Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1351

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: “БИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Ц-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 9,486,652.65 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний 3.1.2, 3.1.4 дэх заалт болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амундра, нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс шаардсан 950,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 9,486,652.65 төгрөгийг гаргуулах шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай ББСБ-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 18 сарын хугацаагаар 12,000,000 төгрөгийг сарын 4,2 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний хугацааг 1 удаа 6 сараар сунгаж, сунгасан хугацаа 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дууссан боловч зээлийн гэрээний үүргийг хариуцагч зохих ёсоор биелүүлээгүй.

Иймд хариуцагчаас зээлийн үлдэгдэл 7,067,737.90 төгрөг, зээлийн хүү 2,086,448.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 332,466.39 төгрөг буюу нийт 9,486,652.65 төгрөгийг гаргуулж, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос хангуулж өгнө үү.

Бид хариуцагчаас анз шаардаагүй тул зээлийн гэрээний 3.1.2, 3.1.4 дэх заалтууд хүчин төгөлдөр. Барьцааны гэрээний 4.1 дэх заалт нь өөрийн зөрчигдсөн эрхийг шүүхээр хамгаалуулахад хэрэгтэй заалт болохоос шүүхийн бус журмаар барьцаа хөрөнгийг шилжүүлэн авна гэсэн заалт огт биш. Тиймээс гэрээ хүчин төгөлдөр тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг шаардлагадаа:

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 7,067,737.90 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Харин хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд маргахгүй боловч зээлийн гэрээний холбогдох заалт хүчин төгөлдөр бус үндэслэлээр төлөхийг зөвшөөрөхгүй. Барьцааны гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус хэлцэл тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндэслэлгүй. Сөрөг шаардлагаа дэмжинэ.

Харин сөрөг шаардлага гаргасан байгаа.

Зээлийн гэрээний 3.1.2, 3.1.4 дэх заалтаар зээлдэгчээс гарсан зардал, хохирол нэмж төлүүлэх нэрээр торгууль төлүүлэхээр зохицуулсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй.” гэж заасантай зөрчилдөж байгаа тул гэрээний заалт хуульд нийцээгүй.

Мөн барьцааны гэрээний 4.1 дэх заалт “Барьцааны зүйл үл хөдлөх эд хөрөнгө бол барьцаалуулагч нь үүргээ гүйцэтгээгүй тухай мэдэгдлийг барьцаалагч нь бичгээр хүргүүлнэ. ...Гардуулж өгснөөс хойш 30 хоногийн дотор үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй...” гэж заасан нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна.” гэж заасантай зөрчилдөж байгаа тул уг гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Иймд зээлийн гэрээний холбогдох заалтыг, харин барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтууд, талуудын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “БИ” ХХК нь хариуцагч Л.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,486,652.65 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны зардал 950,000 төгрөг буюу нийт 10,436,652.65 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэмэлт зардал 950,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээгээр багасгасан байна.

Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 7,067,737.90 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, зээлийн гэрээний 3.1.2, 3.1.4 дэх заалт болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл үндэслэлээр нэхэмжлэлийн бусад шаардлагыг эс зөвшөөрч маргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлээр зээлийн гэрээний холбогдох заалт болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардсан.

 

Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, гэрээ хүчин төгөлдөр гэж маргаж байгаа.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Зохигчдын хооронд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ЗГ0104160422 тоот Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч “БИ” ХХК нь 12,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 4,2 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор тохирч шилжүүлэх, зээлдэгч Л.Ц нь 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 6 дугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд сар бүрийн 01-ний өдрүүдэд зээл, хүүгийн төлбөрийг хэсэгчлэн төлөх замаар зээлийг буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Мөн энэ өдөр зохигчид үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033251 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж 507 дугаар байрны 133 тоотод байрлах, 41,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаанд бариулжээ.

 

Талууд зээлийн гэрээний хугацааг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ0104160422-1 тоот гэрээгээр 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгасан байна.

 

Зээлдүүлэгч гэрээгээр тохирсон 12,000,000 төгрөгийн зээлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр шилжүүлсэн, зээлдэгч шилжүүлэн авсан зээлээс 7,067,737.90 төгрөг төлөөгүй үйл баримтад маргаагүй бөгөөд төлөхийг зөвшөөрсөн, харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэсэн тайлбар гаргасан тул шүүх нэхэмжлэгчийг үндсэн зээлийн үлдэгдлийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Харин хариуцагч нь зээлийн хүү 2,086,448.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 332,466.39 төгрөгийн тооцоололд маргаагүй боловч төлөхөөс татгалзаж буй үндэслэлээ сөрөг шаардлагаар гаргасан тул шүүх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн эсэх, шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой эсэхэд сөрөг шаардлагын үндэслэлийг дүгнэсний хойно үнэлэлт өгөх боломжтой байна.

 

Зээлийн гэрээний 3.1.2-т “Зээлдэгч нь энэхүү гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл болон хүүг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдүүлэгч зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүү тооцох ба үүнээс үүдэн гарах зардал, хохирлыг нэмж төлөхийг шаардах”, 3.1.4-т “Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн зээлдүүлэгч барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн дагуу ...худалдан борлуулж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал хохирлыг нэн даруй төлүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Гэрээний эдгээр заалтуудаар хохирол нэрээр торгууль шаардаж байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй.” гэж заасантай зөрчилдөж байна гэх хариуцагчийн сөрөг шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

Учир нь, гэрээнд заасан бусад зардал, хохирол гэх ойлголтыг “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ.” гэж заасан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь зохицуулалтад хамаатуулах ямар ч үндэслэлгүй, харин үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс үүрэг гүйцэтгүүлэгчээс нэмэлт зардал гарсан, эсхүл хохирол учирсан бол түүнийгээ шаардан авахтай холбоотой Иргэний хуульд заасан шаардах эрхийн зохицуулалтад хамаатай ойлголтууд байх тул гэрээний заалтуудыг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

Барьцааны гэрээний 4.1-д “Барьцааны зүйл үл хөдлөх эд хөрөнгө бол барьцаалуулагч нь үүргээ гүйцэтгээгүй тухай мэдэгдлийг барьцаалагч нь бичгээр хүргүүлнэ. ...Гардуулж өгснөөс хойш 30 хоногийн дотор үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй...” гэж заажээ.

 

Энэ заалтыг Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна.” гэж заасанд хамаатуулж, барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн хариуцагчийн сөрөг шаардлага мөн хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, барьцааны гэрээний дээрх заалтаар барьцааны зүйл болсон хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шууд шилжүүлэх талаар зохицуулаагүй, харин барьцааны зүйлээс барьцаалагчийн шаардлагыг хангахтай холбоотой асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх агуулгатай байх тул уг гэрээг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

 Иймд зохигчдын хооронд бичгээр үйлдэгдэж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасанд нийцсэн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Зээлийн гэрээний хугацаа дууссан, хариуцагч хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдсон учир нэхэмжлэгч хүчин төгөлдөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш үндсэн зээл 7,067,737.90 төгрөгөөс төлөлт хийгээгүй тул авсан зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т заасан үүргийг дагуу 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

 

Иймд хариуцагч Л.Цгээс үндсэн зээлд 7,067,737.90 төгрөг, зээлийн хүүд 2,086,448.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 332,466.39 төгрөг буюу бүгд 9,486,652.65 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “БИ” ХХК-д олгов.

 

Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан тул хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлгүй тул 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн ЗГ0104160422 тоот гэрээний 3.1.2, 3.1.4 дэх заалт болон барьцааны ЗГ0104160422 тоот гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох Л.Цгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Л.Цгээс 9,486,652.65 төгрөгийг гаргуулж “Бизнес Инвест Девелопмэнт ББСБ” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033251 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14180/, Ногоон нуурын гудамжны 507 дугаар байр, 133 тоотод байрлах, 41,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 252,136.44 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 214,218 төгрөгөөс 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 73,818 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, хариуцагчаас 252,136.44 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Ө.УЯНГА