Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 506

 

А.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 600 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 946 дугаар магадлалтай, А.М-д холбогдох 1809023230592 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 01 сар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 124 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээнд нийцүүлэн 5 жил 01 сар хорих ял болгон өөрчилсөн,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 69А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.17, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар нийт 11 жил 10 хоног хорих ял шийтгэж, 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 13 жил 10 хоногоор тогтоосныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 821 дүгээр магадлалаар нийт 13 жил хорих ял болгон өөрчилж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 162 дугаар шүүгчийн захирамжаар шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн ялыг дүйцүүлэн хасаж, биечлэн эдлэх ялыг 2 жил 06 сар 10 хоногийн хорих ялаар тогтоож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 09 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, А овогт А-ийн М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т заасан “Дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос А.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч А.М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.М-д Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 69А дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 09 сар 23 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жил 09 сар 23 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д оногдуулсан 6 жил 09 сар 23 хоног хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.М-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.М гаргасан гомдолдоо “...Миний бие болсон хэргийн талаар анх цагдаагийн газарт очин ээж, дүүгийн хамт мэдүүлэг өгч өөрийгөө илчилсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн олон зөрүүтэй мэдүүлгийг нягтлалгүй хэт нэг талыг барьж ажилласанд гомдолтой байна. Ял шалгасан хуудсанд маш олон жилийн зөрүү гарсан бөгөөд энэ нь нүдэнд ил ойлгомжтой байхад анхаарч үзэлгүй орхигдуулж, дахин шалгалгүй эрх зүйн байдлыг анхаараагүйд гомдолтой байна. Миний бие өмнө нь 2008 оны 11 дүгээр сарын 05-нд цагдан хоригдож 2009 оны 08 дугаар сарын 04-нд Хан-Уул дүүргийн шүүхээр 13 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Улмаар 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 162 дугаар шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн ялыг дүйцүүлэн хасаж биечлэн эдлэх ялыг 12 жил 05 сар 27 хоног болгосон. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 18-нд эдлээгүй үлдсэн 1 жил 09 сар 23 хоногийн ялыг тэнсэн сулласан. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 600 дугаар шийтгэх тогтоол болон 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 946 дугаар магадлал болон ял шалгасан хуудас дээр “хуулийн өөрчлөлтөөр ялыг дүйцүүлэн хасаж нийт эдлэх 2 жил 06 сар 10 хоног болгон өөрчилсөн” гэж бичиж надад гардуулсан. Би өмнөх тогтоолоор нийт 10 жил 08 сар сууж суллагдсан. Одоогийн надад гардуулсан 2 тогтоол дээр байгаагаар бол миний бие хуульд заасан хугацаанаас олон жил илүү суусан зөрүү гарч, мөн ямар нэгэн хяналтын хугацаа байхгүй болж таарч байна. Энэ тогтоолуудын зөрүүг анхан болон давж заалдах шатны шүүх анхааралгүй ялтай байхдаа гэмт хэрэгт холбогдсон хэмээн үзэж ялын доод хэмжээг өгөх боломж, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэсэнгүй. Миний бие өөрийн гэм буруугаа хүлээн, ойлгон ухамсарлаж өөрөө очин гэм буруугаа хүлээн мэдүүлэг өгсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн анхаарч үзээгүй, нягтлан шалгаагүй, мөрдөн байцаалтад дутуу хийгдсэн эд мөрийн баримтаар нотлогдоогүй зүйлийг хянаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ хэлсэн саналдаа “...Хохирогч шүүгдэгчийг буу барьсан гэж мэдүүлсэн атлаа дараа нь буу бариагүй байсан гэж зөрүүтэй мэдүүлсэн. Мөн хохирогч гомдол, саналгүй гэж хэлсэн байдаг. Энгийн үгээр тайлбарлах юм бол айсан хүнд аргал хөдөлнө гэдэг шиг хохирогч тухайн үед буу байсан уу гэдгийг анзаараагүй байж буу байсан гэж мэдүүлсэн. Үүнийг шалгаж тогтоосон зүйл хавтаст хэрэгт байхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан. Шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээсэн хүний ял шийтгэлийг хөнгөрүүлнэ гэж заасан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн мэдүүлгийг үндэслэсэн. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөн байцаагч болон прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоодог. Шүүгдэгчийн хувьд хүнд амьдралтай, өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг. Шүүх нээлттэй болон хаалттай хорих байгууллагаас хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр заасан нь ар гэр болон шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Шүүгдэгчийн гаргасан үйлдэл хууль бус ч хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэхээс гадна зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэсэн зорилготой байдаг. Энэ хүнийг нийгэмшүүлэх гэж байна уу гэдэг нь харагдахгүй байна. Шүүгдэгчийн хохирлоо бүрэн барагдуулсан болон дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нь хүч хэрэглэхээр заналхийлж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон. Тухайн үйлдэл нь хохирогчийн амь насанд аюултай байсан тул хохирогч зугтаасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэрэгт нь зөв дүгнэлт хийж, ял шийтгэл оногдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

