Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 143/ШШ2023/00469

 

 

2023 оны 11 сарын 06 өдөр Дугаар 143/ШШ2023/00469 Даланзадгад сум  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, 

 

Хариуцагч: ******* 

 

Хариуцагч: ******* Б 

 

Зээлийн гэрээний үүрэгт 7 181 406.73 төгрөг, нотариатын зардал 17 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, Д.******* /цахим/, хариуцагч Б.*******, , хариуцагч нарын өмгөөлөгч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, Өмнөговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.*******, нар нь Хаан банкны Ө 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/686 дугаартай Зээлийн гэрээ, БГ/686 тоот барьцааны гэрээ байгуулан 11 500 000 /Арван нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8% хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай ахуйн хэрэглээний зориулалтаар авсан, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №686/1 дугаартай зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 10 628 649.57 төгрөг дээр нэмж 800 000 /Найман зуун мянган/ төгрөг нийт 11 428 649.57 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18% хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар тус тус зээлж авсан.

Зээлдэгч Б.*******, нар нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/686 дугаартай Зээлийн гэрээ, мөн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №686/1 дугаартай зээлийн гэрээнүүдийн дагуу 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 12 300 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 987 750.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 759.03 төгрөг нийт 14 288 509.68 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч Б.*******, нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараалан зөрчсөн, банк зээлдэгчээс зээлийн хүүгээ төлөхийг шаардсан боловч одоог хүртэл төлөөгүй тул 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийт 720 хоног зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд банк 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №686/1 дугаартай зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.8 дэх заалтуудыг тус тус үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №686/1 дугаартай зээлийн гэрээний дагуу дараах зээлийн төлбөрийг гаргуулах

Үндсэн зээлийн төлбөр 0 төгрөг

Зээлийн хүүгийн төлбөр 6 279 993.82 төгрөг

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 901 412.91 төгрөг

Нотариатын үйлчилгээний хөлс 17 000 төгрөг нийт зээлийн төлбөрт 7 198 406.73 төгрөг гаргуулах гэжээ.

Нэхэмжлэгч *******, Өмнөговь салбар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Зээлдэгч Б.*******, нар нь ХААН Банкны Өмнөговь салбартай 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ/686 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, БГ/686 дугаартай Барьцааны гэрээ тус тус байгуулан 11 500 000 төгрөг /Арван нэгэн сая таван зуун мянга/-ийн цалингийн зээлийг жилийн 16,8%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар ахуйн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлийн барьцаанд иргэн А.Ганзоригийн эзэмшлийн нэгж талбарын 150301111 дугаартай Өмнөговь аймгийн Булган сум, Усны эхэд байрлах төмс хүнсний ногооны зориулалттай 500 м.кв талбайтай, эзэмших эрх бүхий газар, зээлээр худалдан авсан БНСУ-д үйлдвэрлэсэн Hyundai Starex маркийн 50-64 ӨМА улсын дугаартай, KMFWVH7HPIU383918 арлын дугаартай автомашиныг барьцаалсан.

Мөн зээлдэгч нар нь 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 686/1 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 10 628 649.57 төгрөг дээр нэмэгдүүлж 800 000 төгрөг /Найман зуун мянга/-ийг, нийт 11 428 649.57 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд мөн А.Ганзоригийн эзэмшлийн, нэгж галбарын 150301111 дугаартай Өмнөговь аймгийн Булган сум, Усны эхэд байрлах төмс хүнсний ногооны зориулалттай 500 м.кв талбайтай, эзэмших эрх бүхий газар, зээлээр худалдан авсан БНСУ-д үйлдвэрлэсэн Hyundai Starex маркийн 50-64 ӨМА улсын дугаартай, KMFWVH7HPIU383918 арлын дугаартай автомашиныг барьцаалсан.

ХААН Банкны Ө зүгээс 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 5585/343 дугаартай Зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлээр зээлдэгч Б.*******, нарт холбогдуулан Цалингийн зээлийн гэрээний дагуух зээлийн төлбөр болох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 7 198 406.73 төгрөгийг дээрх хариуцагч нараас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Үүнд:

1. Зээлдэгч Б.*******, нар нь зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр, сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох А.Ганзоригийн эзэмшлийн, нэгж талбарын 150301111 дугаартай Өмнөговь аймгийн Булган сум, Усны эхэд байрлах төмс хүнсний ногооны зориулалттай 500 м.кв талбайтай эзэмших эрх бүхий газар болон энэ зээлээр худалдан авсан БНСУ-д үйлдвэрлэсэн Hyundai Starex маркийн 50-64 ӨМА улсын дугаар бүхий, KMFWVH7HPIU383918 тоот арлын дугаартай автомашины хамт худалдан борлуулж Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

2. Улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн болно.

