Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 203/МА2024/00007

 

 

 

******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 143/ШШ2023/00469 дугаар шийдвэртэй,

******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Б.*******, О.Батцэцэг нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 7 181 406.73 төгрөг, нотариатын зардал 17 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч О.Батцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, Д.Наран /цахим/, хариуцагч нарын өмгөөлөгч А.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: : Зээлдэгч Б.*******, О.Батцэцэг нар нь ******* *******ны Өмнөговь салбарын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/686 дугаартай зээлийн гэрээ, БГ/686 тоот барьцааны гэрээ байгуулан 11 500 000 /арван нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8% хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай ахуйн хэрэглээний зориулалтаар авсан, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 686/1 дугаартай зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 10 628 649.57 төгрөг дээр нэмж 800 000 /найман зуун мянган/ төгрөг нийт 11 428 649.57 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18% хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар тус тус зээлж авсан. Зээлдэгч Б.*******, О.Батцэцэг нар нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/686 дугаартай зээлийн гэрээ, мөн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 686/1 дугаартай зээлийн гэрээнүүдийн дагуу 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 12 300 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 987 750.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 759.03 төгрөг нийт 14 288 509.68 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Б.*******, О.Батцэцэг нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараалан зөрчсөн, ******* зээлдэгчээс зээлийн хүүгээ төлөхийг шаардсан боловч одоог хүртэл төлөөгүй тул 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийт 720 хоног зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн байна. Иймд ******* 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 686/1 дугаартай зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.8 дэх заалтуудыг тус тус үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна Үүнд: 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 686/1 дугаартай зээлийн гэрээний дагуу дараах зээлийн төлбөрийг гаргуулах үндсэн зээлийн төлбөр 0 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6 279 993.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 901 412.91 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 17 000 төгрөг, нийт зээлийн төлбөрт 7 198 406.73 төгрөг гаргуулах гэжээ. Нэхэмжлэгч ******* ******* ХК, Өмнөговь салбар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Зээлдэгч Б.*******, О.Батцэцэг нар нь ХААН Банкны Өмнөговь салбартай 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ/686 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, БГ/686 дугаартай Барьцааны гэрээ тус тус байгуулан 11 500 000 төгрөг /арван нэгэн сая таван зуун мянга/-ийн цалингийн зээлийг жилийн 16,8%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар ахуйн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлийн барьцаанд иргэн А.Ганзоригийн эзэмшлийн нэгж талбарын 150301111 дугаартай Өмнөговь аймгийн Булган сум, Усны эхэд байрлах төмс хүнсний ногооны зориулалттай 500 м.кв талбайтай, эзэмших эрх бүхий газар, зээлээр худалдан авсан БНСУ-д үйлдвэрлэсэн Hyundai starex маркийн 50-64 ӨМА улсын дугаартай, КМНЛЛ/Н7НР111383918 арлын дугаартай автомашиныг барьцаалсан.

Мөн зээлдэгч нар нь 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 686/1 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 10 628 649.57 төгрөг дээр нэмэгдүүлж 800 000 төгрөг /найман зуун мянга/-ийг, нийт 11 428 649.57 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд мөн А.Ганзоригийн эзэмшлийн, нэгж галбарын 150301111 дугаартай Өмнөговь аймгийн Булган сум, