Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 233

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Иргэдийн төлөөлөгч Д.Өлзийбат,

Улсын яллагч П.Бямбасүрэн,  

Шүүгдэгч А.М түүний өмгөөлөгч Д.Соёл-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адуучин овогт Алтанхуягийн Мянганжаргалд холбогдох эрүүгийн 1809023230592 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамтаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчидын Г гудамж 727 тоотод оршин суудаг, урьд 2 удаа ял шийтгэгдэж байсан, Үүнд:

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 11 сарын 06-ны өдрийн №303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2008 оны 4 сарын 09-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн №124 дугаар шүүгчийн захирамжаар хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээнд нийцүүлэн 5 жил 1 сарын хорих ял болгон өөрчилсөн,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 8 сарын 04-ний өдрийн №69А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.17, 261 дүгээр зүйлийн 261.2-т тус тус зааснаар нийт 11 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт 13 жил 10 хоногийн хугацаагаар биечилэн эдлэх ялыг тогтоосныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 10 сарын 13-ны өдрийн №821 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан нийт 13 жилийн хорих ял болгон тогтоолд өөрчлөлт оруулсан,

 2017 оны 7 сарын 04-ний өдрийн Сэлэнгэ аймаг Мандал сумын дахь сум дундын шүүхийн №162 дугаартай шүүгчийн захирамжаар  шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн ялыг дүйцүүлэн хасаж, биечилэн эдлэх ялыг 2 жил 6 сар 10 хоногийн хорих ялаар тогтоож, Сэлэнгэ аймаг Мандал сумын дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2018 оны 01 сарын 11-ний өдрийн №07 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар, 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч А.М нь 2018 оны 5 сарын 19-ний өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 60 дугаар байрны 279 тоотод оршин суух Австрали Улсын иргэн Туксэе Тулкугийн гэрт нь орж хар өнгийн бууг зэвсэг болгон хэрэглэж "...мопеу" /мөнгө/ хэмээн нэхэж бэлэн 200000 төгрөг, 400 ам доллар, Худалдаа хөгжлийн банкны долларын виза карт 1 ширхэг, төгрөгийн виза карт 1 ширхэгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Миний бие 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Батцэцэцэгийн анх надтай танилцуулсан багш Австрали улсын иргэн Туксэе Тулкутай уулзаад мөнгө зээлэхийг хүссэн. Батцэцэгээс гэртээ байгаа эсэх талаар асуухад Батцэцэг өөрийнхөө утсаар утасдаж асуугаад гэртээ байна гэдгийг надад хэлсэн. Би гэрт нь очиж уулзсан. Бид хоёр 10 минут орчим юм яриад надад мөнгөний хэрэг байгаа талаар хэлэхэд багш мөнгө зээлэх боломжгүй, өнөөдөр хүн хүлээж авахгүй гэж татгалзсан. Тухайн хүн монгол хэлээр ярьж ойлгодог. Зарим нэг хүнтэй уулзахдаа орчуулагч ашигладаг. Би мөнгө гэдэг үгийг монгол болон англиар хэлсэн. Тухайн хүн ойлгосон. Буу гээд байгаа зүйл нь асаагуур юм. Өмнө нь багшийнд очихдоо ч гэсэн авч очиж байсан. Өмдний тэлээнд хийгээд явдаг байсан зүйл юм. Миний ойлгосноор Батцэцэг анх намайг танилцуулахдаа дотны найз гэж танилцуулж байсан. Тэр өдрөөс хойш намайг байнга дагуулж очиж тухайн хүнтэй ойр дотно байх болсон. Би өөрийгөө хууль хяналтын ажилтан гэж огт хэлээгүй. Туксэе Тулкутай ганцаарчлан уулзсан нь 2018 оны 5 сарын 19-ний өдөр байсан. Батцэцэг өмнө нь 200.000.000 төгрөгийн өрөнд ороод компаниа дампууруулахад миний асуудлыг шийдвэрлэж өгсөн хүмүүс гээд өөр хүмүүсийг надтай цуг авч очиж машинаар хүргэж өгч байсан. Тэдгээр хүмүүсийг хуулийн байгууллагад ажилладаг талаар Туксэе Тулку багшид монгол хэлээр хэлж байсан. Эдгээр хүмүүсийг надтай нэгтгэж ойлгосон юм шиг байна гэдгийг хэргийн материалтай танилцах явцдаа ойлгосон. ...Хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийг үгүйсгэхгүй. Миний холбогдсон хэргийг зөв зүйтэй зүйлчилж, үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсч байна…” гэв.

