-ны өдрийн Б.Агаас Б.Эд олгосон итгэмжлэл, Баталгааны бичиг, Д.Шгийн эзэмшлийн Хаан банкны данс хуулга,

Хариуцагчаас: Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоол, 2022 оны 4 сарын 21-ний өдрийн үүрэг дуусгавар болсон тухай гэрээ, НШШГ-т гаргасан хүсэлт, 2022 оны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Б.А, Б.Э нарын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, Д.Згийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, 2023 оны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Б.Эын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, 2016 оны 5 сарын 30-ны өдрийн А/186 дугаар Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж, өргөдөл, газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ, кадастрын зураг, №000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ,2016 оны 4 сарын 21-ний өдрийн барьцааны гэрээ, №000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2016 оны 4 сарын 21-ний өдрийн барьцааны гэрээг тус тус гаргаж өгсөн.

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Голомт банкны лавлагаа, шүүхийн журмаар 2019 оны 12 сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03642 дугаартай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Д.Ш нь хариуцагч Б.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 76,690,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны дээр тооцооллын алдаа гаргасан бөгөөд 76,870,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 180,000 төгрөгөөр багасгаж, 76,690,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

Хариуцагчаас зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

2.Нэхэмжлэгчээс 76,690,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ болон 2016 оны 9 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 43,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 5,970,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг, хүү 5,400,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг нийт 76,690,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

3.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүдэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Талуудын хооронд 2016 оны 6 сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2016 оны 9 сарын 12-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулагдсан байх бөгөөд 2016 оны 9 сарын 12-ны өдрийн 30,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлдүүлэгчээс зээлдэгчид 13,000,000 төгрөгийг нэмж олгон 43,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2016 оны 9 сарын 12-ны өдөр байгуулсан байна. /хх-ийн 7, 11, 12 дугаар тал/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүсэл зоригийн илэрхийлэл, зорилго, агуулга зэргээс тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

4.Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 9 сарын 12-ны өдрийн 43,000,000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд, зохигчдын хооронд 2016 оны 6 сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэ гэрээгээр нэхэмжлэгч нь 30 сая төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон байна. /хх-ийн 7 дугаар тал/

Дээрх гэрээнд 2016 оны 9 сарын 12-ны өдөр өөрчлөлт оруулж, өмнөх гэрээний 30 сая төгрөг дээр 13 сая төгрөгийг нэмж олгож, нийт 43 сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 2017 оны 3 сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай зээлдүүлсэн байна. /хх-12 дугаар тал/

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болно, 236.2-т энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно гэж заасан байна.

Иймд 2016 оны 9 сарын 12-ны өдөр 43 сая төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулагдсанаар, 2016 оны 6 сарын 30-ны өдөр байгуулагдсан 30 сая төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Дээрх үйл баримтын талаар талууд хэн аль нь маргаагүй. Нэхэмжлэгчээс 2016 оны 9 сарын 12-ны өдөр байгуулсан 43 сая төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 43 сая төгрөг, хүүгийн үлдэгдэл төлбөрт 5,970,000 төгрөг нийт 48,970,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

Хариуцагчаас дээрх гэрээний дагуу 17 сая орчим төгрөгийг бэлнээр төлсөн ба нэхэмжлэгчтэй тооцоо нийлж, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөө бусдад 25 сая төгрөгөөр худалдаж, энэ мөнгийг нэхэмжлэгчид шилжүүлснээр дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Зохигчдын хооронд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 6 сарын 30-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд Нийслэлийн Б тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, 29 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-ийн 8-10 дугаар тал/

Хэрэгт авагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн лавлагаа, нэхэмжлэгч Д.Шгийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, Б.А, Б.Э нарын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга зэрэг бичгийн баримтуудаар 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг дуусгавар болгосон, нэхэмжлэгчид 25 сая төгрөгийг төлсөн үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий байна гэж үзэхээр байна. /хх-ийн 84-85, 87,99 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, хариуцагч хариу тайлбараа нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн гаргасан дээрх үйл баримтыг няцаасан үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагчийн тайлбар дурдсан баримтуудаар нотлогдсон гэж үзэв.

Тодруулбал, барьцааны гэрээг дуусгавар болгож, барьцаа хөрөнгийг чөлөөлсөн болон 2019 оны 11 сарын 28-ны өдөр зээл төлж дуусгав гэх утга бүхий нийт 25 сая төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтуудаар зохигчдын хооронд байгуулагдсан 43 сая төгрөгийн зээлийн төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн 2016 оны 9 сарын 12-ны өдрийн 43 сая төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний үүрэгт 48,970,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

5.Нэхэмжлэгчээс 2016 оны 9 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15 сая төгрөг, 12 сарын хүү 5,400,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг нийт 27,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасан.

Шүүх хуралдаан дээр алданги 7,500,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн гэх 180,000 төгрөгийг хасч алдангийг 7,320,000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Хариуцагчаас дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулж үүрэг дуусгавар болсон тухай гэрээг байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зохигчдын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр 15 сая төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон байна. /хх-ийн 11 дүгээр тал/

Мөн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 3 дугаар гудамжны 44 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэлтэй, 303 мкв газрыг барьцаалсан байна. /хх-ийн 18 дугаар тал/

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болно гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Ш, хариуцагч Б.Э нар нь 2022 оны 4 дүгээр сарын 21-ний Үүрэг дуусгавар болсон тухай гэх гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан байна. /хх-ийн 76-77 дугаар тал/

Энэ гэрээний 3.1-т ...талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тул үүргийг дуусгавар болгов. Энэхүү гэрээ байгуулагдсанаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрх мөн адил дуусгавар болно гэж, 3.3-т үүргээс чөлөөлж буй хөрөнгийн мэдээлэл нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Б тоот 700 мкв гэр бүлийн хэрэгцээний газар гэж заасан байна.

Мөн эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар 2022 оны 4 сарын 15-ны өдөр эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг сэргээсэн байна.

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан Үүрэг дуусгавар болсон тухай 0760 дугаартай гэрээгээр хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэх тайлбар баримтаар нотлогдож байх бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан 15 сая төгрөгийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчээс дээрх гэрээний үүрэгт 27,720,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 76,690,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Эас 76,690,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Шгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 541,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА