Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 143/ШШ2023/00481

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 143/ШШ2023/00481

Даланзадгад сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: П******* ХХК /РД:............../, 

 

Хариуцагч: Я******* ХХК /РД:................/, 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний төлбөр 1 046 495 940 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, М.П******* нар /цахим/, хариуцагчийн төлөөлөгч М.О*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Н*******,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хишигсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: П******* ХХК /цаашид нэхэмжлэгч гэх/ Я******* ХХК /цаашид хариуцагч гэх/-тай 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 21/01 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу нийт 2 485 743 200 төгрөгийн үнийн дүн бүхий чанар, стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлснээс Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний дагуу 1 628 079 240 төгрөгийн төлбөрийг төлж, үлдэгдэл буюу төлбөл зохих 857 663 960 төгрөгийн төлбөртэй байгааг талууд хамтран тооцоо нийлж 2022 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар баталгаажуулсан. Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэж, гэрээгээр харилцан тохиролцсон газрын тосны бүтээгдэхүүнийг хариуцагчид бөөнөөр зээлээр бэлтгэн нийлүүлж, цаг тухайд нь хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагч Я******* ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байна. Талууд нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21/01 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний 2.6-т худалдан авагч нь тухайн сарын 25-ныг хүртэлх хугацаанд худалдан авсан шатахууны төлбөрийг дараа сарын 07-ны дотор бүрэн төлж барагдуулна гэж, 3.1-т бүтээгдэхүүний төлбөрийг худалдагчид энэхүү гэрээний 2.6-д заасны дагуу хугацаа хэтрүүлэлгүй төлөх үүрэгтэй гэж, 4.5-т Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг худалдан авагчаас шаардах эрхтэй гэж заасныг хариуцагч нь зөрчсөөр байна.

Хариуцагч нь дээрх гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл 857 663 960 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд харилцан тулгалт хийж баталгаажуулсан боловч өнөөдрийг хүртэл уг төлбөрийг хариуцагч төлж барагдуулаагүй байх бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 122 хоног хэтэрсэн байна. Талууд хооронд байгуулагдсан 21/01 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний 5.1-т худалдан авагч нь энэхүү гэрээний 2.6-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар хоног тутам алданги тооцно, 4.5-д энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг худалдан авагчаас шаардах эрхтэй гэж заасны дагуу нийт 525 275 015.60 төгрөгийн алданги төлөх үндэслэлтэй байна.

Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу хариуцагчаас 525 275 015.60 төгрөгийн алданги тооцох үндэслэлтэй боловч Иргэний хуульд нийцүүлэн хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн 50 хувь буюу 428 831 980 төгрөгийн алданги тооцохоор байна. Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг төлүүлэх талаар удаа дараа хандан, утсаар байнга холбогдож байсан боловч хариуцагч "Я*******" ХХК /рд:....................../ нь төлбөрийн үлдэгдлийг барагдуулаагүй хугацаа хэтрүүлсээр байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид итгэл хүлээлгэн, төлбөрийн дараа төлөх /бөөнөөр зээлийн/ нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан хэдий ч хариуцагч нь гэрээний төлбөр төлөх үүргээ зөрчиж, хугацаа хэтрүүлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, зөрчсөөр байна.

