Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 160

 

                                                         Э.Мандахбаатарт холбогдох эрүүгийн

                                                                              хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Г.Хатанцэцэг,

ялтан Э.Мандахбаатар, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Э.Мандахбаатарын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201626021850 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Энхтүвшингийн Мандахбаатар /ургийн овог тодорхойгүй, иргэний шинэчилсэн бүртгэлд ороогүй/, 1981 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 8 дугаар гудамжны 16 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /РД:ПЭ81011932/,

Э.Мандахбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 05 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Москва” их дэлгүүрийн урд байрлах автобусны буудлын хажууд бусдыг илтэд үл хүндэтгэн ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр таяг мэт хэлбэртэй урт нарийн хөнгөн цагаан төмрийг зэвсгийн чанартай хэрэглэн иргэн Х.Энхболдын баруун хөлийн шилбэ рүү нэг удаа цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Э.Мандахбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Мандахбаатарыг таяг мэт хэлбэртэй урт нарийн хөнгөн цагаан төмрийг зэвсгийн чанартай хэрэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан, мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 198 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Энхболд нь нотлох баримтаа бүрдүүлэн өвчтэй байсан хугацааны цалингаа жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 40 см урттай металл бариултай, толгой хэсэг нь 10 см урттай хөндлөн төмрийг углаж суурилуулан ногоон хуулгаар бүрсэн металл хийц бүхий таяг мэт хэлбэртэй зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Х.Энхболдын хөлийн рентген зургийг өөрт нь буцаан олгож, Э.Мандахбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Э.Мандахбаатар гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хийсэн хэрэгтээ их гэмшиж байгаа. Тухайн үед намайг “Хонгилдон” гэх хочтой хүнтэй маргалдаж, зодолдож байх явцад хохирогч Х.Энхболд нь дундуур орж салгах гэж байгаад цохигдсоноос хөл нь хугарсан. Миний бие бамбай булчирхай, элэгний В, С вирустай. Цагдан хоригдох хугацаанд 2 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Би худаг усны өрөмний газар ажилладаг байсан бөгөөд сардаа 800.000 төгрөгийн цалин авдаг байсан. Цаашид ажил хийж хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Энэ хугацаандаа дахин архи дарс хэрэглэхгүй, гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Иймд надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Ялтан Э.Мандахбаатарын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ялтан Э.Мандахбаатарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирол төлбөрийг төлж барагдуулсныг болон түүний эрүүл мэнд, хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү. Ялтан Э.Мандахбаатарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа...” гэв.

Прокурор Г.Хатанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Мөн ялтанд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэхэд прокурорын зүгээс татгалзалгүй...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Э.Мандахбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 05 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Москва” их дэлгүүрийн урд байрлах автобусны буудлын хажууд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр таяг мэт хэлбэртэй, урт нарийн хөнгөн цагаан төмрийг зэвсгийн чанартай хэрэглэн иргэн Х.Энхболдын баруун хөлийн шилбэ рүү нэг удаа цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- хохирогч Х.Энхболдын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...үүрээр тамхи авахаар ТҮЦ-рүү явж байхад ... Мандахбаатар нь үл таних настай эрэгтэйг таяг хэлбэртэй зүйлээр зодож байхаар нь “Боль” гэж хэлээд түүнийг түлхэж салгасан. Тэр хоёр согтуу байсан ба настай эрэгтэйгийнх нь толгойноос цус гарсан байсан... би зодуулсан хүнтэй яриад байж байтал Мандахбаатар таяг хэлбэртэй зүйлээрээ далайхаар нь би хөлөө дээш нь болготол миний баруун хөлний шилбэ рүү 1 удаа цохисон... би тэр өдрөө хугарсан ясаа хадуулсан... тухайн үед би эрүүл байсан ба тэр хоёр хүмүүстэй маргалдаагүй. Харин тэр настай эрэгтэйг улам их зодуулахаас сэргийлж, Мандахбаатарыг түлхэж холдуулахад тэр дургүйцэж намайг төмөр далайн цохисон байх... Мандахбаатарын дүүгээс эмчилгээний төлбөрт 83.694 төгрөгийг авсан. Би Япон улсын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж, сард 1.200.000 төгрөгийн цалин авдаг. Хөл хугарсны улмаас 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 12 дугаар сар хүртэл хугацаанд ажлаа хийж чадаагүй тул 6 сарын цалин болон 7.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хохирлыг төлбөл надад гомдол санал байхгүй...” /хх-18-19, 165/,

