Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 01365

 

 “БИД” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/01351 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “БИД ББСБ” ХХК-ийн хариуцагч Л.Ц-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 9 486 652.65 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн, зээлийн гэрээний 3.1.2, 3.1.4 дэх заалт болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.  

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөллийн хөлсөд шаардсан 950 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 9 486 652.65 төгрөгийг гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээгээр 12 000 000 төгрөгийг сарын 4.2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаагаар зээлсэн. Зээлийн гэрээний хугацааг 1 удаа 6 сараар сунгаж, уг хугацаа 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дууссан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагчаас зээлийн үлдэгдэл 7 067 737.90 төгрөг, зээлийн хүү 2 086 448.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 332 466.39 төгрөг, нийт 9 486 652.65 төгрөгийг гаргуулж, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос хангуулж өгнө үү. Анз шаардаагүй тул зээлийн гэрээний 3.1.2, 3.1.4 дэх заалтууд хүчин төгөлдөр. Барьцааны гэрээний 4.1 дэх заалт нь өөрийн зөрчигдсөн эрхийг шүүхээр хамгаалуулахад хэрэгтэй заалт болохоос шүүхийн бус журмаар барьцаа хөрөнгийг шилжүүлэн авах тухай заалт биш, иймд гэрээ хүчин төгөлдөр тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Үндсэн зээл 7 067 737.90 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Харин хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд маргахгүй боловч зээлийн гэрээний холбогдох заалт хүчин төгөлдөр бус үндэслэлээр төлөхийг зөвшөөрөхгүй. Барьцааны гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус хэлцэл тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндэслэлгүй. Зээлийн гэрээний 3.1.2, 3.1.4 дэх заалтаар зээлдэгчээс гарсан зардал, хохирол нэмж төлүүлэх нэрээр торгууль төлүүлэхээр зохицуулсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай зөрчилдөж байгаа тул гэрээний заалт хуульд нийцээгүй. Мөн барьцааны гэрээний 4.1 дэх заалт барьцааны зүйл үл хөдлөх эд хөрөнгө бол барьцаалуулагч нь үүргээ гүйцэтгээгүй тухай мэдэгдлийг барьцаалагч нь бичгээр хүргүүлнэ. Гардуулж өгснөөс хойш 30 хоногийн дотор үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж заасан нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус гэж заасантай зөрчилдөж байгаа тул уг гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байна. Иймд зээлийн гэрээний холбогдох заалтыг, харин барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Ц-гээс 9 486 652.65 төгрөгийг гаргуулж “БИД” ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033251 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14180/, Ногоон нуурын гудамжны 507 дугаар байр, 133 тоотод байрлах 41.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 252 136.44 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 214 218 төгрөгөөс 140 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 73 818 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, хариуцагчаас 252 136.44 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зээлийн гэрээний 3.1.2-т “зээлдэгч энэхүү гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл болон хүүг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдүүлэгч зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүү тооцох ба үүнээс үүдэн гарах зардал, хохирлыг нэмж төлөхийг шаардах”, 3.1.4-т “зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн зээлдүүлэгч барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн дагуу худалдан борлуулж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал хохирлыг нэн даруй төлүүлнэ” гэж заажээ. Гэрээний эдгээр заалтуудаар хохирол нэрээр торгууль шаардаж байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай зөрчилдөж байна гэх хариуцагчийн сөрөг шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ” гэсэн байна. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ0104160422 тоот гэрээний 3.1.2, 3.1.4 дүгээр зүйл нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгтэй зөрчилдөж хохирол нэрээр торгууль төлөхөөр гэрээний заалт оруулсан нь хууль зөрчсөн. Барьцааны гэрээний 4.1-д “барьцааны зүйл үл хөдлөх эд хөрөнгө бол барьцаалуулагч нь үүргээ гүйцэтгээгүй тухай мэдэгдлийг барьцаалагч нь бичгээр хүргүүлнэ. Гардуулж өгснөөс хойш 30 хоногийн дотор үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж заажээ. Энэ заалтыг Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна” гэж заасанд хамаатуулж, барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн хариуцагчийн сөрөг шаардлага мөн хууль зүйн үндэслэлгүй байна” гэжээ. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ0104169422 тоот барьцааны гэрээний 4.1 нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгтэй зөрчилдөж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “БИД” ББСБ ХХК хариуцагч Л.Ц-д холбогдуулан үндсэн зээл 7 067 737.90 төгрөг, зээлийн хүү 2 086 448.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 332 466.39 төгрөг, хууль зүйн туслалцааны зардал 950 000 төгрөг, нийт 10 436 652.65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 950 000 төгрөгөөр багасгажээ.

Зохигчын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч 12 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг сарын 4.2 хувийн хүүтэй буцаан төлөх үүрэг хүлээсэн, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Ү-2203033251 дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 507 дугаар байрны 133 тоот хаягт байрлах 41.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалан барьцааны гэрээ байгуулж талууд гарын үсгээр баталгаажуулжээ.

 Хариуцагчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан зээл авах тухай хүсэлтийн дагуу /хх13/ зээлийг зээлдэгчид олгосон баримт /хх14/ хэрэгт авагдсан ба хариуцагч Л.Ц нь гэрээ байгуулагдсан болон зээлийн хөрөнгийг шилжүүлэн авсан талаар маргаагүй, үндсэн зээлд 7 067 737.90 төгрөгийг төлөхийг зөвшөөрчээ. Мөн зээлийн гэрээний хугацааг дахин 6 сараар сунгахЛ.Ц гийн хүсэлтээр /хх16/ талууд 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. /хх17/

Иймд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

Талууд зээлийн гэрээний 3.1.4 дэх заалтаар зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдүүлэгч нэмэгдүүлсэн хүү тооцож, үүнээс үүдэн гарах зардал, хохирлыг нэмж төлөхийг шаардах гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийг зөрчөөгүй бөгөөд зээлдэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэх татгалзал үндэслэлгүй.

Зээлдүүлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардсаныг шүүх хангасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, мөн гэрээний заалтад нийцсэн байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, барьцааны гэрээнд хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шууд шилжүүлнэ гэж заагаагүй, зөвхөн барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангах асуудлыг хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх агуулгаар тусгасан байх тул уг үндэслэлээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж гаргасан сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй.

Иймд шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/01351 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214 218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.ИЧИНХОРЛОО

                                                                ШҮҮГЧИД                           Т.ТУЯА  

                                                                                                              А.ОТГОНЦЭЦЭГ