Иймд Иргэний хуулийн 262.1, 232.6 талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөр 857 663 960 төгрөг, нийт алданги 428 831 980 төгрөг буюу нийт 1 286 495 940 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П******* ХХК нь хариуцагч Я******* ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулсан байдаг. Дээрхи гэрээний дагуу нийт 2 485 743 200 төгрөгний үнийн дүн бүхий газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн. Үүнээс хариуцагч 1 628 000 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 857 663 960 төгрөгний төлбөрийг төлөөгүй байгаа. Гэрээний 2.6 дахь хэсэгт худалдан авагч худалдан авсан шатахууны төлбөрийг дараа сарын 07-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар заасан байгаа. Хариуцагч компани хамгийн сүүлд 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шатахуун авсан байдаг. Үүнээс хойш нэхэмжлэл гаргах хугацаанд дээрх гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Мөн гэрээний 5.1 дэх хэсэгт худалдан авагч энэхүү гэрээний 2.6 дахь хэсэгт заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд алданги тооцохоор заасны дагуу алданги тооцож, Иргэний хуульд зааснаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн заалтыг баримталж гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож нэхэмжилсэн байгаа. Нэхэмжлэгч компани хариуцагчид хүлээлгэж өгсөн шатахууны хэмжээ, үнийн дүнгийн талаар тооцооллыг шүүхэд гаргаж өгсөн. Тооцоолол дээр гэрээний хугацаанаас өмнөх тооцооолол мөн орж хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ литртэй тооцоололын таваас эхлээд гэрээний хугацаанд хамаарах шатахууны хэмжээ тооцогдож эхэлнэ. Мөн Г******* ХХК-ий авсан шатахууныг манайхаар төлүүлэх гээд байна гэсэн асуудал гарч ирж, улмаар гэрч асуулгах хүсэлт гарч ирж байна. Тэгэхээр гэрээний 2.15 дахь хэсэгт хүлээн авсан боловч үнэ нь бүрэн төлөгдөөгүй байгаа бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээний бүрэн бүтэн байдлыг худалдан авагч хариуцах ба аливаа үрэгдэл, дутагдал гарсан явдал нь бүтээгдэхүүний үнэ төлөх үүргээс худалдан авагчийг чөлөөлөх, хөнгөлөх үндэслэл болохгүй гэж заасан тул нийт хүлээлгэн өгсөн шатахууны хэмжээ болон үнийн дүнг нэхэмжлэгч компани тооцоолон гаргасан. Мөн хариуцагчийн төлбөр төлсөн дансны хуулгуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр талууд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тооцоо нийлсэн акт үйлдсэн. Тухайн актад тусгагдсан дүн, нэхэмжлэгчийн тооцоолол болон төлбөр төлсөн баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд үлдэгдэл төлбөр нь тооцоо нийлсэн акттай таарч байгаа. Иймд нэхэмжлэлийг шаардлага үндэслэлтэй гэдэг нь баримтуудаар нотлогдож байна. Мөн хариуцагч шатахуун хүлээн авсан талаараа болон гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа зэрэг нь гэрээ хүчинтэй үйлчилж байгаа, шатахууны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн үндэслэлтэй зэрэг нь нотлогдож байна гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч О.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээ бол Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан байгаа гэж үзэж байна. Уг гэрээний дагуу тодорхой нэр төрлийн, тодорхой хэмжээтэй түлшийг хариуцагч компанид нэхэмжлэгч компани нийлүүлсэн боловч зээлээр авсан бүтээгдэхүүний үнийг тогтоосон хугацаанд төлөхгүйгээр өнөөдрийг хүртэл явж байна. Гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Хүчин төгөлдөр гэрээний хувьд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ биелүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл өнөөдрийн шүүх хуралдаанаар нийт авсан түлшний хэмжээн дээр маргахгүй, үнийн талаар маргаж байгаа тайлбар гаргаж байгаа боловч үүнийгээ хэрэгт ямар нэгэн баримтаар нотлохгүй байна. Өөрөөр хэлбэр өмнө нь 2019 оноос эхлэсэн харилцаатай, нэхэмжлэгч байгууллагын удирдлагууд, хариуцагч байгууллагын удирдлагууд хоорондоо найз нөхдийн ойрын харилцаатай хүмүүс учраас үнийн тухайд тогтоогоод явсан байсан учраас маргах ямар нэгэн баримт байхгүй. Нөгөөтэйгүүр хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэгч байгууллагаас нийт сая гаруй литр түлш авахдаа үнийг 2020 онд гэрээний хавсралтаар 8 дугаар сарыг дуустал энэ үнээр байна шүү гэсэн заалтыг баримтлан аваад явсан байна. Улмаар цаашдаа ямар үнээр авч байгаагаа мэдэхгүй явсан талаар тайлбар гаргаж байгаа. Өөрөө тухайн үнээр ойлгож явсан нь ямар нэгэн баримтаар тогтоогдохгүй учраас хууль зүйн үндэслэлгүй байна. Хоёрдугаарт өнөөдрийн өгсөн баримтуудаас өмнө нь шүүхийн шийдвэрт тусгагдсан 150 000 000 төгрөгийн баримтыг хасаад, 75 000 000 төгрөг нэхэмжлэгч рүү шилжүүлээд, бусад мөнгө нь нэхэмжлэгчийн дансанд орсон эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна. Иймд 2022 оны 07 дугаар сарын 10, 14, 17-ны өдөр төлсөн баримтуудыг өмнө нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаас хасахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна гэжээ.