- гэрч Т.Баярмаагийн “...өглөө 5 цаг 22 минутанд ирсэн дуудлагын дагуу Москва рестораны урд байрлах автобусны буудал дээр очиж шалгахад Энхболд гэгч нь цаасан хайрцаг дээр суусан, баруун хөл нь шилбэ хэсгээрээ санжиганаж, хугарсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад “Мандахбаатар гэх хүн өөр хүнтэй зодолдож байсан, тэгэхээр нь би салгах гэтэл намайг таяг шиг төмрөөр шалгаангүй цохисон” гэж байсан... ингээд төмрийг  нь хурааж аваад Мандахбаатар гэх залууг саатуулсан...” /хх-25/,

- шинжээч Т.Чимэд-Очирын “...Энхболдын биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйл буюу мод, чулуу, төмрийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлнө. Удаан хугацаа гэдэг нь 4 долоо хоногоос дээш хугацаанд эдгэрнэ. Эмчилгээ, эдгэрэлт хэвийн явагдсан тохиолдолд цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-28/ гэсэн мэдүүлгүүд,

- ялтан Э.Мандахбаатарын гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-41-42, 44-45, 164-165/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10550 тоот “...Энхболдын биед баруун шилбэний шаант тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэх байх боломжтой бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-27/, хохирогч Х.Энхболдын хөлний рентген зураг болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн цагаан өнгийн 40 см урттай металл бариултай, толгой хэсэг нь 10 см урттай хөндлөн төмрийг углаж суурилуулан ногоон хуулгаар бүрсэн металл хийц бүхий таяг мэт хэлбэртэй зүйлийг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тэдгээрийг нотлох баримтын ач холбогдолтой гэж эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-7-12/, Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх-61-69/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ. 

Анхан шатны шүүх ялтан Э.Мандахбаатарыг төлбөрийн чадваргүй ба шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргаж байгааг үндэслэн өмгөөлөгч томилуулан шүүн таслах ажиллагаанд оролцуулж, гүйцэтгэвэл зохих ажиллагааг нөхөн гүйцэтгэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан заалтад нийцсэн байна.

Иймээс мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй гэж үзлээ.

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шалгасан байх ба энэ нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн үнэлэх боломжтой бөгөөд эдгээрийг үндэслэн ялтан Э.Мандахбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, таяг мэт хэлбэртэй урт нарийн хөнгөн цагаан төмрийг зэвсгийн чанартай хэрэглэн, догшин авирлаж танхайрсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нийтлэг зарчимд нийцүүлэн Э.Мандахбаатарт хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байх ба харин түүний хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг харгалзан үзэж хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэснийг хуульд нийцсэн гэж үзлээ.

Анхан шатны шүүх хохирогч Х.Энхболдын эрүүл мэндэд учирсан хохирлын баримтуудыг үндэслэлтэй зөв дүгнэсэн бөгөөд хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалинг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхээр жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3, 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт заасан заалтад нийцжээ.

            Ялтан Э.Мандахбаатар нь анх удаа ял шийтгүүлсэн, хохирогчийн эмчилгээнд гарсан зардлыг нөхөн төлсөн, мөн түүний ахуй амьдрал, эрүүл мэнд, хувийн байдал, хохирогч Х.Энхболдын анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн “...Э.Мандахбаатарт гомдол саналгүй, түүнийг шоронд явуулах бодолгүй байна...” гэсэн хүсэлт зэргийг харгалзан Э.Мандахбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Иймд ялтан Э.Мандахбаатарын  гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авч, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад, шүүгдэгч Э.Мандахбаатарыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                       ШҮҮГЧИД                                                   Ц.ОЧ

                                                                                                           Д.МӨНХТУУЛ