Эрүүгийн 1809023230592 дугаартай хэргээс:

   Шүүгдэгч А.М нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр би Батцэцэгтүвшинчойдонгийн гэрээс гараад мөнгө хэрэг болоод байхаар нь 12 цагийн орчим багш намайг Кам он /come on/ гээд гэртээ оруулсан. Тэгээд би гэрт нь ороод өөрийнхөө үүрч явсан үүргэвчтэй хувцсаа тайлж тавьтал багш “буйдан дээр суу” гэхээр нь би сууж байтал багш надад 2 удаа ус хийж өгсөн. Тэгээд би тэрийг нь уучихаад сууж байтал багш надад тавагтай чихэр өгөхөөр нь нэг чихэр авах үед ширээн дээр нь нугалаад сангийн бопероор даруулсан доллар харагдсан. Тэгэхээр нь би багшид хандаад “надад мөнгө хэрэгтэй байна” гээд Монголоор хэлтэл над руу удаан харж байснаа Нөү Моние /No money/ гэж англиар мөнгө байхгүй гэсэн. Тэгээд багш өөрөө Батцэцэг рүү залгаад англиар 2-3 үг хэлчихээд надад утсаа өгөхөөр нь би утсыг нь аваад Батцэцэгтэй яриад “би удахгүй гэрээс нь гарна багш ойлгохгүй байх шиг байна чи Номинд хэлээд орчуулга хийгээд өгчих гээд хэлээд өгөөч би багштай уулзчихаад явна” гэсэн чинь Батцэцэг “за би одоо хэлчихье” гэсэн. Батцэцэг удалгүй дахин залгаад надад багш “өнөөдөр хүн хүлээж авахгүй” гэж байна “яагаад ингээд амарч байхад найз залуугаа явуулж байгаа юм бэ” гээд дургүй байна гэхээр нь би заза гээд утсаа тасалсан. Утсаар ярьж байгаа явдал дандаа багшийн утсаар ярьж байсан юм. Тэгээд би сууж байтал багш над руу яагаад гээд англиар юм асуугаад байх шиг байсан тэгэхээр нь би надад мөнгө хэрэгтэй байнаа таниас би гуйж байна гээд хэлсэн чинь багш үгүй, үгүй л гээд байсан. Мөнгө нь ил харагдаад байсан учраас би багшийн өөдөөс хараад сууж байгаад халааснаасаа гар утсаа гаргаж иртэл багш тагт руу гүйгээд гарчихсан ба “уучлаарай би буцаад явлаа багшаа” гээд англиар Сорри гөү бак /sorry go back/ гээд хэлсэн чинь багш доошоо суух шиг болсоноо гэнэт алга болсон. Тэгэхээр нь би доошоо уначихлаа гэж бодоод чихрийн тавагны хажууд байсан мөнгийг нь аваад гараад явсан. Тэгээд би тэндээсээ гараад таксинд суугаад 5 шар руу очоод мөнгөө тоолж үзтэл бэлнээр 200.000 төгрөг болон 400 ам.доллар байсан. Би багшийг унаад үхчихлээ гэж бодоод зугтаасан юм. Би багшийнхаас авсан мөнгөө хэрэглэж байгаад долларыг нь хадгалж байгаад үрчихсэн юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