 

Хариуцагч Я******* ХХК-ийн төлөөлөгч М.О******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Я******* ХХК нь П******* ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Б20/1 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ-г байгуулсан. Манай компани нь П******* ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 21/1 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулаагүй болно. Бидний байгуулаагүй гэрээнд алданга тооцсон нь үндэслэлгүй.

П******* ХХК-аас манай компанид ирүүлсэн 1 286 495 940 төгрөгний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алданги төлөх боломжгүй. Мөн нэхэмжлэл дээр дурдсан Эрхэт түнш ХХК-тай манай компани ямар ч холбоогүй учир уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлгүй.

...Я******* ХХК нь П******* ХХК-тай 2020 оны 08 дүгээр сарын 01-ний өдөр Б20/1 тоот Газрьш тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ-г байгуулсан.

Манай компани нь П******* 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 21/1 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулаагүй болно. Бидний байгуулаагүй гэрээнд алданга тооцсон нь үндэслэлгүй.

П******* ХХК-с манай компанид ирүүлсэн гэрээний үлдэгдэл төлбөр 857 663 960.0 төгрөгийн дүн нь зөрүүтэй байгаа тул манай компанийн зүгээс үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Бидний хувьд хамтран ажиллаж байсан Г******* ХХК-тай шатахууны өглөг авлагын тооцоог нийлсэн дүн нь буруу байна.

Иймд бидний тооцооний үлдэгдлийг дахин нягталж баталгаажуулах шаардлагатай байгаа тул тооцоог дахин баталгаажуулах хүсэлтэй байна.

Г******* ХХК Я******* ХХК-ийн шатахууны өглөгийг дүнгийн зөрүүг арилгах шаарлагатай байгаа тул бид энэ дүн хүлээн зөвшөөрөхгүй байна. Өглөгийн дүн дээр эцсийн байдлаар тооцоо нийлж баталгаажуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Я******* ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Я******* ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр П******* ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг байгуулж газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдан авч үйл ажиллагаагаа явуулдаг.

Дээрх Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 /нэг/ жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээнд Я******* ХХК-ний гүйцэтгэх захирал М.О******* болон П******* ХХК-ийн менежер Ө.Э нар гарын үсэг зурж, П******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.М******* гэрээг баталж гарын үсэг зурсан билээ.

Гэрээг байгуулж гарын үсзг зурахдаа М.О******* нь П******* ХХК-ийн гуйцэтгэх захирал Э.М******* гэх хүнтэй огт уулзаагүй бөгөөд гэрээг баталж гарын үсэг зурсан дараа гэрээнийхээ нэг хувийг авсан болно.

Гэтэл П******* ХХК нь Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд П******* ХХК, Я******* ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21/01 дүгээр гэрээг үндэслэж гэрээний үүргийн гүйцэтгэл 857 663 960 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож алданги 428 831 980 төгрөг, нийт 1 286 495 940 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21/01 дугаартай гэрээг Я******* ХХК нь П*******" ХХК-тай огт байгуулаагүй.

Я******* ХХК нь Ө аймагт байрлаж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ажил хэргийн шугмаар Улаанбаатар хотод П******* ХХК-ийн байранд очиж уулздаг байсан.

Гэрээ байгуулсан гэх 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нь бүх нийтийн амралтын өдөр байх бөгөөд Ковид-19 өвчний улмаас Монгол улсын бүхий л нутаг дэвсгэрт аймаг, хотын хооронд болон аймаг дотроо, сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байсан цаг хугацаа юм.

Иймд Я******* ХХК-ний гүйцэтгэх захирал М.О******* нь Улаанбаатар хотод очиж гэрээ байгуулах ямарч боломжгүй байсан болно.

Нөгөөтэйгүүр Я******* ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр П******* ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг нэг жилийн хугацаатайгаар байгуулсан бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дуусах байхад өмнөх байгуулсан гэрээгээ хүчингүй болголгүй дахин гэрээ байгуулах шаардлагагүй юм.

Мөн Я******* ХХК Г******* ХХК-иудын тооцооны зөрүүтэй байгааг арилгах талаар 2 компаниас албан тоот өгсөн боловч тооцооны зөрүүг арилгахгүй байна.

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21/01 дугаартай гэрээ нь Я******* ХХК-ийн хүсэл зоригоос гадуур, манай компанийн зөвшөөрөлгүй хууль бусаар хийгдсэн гэрээ байх тул П******* ХХК, Я******* ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21/01 дүгээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийлүүлсэн шатахуунаа тухай бүрт нь үнэтэй ирдэг байсан гэсэн тайлбар өгч байна. Шатахуун Я******* ХХК дээр ирэхдээ литрийн хэмжээ байдаг боловч тухай бүрт нь үнэ байдаггүй. Хэдэн литр шатахуун ирсэн, хэн гэдэг жолооч авч ирж байгаа нь байдаг. Гэрээнд заагдсан үнэ шатахуун болгон дээрээ ирдэггүй байсан. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөнөөр 1567 төгрөг гэсэн гэрээний үнэ байсан боловч хамгийн сүүлд ирсэн шатахууны үнэ 4100 төгрөг болгож нэхэмжилсэн байгаа гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П******* ХХК, хариуцагч Я******* ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулагдсан, гэрээндээ гэрээний зүйл болох шатахуунийг бүтээгдэхүүн гэж тусгасан байгаа. Дизелийн түлшийг Я******* ХХК-д нийлүүлж ирсэн. Хэдийгээр П******* ХХК гэрээний үүргээ биелүүлж ирсэн боловч нэхэмжлэлийн шаардлагадаа хавсаргаж ирсэн нотлох баримтуудаар хэдэн төгрөгийн түлш нийлүүлж ирсэн нь тодорхойгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байна. Гэрээний гол нөхцөлд гэрээний үнэ болон гэрээний зүйл хамаардаг. Гэрээний зүйлийг газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээндээ тусгасан, бүтээгдэхүүний үнийн талаар 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б2002/01 дугаартай гэрээний 2.2 дахь хэсэгт хавсралтад тусгагдсан үнээр худалдан авах бөгөөд энэхүү үнэд НӨАТ орсон болно гэж заасан байна. Энэхүү гэрээний хавсралтын 1 дэх заалтад худалдагч нь дизл түлшийг 08 дугаар сарыг дуустал хугацаанд Цогтцэций, Таван толгойн нөхцөлөөр литр тутмыг 1567 төгрөгөөр нийлүүлэх бөгөөд гэрээний үнэд НӨАТ орсон гэж гэрээний үнийг тодорхойлсон. Мөн гэрээний 2.3 дахь хэсэгт талууд сар бүр бүтээгдэхүүний төрөл хэмжээ, үнийг тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэн тогтоож байх бөгөөд тухайн сарын 05-ны дотор тохиролцож, гэрээний нэмэлтээр баталгаажуулсан байна гэж тусгасан. Энэ гэрээ байгуулагдсанаас хойш Я******* ХХК-д газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгдэж эхлэсэн. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ханшийн зөрүүний тооцоо, гэрээний алдангийн тооцоо, 2020 оны 08 дугаар сарын 06-аас хойш нийлүүлсэн газрын тосны бүтээгдэхүүний хүснэгт авагдсан байсан. Үүнд гэрээнд заасан 1567 төгрөгөөр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлээгүй 1960 төгрөгөөр нийлүүлсэн байдаг. Гэрээний зүйлийн үнийн өсөлтийн талаар худалдан авагч талд мэдэгдэж, гэрээний хавсралт болгож оруулсан зүйл байна уу гэхэд байдаггүй. Хамгийн сүүлд 4100 төгрөгөөр тооцож