Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 143/ШШ2023/00438

 

 

2023 оны 10 сарын 05 өдөр Дугаар 143/ШШ2023/00438 Даланзадгад сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.У******* даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ул******* ******* 

 

Хариуцагч: Д******* ТӨХК, 

 

Д******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/172 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, төлөвлөлт санхүүгийн хэлтсийн борлуулалтын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, түүний өмгөөлөгч Б.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* миний бие Д******* ТӨХК-ийн Төлөвлөлт санхүүгийн хэлтэст 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл борлуулалтын байцаагчаар ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргалгүй хариуцсан ажилдаа хариуцлагатайгаар хандаж ирсэн билээ.

Гэтэл 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр компаний удирдлагын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4 дэх заалт, 80.1.2 дахь үндэслэлээр ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдье гэсэн агуулга бүхий мэдэгдэх хуудсыг өгч, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр компаний гүйцэтгэх захирлын Б/172 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг маань цуцалж шийдвэрлэдэг бөгөөд би энэхүү тушаалыг нь эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсгийн 154.2.1-т заасан хугацаандаа байгууллагынхаа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан боловч Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрэмд заасан хугацаандаа гомдлыг маань шийдвэрлэлгүй ...Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нь ...шинэчлэгдэн томилогдоогүй... гэсэн хариуг ирүүлсэн, Даланзадгад сумын ЗДТГ-аас хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй гэсэн тул ийнхүү эрхээ хамгаалуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт Аж ахуй нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж, мөн хуулийн 80.1 дэх хэсэгт ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг тодорхой хуульчилж өгсөн атал компаний удирдлага хууль зүйн үндэслэлгүйгээр, Засгийн газраас хэрэгжүүлж буй Шүүр ажиллагааг далимдуулан холбогдох чиглэл, албан бичгийг өөрт ашигтай байдлаар тайлбарлан хөдөлмөрлөх эрхийг маань зөрчсөн гэж үзэж байгаа учир Д******* ТӨХК-ийн гүйцэтгэх захиралын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/172 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, хуучин эрхэлж байсан Төлөвлөлт санхүүгийн хэлтсийн борлуулалтын байцаагчийн албан тушаалдаа эргэн орох хүсэлтэй байна.

