Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 203/МА2024/00001

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 09 өдөр Дугаар 203/МА2024/00001 Даланзадгад сум

 

 

Г.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 143/ШШ2023/00438 дугаар шийдвэртэй,

 

Г.*******гийн нэхэмжлэлтэй,

Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компанид хариуцагдах,

 

Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/172 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, төлөвлөлт санхүүгийн хэлтсийн борлуулалтын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, Д.*******, нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Өмнөговь аймгийн Даланзадгадын *******ы ******* станц ТӨХК-ийн төлөвлөлт санхүүгийн хэлтэст 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл борлуулалтын байцаагчаар ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргалгүй хариуцсан ажилдаа хариуцлагатайгаар хандаж ирсэн билээ.

Гэтэл 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр компанийн удирдлагын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4 дэх заалт, 80.1.2 дахь үндэслэлээр ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдье гэсэн агуулга бүхий мэдэгдэх хуудсыг өгч, 2023 оны 05 дугаар сарын 09- ний өдөр компанийн гүйцэтгэх захирлын Б/172 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг маань цуцалж шийдвэрлэдэг бөгөөд би энэхүү тушаалыг нь эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсгийн 154.2.1-т заасан хугацаандаа байгууллагынхаа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан боловч Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрэмд заасан хугацаандаа гомдлыг маань шийдвэрлэлгүй ...Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нь ...шинэчлэгдэн томилогдоогүй..." гэсэн хариуг ирүүлсэн, Даланзадгад сумын Засаг даргын тамгын газраас хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй гэсэн тул ийнхүү эрхээ хамгаалуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт Аж ахуй нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж, мөн хуулийн 80.1 дэх хэсэгт ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг тодорхой хуульчилж өгсөн атал компанийн удирдлага хууль зүйн үндэслэлгүйгээр, Засгийн газраас хэрэгжүүлж буй Шүүр ажиллагааг далимдуулан холбогдох чиглэл, албан бичгийг өөрт ашигтай байдлаар тайлбарлан хөдөлмөрлөх эрхийг маань зөрчсөн гэж үзэж байгаа учир Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/172 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, хуучин эрхэлж байсан төлөвлөлт санхүүгийн хэлтсийн борлуулалтын байцаагчийн албан тушаалдаа эргэн орох хүсэлтэй байна.

Миний бие тухайн үед буюу байгууллагын удирдлагаас мэдэгдэл ирүүлсний дараа Эрчим хүчний үндэсний төв төрийн өмчит хувьцаат компаний сургалт үйлдвэрлэлийн төвөөс зохион байгуулж буй Эрчим хүчний борлуулалтын ажилтан-ны сургалтад сууж байгаа талаараа болон ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байгаа гэсэн агуулга бүхий өргөдлийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажил олгогчид гаргаж байсан боловч хүсэлтийг маань шийдвэрлэлгүй, ийнхүү ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч Д.Эрдэнэтөгс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ганзоригийн ******* нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр борлуулалтын нэгжид борлуулалтын байцаагчаар ажилд орсон.

Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компанийн зүгээс 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр №05 мэдэгдэх хуудас Г.*******д хүргүүлсэн.

Мөн дулааны шугам сүлжээ цехийн удирдах щитний *******ы монтёр ажлын байр санал болгосон боловч ажилтан өөрөө зөвшөөрөөгүй тул дараах албан бичиг, дүрэм журмыг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

1. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 тоот Чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн тухайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон.

2. Эрчим хүчний яамны 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн в/865 тоот Мэдээлэл ирүүлэх тухай албан бичгийн ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон эсэх.

Компанийн хөдөлмөрийн дотоод журмын ажилтны мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн байдал нь ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагад нийцэхгүй байгаа нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэсэн заалтуудыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

Иймд Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компани тус нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 

3. Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/172 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Г.*******г төлөвлөлт санхүүгийн хэлтсийн борлуулалтын байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.*******д 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нөхөн олгохыг, мөн энэ хугацаагаар тооцон хуульд заасан хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг ажил олгогч Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компанид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Г.******* улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компаниас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* давж заалдах гомдолдоо: ...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-д эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх, тушаал, заавар гаргах гэж хуульчилсан.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн Шүүр ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаар чиглэл болон Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн В/865 дугаар ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангаагүй ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах чиглэлийг эрх бүхий байгууллагуудаас албан бичгээр ирүүлсэн.

Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал нь Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Эрчим хүчний яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу борлуулалтын байцаагч буюу Эрчим хүчний салбарын үндсэн их, дээд сургууль, коллеж төгссөн мэргэжлийн ажилтан ажиллах ажлын байранд Соёл урлагийн их сургуулийн соёл судлал мэргэжлээр суралцаж төгссөн Г.******* ажиллаж байсан тул эрх бүхий байгууллагын шаардсанаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь Даланзадгадын дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/172 тушаалын үндэслэл болох Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Эрчим хүчний яамнаас ирүүлсэн чиглэлийг хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийхгүйгээр Г.*******гийн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн заалтыг ноцтой зөрчжээ.