нийт 857 663 960 төгрөгийн үлдэгдэлтэйгээс сүүлд төлсөн мөнгийг хасаад 188 831 980 төгрөгийн алданги нэхэмжилнэ гэж хэлсэн нь үндэслэлгүй юм. Тооцоо нийлсэн акт авагдсан гэж тайлбар өгсөн. Тооцоо нийлсэн акт авагдсан боловч гарын үсэг зурсан дээр тайлбар хэлэхэд нэхэмжлэгч тал юун дээр зуруулж байгаагаа Я******* ХХК-д тайлбарлаж өгөлгүй энэ дээр зурчих гээд зуруулчихдаг. Эх хувиараа хавтаст хэрэгт авагдаагүй, хоёр хуулбар хувь нь байдаг. Эрх зүйн мэдлэг дутмагаасаа болж гарын үсгээ зурчихдаг нөхцөл байдал харагдаж байна. Анхны тохирсон үнээр тооцож үзэхэд Я******* ХХК нь П******* ХХК-аас авсан шатахууны нийт үнийг төлж барагдуулсан тооцоолол харагддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. 190 000 000 төгрөг, 50 000 000 төгрөг бол түлшний үнэ гэж Я******* ХХК-аас шилжүүлсэн байхад үүнийг алдангид тооцоод 490 000 000 төгрөгөөс хасч нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Хэрвээ компани алдангиа төлсөн бол Алданги гэсэн утгатай гүйлгээ хийх байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гэрч М.Өлзийтогтох шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай компани П******* ХХК-ийн шатахууныг Я******* ХХК-аар дамжуулж авдаг байсан. Нийт 765 000 000 төгрөгийн үнэ бүхий шатахуун авснаас төлөгдөөд 348 000 000 төгрөгийн шатахууны тооцоо үлдсэн байгаа. Маргаан гарахаас өмнө П******* ХХК-д хоёр компанийн тооцоог салгаж өг, тооцоо нийлье, үнээ нэмсэн асуудлаар удаа дараа хүсэлт өгсөн боловч тооцоо нийлээгүй байгаа. Үндэслэлгүй үнээ нэмсэн, шүүхийн маргаанаар тооцоо нийлдэггүй, нэхэмжлэлээ явуулдаггүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Гол асуудал нь үндэслэлгүй үнээ нэмсэн, тооцоо нийлээгүй, хоёр компанийн тооцоог салгаж өгөөгүй асуудлууд байна. Манай зүгээс тооцоо нийлсэн тохиолдолд төлөх асуудал дээр маргаан байхгүй. Гэвч гурван тал сууж тооцоогоо нийлж гаргалгүй хүү, алданги бодож орж ирээд байгаа. Түлшний үнийг П******* ХХК гэрээндээ тусгаагүй, анх гэрээ хийхдээ тусгасан үнээр явж байгаа гэж ойлгож байсан. Тооцоо нийлье гэсэн хүсэлтийг байнга өгч байсан. Хугацаандаа нэхэмжлэлээ ирүүлээгүй, тооцоо нийлээгүй, тэгээд шүүх дээр ийм асуудал яригдаж байгааг гайхаж байна. Манайх бол тооцоо нийлээд сууя, эвлэрье, тооцоогоо салгая гэж амаар болон бичгээр хүсэлт гаргасан гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс: 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23/008 дугаартай итгэмжлэл, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23/013 дугаартай хүсэлт, Я******* ХХК-ийн гэрээний алдангийн тооцоо, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн цахим гүйлгээний баримт, П******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 23/084 дугаартай итгэмжлэл, Говь Инженеринг Фрэйдс ХХК-д борлуулсан дизель, түлшний мэдээ, зарлагын баримтууд, төлбөрийн баримтууд, нэхэмжлэхүүд, Я******* ХХК-д борлуулсан дизель түлшний мэдээ, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 23/090, 23/091 дугаартай итгэмжлэлүүд,