Миний бие тухайн үед буюу байгууллагын удирдлагаас мэдэгдэл ирүүлсний дараа Эрчим хүчний үндэсний төв ТӨХХК-ний сургалт үйлдвэрлэлийн төвөөс зохион байгуулж буй Эрчим хүчний борлуулалтын ажилтан-ний сургалтанд сууж байгаа талаараа болон ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байгаа гэсэн агуулга бүхий өргөдлийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажил олгогчид гаргаж байсан боловч хүсэлтийг маань шийдвэрлэлгүй, ийнхүү ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Дулааны цахилгаан станцад 2019 оноос хойш борлуулалтын байцаагчаар ажиллаж байгаа. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдалгүй, борлуулалтын орлогыг тасалдуулалгүй ажиллаж байсан. Өөрийнхөө цаашид ажиллах хүслийнхээ дагуу Эрчим хүчний үндэсний төвийн эрчим хүчний борлуулалтын ажилтан гэсэн сургалтад хамрагдаад уг сургалтад суралцаж байх хугацаандаа энэ ажлаас чөлөөлөгдсөн. Тушаалын үндэслэл нь эрх бүхий байгууллагын шаардлагаар гэсэн байгаа. Энэ нь эрх бүхий байгууллагаас шаардсан чиглэл мөн үү, биш үү. Энэ дээр шударга бус зүйл болсон гэж үзэж байгаа. Ажлын байрны ялгаварлан гадуурхалтад өртсөн гэж бодож байна. Манай Дулааны цахилгаан станцад нийт 176 ажилтан байдаг. Эдгээр хүмүүсээс ажлын хэсэг 46 хүний ажлын байрны тодорхойлолтод судалгаа шинжилгээ хийгээд үүнээс 17 хүнийг зөрчилтэй байна гэж илрүүлсэн. Уг 17 хүнээс 4 хүн л энэ хугацаанд ажлаасаа чөлөөлөгдсөн. 78.1.4 гэдэг заалтаар бид нарыг ажлаас чөлөөлсөн. Тэгээд үүн дээр гомдол гаргаад би шүүхэд хандсан байгаа гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/172 дугаартай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Үндэслэлийг нь тайлбарлая. Тус тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэж гаргадаг. Тушаалын агуулгын хэлбэрийг харахаар Г.*******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай гэсэн тушаал байдаг. Хөдөлмөрийн тухай хууль дээрээс харахад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 79, 80 дугаар зүйлээр зохицуулж өгсөн. Гэтэл дуусгавар болгох үндэслэл буюу 78.1.4-д заасныг үндэслэл болгож тавьсан нь хууль зүйн хувьд учир дутагдалтай, үндэслэлгүй байна гэж харж байна. Дараагийн дугаарт, 78.1.4 дэх хэсэгт эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд тухайн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор заасан. Тэгээд ямар эрх бүхий байгууллагаас Г.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг шаардсан юм бол гээд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад үзэхээр Г.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцал гэсэн эрх бүхий байгууллагаас ирүүлсэн албан бичиг хэргийн хүрээнд авагдаагүй байдаг. Мөн үүнтэй холбогдуулан албан бичиг ирээгүй болох нь тогтоогддог. Тиймээс эдгээр хууль зүйн үндэслэлээр Г.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. Дараагийн дугаарт, хариуцагчийн хариу тайлбараас цуцалсан үндэслэлээ шүүр ажиллагаатай холбож тайлбарладаг. Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 49 дугаартай байдаг. Энэ тогтоол нь 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай гээд тогтоолын 2 дахь хэсэгт авлигатай тэмцэх жил болгон зарласантай холбогдуулан энэ тогтоолын хавсралтаар баталсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсугай гэж заасан. Тогтоолын хавсралтад 5 ажиллагааг заагаад 2-т нь шүүр ажиллагаа гэж заасан. Шүүр ажиллагаанд ямар этгээдүүдийг хамааруулж ажлаас чөлөөлөх вэ гэдгийг мөн 4 заалтаар зааж өгсөн байгаа. Гэтэл энэ зүйлд Г.*******гийн албан тушаал болон Г.******* өөрөө орох үндэслэл тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээд, эсхүл энэ гэмт хэрэгт шалгагдаж байгаа, эсхүл нийтийн албанд ажиллаж байгаа гэх мэт тодорхой төрлийн албан тушаал болон нэр дурдсан үйлдлүүдийг зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагыг шимэгчдээс салгах гэдэг юм уу, байгууллагад ажиллаж байх хугацаандаа эд хөрөнгө завшиж үрэгдүүлсэн ч гэдэг юм уу тодорхой төрлийн албан тушаалтнуудыг зааж өгсөн байхад шүүр ажиллагаанд хамаарахгүй этгээд буюу Г.*******г шүүр ажиллагаагаар далимдуулж хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа учраас тус тушаалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна. Хамгийн сүүлд гэх юм бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан байдаг. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд, нэхэмжлэгч, хариуцагч нар шаардлага болон татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтаа өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан. Тэгэхээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд мөн хариуцагчийн тайлбар зэргээс харахад хариуцагч талаас өөрийн тайлбараа нотолж чадаагүй байна гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ганзоригийн ******* нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Борлуулалтын нэгжид борлуулалтын байцаагчаар ажилд орсон.

... ******* ДЦС ТӨХК-ийн зүгээс 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр №05 мэдэгдэх хуудас Г.*******д хүргүүлсэн. Мөн дулааны шугам сүлжээ цехийн удирдах щитний цахилгааны монтёр ажлын байр санал болгосон боловч ажилтан өөрөө зөвшөөрөөгүй тул дараах албан бичиг, дүрэм журмыг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

1. 3асгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 тоот Чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн тухайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон.

2. Эрчим хүчний яамны 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн в/865 тоот Мэдээлэл ирүүлэх тухай албан бичгийн ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон эсэх.

З. Компанийн хөдөлмөрийн дотоод журмын ажилтны мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн байдал нь ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагад нийцэхгүй байгаа нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаас чөлөөлөх үндэслэл болно заалтуудыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

Иймд ******* ДЦС ТӨХК-иас тус нэхэмжпэхийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Борлуулалтын байцаагч Г.******* нь анх 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай байгууллагад борлуулалтын байцаагчаар ажилд орсон байгаа. Тухайн үед ажилд ороход борлуулалтын байцаагчийн ажлын мэргэжлийн шаардлага нь эрчим хүчний салбарын их дээд сургууль, коллежид суралцсан байх, мэргэшил нь дулааны шугам сүлжээний техникийн үндсэн ойлголтын хууль эрх зүйн тодорхой мэдлэгтэй байх гэсэн үндсэн шаардлага тавьсан байсан боловч манайхаас тухайн иргэнийг ажиллах нөхцөл боломжоор хангах үүднээс мэргэжлийн шаардлагыг хангахгүй байсан ч авч ажиллуулсан байгаа. Г.******* нь анх 1 096 000 төгрөгийн цалинтайгаар борлуулалтын байцаагчаар ажилд орж байсан. Харин 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс бүх ажилтнуудын цалин хөлсийг нэг түвшинд нэмээд цалинг нь 1 600 000 төгрөг болгосон байгаа. Нэмэлт нотлох баримтаар гаргаж өгсөн цалингийн жагсаалт дээр бас байгаа. 2023 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар хүртэл нийт бодогдсон цалин, сарын үр дүнгийн нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэлтэйгээ 2 000 000 төгрөгийн цалин бодогдоод олгоод явсан байгаа. Тийм болохоор Г.*******г ажиллах нөхцөл, цалин хөлс дээр ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхсан зүйл байхгүй байгаа. Шүүр ажиллагааг нэхэмжлэгчийн өмгөөлөгч дурдсан. Авилагтай тэмцэх газрын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр шүүр ажиллагаа зохион байгуулах албан бичигтэй холбоотойгоор манайд 03 дугаар сарын 17-ны өдрөөс хойш Эрчим хүчний яам болон Хэрэг эрхлэх газруудаас 2, 3 тоот албан бичиг ирсэн байгаа. Нийт 178 ажилтнууд дотроос ажлын хэсэг томилогдоод 38 хүнд шүүр ажиллагаа явуулсан гээд өмгөөлөгчийн хэлсэн тайлбарт хариу хэлье. 178 ажилтнаас зөвхөн 38 ажлын байр нь тодорхой мэргэжил, мэдлэгийн шаардлага хангасан ажлын байр байдаг юм.

Жишээлбэл, дотор үйлдвэрт ажиллаж байгаа үнс нурам зөөгч, техникийн засварчид нь зөвхөн бүрэн дунд боловсролоос дээш гэдэг шаардлагатай байдаг. Заавал их дээд сургуульд суралцсан байх, эрчим хүчний чиглэлээр суралцсан байх шаардлагатай гэдэг зүйл байхгүй. Тэгэхээр мэргэжлийн шаардлага тавьдаг 38 ажлын байр дээр ажиллаж байгаа бүх хүмүүсийн хувийн хэргийг түүж аваад ажлын хэсэг байгуулагдаад хяналт, шалгалт хийсэн. 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/84 дугаартай эрчим хүчний сайдын хяналт, шалгалт зохион байгуулах тушаалыг нэхэмжлэгч талын шаардлагаар нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байгаа. Үүнийг нотлох баримтын шаардлага хангах түвшинд гаргаж өгч чадаагүй. Учир нь уг тушаал нь яамнаас манайд цахим системээр ирээд бичиг хэргийн ажилтан хэвлэж аваад шууд захирал руу танилцуулчихсан. Эх хувиараа манайд ирээгүй юм байна лээ. Сүүлд арга хэмжээ авах тухай А/1038 тоот эрчим хүчний сайдын албан бичгийг манайхыг гаргаж өгнө үү гэж шаардсан. Энэ нь бас эх хувиараа байхгүй. Бичиг хэрэг дээр шууд хэвлэж гаргаад Захиргаа удирдлагын хэлтэс гээд цохоод өгсөн болохоор шүүхэд гаргаж өгөхдөө нотлох баримтын шаардлага хангаж өгөх боломжгүй хуулбарлаж гаргаж өгсөн байгаа. Манайд ирсэн бичгүүдээс эхний ээлжид А/38 тоот хяналт, шалгалт зохион байгуулах тухай албан бичиг ирээд яамнаас 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдож ирсэн. 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр буюу хагас сайн өдөр ирсэн. 3 дахь заалт дээр нь тодорхой байгаа. Нэгжийн удирдлагаас дооших ажилтан, албан хаагчдын томилогдсон байдал, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулж 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор үр дүнг танилцуулж ажиллахыг төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлуудад үүрэг болгосугай гэж байгаа. Үүний дагуу манайхаас ажлын хэсэг томилогдоод 38 ажилтны албан тушаалд хяналт шалгалт хийсэн байгаа.

Дараа нь дахиад манайхаас 7 хүнийг мэдээллийг Эрчим хүчний яам руу явуулсан. Хэрэг эрхлэх газарт явуулсан 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01172 тоот албан бичгээр 7 хүний мэдээллийг мэргэжлийн шаардлага болон тухайн чиглэлээр ажилласан жилийн туршлагыг нь хавсралтаар ирүүлсэн хүснэгтийнх нь дагуу мэдээллийг хүргүүлсэн байгаа. Энэ дээр 23 хүнээс шаардлага хангахгүй байгаа 7 хүнээ ялгаад явуулсан байгаа. Дараа нь ажилласан жилийн шаардлага хангахгүй байсан хүмүүсээ нарийвчлаад шүүгээд үзсэн. Зарим нь оны сүүлээр ажилласан жилийнхээ шаардлагыг хангаж байсан. Ажилд орсноос хойш 2 жилээс дээш жил ажилласан байх ёстой гэсэн шаардлага ажлын байранд нь тавигдсан байсан бол ажилласан жилийнх нь сар нь гүйцээд ажилласан жилийн шаардлага хангаагүй гэдэг заалтыг нь хангасан болгоод энэ хүмүүсээс хасагдаад сүүлд 4 хүний мэдээллийг явуулсан байгаа. 1 дүгээрт Г.*******, 2 дугаарт Батбаясгалан, 3 дугаарт Доржмаа, 4 дүгээрт Энх-Амгалан гэсэн хүмүүс энэ 2 шаардлагыг хоёуланг нь хангахгүй байна гэдэг мэдээллийг явуулаад эдгээр хүмүүсийг шүүр ажиллагаагаар ажлаас нь чөлөөлсөн байгаа. Манайхаас мэргэжлийн шаардлага шаардагдахгүй, зөвхөн бүрэн дундаас дээш боловсролтой байх шаардлага тавьсан 2 ажлын байр санал болгосон байгаа. Дулааны шугам сүлжээтэй цехийн сүлжээний ээлжийн машинч, удирдах шитний цахилгааны монтёр гэсэн 2 албан тушаал байсан. Энэ дээр эмэгтэй хүн ч гэсэн ажиллах боломжтой байгаа. Техник тоног төхөөрөмж хариуцаад явчихдаггүй болохоор дээд боловсролтой эсхүл, бүрэн дундаас дээш боловсролтой, бие бялдрын эрүүл мэндийн шалтгаангүй бол ямар ч хүнийг сургаад аваад ажиллуулчихдаг 2 ажлын байр санал болгосон байгаа гэв.

 

1. Нэхэмжлэгч талаас дараахь нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн. Үүнд: 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/172 дугаартай тушаал, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №5 дугаартай мэдэгдэх хуудас, Д******* ТӨХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/269 дугаартай Г.*******г ажилд томилох тухай тушаалын хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Д******* ТӨХК-ийн 01/336 дугаартай албан бичиг, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 427 дугаартай албан бичиг, Эрчим хүчний үндэсний төв-ийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв 23093-730 дугаартай гэрчилгээ, Хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгч Г.*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

 

2. Хариуцагч талаас дараахь нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн. Үүнд: шүүр ажиллагааны материал /Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай Чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, Д******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/172 дугаартай албан бичиг, Д******* ТӨХК-ийн ажилтнуудын судалгаа, Эрчим хүчний яамны 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн в/865 дугаартай Мэдээлэл ирүүлэх тухай албан бичиг, Д******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Хяналт шалгалт зохион байгуулах тухай тушаал, түүний хавсралт, шүүр ажиллагаагаар шалгагдсан ажилчдын нэрс, Д******* ТӨХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/155 дугаартай Эрчим хүчний яам руу явуулсан албан бичиг, Д******* ТӨХК-ийн ажилтануудын судалгаа, Г.*******г ажилд томилсон тушаал, түүний ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт, Г.*******гийн баклаврын диплом, хавсралт, магистрын диплом, хавсралт//, Д******* ТӨХК ны улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.*******гийн 2023 оны цалингийн жагсаалт, Эрчим хүчний сайдын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн а/1038 дугаартай Арга хэмжээ авах тухай албан бичиг, Эрчим хүчний сайдын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн а/81 дугаартай Хяналт шалгалт зохион байгуулах тухай туушаал зэрэг болно.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Э.Э, О.Н нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Г.******* хариуцагч ******* дулааны цахилгаан станц ТӨХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/172 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, төлөвлөлт санхүүгийн хэлтсийн борлуулалтын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ: ...Компанийн удирдлага нь хөдөлмөрийн харилцаа цуцлах үндэслэлээ тодорхой заагаагүй, мөн хөдөлмөрийн харилцаа дуссгавар болгох үндэслэлийг удирдлага болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүр ажиллагаагаар далимдуулж эрх бүхий байгууллагын шийдвэр шаардлага байхгүй байхад хувийн ашиг сонирхлын зөрчилтэй байсан хүмүүсээ ялгаварлан гадуурхаж ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан.

 

Хариуцагч ******* дулааны цахилгаан станц ТӨХК нь татгалзлын үндэслэлээ: Г.******* нь хуульд заасан шаардлага хангаагүй, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагад нийцэхгүй байгаа нь тогтоогдсон, хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д заасан үндэслэлээр чөлөөлсөн, нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхсан зүйл үгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль зөрчөөгүй гэж тайлбарласан.

 

Ажил олгогч болох ******* дулааны цахилгаан станц ТӨХК, түүнийг төлөөлөн гүйцэтгэх захирал Д.Э нь ажилтан Г.Золзаятай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.2.10, 78 дугаар зүйлийн 78.1.4, 80 дугаар зүйлийн 80.4, 80.5, 110 дугаар зүйлийн 110.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн цуцлаж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй гэж, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* нь дээрх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох нь ******* дулааны цахилгаан станц ТӨХК-ийн 2023 оны 06 сарын 07-ны өдрийн 01/336 дугаартай албан бичиг, Даланзадгад сумын Засаг даргын тамгын гзарын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 427 дугаартай ...сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах Гурван талт хороог Үндэсний хороо байгуулж, дүрмийг батлах бөгөөд одоогоор тус суманд энэхүү хороог байгуулаагүй... гэсэн албан бичгээр нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар албан тушаалтны шийдвэртэй холбоотой гомдлоо нэхэмжлэгч шүүхэд гаргасныг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй.

Ажил олгогч буюу ******* дулааны цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Банзрагч нь ажилтан буюу Г.*******тай 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ-гээр тогтоогдож байх ба тэдний хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Ажил олгогч ******* дулааны цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/172 дугаартай тушаалаар ажилтан Г.*******тай байгуулсан хөдөлмөрийн эрхлэлтийг харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.11, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.2.10, 78 дугаар зүйлийн 78.1.4, 80 дугаар зүйлийн 80.4, 80.5, 110 дугаар зүйлийн 110.3, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.2, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаар албан бичиг, Эрчим хүчний яамны 2023 оны 03 сарын 21-ний өдрийн В/865 дугаар албан бичгийг тус тус үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалтыг үндэслэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно, гэж, 78.1.4-т эрх бүхийн байгууллага шаардсан гэжээ.