2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр банкнаас гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага хэвээр үлдэх бөгөөд зөвхөн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх байдлаар өөрчлөгдсөн болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээлдэгч Б.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч нар Хаан банкны Өмнөговь салбарт 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 11 500 000 төгрөгийг ахуйн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Ийнхүү зээлээр авахдаа иргэн Ганзоригийн эзэмшлийн 500мкв талбайтай, хүнсний ногооны зориулалттай газрыг итгэмжлэлээр барьцаалуулсан. Мөн зээлийн санхүүжилтээр худалдаж авсан Хюндай Старекс маркийн автомашиныг тус тус барьцаалж зээл авсан. 2014 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр энэ зээлийг авах хүсэлтэй байна гэж үндсэн зээлдэгчийн гараар бичиж салбарт өгсөн хүсэлт байгаа. Энэ зээлийг судлаад салбарын зүгээс тухайн үед үндсэн зээлдэгч ******* аймгийн онцгой байдлын газарт жолоочоор ажилладаг, цалингийн орлогыг судалж үзэхэд зээл төлөх боломжтой, дээр нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр ээж Б нь хамтран оролцъё гэсэн хүсэл зоригоо илэрхийлж хүсэлтээ гаргаад зээл олгогдсон байдаг. Зээлийн ашиглалтыг явцад 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өмнөх зээл 10 628 649 төгрөгийн үлдэгдэлтэй байхад нэмж 800 000 төгрөгийг зээлж авъя гээд нийт 11 428 649.57 төгрөгийн цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар ахуйн хэрэглээний зориулалтаар олгосон. Энэ зээлд өмнө дурдсан газар болон автомашиныг барьцаална. Мөн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үндсэн зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар өөрсдийн гараар бичсэн хүсэлт гаргаж өгсөн байдаг. Хүсэлтийн агуулга нь нэмж 800 000 төгрөгийг зээл авъя, олгож өгнө үү, хугацаандаа зээлээ төлнө гэсэн байдаг. Үүний дагуу банк судалж үзээд боломжтой гээд зээлийг олгосон. Шүүхээс сүүлд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж өгсөн. Үүнд үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч нар хариу тайлбар гаргасан байсан. Хариу тайлбартай танилцахад тухайн зээлүүдийг авснаа хүлээн зөвшөөрсөн. Ингээд зээлийг ашиглах явцад хугацаа хэтэрч эхэлсэн. Банкны хувьд тухайн үндсэн зээлийг эхэлж төлүүлсэн. Ингээд хугацаа хэтэрсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг банк нэхэмжилж байгаа. Үүнийг банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалт, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг банк бичгээр хийсэн. Мөн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бичгээр тохироогүй бол авах эрхгүй байдаг. Гэтэл 2 зээлийн гэрээнд тухайн үеийн хүүг маш тодорхой дурдсан байгаа. Нэгэнт талууд гэрээгээр тохирсон, банк эрх хэмжээнийхээ хүрээнд, тухайн банкны нөхцөл шаардлагын хүрээнд зээл авч байгаа иргэн хуулийн этгээдээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөхийг шаардах, зээлдэгчид олгосон зээлээ гаргуулахаар шаардах эрх байдаг. Иймд дээрх хугацаа хэтэрсэн хүү болон зээлийн хүүг гаргуулахаар нэхэмжилсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж, хариуцагчаас гаргуулж өгөхийг шүүхээс хүсэж байна. Өмгөөлөгч, хариуцагч нарын тайлбарыг сонслоо. Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа бол татгалзлаа нотлох баримтын хүрээнд ярих ёстой. Өнөөдрийн тухайд ийм баримттай учраас татгалзаж байна гэсэн баримтаар үгүйсгэсэнгүй. Нэгэнт зээлийн гэрээний дагуу зээл авсан бол төлөх нь зээлдэгчийн үүрэг байдаг, заавал та төлсөнгүй, та төл гэж шаардуулахгүйгээр зээл авсан нь үнэн бол өөрөө төлөөд явах учиртай. Энд зөвхөн нэг талыг бариад банк шаардаагүй учраас төлөөгүй гэх нь өрөөсгөл ойлголт гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс зээл авснаа хүлээн зөвшөөрч байгаа, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна гэж тайлбарлаж байна. Гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж маргахгүй байгаа нь зээлийн гэрээний үүргийн дагуу шаардаж байгаа хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөх үндэслэл болж байна л гэж үзэж байна. Үнэхээр гэрээ болохгүй байна, зээлийг бид нар аваагүй гэх мэт маргаан гараагүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалтын дагуу төлөх үүрэг нь зээлдэгчид, шаардах эрх нь банканд байдаг. Хугацаа дууссан нь гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж байна. Банкны гэрээтэй холбоотой маргаан дээр гол асуудал юу вэ гэхээр зээлийн гэрээний хугацаа дууссан ч гэсэн тухайн зээлийн гэрээний үүргийг хамгийн сүүлд хэрхэн хэрэгжүүлсэн бэ, тухайн зээлийн төлбөрийг төлж байгаа эсэх талаар үнэлэлт дүгнэлт хийдэг байгаа. Эндээс үзэхэд зээлдэгчийн зүгээс сүүлд зээлээ төлөөд явсан байдаг, зээлийн төлөлтөөс харахад хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэдэг нь харагдана. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн тус шүүхэд гаргасан хариуцагч Б.*******, нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 7 198 406.73 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн хүлээн авч танилцлаа.

Хариуцагч Б.******* миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь Б.******* миний бие ээж ийг өөрийн хамтран зээлдэгчээр оруулж "Хаан банк" ХХК тай 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 11 500 000 төгрөгийг авсан мөн 2015 онд нэмэлтээр 800 000 төгрөгийн зээл авсан. Ингээд миний бие зээл авснаасаа хойш зээлээ төлж байсан боловч гэнэт бие өвдөж ажлаасаа гарсны улмаас зээлээ төлж чадахгүйд хүрч байсан ингээд буцаад ажил хөдөлмөр хийж банкны эдийн засагчтай ярилцаж зээлээ бага багаар төлж дуусгасан.

Хамгийн сүүлд 2021 оны 06 дугаар сард Хаан банкнаас хүн ярьж таны зээл 200 000 төгрөг хийвэл хаагдахаар байна гээд тухайн мөнгийг төлж би зээлээ хаасан.

Ингээд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор зээлээ бүрэн хаасан учраас өршөөлийн хуульд хамрагдаж, чанаргүй зээлдэгчийн муу ангиллаас хэвийн ангилал руу шилжсэн. Түүнээс хойш би Хас банкнаас зээл авсан. Одоо хэвийн төлөөд явж байна. Энэ нь зээлийн мэдээллийн лавлагаагаар мөн харагддаг.

2023 оны 03 дугаар сард гэнэт манай ээж ийн Хаан банк дахь дансыг битүүмжилж, мобайл банк нь ажиллахаа байсан банкнаас тодруулахад хүү *******ын зээлийн хүүгийн үлдэгдэл байна гэсэн.

2021 оны 06 дугаар сараас 2023 оны 03 дугаар сар хүртэл Хаан банкнаас бидэнтэй зээлийн хүү төлөгдөөгүй байгаа талаар нэг ч удаа холбогдож байгаагүй ба гэнэт хүү бодож нэхэж байгаад гайхаж байна. Хаан банканд бид очиж удаа дараа уулзсан ба дээрх мөнгөн дүнг хүүгийн хүү, алданги гэж тайлбарладаг ба ямар учиртай хэдийнээс хэдий хүртэлх хүү, яагаад зээл хаагдсан байхад дахиж хүү бодогдож байгаа талаар огт тайлбарлаж чаддаггүй, дээрээс төлүүл гэсэн л гэдэг тайлбарыг аймгийн Хаан банкнаас хэлдэг.

Иймд манай зүгээс тухайн зээлийг 2021 оны 06 дугаар сард төлж дуусгасан гэж үзэж байгаа тул дээрх нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Онцгой байдлын газар ажиллаж байхдаа хаан банкнаас зээл авч эргэн төлөлт хийж байгаад 2015 онд бие өвдөөд 2 жил шахам төлбөр төлж чадаагүй. 2018 оны 03 дугаар сард Энержид ажилд ороод сар болгон зээлээ төлөөд явж байсан. Төлж байгаад хамгийн сүүлд 2 200 000 төгрөг болсон үүнийг төлчихвөл зээл нь дуусаж байна гэж ярьсан. Тухайн үед надад бөөн төлөх боломж байгаагүй, сар сард нь тооцож хийгээд дуусгасан. Тэгээд Хаан банканд зээлээ дуусгаад Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн муу зээлдэгчээс гарч Хас банкнаас зээл аваад явж байгаа. Тухайн үед намайг зээл төлөөд явж байх хугацаанд нэг л удаа ярьсан. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл огт яриагүй гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн тус шүүхэд гаргасан хариуцагч Б.*******, нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 7 198 406.73 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн хүлээн авч танилцлаа.

Хариуцагч миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь миний бие хүү Б.*******ын хамтран зээлдэгчээр орж "Хаан банк" ХХК тай 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 11 500 000 төгрөгийг авсан мөн 2015 онд нэмэлтээр 800 000 төгрөгийн зээл авсан. Ингээд миний бие зээл авснаасаа хойш зээлээ төлж байсан боловч гэнэт бие өвдөж ажлаасаа гарсны улмаас зээлээ төлж чадахгүйд хүрч байсан ингээд буцаад ажил хөдөлмөр хийж банкны эдийн засагчтай ярилцаж зээлээ бага багаар төлж дуусгасан.

Хамгийн сүүлд 2021 оны 06 дугаар сард Хаан банкнаас хүн ярьж таны зээл 200 000 төгрөг хийвэл хаагдахаар байна гээд тухайн мөнгийг төлж би зээлээ хаасан. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор зээлээ бүрэн хаасан учраас өршөөлийн хуульд хамрагдаж, чанаргүй зээлдэгчийн муу ангиллаас хэвийн ангилал руу шилжсэн. Түүнээс хойш би Хас банкнаас зээл авсан. Одоо хэвийн төлөөд явж байгаа талаар манай хүү хэлж байсан.

2023 оны 03 дугаар сард гэнэт миний Хаан банк дахь дансыг битүүмжилж, мобайл банк нь ажиллахаа байсан банкнаас тодруулахад хүү *******ын зээлийн хүүгийн үлдэгдэл байна гэсэн.

2021 оны 06 дугаар сараас 2023 оны 03 дугаар сар хүртэл Хаан банкнаас бидэнтэй зээлийн хүү төлөгдөөгүй байгаа талаар нэг ч удаа холбогдож байгаагүй ба гэнэт хүү бодож нэхэж байгаад гайхаж байна. Хаан банканд бид очиж удаа дараа уулзсан ба дээрх мөнгөн дүнг хүүгийн хүү, алданги гэж тайлбарладаг ба ямар учиртай хэдийнээс хэдий хүртэлх хүү, яагаад зээл хаагдсан байхад дахиж хүү бодогдож байгаа талаар огт тайлбарлаж чаддаггүй, дээрээс төлүүл гэсэн л гэдэг тайлбарыг аймгийн Хаан банкнаас хэлдэг.

Иймд манай зүгээс тухайн зээлийг 2021 оны 06 дугаар сард төлж дуусгасан гэж үзэж байгаа тул дээрх нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2014 онд хүүгээ онцгой байдалд ажиллаж байхад нь хоёр дахь гарын үсгийг нь зураад цалингийн зээлийг нь авхуулсан. Тэгээд хүүхдийн бие өвдөөд, төлж чадахгүй, өөрөө ажил хийхгүй нэг хэсэг явж байгаад 2 200 000 төгрөг төлбөл бүх зээлээ төлөөд ямар ч өр ширгүй боллоо гээд түүнийгээ төлөөд Монгол банкны муу зээлдэгчээсээ гараад Хас банкнаас 5 удаа, банк бусаас 2 удаа зээл авч хэвийн явж байсан. Энэ асуудлыг Хаан банкнаас 5-аас 6 жил над руу хоёр дахь гарын үсэг зурсан зээлдэгч юм чинь гээд өдий төгрөг бодогдож байна, ингэж явж байна гэж нэг ч удаа яриагүй. Сая 2023 оны 03 дугаар сарын сүүлчээр би хорт хавдар туссан эгчийгээ хөх хот руу эмчилгээнд авч явах гэж байсан тул эмчилгээнийх нь зардал миний дансанд төвлөрөөд байсан боловч эмчилгээндээ явах тасалбараа бичүүлэх гэж юаниа авах гэтэл миний дансыг барьсан байсан. Яг хот руу хөдлөх гэж байснаа болиод Хаан банкин дээр очоод ямар хүнтэй уулзах вэ? гэтэл С*******тэй уулз гэсэн. С*******тэй уулзтал танай хүүгийн зээлийн хүүгийн хүү ийм байсан. Үүнийг төлөхөөр таны дансыг барьсан, энэнд төлнө гээд дансан дахь 3 сая гаруй төгрөгийг барьсан байсан. Тухайн үед бараг л сөгдөж мөргөөд эмчилгээнд хэрэглэх гэж байгаа, миний эгч хавдар нь өдрөөс өдөрт явж байгаа, ах дүү хамаатан садангийн цуглуулсан эмчилгээний мөнгө юм, би яг одоо явах гэж байна, та нар миний мөнгийг тавьж өгөөч, би явж ирээд энэ асуудлыг шийдэж өгье гэсэн. Эхний өдөр С******* намайг дарга руугаа дагуулж ороод 1 сая төгрөгийг чөлөөлж өгсөн. Тэгээд 1 сая төгрөгөөр яаж явах вэ, сүүлдээ өвчтэй хүн маань ч унтдаггүй. Би ч ах дүү нартаа өдий их өртэй байж хүний мөнгийг залилж өрөндөө хийлгэлээ гэж хэлэгдэх хэлэгдэхгүйгээрээ загнуулж, уйлж дуулсан. Өвчтэй хүн маань бүр сонин болоод эхэлсэн. Дахиад С*******тэй уулзаж 1 давхарт хаан банкны дарга руу орсон. Та нар хүн юм бол хүнээрээ байх хэрэгтэй. Би хүүхдээ зээлгүй болсон гэж бодож олон жил явсан байхад миний дансыг барихдаа надад ганц удаа хэлэхгүй яасан юм бэ, хэлбэл боломжоороо зохицуулах байсан. Энэ хугацаанд холбогдож 5-аас 6 жил юу ч яриагүй байж миний дансыг битүүмжилж байна гэсэн. Өвчтэй эгч маань Хаан банкны 1 давхар руу арай ядан орж ирсэн. Ийм байдлыг тухайн үед С******* харсан. Их асуудал болж байж би мөнгөө авсан, Хаан банк нь хүнийг хүн гэж үздэггүй би их гомдолтой байгаа. Захирал нь чиний дансаар 16 сая төгрөг орж гарсан, чи чулууны наймаа хийдэг үү, юу хийдэг хүн бэ, тэр үед нь барих байсан ч бариагүй шүү гэж надтай ёс бус харьцсан, бүх дансыг чинь барина гэсэн намайг дарамталсан маягтай үг хэлсэн. Би эд нартай ямар ч маргаан хийхийг хүсээгүй, юм хэлээгүй. Хөх хотод эмчилгээний цаг авсан байсан өдрөөс 4 хоног хоцорсон, тухайн хоцорсон хоногуудын бүх оочир дугаар, бүх билет нааш, цааш болж зөрсөн бүх төлбөрийг би өөрөө төлсөн. Эгч маань эмчилгээндээ явж ирээд сар бололгүй нас барсан. Хаан банк миний дансыг бариагүй байсан бол эгч маань яах ч байсан юм билээ. Намайг төлбөрт хамаатай, хүн гэж үзэж байгаа бол энэ олон жилийн хугацаанд ядаж 1 удаа хэлэхгүй, ах дүү нартаа нэр хүндгүй болсон, нөгөө хүн маань нас барсан тухай Хаан банканд хэлсэн. Ийм байдлуудад нь маш их гомдолтой байгаа. Гэрээнийхээ дагуу би зээлээ төлж дууссан гэж бодож байна гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа 3 үндэслэлээр хууль зүйн дүгнэлт хийж тайлбарлая гээд нэгдүгээрт хариуцагч нар 11 500 000 төгрөгийн зээл болон нэмж авсан 800 000 төгрөгийн зээлийг нийтэд нь авснаа хүлээн зөвшөөрч энэ тал дээр маргадаггүй, зээл авснаа хүлээн зөвшөөрдөг. Харин Б.******* гэдэг хүн зээл авснаасаа хойш төлбөрөө төлж байгаад зээлээ төлж чадаагүй хэсэг явсан нь үнэн, энэ тухайд юм хэлдэггүй. Үүнээс хойш эдийн засагчтайгаа ярьж тохиролцоод зээлийн харилцах данснаас харахад 2018 оноос 2021 оны 10 дугаар сарын 16-ныг хүртэл яг төлсөн нь харагддаг. Энэ хугацаанд зээлийг бүрэн төлж барагдуулсан гэж зээлийн эдийн засагч нь хэлсэн учраас энэ хүмүүс цаашдын ажил амьдралаа хөөгөөд явсан байдаг. 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш зээлээ төл гэж ямар нэг байдлаар нэг ч удаа холбоо барьж байгаагүй. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл байдаг. Энэнээс хойш хугацаа тоолоход өнөөдрийг хүртэл 5 жил 10 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд Хаан банк шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Энэ нь юунаас харагддаг вэ гэхээр 2023 оны 03 дугаар сарын 25-нд хавтаст хэргийн материалд авагдсан шаардах хуудас байдаг. 1 удаа л зуруулсан. Зээлээ төллөө ийм үлдэгдэл орсон байна гэсэн 1 шаардах хуудас гардуулсан. Банкны зүгээс өр барагдуулах алба, утсан борлуулалтын алба гэж байдаг нь хариуцагч нартай зээлээ төл, ийм үлдсэн байна шүү гэж нэг ч удаа холбогдож байгаагүй. Үүнийг цэвэр банкны хариуцлагагүй байдал, зээл дуусна гэдгээс хойш 2023 оны 03 сар хүртэл Хаан банк ийм үлдэгдэл байна гэдгийг мэдээгүй явж байсан юм шиг байна. Гэнэт мэдээд энэ хүмүүсийн дансыг битүүмжилсэн юм уу гэж бодож байна. Хоёрдугаарт эхний гэрээ, нэмэлт өөрчлөлтийн 2 гэрээ байдаг. Энэ гэрээнүүдийн 2.4.2 дахь заалтыг дурдаад, дараа нь энэ гэрээ нь Иргэний хуулийн 201 дэх заалт дахь стандарт гэрээ гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна. Тухайн заалтыг яагаад яриад байгаа вэ гэхээр Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагадаа яриад байгаа хүү, нэмэгдүүлсэн хүү нь үндсэн зээлээ эхлээд авсан гэдгээ харуулж байна. Тэгэхээр Хаан банк энэ хоёр заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна. Яагаад гэхээр эхлээд үндсэн зээлээ авсан. Гэрээний тухайн заалтаас харахад нэмэгдүүлсэн хүү болон хүүгээ эхэлж аваад үлдсэн мөнгөөр нь үндсэн зээлээ төлүүлэх ёстой байтал Хаан банк үндсэн зээлээ төлүүлээд зөв бодсон юм уу, буруу бодсон юм уу нэхэмжлэлийн шаардлага дээрээ нийт 14 288 000 төгрөг төлсөн гэсэн хэр нь одоо 7 сая төгрөг нийт 21 сая орчим төгрөг нэхэмжилж байна гэж харагдаж байна. Гуравдугаарт Хаан банканд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр энэ гэрээ анх байгуулагддаг, нэмэлт өөрчлөлтийн гэрээ нь 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулагддаг бөгөөд зээлийн гэрээний хугацаа буюу эргэн төлөлтийн хуваарь нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дууссан байдаг. Энэ хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл тооцоход 5 жил 10 сарын хугацаа буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж харагдаж байна. Мөн энэ зээлийг дууссан гэдгийг батлах хэргийн материалд авагддаг том нотлох баримт нь Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа юм. Үүнд ******* нь 2021 оноос 2023 он хүртэл Хас банкнаас 5 удаа, банк бус санхүүгийн байгууллагаас 2020 оноос 2022 он хүртэл 2 удаа нийт 7 удаа зээл авсан харагддаг. Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь хэсэгт зааснаар мэдээлэл нийлүүлэгч гэдэг нь зээлдүүлэгчийг хэлдэг гэж тодорхой заасан. Зээлдүүлэгч нь Монгол банкны чанаргүй зээлдэгчийн мэдээллийн сан руу энэ хүний зээл хэвийн болсон байна гэсэн мэдээллийг Хаан банк өөрөө нийлүүлсэн гэдэг нь харагдана. Банкны эрх биш үүрэгт, гэрээний 5.2 дахь хэсэгт зээлтэй холбоотой мэдээллийг үнэн зөв гүйцэтгэнэ гэсэн. Хэрвээ Хаан банк зээлтэй холбоотой мэдээллээ үнэн зөв гүйцэтгэж чадсан л бол зээлийн мэдээллийн санд ******* гэдэг хүн хэвийн ангилал руу шилжээд зээл аваад хэвийн явж байгаа нөхцөл байдал харагдаж байна. Иймд Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шаардсан шаардаагүй энэ хүмүүс төлөх ёстой гэсэн тайлбар хэлж байна. Иргэний хуульд заасан гэрээ байгуулагдаад явж байгаа тохиолдолд шаардах эрхээ хэрэгжүүлсэн, үгүй юу гэдэг нь хөөн хэлэлцэх хугацаанаас эхлээд маш их ач холбогдолтой учраас шаардах эрхийг хэрэгжүүлсэн үгүйг яриад байгаа юм. Мөн Хаан банкнаас гаргаж өгдөг тооцоолол дээр маш олон зөрүү байдаг, үүнийг нотлох баримт шинжлэн судлах шатанд танилцуулаад дараагийн тайлбар дээр хэлье гэж бодож байна. Өөр нэмэлт тайлбар байхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******, Өмнөговь салбар нь хариуцагч Б.*******, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 181 406.73 төгрөг, нотариатын төлбөрт 17 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ: Монгол банкны муу зээлдэгч гэдэг зээлийн мэдээллийн ангилалаас хасагдсан учир зээлээ төлөөд дуусгасан гэж үзсэн. Энэ хүртэлх хугацаанд банкнаас зээлтэй байгаа талаар мэдэгдээгүй. Хамгийн сүүлд 200 000 төгрөг төлж зээлээ төлж дуусгасан. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан.

 

ХААН банк ХК, Өмнөговь салбар болон Б.*******, нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ/686 тоот барьцаат зээлийн гэрээ болон БГ/686 тоот барьцааны гэрээ байгуулагдаж 11 500 000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгохоор тохиролцон улмаар Өмнөговь Булган сум усны эхэд байрлах төмс хүнсний ногооны зориулалттай 500 мкв талбай бүхий эзэмших газар, зээлээр худалдан авах автомашин, ирээдүйд олох цалингийн орлого зэргийг барьцаалж барьцааны гэрээ байгуулжээ.

 

Мөн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 686/1 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж өмнөх зээлийн үлдэгдэл 10 628 649.57 төгрөг дээр 800 000 төгрөгийн нэмэлт зээл олгож нийт 11 428 649.57 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Өмнөговь, Булган сум, Усны эхэд байрлах төмс хүнсний ногооны зориулалттай 500 м.кв тайлбай бүхий 150301111 нэгж талбарын дугаартай газар, Hyundai Starex ӨМА5064 автомашин, цалингийн орлого зэргийг барьцаалж барьцааны гэрээ тус тус байгуулжээ.

 

Зээлдэгч нар нь 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 12 300 000 төгрөг, зээлийн хүүд 1 987 750.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 759.03 төгрөг нийт 14 288 509.68 төгрөг төлсөн болох нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/686 тоот барьцаат зээлийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 686/1 тоот барьцаат зээлийн гэрээ, зээлийн бүртгэлийн карт, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 686/1 тоот зээлийн гэрээнд өмнөх гэрээний үлдэгдэл дээр нэмж зээл олгосон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д заасан болон Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасантай нийцэж байна. Тухайлбал гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон өөрөөр хэлбэл үлдэгдэл зээл дээр нэмж зээл авч ингэснээр зээлийн хэмжээг тодорхойлж гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон нь хуульд харшлахгүй байна.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 686/1 тоот зээлийн гэрээ нь зохих журмын дагуу байгуулагдсан, хүчинтэй гэрээ байх бөгөөд талууд гэрээ байгуулагдсан болон түүний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй байна.

 

Хариуцагч тал ...нэхэмжлэгч тал 2015 оноос 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр буюу үндсэн зээл төлөгдөж дуусах хүртэл хүү бодогдсон гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ 7 жилийн жилийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, шүүхэд хандах боломжгүй болсон... гэсэн үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааны талаар маргадаг.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхэлж тоолно гэж, 76.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...үеэс үүснэ гэж тус тус заажээ.

Үүрэг гүйцэтгэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдрөөс хойш үүргээ биелүүлээгүй болох нь зээлийн бүртгэлийн картаар нотлогддог бөгөөд энэ өдрөөс эхлэн үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх зөрчигдөг эхэлсэн ба тэрээр эрх зөрчигдсөн тухайгаа энэ үеэс эхлэн мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д ...үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэжээ.

Үүрэг гүйцэтгэгч нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хооронд зээлийн гэрээний үүргээ хүлээн зөвшөөрч үндсэн зээлийн төлбөрийг төлж байсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

 

Иргэний хуулийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тооцно гэжээ.

Ийнхүү 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдох тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2015 оноос хойш 7 жилийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэжээ.

 

Зээлийн гэрээний 2.4.4-д 3ээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж тохиролцжээ.

 

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлд 8 629 785.56 төгрөг, үндсэн хүүд 3 283 108.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 352.304.44 төгрөгийг төлөөгүй болох нь зээлийн гэрээ, зээлийн бүртгэлийн карт, нэхэмжлэгч талын тайлбаруудаар нотлогдож байна. Үүрэг гүйцэтгэгч нар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хооронд үндсэн зээлд 8 629 785.56 төгрөгийг төлснөөр энэ хугацаанд хуримтлагдсан үндсэн хүү 6 279 993.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 901 412.91 төгрөг, нийт 7 181 406.73 төгрөг төлөөгүй байх ба нэхэмжлэгч *******, Өмнөговь салбар нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зээлдэгч Б.*******, нараас хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөхийг шаардах эрхтэй байна.