А.М-ын 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 60 дугаар байрны 279 тоотод оршин суух Австрали Улсын иргэн Т Т-ийн гэрт орж хар өнгийн бууг зэвсэг болгон хэрэглэж “money” /мөнгө/ хэмээн нэхэж бэлэн 200,000 төгрөг, 400 ам.доллар, Худалдаа хөгжлийн банкны долларын виза карт, төгрөгийн виза карт зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Т Т нь хар өнгийн бууны талаар, шүүгдэгч А.М нь бууны хэлбэртэй хар, улаан хүрэн өнгийн асаагуур байсан талаар зөрүүтэй мэдүүлэх ба хэрэгт чухам ямар зүйл байсан болохыг тогтоогоогүй, эд мөрийн баримтаар авагдаагүй, бодит байдлаар буу, эсвэл түүнийг орлуулсан зүйлийн алин болох нь нотлогдоогүй тул шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хохирогч Т Т /Tulku Thuksay/ нь шүүгдэгчийн “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зүйлийг “хар өнгөтэй буу” буюу зэвсэг гэж ойлгож, улмаар түүнээс нь айж зугтаасан,

нөгөөтэйгүүр шүүгдэгч А.М нь “буу” буюу зэвсэг гэж ойлгогдохоор зүйлээр заналхийлэл үзүүлж, түүнээс айна гэдгийг ухамсарлаж, урьдчилан тооцож, үйлдлээ төгсгөсөн нөхцөл байдлын хооронд шууд шалтгаант холбоо үүсч, А.М нь хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан нөхцөл байдлууд тогтоогджээ.

Дээрэмдэх гэмт хэрэгт хэрэглэсэн зэвсэг нь бодит байдалд зэвсэг мөн байсан эсэхээс шалтгаалж хэргийн зүйлчлэлийг тогтоохгүй бөгөөд гэмт этгээдийн санаа зорилго бодитой хэрэгжсэн эсэхээс шалтгаалж хэргийг зүйлчлэх нь зүйтэй.

Гэтэл хоёр шатны шүүх “Дээрэмдэх гэмт хэрэгт хэрэглэсэн зэвсэг нь үнэн хэрэгтээ буу буюу зэвсэг байсан нь тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг тогтоосон нь зөвхөн үйл баримтаас шалтгаалан хийгдсэн дүгнэлт бөгөөд харин хууль зүйн дүгнэлт огт хийгдээгүй байна.

Өөрөөр хэлбэл, хохирогчийн “буу” гэж ойлгосон зүйлийн нөлөөллийн үр дүнд уг гэмт хэрэг төгссөн байхад энэхүү нөхцөл байдал нь дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэх үндэслэл болох юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй, ноцтой зөрчилд тооцогдоно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 600 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 946 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, А.М-д холбогдох хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                        Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН