Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00281

 

 

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00281

 

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00281

 

                                      

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/04741 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-ад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 76,690,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

А- Б- нар нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр төлөх, мөн гэрээний нөхцөлд зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,3 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан. Барьцааны гэрээгээр Б- нь В-гийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, төмөр зам гудамжны *** тоот хаягт байрлалтай 29 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

Энэ гэрээнд 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өөрчлөлт оруулж, үлдэгдэл 30,000,000 төгрөг дээр нэмж 13,000,000 төгрөгийг, нийтдээ 43,000,000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай зээлсэн.

Мөн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр А- нь зээлдэгч Б-д 15,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан. Уг гэрээний барьцаанд Б- нь өөрийн эхнэр Г-гийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрх гудамжны ** тоот хаягт байрлалтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан. 15,000,000 төгрөгийг Б-д 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн.

2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 43,000,000 төгрөг, хүү 5,970,000 төгрөг, нийт 48,970,000 төгрөг,

2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 15,000,000 төгрөг, хүү 5,400,000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоногийн алданги 7,320,000 төгрөг, нийт гэрээний үүрэг 27,900,000 төгрөг болсон.

Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 76,690,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 43,000,000 төгрөгийн зээлийн хувьд бэлэн болон бэлэн бусаар мөнгө төлөөд, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж авч бусдад 25,000,000 төгрөгөөр худалдаж, мөнгийг нь А- гуайд төлж, уг гэрээний үүрэг дуусгавар болсон.

Мөн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шинээр зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 0,5 хувийн алдангитай, 3 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Барьцаа хөрөнгөөр газрыг барьцаалах гэсэн боловч барьцаалах боломжгүй гэсэн учир уг газрын өмчлөх эрхийг А-гийн нэр дээр шилжүүлсэн. Уг зээлийн төлбөрт 8,000,000 төгрөг төлсөн. Үүрэг дуусгавар болох тухай гэрээг байгуулснаар энэ 15,000,000 төгрөгийн гэрээний үүрэг дуусгавар болсон. 

Зээлийн өр төлбөрийг төлж дуусгасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-аас 76,690,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 541,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 48,970,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид холбогдуулан гаргасан. Хариуцагч Б-а нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “43,000,000 төгрөг, түүний хүү, алдангийг ойрын хугацаанд төлнө” гэсэн баталгааг зээлдүүлэгчид гаргаж өгч байсан.

Хэрэгт зээлдэгч Б-аас зээлдүүлэгч А-д 17,000,000 төгрөг орчим мөнгийг бэлнээр түүний өмчлөлд шилжүүлэн өгсөн талаарх баримт байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан энэхүү тайлбар нь бодит үнэнд нийцээгүй тайлбар байхад анхан шатны шүүх хариуцагчийн уг тайлбар үндэслэл бүхий байна гэж үзэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Зээлдэгч 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлдүүлэгчид 25,000,000 төгрөгийг бэлэн бусаар түүний өмчлөлд шилжүүлэхдээ “зээл хаав” гэсэн утгаар банк хоорондын шилжүүлэг хийсэн байдаг. Анхан шатны шүүх тухайн гүйлгээний үгийн шууд утгаар зээлийг хаасан шилжүүлэг байна, энэхүү нөхцөл байдал болон хариуцагчийн 17,000,000 төгрөг орчим мөнгийг бэлнээр зээлдэгч нь зээлдүүлэгчид өгсөн гэх тайлбар үндэслэлтэй байна гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

17,000,000 төгрөг орчим мөнгийг бэлнээр өгсөн гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдсон гэж үзсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Б-аас 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, мөн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгаж, нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний үүрэгт 48,970,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

43,000,000 төгрөгийн зээл, хүүг нэхэмжлэгчийн хүсэлтээр бэлнээр болон бэлэн бусаар төлж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үлдэгдэл 25,000,000 төгрөгийг төлж харилцан тохиролцож тухайн үүргийг гүйцэтгэж дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-ад холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, нэмэлт өөрчлөлтийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 43,000,000 төгрөг, хүү 5,970,000 төгрөг, нийт 48,970,000 төгрөг,

2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 15,000,000 төгрөг, хүү 5,400,000 төгрөг, алданги 7,320,000 төгрөг, нийт 27,900,000 төгрөг буюу 76,870,000 төгрөгөөс 180,000 төгрөгийн төлөлтийг хасч тооцон 76,690,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр хариуцагчид хүлээлгэн өгсөн байх ба 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу 13,000,000 төгрөгийг нэмж зээлдүүлсэн байна.

Мөн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр хариуцагчид зээлдүүлжээ.

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

3.1. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг талууд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр үүрэг дуусгавар болгох гэрээ байгуулснаар дуусгавар болгосон үйл баримт тогтоогдсон гэж үзэн уг гэрээний үндсэн төлбөр 15,000,000 төгрөг, хүү 5,400,000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоногийн алданги 7,320,000 төгрөг, нийт 27,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Үүнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын хүрээнд давж заалдах шатны шүүхээс энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, гэрээний нэмэлт, өөрчлөлтийн дагуу үндсэн зээл 43,000,000 төгрөг, зээлийн хүү 5,970,000 төгрөг, нийт 48,970,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

4.1. Хариуцагч нь дээрх зээлийн гэрээний төлбөрт нийт 28,250,000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан.

Дээрх 28,250,000 төгрөгөөс 25,000,000 төгрөгийг нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэгчийн Голомт банк дахь данс руу шилжүүлсэн, тухайн өдөр нэхэмжлэгч нь уг гэрээний барьцаа хөрөнгө болох В-гийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2-р хороолол, Төмөр зам гудамж, 48 дугаар байр, ** тоот, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлжээ.

 

4.2. Хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 25,000,000 төгрөгийг төлснөөр гэрээний үүргийг талууд дуусгавар болгосон гэх тайлбар гаргасныг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэснийг буруутгахгүй.

Хариуцагчийн шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг хүлээн аваад барьцаа хөрөнгийг чөлөөлсөн нь зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосонтой хамааралгүй, өөр үндэслэлтэй болохыг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. 

Түүнчлэн Б-ын дээрх гэрээний үүргийг биелүүлэх талаар нэхэмжлэгчид гаргаж өгсөн баталгаа нь талууд харилцан тохиролцож үүргийг дуусгавар болгохоос өмнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үйлдэгдсэн болохыг дурдвал зохино.

 

4.3. Хэдийгээр хариуцагчийн төлсөн төлбөрийн хэмжээ 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу үүссэн үүргийн хэмжээнд хүрээгүй байх боловч 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн төлөлт, үүний дагуу барьцаа хөрөнгө чөлөөлөгдсөн үйл баримтаар зохигч нь гэрээний үүргийг харилцан тохиролцож дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй.

Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөхдөө хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь зааснаар үнэлжээ.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

 5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/04741 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.НЯМБАЗАР

 

                                  ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

                                                                                     Т.БАДРАХ