               Хохирогч Туксэе Тулку /Tulku Thuksay/ нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Батцэцэгтэй хамт ирдэг эрэгтэй хаалга тогшиж байхаар нь таниад гэртээ оруулсан, 15 минут орчим ямар нэгэн юм ярилгүйгээр суугаад байсан, хар цүнхнээсээ хар өнгийн буу гаргаж ирээд нуруу хэсэг рүүгээ хийгээд байсан, тэгсэн буугаа гаргаж ирчихээд янзлангаа англиар “money” гэж хэлэхээр нь надаас “мөнгө нэхэж байна” гэж ойлгоод би “үгүй” гэж хэлсэн чинь тэр залуугийн нүүр хувирч шууд уурлаж эхэлсэн. Тэгэхээр нь би ямар нэгэн юм болохвий гэж айгаад шууд тагт руу гараад шатаар доош буусан, буцаад өөрийнхөө тагт руу гараад цонхоор харахад орон дээр хадагнууд ундуй сундуй болчихсон өмсөж явсан малгай нь орон дээр харагдахаар нь би явчихсан байна гэж бодоод дотогш ороод ямар нэгэн зүйл алдагдсан үгүйг шалгахад уутан дотор байсан түрийвчтэй 400 доллар, 200.000 төгрөг бэлнээр болон Худалдаа хөгжлийн банкны долларын виза карт 1 ширхэг, төгрөгийн виза карт 1 ширхэг тус тус байсан алга болсон байсан. Тэр залуу үнэхээр буу гаргаж ирээд гартаа барьсан байсан, над руу буу тулгаагүй, чиглүүлээгүй, буудна гээгүй гэхдээ би маш их айсан, мөнгө өгөхгүй бол буугаараа ч юм уу ямар нэгэн зүйл хийж магадгүй буудаж магадгүй гэж бодоод зугтаасан, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

               Гэрч Б.Номинчулуун нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Батцэцэг гэдэг эмэгтэй надаас гуйж “багштайгаа ярилцахад орчуулж өгөөч” гэж надаар утсаар яриулдаг байсан, Тулку над руу залгаад “энд нэг залуу юм яриад байна, чи орчуулаад өгөөч” гээд утсаа үл таних эрэгтэй хүнд өгсөн, тэгээд би ярихад тэр залуу “багшийн гэрт нэг ажиллагаа хиймээр байна, энд нэг гадаадын 17 давхарт байгаа, тэр иргэнийг баривчлах ажиллагаа явуулах гэж байна, тиймээс багшийг 10 минут гэрээсээ гараад өг гээд хэлээд өгөөч” гэж хэлсэн, би багшид орчуулж өгсөн чинь “үгүй ээ, боломжгүй, та нар өөр газар ажиллагаа явуулж болохгүй юу би гэрээсээ гарахгүй” гэхээр нь тэр залууд хэлсэн чинь “заза” гээд утсаа салгасан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр  хуудас/,

               Гэрч Д.Батцэцэгтүвдэнчойндон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай багш өөрийнхөө дугаараас над руу залгаад танай найз чинь манай гэрт байна гэхээр нь Мянганжаргалд яагаад багшийнд зөвшөөрөлгүй байгаа юм бэ наанаасаа хурдан яв, маргааш очих ёстой ш дээ гэхэд би эндээс гараад орой танай гэрт очноо гэж хэлээд утсаа тасалсан. Багшийнд яагаад очсоныг мэдэхгүй байна. Сүүлийн үед багшийг байн байн асуугаад багш руу залга гээд загнах шахуу надаар залгуулаад байсан нь ийм хэрэг хийх гээд асуугаад байсан юм байна. Номинчулуун над руу яриад чиний дагуулж ирсэн залуу багшийн олон улсын виза карт, иргэний үнэмлэх, 400 ам.доллар, 200000 төгрөгийг буу тулгаж байгаад аваад явсан байна гэж хэлсэн. Би багшийн гэрт удалгүй очиход гэрийнх нь эд зүйлс хөглөрчихсөн орчуулагч нар нь ирчихсэн байсан. Мянганжаргал буу тулгаж айлгахад нь багш доод давхарын айл руу тагтаар дамжиж буусан гэж байна лээ, багшийнд үлдээсэн малгай Мянганжаргалын малгай мөн байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

                 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд:

“...Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Замын цагдаагийн албаны ертөнцийн зүгээр зүүн талд Union building барилгын хойд талд 60 дугаар байр саарал өнгийн 16 давхар байр байх ба баруун эргээд 279 тоот бор өнгийн бүргэд хаалга байх...Зураг 7 сэжигтний өмсөж явсан гэх малгайны зургийг 9 дугаар тавьж авсан гэрэл зураг, зураг 10, тагтнаас доошоо буух хэсэг зэрэг гэрэл зургууд...” гэжээ /хх-ийн 9-12 дугаар хуудас/,