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1, 43.2.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.*******д 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нөхөн олгохыг... тус тус даалгасугай гэж шийдвэрлэсэн байна. Энэ нь шүүхээс Г.*******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний дундажийг тооцож тогтоох, нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.5, 63, 65.1.11 дэх заалтуудын дагуу тодруулах, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах заалтуудыг тус тус зөрчсөн.

Өөрөөр хэлбэл шүүхээс нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татвар төлөлтийн тооцооллыг гаргуулах, цалин хөлсний дундажийг тодорхойлох, ажил олгогчийн нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн хувь хэмжээг тогтоолгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Г.*******гийн нэхэмжлэлтэй, Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компанид холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч шүүхээс Г.*******гийн ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцож тогтоогоогүй нь буруу байна.

 

Нэхэмжлэгч Г.******* нь Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/172 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, төлөвлөлт санхүүгийн хэлтсийн борлуулалтын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан гаргаж, хариуцагч Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компани нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 тоот, Эрчим хүчний яамны 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн в/865 тоот, компанийн хөдөлмөрийн дотоод журмын ажилтны мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн байдал нь ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагад нийцэхгүй байгаа нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэсэн заалтуудыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Г.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компанитай 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/269 тоот тушаалаар борлуулалтын нэгжид борлуулалтын байцаагчийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан ба тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/172 тоот тушаалаар Г.*******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс ажлаас нь чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч Г.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй гэж, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох нь Даланзадгадын дулааны ******* станц төрийн өмчит хувьцаат компанийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01/336 дугаартай албан бичиг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын тамгын гзарын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 427 дугаартай ...сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог Үндэсний хороо байгуулж, дүрмийг батлах бөгөөд одоогоор тус суманд энэхүү хороог байгуулаагүй..." гэсэн албан бичгээр нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар албан тушаалтны шийдвэртэй холбоотой гомдлоо нэхэмжлэгч шүүхэд гаргасныг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй. гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Хариуцагч нь Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Авилгатай тэмцэх шүүр ажиллагааны хүрээнд хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон ажилтныг ажлаас чөлөөлөхийг үүрэг болгох чиглэл ирсэн тул Г.*******г Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн тухайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан боловч дээрх тайлбарынхаа үндэслэлийг холбогдох хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтаар нотлоогүй байна.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад ажил олгогч нь тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлах бөгөөд Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/172 тоот Г.*******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй байна.

Хариуцагч Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/172 тоот Г.*******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Г.*******г ажлын байранд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Г.******* нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд нийт 107 хоног, дундаж цалин 2329390 төгрөг, 1 өдрийн цалин 110923 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 11868797 төгрөг гаргуулан авна гэсэн /хх-110/ тайлбарыг шүүхэд гаргажээ.

Борлуулалтын байцаагчаар ажиллаж байсан Г.******* нь 2023 оны 3 дугаар сард 2027179,97 төгрөг, 4 дүгээр сард 2956343,24 төгрөг, 5 дугаар сард 1687821,70 төгрөг, нийт 6671344,91 төгрөгийн цалин авсан болохыг Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компанийн ерөнхий нягтлан бодогч тодорхойлжээ. /хх-101/

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.1 дүгээр зүйлийн 1.7-д Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, нягтлан бодох бүртгэлийн болон бусад данс, тооцоо байна гэж заажээ.

Иймд Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компанийн ерөнхий нягтлан бодогчийн тодорхойлсон Г.*******д олгосон бүгд цалингаас нэг өдрийн дундаж цалинг тооцоход 105894 төгрөг болсон ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 108 хоногоор тооцож өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 11436552 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 432245 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 194935 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж ажилтныг үндэслэлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үед ажил олгогчийн хүлээх хариуцлагыг заасан тул нэхэмжлэгч Г.******* нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ийн шүүхээс Г.*******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний дундажийг тооцож тогтоох гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хүчингүй болгох гомдлыг хангахгүйгээр шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул хариуцагч Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компаниас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 143/ШШ2023/00438 дугаартай шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 2 дугаар заалтын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нөхөн олгохыг, гэснийг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 11436552 төгрөгийг Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгохыг, гэж, Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компанид даалгасугай. гэснийг Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компанид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 432245 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 3 дугаар заалтын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн гэсний дараа 7.1.1 гэж, хариуцагч Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компаниас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай. гэснийг Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компаниас улсын тэмдэгтийн хураамжид 265135 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Даланзадгадын *******ы ******* станц төрийн өмчит хувьцаат компаниас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА

 

ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР

 

Л.УГТАХБАЯР