 

Зээлийн гэрээний 2.4.3.2-д Зээл олголт эргэн төлөлтийн хуваариас хугацаа хэтрүүлэн, эсхүл дутуу төлсөн тохиолдолд төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл хугацаанд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, уг хугацаанд тооцогдсон зээлийн хүүг тус тус төлүүлж, үлдсэн дүнгээр үндсэн зээлийг төлүүлнэ гэжээ.

Нэхэмжлэгч тал нь гэрээнд заасны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийг хүртэл төлбөр гүйцэтгэсэн мөнгөнөөс нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийг тооцох журмаар зээлийг төлүүлсэн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, зээлийн бүртгэлийн карт зэргээр нотлогдож байх ба энэ нь гэрээний дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дууссан байх ба зээлдэгч нар нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зээлийн төлбөрт үүрэг гүйцэтгэснийг үндсэн зээлд суутган авсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасанчлан үүргийн гүйцэтгэлийн төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасныг зөрчөөгүй байна.

 

2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл төлөгдөж дууссан, зээл олгосон өдрөөс хойш төлөгдөөгүй хуримтлагдан үлдсэн хүү 6 279 993.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 901 412.91 төгрөг нийт 7 181 406.73 төгрөг төлөөгүй болох нь зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн бүртгэлийн карт зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч тал үүнийг баримтаар няцаахгүй байх тул хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэжээ.

Үүрэг гүйцэтгэгч Б.*******, нар нь банкны зээлийг бүхэлд нь төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн байх тул Б.*******, нараас 7 181 406.73 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний 6.1 дэх хэсэгт Зээлээр худалдан авсан хөрөнгө, зээлдэгчийн цалин болон энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан бусад гэрээнд тусгагдсан хөрөнгө нь зээлийн барьцаа хөрөнгө болно... гэж заасан байх бөгөөд барьцаалуулагч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Өмнөговь аймаг, Булган сум, Усны эхэд байрлах төмс хүнсний ногооны зориулалттай 500 мкв талбай бүхий эзэмших газар, ӨМА5064 дугаартай Хюндай Старекс маркийн автомашин, цалингийн орлого зэргийг барьцаалсан байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байхаар заажээ.

 

Зээлдэгч Б.*******, нар нь зээлийн гэрээний үүргээ мөнгөн хөрөнгөөр төлж барагдуулаагүй тохиолдолд банк үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлийн үнээс хангуулахыг шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч тал нотариатын зардал 17 000 төгрөгийг шаардсан ба энэ нь баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч Б.******* нь 200 000 төгрөгийн зээлээ төлчихвөл зээл чинь дуусна гэсэн бөгөөд би тухайн мөнгийг төлж Монгол банкны муу зээлдэгчийн ангиллаас гарч бусад банкнаас зээл авах эрхтэй болсон. Хэрэв зээлээ төлж дуусгаагүй бол намайг муу зээлдэгчийн ангиллаас чөлөөлөхгүй бусад банкнаас зээл авч чадахгүй байсан тул Хаан банк дахь зээлийг төлж дуусгасан... гэж тайлбарлан маргадаг.

 

Хариуцагч тал тайлбараа баримтаар нотлохгүй байна.

 

Тэрээр Хас банкнаас 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд зээл авч байсан байх ба зээлийн ангилал бүгд хэвийн болох нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээ, зээлийн мэдээллийн лавлагаагаар нотлогдож байгаа хэдий ч Хас банк зээл олгосноор зээлдэгч нар нь Хаан банк-ны зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас 7 181 406.73 төгрөгийг хангасан тул дээрх мөнгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 129 852 төгрөгийг хариуцагч Б.*******, нараас гаргуулж нэхэмжлэгч *******, Өмнөговь салбарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 124 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3 дахь хэсэг, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******, нараас 7 181 406.73 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, Өмнөговь салбар-т олгосугай.

2. *******, Өмнөговь салбар-ын нэхэмжлэлийн шаардлагаас 17 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, Өмнөговь салбар-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 124 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, нараас улсын тэмдэгтийн хураамжид 129 852 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, Өмнөговь салбар-т олгосугай.

4. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******, нар нь 7 181 406.73 төгрөгийг мөнгөн хөрөнгөөр төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох нэгж талбарын 150301111 дугаартай Өмнөговь аймгийн Булган сум, Усны эхэд байрлах төмс хүнсний ногооны зориулалттай 500 м.кв талбайтай эзэмших эрх бүхий газар, Hyundai Starex маркийн 50-64 ӨМА улсын дугаартай, KMFWVH7HPIU383918 арлын дугаартай автомашин зэргийн үнээс гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УР