                 Гэрэл зургийн аргаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд:

                 “...А4 хэмжээний бичгийн цаасан дээр 1, 2, 3, 4, 5, 6 гэж тэмдэглэсэн адил төстэй 6 хүний цээж зургийг хөндлөнгийн гэрчүүдээр дурын байрлалд оруулан байрлаж тэмдэглэлийг бэлтгэв, ... хохирогч “...тухайн үед надаас эд зүйлс дээрэмдсэн хүнийг сайн санаж байна, би өмнө нь 2-3 удаа харсан болохоор сайн санаж байна, ...хохирогч “5” гэж тэмдэглэсэн цээж зургийг шууд зааж энэ мөн байна шууд хараад таньж байна” гэж хэлэн Алтанхуягийн Мянганжаргалын цээж зургийг таньж заав..” гэжээ /хх-ийн 13-14/,

                 А.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дугаар хуудас/, гэрч Б.Абетханы мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/,  гэрч Д.Батцэцэгтүвдэнчойдонгийн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/, А.Мын эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 61-65 дугаар хуудас/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                 Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:                     

                 Шүүгдэгч А.М нь 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 60 дугаар байрны 279 тоотод оршин суух гадаад улсын иргэн Туксэе Тулку /Tulku Thuksay/-ийн гэрт нь орж, буу мэт зүйлийг гарган айлган сүрдүүлж "...моnеу" хэмээн мөнгө нэхэж хүч хэрэглэхээр заналхийлэн довтолсны улмаас хохирогч Туксэе Тулку /Tulku Thuksay/-ийн  бэлэн 200.000 төгрөг, 400 ам доллар, Худалдаа хөгжлийн банкны долларын виза карт 1 ширхэг, төгрөгийн виза карт 1 ширхэг зэргийг хууль бусаар авсан болох нь:

                 шүүгдэгч А.Мын “...Мөнгө нь ил харагдаад байсан учраас би багшийн өөдөөс хараад сууж байгаад халааснаасаа гар утсаа гаргаж иртэл багш тагт руу гүйгээд гарчихсан...багш доошоо суух шиг болсоноо гэнэт алга болсон. Тэгэхээр нь би доошоо уначихлаа гэж бодоод чихрийн тавагны хажууд байсан мөнгийг нь аваад гараад явсан. Тэгээд би тэндээсээ гараад таксинд суугаад 5 шар руу очоод мөнгөө тоолж үзтэл бэлнээр 200.000 төгрөг болон 400 ам.доллар байсан...” гэсэн мэдүүлэг,

                 хохирогч Туксэе Тулку /Tulku Thuksay/-ийн  “...хар цүнхнээсээ хар өнгийн буу гаргаж ирээд нуруу хэсэг рүүгээ хийгээд байсан, тэгсэн буугаа гаргаж ирчихээд янзлангаа англиар “money” гэж хэлэхээр нь надаас “мөнгө нэхэж байна” гэж ойлгоод би “үгүй” гэж хэлсэн чинь тэр залуугийн нүүр хувирч шууд уурлаж эхэлсэн. Тэгэхээр нь би ямар нэгэн юм болохвий гэж айгаад шууд тагт руу гараад шатаар доош буусан, буцаад өөрийнхөө тагт руу гараад цонхоор харахад орон дээр хадагнууд ундуй сундуй болчихсон өмсөж явсан малгай нь орон дээр харагдахаар нь би явчихсан байна гэж бодоод дотогш ороод ямар нэгэн зүйл алдагдсан үгүйг шалгахад уутан дотор байсан түрийвчтэй 400 доллар, 200.000 төгрөг бэлнээр болон Худалдаа хөгжлийн банкны долларын виза карт 1 ширхэг, төгрөгийн виза карт 1 ширхэг тус тус байсан алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг,

