Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 360

 

                                                

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Б.Чинбат нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Боржигон овогт Баярсайханы Чинбатад холбогдох эрүүгийн 1705000000069 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү эдийн засагч мэргэжилтэй, “Эсби фарма” ХХК-д ерөнхий захирал ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамтаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эсбэ төвийн 1 тоотод оршин суух хаягтай одоо Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Хосбилэг хотхоны 35б байрны 21 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Боржигон овогт Баярсайханы Чинбат / РД:РЭ90040972/,

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар :

Шүүгдэгч Б.Чинбат нь 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 03 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35б байрны 21 тоот хаалганы үүдэн дээр Б.Чинбат нь “төрсөн хүүхдийн чинь бие муу байхад сэтгэлгүй хандлаа”гэх шалтгаанаар төрөл садангийн хоорондын хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар Д.Сүлдбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Чинбат нь мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр ярьсан бөгөөд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тул мэдүүлэг өгөхгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй гэв.  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Сүлдбаатар мэдүүлэхдээ: Намайг дургүй байхад манай эхнэр 14 хоногтой нярай хүүхдээ аваад Хөвсгөл рүү явсан бөгөөд хэд хоногийн дараа шингэн алдаад бөөлжөөд байна гэж утсаар хэлэхээр нь би эхнэртээ бас уурлаж байсан. Тэгээд би Эрдэнэт явж ээжийнхээ гэр орныг засаж янзлах ажилд туслаад эргээд хот руу гарахдаа “Эрдэнэтээс гарч байна”гэж мессеж бичсэн байсан. Эхнэр мөн өмнө нь “хотод ирсэн, хүүхдийн бие дажгүй” гэж мессеж бичсэн. Би Эрдэнэтээс шөнө 03 цаг орчим гэртээ ирээд хаалгаа онгойлгоод орсон. Тэр байр ахынх нь байр байсан бөгөөд манай хүүхдийг төрөнгүүт манайхыг 1 жил амьдар гээд тэр байранд амьдарч байсан юм. Хаалгаар ортол Чинбат ах орон дээр сууж байсан бөгөөд миний хувцас хунарыг үүдэнд цуглуулаад тавьчихсан байсан. Тэгснээ ах нь “чи хэзээ ирж байгаа юм бэ” гээд маргаж эхэлсэн. Тэгээд намайг заамдаж аваад нүдсэн. Би уг нь эвээр яръя, зодолдоод яахав гэж хэлсэн. Би угаасаа эхнэртэйгээ муудалцсан байсан болохоор бас ахтай нь маргаад яахав гэж бодоод би бол ах руу нь хөдлөөгүй, эхнэртэйгээ эвлэрэхээ л бодсон. Тэгсэн ах нь “чиний намайг дийлэх байсан ч хутга чамайг дийлнэ” гээд хутга барьж хоолойд тулгаад байсан. Тэгээд би өөрийнхөө ах руу залгаад “хөөгдчихлөө” гэхэд ах Хүрэлбаатар хүрээд ирсэн. Манай ах ирээд “юу болж байгаа юм” гэхэд Чинбат өөрөө цагдаа дуудсан. Түүнээс би цагдаа дуудаагүй. Би одоо эхнэр хүүхэдтэйгээ уулзахгүй байгаа, эхнэр бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй, хүүхдэдээ гэрчилгээг нь ч аваагүй байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Чинбат ах л өөрөө цагдаад дуудлага өгөөд цагдаа гэрт очсон учраас л би өргөдөл өгсөн, түүнээс би өөрийн санаачилгаар цагдаа дуудаж, өргөдөл гаргаагүй болохоор одоо хуулийн дагуу л шийдүүлье. Энэ асуудлаас болж би эхнэр хүүхэдтэйгээ эвлэрэх ч боломжгүй болгож байна. Маргааш нь би Чинбат ахтай эвлэрэх гэж оролдсон. Гэвч алдах юм байхгүй гээд хутга шөвөг яриад байсан /хх 7-9 хуу/

 