Хариуцагч тал Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Авилгатай тэмцэх шүүр ажиллагааны хүрээнд хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон ажилтаныг ажлаас чөлөөлөхийг үүрэг болгох чиглэл ирсэн тул Г.*******г Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн тухайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэсэн тайлбар гаргадаг.

Эрх бүхий байгууллагаас Г.*******г ажлаас чөлөөлөхийг шаардсан шаардлага албан бичиг хэрэгт авагдаагүй байна.

Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас чиглэл хүргүүлэх тухай албан бичиг хэрэгт авагдсан хэдий ч уг албан бичиг нь Авилгатай тэмцэх шүүр ажиллагааны хүрээнд хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон ажилтаныг олж тогтоох, хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөх чиглэлийг өгсөн байх энэ албан бичгээр Г.*******г ажлаас чөлөөлөхийг шаардсан гэж үзэх боломжгүй, түүнчлэн энэ баримт нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаагүй тухайлбал нотариатаар гэрчлэгдээгүй байх тул хариуцагч талыг тайлбарааболон татгалзлынхаа үндэслэлийг нотлоогүй гэж үзэв.

Ажил олгогч нь Г.*******г ажлаас чөлөөлсөн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/172 дугаартай тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасныг баримтлан хөдөлмөрийн харилцаагаа цуцалжээ.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлтэй тохирч байх нь хуульд нийцнэ.

Хариуцагч тал Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан аль нэг үндэслэлийг баримталсан нь тодорхойгү байх ба тэрээр ... Г.*******г мэргэжил, мэргэшлийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байгаа нь түүнийг мэргэжил, ур чадварын хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтыг үндэслэсэн гэсэн тайлбарыг гаргадаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2.-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж зохицуулжээ.

Ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэдэгт тухайн ажилтны мэргэжлээ эзэмшсэн түвшин, мэдлэг, түүнийгээ ажил үүрэгтээ хэрэглэх чадвар, дадал дүй нь эрхэлдэг ажил, албан тушаалд тавигдах бодит шаардлагад үл нийцсэн байхыг ойлгох бөгөөд энэ нь салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчилалын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон бол ажил олгогч хуулийн 80.4.-т зааснаар ажилтанд дээр дурдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдсэний эцэст ажлаас чөлөөлнө.

  Ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ажил олгогч нотлох үүрэгтэй.

Гэтэл ******* дулааны цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 сарын 04-ний өдрийн А/29 дугаартай тушаалаар Хяналт, шалгалт зохион байгуулах-аар ажлын хэсэг томилж хяналт шалгалт явуулсан байх боловч энэхүү хяналт, шалгалтын үр дүн буюу салбарын эсхүл тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчилалын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

Хариуцагч тал Г.*******г гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ мэргэжлийн хувьд тэнцэхгүй болсон нь хяналт шалгалтаар илэрч, судалгаагаар тогтоогдсон гэх тайлбарыг гаргадаг ба судалгааг дээрхи үндэслэлээр албан ёсны дүгнэлт шийдвэр гэж үзэхгүйгээс гадна энэ судалгаа нь хэрэгт хуулбар хувиар авагдсан байх ба энэ нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаагүй байх тул харуцагч талыг тайлбарааа баримтаар нотлож чадахгүй байна гэж үзэв.

Иймд ******* дулааны цахилгаан станц ТӨХК-ны гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/172 дугаартай тушаалыг хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгов.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж ажил олгогчийн хүлээх хариуцлагыг заажээ.

Иймд Г.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан өдрөөс эхлэн түүний ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацааны олговрыг түүний өмнө нь авч байсан цалин хөлсний дунджаас зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй тул ажилтан Г.*******г өмнө нь эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ******* дулааны цахилгаан станц ТӨХК-ны гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/172 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Г.*******г төлөвлөлт санхүүгийн хэлтсийн борлуулалтын байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.*******д 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нөхөн олгохыг, мөн энэ хугацаагаар тооцон хуульд заасан хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг ажил олгогч Д******* ТӨХК-д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Г.******* улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д******* ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.