                 гэрч Б.Номинчулууны “...тэр залуу “багшийн гэрт нэг ажиллагаа хиймээр байна, энд нэг гадаадын 17 давхарт байгаа, тэр иргэнийг баривчлах ажиллагаа явуулах гэж байна, тиймээс багшийг 10 минут гэрээсээ гараад өг гээд хэлээд өгөөч” гэж хэлсэн, би багшид орчуулж өгсөн чинь “үгүй ээ, боломжгүй, та нар өөр газар ажиллагаа явуулж болохгүй юу би гэрээсээ гарахгүй” гэхээр нь тэр залууд хэлсэн чинь “заза” гээд утсаа салгасан...” гэсэн мэдүүлэг,

                 гэрч Д.Батцэцэгтүвдэнчойндонгийн “...Сүүлийн үед багшийг байн байн асуугаад багш руу залга гээд загнах шахуу надаар залгуулаад байсан нь ийм хэрэг хийх гээд асуугаад байсан юм байна. Номинчулуун над руу яриад чиний дагуулж ирсэн залуу багшийн олон улсын виза карт, иргэний үнэмлэх, 400 ам.доллар, 200000 төгрөгийг буу тулгаж байгаад аваад явсан байна гэж хэлсэн. Би багшийн гэрт удалгүй очиход гэрийнх нь эд зүйлс хөглөрчихсөн орчуулагч нар нь ирчихсэн байсан. Мянганжаргал буу тулгаж айлгахад нь багш доод давхарын айл руу тагтаар дамжиж буусан гэж байна лээ, багшийнд үлдээсэн малгай Мянганжаргалын малгай мөн байна лээ...” гэсэн мэдүүлэг,

                 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

                 Гэрэл зургийн аргаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчээс хохирогчид буу мэт зүйл үзүүлэн эд хөрөнгийг авсанаа мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчийн зүгээс өөрт нь буу мэт зүйл үзүүлж мөнгө нэхсэн үйлдлийн улмаас айн зугтаж тагтан дээрээ гарсан талаар удаа дараа тогтвортой мэдүүлж, гэрч нараас гэмт хэрэг болсон газар ямар байдалтай байсан, хохирогч эд хөрөнгөө дээрэмдүүлсэн талаар тэдгээрт хэлсэн болохыг мэдүүлж, хохирогч өөрийг нь дээрэмдсэн гэх А.Мыг таньсан болох нь таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд тусгагдаж, хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй ба харин шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “...шүүгдэгч хүч хэрэглэхээр заналхийлж буу зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй, хохирогчийн мэдүүлэгт хэт хөтлөгдсөн, хохирогч сэтгэл зүйн байдлаас болж айгаад гараад гараад явсан хойгуур нь мөнгийг нууцаар авсан байдаг. Зүйлчлэлийг анхаарч өөрчилж өгнө үү...” гэсэн саналыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Учир нь хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд хохирогч Туксэе Тулку /Tulku Thuksay/-ийн “...хар цүнхнээсээ хар өнгийн буу гаргаж ирээд нуруу хэсэг рүүгээ хийгээд байсан, тэгсэн буугаа гаргаж ирчихээд янзлангаа англиар “money” гэж хэлэхээр нь надаас “мөнгө нэхэж байна” гэж ойлгоод би “үгүй” гэж хэлсэн чинь тэр залуугийн нүүр хувирч шууд уурлаж эхэлсэн. Тэгэхээр нь би ямар нэгэн юм болохвий гэж айгаад шууд тагт руу гараад шатаар доош буусан... тэр залуу үнэхээр буу гаргаж ирээд гартаа барьсан байсан, би маш их айсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч А.Мын “...буу гэж бодсон зүйл бүсэнд зүүдэг тамхины асаагуур байсан...” гэж, гэрч Б.Номинчулуун, Д.Батцэцэгтүвдэнчойндон нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгч А.М нь хохирогчтой танилын харилцаагаа ашиглан, түүнийг гэртээ ганцаараа байдгыг судалж мэдэн, улмаар гэрт нь орж буу мэт зүйл үзүүлэн мөнгө нэхэж байгаа үйлдэл нь хохирогчийн сэтгэл зүйд айлган сүрдүүлэх, эрүүл мэнд, амь насанд нь аюултай нөхцөл байдал үүсч болзошгүй гэсэн сэтгэл санааг төрүүлэн тавгүйтүүлж, тэрээр А.Маас зайлж, зугтах арга хэмжээ авч тагт руу гарч байгаа нөхцөл байдал нь шүүгдэгч хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолсон гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжыг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үнэлэхэд хохирогч гадаад улсын иргэн Туксэе Тулку /Tulku Thuksay/ нь хэрэг болсон цаг хугацаанд гэмт халдлагад өртсөн талаар цагдаагийн байгууллагад болсон үйл явдлыг мэдэгдэж хэрэгт ач холбогдол нөхцөл байдлыг тодорхой, ойлгомжтойгоор удаа дараа мэдүүлж, мэдүүлгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж, түүний мэдүүлгийг шууд бусаар гэрч Б.Номинчулуун, гэрч Д.Батцэцэгтүвдэнчойндонгийн нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн санал үгүйсгэгдсэн гэж шүүх үзлээ.

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг хууль зүйн ойлголтоор бие махбодийн хүчирхийлэл үзүүлэхээс гадна хохирогчийг айлган сүрдүүлэх зорилгоор сэтгэл санааны хүчирхийлэл хийсэн байдаг ба энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгчээс буу мэт зүйлийг хохирогчид үзүүлж, түүнд сэтгэл санааны хувьд хүч хэрэглэн довтолсон үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон байна.

            Иймд шүүх шүүгдэгч А.Мянганжаргалыг бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтлон дээрэмдсэн гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

            Хохирогч Туксэе Тулку /Tulku Thuksay/-ээс “...миний бие хэрэгтэн Мянганжаргалын гэр бүлээс хохирлын мөнгөө нэхэмжилж авсан, одоо гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 70/ гаргасан, хохирлын мөнгө төлсөн талаар тэмдэглэл /хх-ийн 17/ авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

            Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч А.Мыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогч /гадаад улсын иргэн/-тэй танилын харилцаагаа далимдуулан гэрт нь нэвтрэх, түүний ахуй амьдралыг судлах, өмч хөрөнгөө хамгаалж чадахгүй нөхцлийг бүрдүүлсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /шүүхээс хорих ял шийтгүүлж, хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан төрөл, хэмжээний дотор болох 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

А.Мыг Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 8 сарын 04-ний өдрийн №69А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.17, 261 дүгээр зүйлийн 261.2-т тус тус зааснаар нийт 11 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт 13 жил 10 хоногийн хугацаагаар биечлэн эдлэх ялыг тогтоосныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 10 сарын 13-ны өдрийн №821 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан нийт 13 жилийн хорих ял болгон тогтоолд өөрчилсөн.

2017 оны 7 сарын 04-ний өдрийн Сэлэнгэ аймаг Мандал сумын дахь сум дундын шүүхийн №162 дугаартай шүүгчийн захирамжаар шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн ялыг дүйцүүлэн хасаж, биечилэн эдлэх ялыг 2 жил 6 сар 10 хоногийн хорих ялаар тогтоож, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2018 оны 01 сарын 11-ний өдрийн №07 дугаартай шүүгчийн захирамжаар А.Мын эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар, 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хугацаанд буюу 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр энэхүү гэмт хэргийг үйлджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Мын Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 8 сарын 04-ний өдрийн №69А дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар, 23 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 8 жил 9 сар 23 хоногийн хугацаагаар тогтоов.       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан А.Мянганжаргалд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Хавтаст хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.М нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 266 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй болохыг тус тус дурьдлаа.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй, бусдад итгэмтгий байдал зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                   

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. А.Мыг бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтлон дээрэмдсэн гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч А.Мыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Мын Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 8 сарын 04-ний өдрийн №69А дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 9 /есөн/ сар, 23 /хорин гурван/  хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 8 /найм/ жил 9 /есөн/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулж тогтоосон 8 /найм/ жил 9 /есөн/ сар 23 /хорин гурван/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мын цагдан хоригдсон 266 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

            6. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч А.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН

                 ШҮҮГЧИД                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                 Х.ИДЭР