Гэрч Д.Хүрэлбаатар мэдүүлэхдээ: “2017 оны 8 дугаар сарын 26-ны өглөө 03 цаг орчим манай дүү Сүлдбаатар өөрийн 95938807 дугаараас над руу дохьсон. Тэгээд би залгаад ярьсан чинь “намайг хөөчихлөө, гэр орноос хөөгөөд гуйлгачин энэ тэр гээд байна, би хувцас хунар гээд их юмтай байна, зөөх хүн хэрэгтэй байна, ирээд аваач гэсэн. Тэгэхээр би эхлээд дотроо “эхнэр нөхрийн хооронд хэрүүл маргаан гараа биз” гэж бодоод нэг их тоохгүй, өөрөө хүрээд ир гэсэн. Тэгсэн “та хүрээд ирээ” гээд байсан. Тэгээд би босоод машинаа асаагаад Модны 2 руу эргэх хооронд манай дүү дахиад утасдаад “энэ юм чинь толгой руу дэвсээд хутга хоолойд тулгаад ална энэ тэр гээд тэнэгтээд алах юм шиг байна” гээд уйлсан байдалтай залгасан. Тэгэхээр нь би уурлаад “за чи байж бай, би очоод наад мууг чинь ална” гэж хэлсэн боловч замдаа “за за эвээр яръя даа “гэж бодоод дүүгийндээ орсон. Манай дүү эхнэртэйгээ тэр байранд амьдарч байсан юм. Тэгээд гэрт ортол манай дүүгийн нүд, нүүр ам улайсан, үс нь сөрвийсөн хувцас хунар нь татагдаж чангаагдсан зодуулсан байдалтай л байсан. Нүүр рүү нь ойртоод харсан хамрынх нь нурууны зүүн хэсэгт зулгараад дотогшоо хонхойсон байсан. Дүүгийн хадам ах гэх залуу “юун танихгүй хүн гэрт орж ирээд байнаа, гаднын гутал муталтай” гээд байсан. Би тэр залуу руу дөхөөд “чи яагаад хамар амыг нь цохиж байгаа юм” гэсэн чинь намайг хоёр гараараа хаах маягтай үйлдэл хийхээр нь би “би чамайг цохихгүй, харин чи яагаад манай дүүг цохиж байгаа юм, хамрыг нь яагаад цохиж байгаа юм” гэхэд нэг юм яриад байсан” цохисон байхаар яадаг юм, зайл пизданууд гэсэн. Түүний өмнө цагдаа дуудаад “манай гэрт гадны 2 хүн орж ирээд над руу дайраад байна” гэж утсаар яриад байсан. Тэгэнгүүт нь би “цагдаагаа дууд чи, би уулзъя, харин нь хэн нь буруудахаа харъя” гэсэн. Тэгээд үүд орчим нь цагдаа хүлээгээд зогссон чинь тэр залуу “чи зайл та нар зайл, дүүгээ аваад зайл, дүүгээ салгаад өгөөрэй” гээд бахираад л байсан. Зайл гэж олон удаа хэлсэн, эвгүй л байсан. Тэгээд бид хоёр хувцас хунараа зөөж байтал хоёр цагдаа байрны тэнд тааралдсан. Би машинаа наашлуулаад дүүгийнхээ юмыг зөөсөн. Тэгээд тэр цагдаа нартай уулзсан чинь “та нар БГД-ийн цагдаад өргөдлөө өг” гэсэн. Би нөгөө залуугийн дуудлагаар ирж байгаа цагдаа л байна гэж бодсон. Тэгээд дүү бид хоёр цагдаа руу ирсэн. Тэгээд би “манай дүү зодуулчихжээ” гэхэд өргөдөл гомдол хүлээж авдаг хүн нь дуудлаганд явсан байна гэсэн. Тэгээд өргөдлөө бичиж өгчихөөд гэмтлийн эмнэлэг явсан. Цагдаа руу ирэх хоорондоо дүүгийнхээ хадам ээж рүү өөрийнхөө утсаар залгасан. Дүүгээсээ утсыг нь авсан. Тэгээд “миний дүүг зодсон байна” гээд залгасан чинь хадам ээж нь “танай дүү чинь зүгээр л байна лээ штээ, зодсон хүнийг хэл, цагдаа сэргийлэхээрээ л яв” гэсэн” гэжээ. /хх 10-11 хуу/

 

Гэрч Б.Үнэнбат мэдүүлэхдээ: “…Нөхөр Сүлдбаатар бид хоёр 2015 онд танилцаад үерхээд 2017 оны 6 дугаар сард хамт амьдарч эхлээд 2017 оны 7 дугаар сард би хүүхдээ төрүүлсэн. Хүүхэд төрөөд 14 хоноод эмчид үзүүлэхэд “хүүхэд зүгээр байна, агаар салхинд гарга” гэсэн учраас би хүүхдээ Хөвсгөл рүү авч явъя, эмээ өвөө дээрээ очиж асруулъя гэж би нөхөртөө санал тавьсан. Нөхөр өөрөө уг нь зөвшөөрсөн. Сүлдбаатар ч ажил төрлөө тайван хийе гээд зөвшөөрөөд би хүүхдээ аваад хөдөө явсан. Тэр хугацаанд нөхөр маань Эрдэнэт явж ээжийнхээ байшинг янзална гэж ярьж байсан. Тэгээд Хөвсгөлд байхад хүүхэд уйлагнаад байсан учраас эмчид хандахад эмнэлэгт хэвтээд нэг хоноод эмнэлгээс гарсан. Би нөхөртөө энэ талаар хэлээд, чи наашаа хүрээд ирэх үү гэсэн чинь нөхөр “би ээжид байшинг нь засаж өгнө” гээд хэлчихсэн. Тэгсэн Сүлдбаатар “чи надад ээжийгээ эсвэл охиноо сонго гэж хэллээ” гээд бид ам мурийсан. Ингээд би хоёр хэсэг хугацаанд харьцаагүй, би уурандаа нөхрийнхөө утасны дугаарыг блоклосон. Манай нөхөр ч охин бид хоёртой ирж уулзаагүй. Тэгж байгаад 20 хоногийн дараа ирсэн байсан, тэр хооронд би хүүхэдтэйгээ ээжийндээ амьдарч байсан.Сүлдбаатар гэртээ шөнө ирээд манай ахтай маргаж муудалцсан гэсэн. Ахаас сонссоноор бол Сүлдбаатар “намайг ч ээжийг ч элдвээр хэлж хараасан” гэсэн. Тэгээд ах уурандаа нэг цохисон гэсэн. Миний хувьд тийм л ойлголттой байгаа. Энэ хэргийн талаар өөр зүйл мэдэхгүй байна. Сүлдбаатартай одоо хүртэл уулзаагүй байна.

Манай ах Чинбатын хувьд айлын том хүүхэд, эхээс хоёулаа. Сүлдбаатарын хувьд ч эхээс хоёулаа айлын бага хүү” гэжээ. /хх 13 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 10919 дугаартай дүгнэлтэнд: Д.Сүлдбаатарын биед хамар ясны хугарал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой  байна” гэжээ. /хх 16 хуу/

 

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 20-21, 28 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 22 хуу/

Ажлын газрын тодорхойлолт /хх 27 хуу/ зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Яллагдагч Б.Чинбат нь 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 03 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35б байрны 21 тоот хаалганы үүдэн дээр Б.Чинбат нь “төрсөн хүүхдийн чинь бие муу байхад сэтгэлгүй хандлаа” гэх шалтгаанаар төрөл садангийн хоорондын хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар Д.Сүлдбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10919 тоот дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогч сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 33/ байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлсэн үндэслэлтэй байна.  

 

Хохирогч Д.Сүлдбаатар нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Чинбаттай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 33/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэдгээ мэдүүлсэн байна.

 

            Яллагдагч Б.Чинбат нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Чинбат нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Чинбатын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Сүлдбаатар /хав 8,9 ху/ ,Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2017.08.27-ны өдрийн 10919 тоот дүгнэлт /хав 21 ху/, гэрч Д.Хүрэлбаатар /хав 10-11 ху/, гэрч Б.Үнэнбат /хав 12-13ху/ нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул Б.Чинбатыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан Б.Чинбатад 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч Б.Чинбатын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Чинбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Чинбатад 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Чинбат нь торгох ялыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Чинбатад урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжилүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