 

Хариуцагчаас: Я******* ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлт, 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ, 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/25 дугаартай хүсэлт, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн гэрч асуулгах тухай хүсэлт, дансны хуулгууд, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2975 дугаартай шүүхийн шийдвэр, дансны хуулга, Я******* ХХК-ийн тайлан, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн барилгажуулах ажлын гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2023 оны 10 дугаар сарын 18-гы өдрийн 1866 дугаартай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 3066 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч П******* ХХК нь хариуцагч Я******* ХХК-д холбогдуулан Гэрээний үлдэгдэл төлбөр 857 663 960 төгрөг, алданги 428 831 980 төгрөг, нийт 1 286 495 940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Гэрээний үлдэгдэл төлбөр 857 663 960 төгрөг, алданги 188 831 980 төгрөг, нийт 1 046 495 940 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Үндэслэл нь ...Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2023 оны 03 сарын 28-ны өдөр 190 000 000 төгрөг, 2023 оны 07 сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөг, нийт 240 000 000 төгрөгийг төлсөн тул энэхүү 240 000 000 төгрөгийг нэхэмжилсэн алданги 428 831 980 төгрөгөөс хасч алданги 188 831 980 төгрөг, улмаар гэрээний үлдэгдэл төлбөр 857 663 960 төгрөгийн хамт нэхэмжилнэ гэж тайлбарладаг.

 

Нэхэмжлэгч тал шаардлагынхаа үндэслэлийг ...П******* ХХК нь Я******* ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 21/01 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ-г байгуулсан. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу нийт 2 485 743 200 төгрөгийн үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлснээс хариуцагч нь 1 628 079 240 төгрөгийн төлбөрийг төлж, үлдэгдэл буюу төлбөл зохих 857 663 960 төгрөгийн төлбөртэй байгааг талууд хамтран тооцоо нийлж 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар баталгаажуулсан. Дээрх гэрээний 2.6 болон 5.1-т Худалдан авагч нь энэхүү гэрээний 2.6-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 %-иар хоног тутам алданги тооцно гэж заасны дагуу алданги тооцож нэхэмжилсэн. Мөн хариуцагч шатахуун хүлээн авсан талаараа болон гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь гэрээ хүчинтэй, шатахууны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн үндэслэлтэй зэрэг нь давхар нотлогдож байна гэжээ.

 

3. Хариуцагч Я******* ХХК-ийн төлөөлөгч М.О******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, мөн 2023 оны 03 сарын 28-ны өдөр 190 000 000 төгрөг, 2023 оны 07 сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөг, нийт 240 000 000 төгрөгийг нэхэмжлэгч рүү Шатахууны үнэ гэсэн утгаар шилжүүлсэн учраас тухайн мөнгийг алдангиас хасах үндэслэлгүй, үндсэн төлбөрөөс хасах нь зүйтэй гэж маргадаг.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

1. Нэхэмжлэгч П******* ХХК, хариуцагч Я******* ХХК нар нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 21/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр худалдагч П******* ХХК нь худалдан авагч Я******* ХХК-д чанар, стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх үүргийг, Я******* ХХК нь тухайн сарын 25-ныг хүртэлх хугацаанд худалдан авсан шатахууны төлбөрийг дараа сарын 07-ны дотор бүрэн төлж барагдуулах үүргийг тус тус хүлээж хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

2. Хариуцагч Я******* ХХК нь 2021 оны 01 сарын 31-ний өдрөөс 2022 оны 07 сарын 31-ний өдрийн хооронд нийт 2 485 743 200 төгрөгийн үнэ бүхий шатахуун худалдан авсанаас 1 628 079 240 төгрөгийн төлбөрийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэх, банкны дансны хуулгууд зэргээр тогтоогдож байна.

3. Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2023 оны 03 сарын 28-ны өдөр 190 000 000 төгрөг, 2023 оны 07 сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөг, нийт 240 000 000 төгрөгийг төлсөн.

 

5. Талууд дээрх гэрээг хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 232 дугаар зүйлийн 232.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлагыг тус тус хангасан, хүчин төгөлдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Дээрх гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч П******* ХХК нь дээрх гэрээнд заасны дагуу гэрээний зүйл болох шатахууныг хариуцагч Я******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байх ба хариуцагч нь шатахууны үнээс тодорхой хэсгийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тус тус талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээнд заасан үүргээ харилцан биелүүлэх үүрэгтэй.

Хариуцагч нь нийлүүлсэн шатахууны хэмжээний талаар маргаагүй, харин шатахууны үнийн талаар буюу нэхэмжлэлийн үнийн дүнг эс зөвшөөрч байна гэх боловч татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.

Худалдах-худалдан авах гэрээний үнийг гэрээнд шууд заагаагүй боловч талууд Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт зааснаар үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болдог.

Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүн нийлүүлэх үеийн зах зээлийн үнэ ханшаар тохироод зарлагын баримт үйлдэж ачуулсан шатахууныг хариуцагч тал нь хүлээн авсан байх тул талууд үнийг шатахуун нийлүүлэх үеийн үнэ ханшаар буюу зарлагын болон төлбөрийн баримтад бичигдсэнээр тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.7-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж улмаар гэрээнд анз төлөхөөр заасан бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхтэй байхаар хуульчилсан.

Талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 21/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ-ний 2.6-д Худалдан авагч тухайн сарын 25-ныг хүртэлх хугацаанд худалдан авсан шатахууны төлбөрийг дараа сарын 07-ны дотор бүрэн төлж барагдуулна, 5.1-т Худалдан авагч нь энэхүү гэрээний 2.6-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иар хоног тутам алданги тооцно гэж тус тус заасан байна.

 

Хууль болон гэрээнд ийнхүү зааснаас үзвэл хариуцагч Я******* ХХК нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч П******* ХХК нь үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч П******* ХХК, хариуцагч Я******* ХХК нар нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нийлэхэд Я******* ХХК нь 857 663 960 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг харицлан батлав гэж тооцооны үлдэгдлийн баталгаанд хариуцагчийн төлөөлөгч М.О******* нь гарын үсэг зурсан талаар маргахгүй байх боловч хэрэгт баримтын хуулбар авагдсан байна.

 

7. Хариуцагч тал нь түлший үнэ шилжүүлсэн банкны баримтуудыг гаргаж өгсөн ба үүнээс Я******* ХХК-иас 2021 оны 06 сарын 21-ний өдөр ................ тоот дансанд түлшний үнэ гэх утгаар 51 480 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь дансны хуулгаар нотлогдож байх тул энэхүү 51 480 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрх ....................тоот данс нь нэхэмжлэгч П******* ХХК-ийн данс мөн болох нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчийн төлсөн 240 000 000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээгээр мөн нотлогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

Харин хариуцагч тал нь Капитрон банкны дансны хуулгаар 2022 оны 07 сарын 10, 14, 17-ны өдрүүдэд тус бүр 50 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч энэ нь нэхэмжлэгчийн данс эсэх нь тодорхойгүй, баримтаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч Я******* ХХК-иас 2023 оны 03 сарын 28-ны өдөр 190 000 000 төгрөг, 2023 оны 07 сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөг, нийт 240 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь дээрх 240 000 000 төгрөгийг алдангиас хасч тооцсоныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэх дарааллыг тогтоож өгсөн байх тул шүүх хариуцагчаас төлсөн 240 000 000 төгрөгийг үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 806 183 960 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч Я******* ХХК нь хууль болон гэрээнд заасан үүрэг 566 183 960 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхийг шаардах эрхтэй байна.

8. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Я******* ХХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ-ний үлдэгдэл төлбөрт 566 183 960 төгрөг, алданги 283 091 980 төгрөг /нийт алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй/, нийт 849 275 940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 197 220 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я******* ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн төлөөлөгч М.О******* нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

 

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгч П******* ХХК улсын тэмдэгтийн хураамжид 6 590 429.70 төгрөг, хариуцагч Я******* ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлснийг орон нутгийн төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 240 000 000 төгрөг төлөгдсөн нь нэхэмжлэгчид хамааралгүй тул хариуцагч Я******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 5 604 329.70 төгрөгийг /нэхэмжлэлийн хангагдсан дүн 849 275 940 төгрөг+төлсөн 240 000 000 төгрөг=нийт 1 089 275 940 төгрөгт ногдох улсын тэмдэгийн хураамж/ гаргуулан нэхэмжлэгч П******* ХХК-д олгож шийдвэрлэв.

 

11. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, түүний өмгөөлөгч Д.Б нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э болон өмгөөлөгч Д.Б нар нь шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тайлбарыг үндэслэн тэдний эзгүйд энэ шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Я******* ХХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ-ний үүрэгт нийт 849 275 940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 197 220 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Я******* ХХК нь шүүх хуралдаанд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч П******* ХХК-ийн төлсөн 6 590 429.70 төгрөг, хариуцагч Я******* ХХК-ийн төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Я******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 5 604 329.70 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П******* ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН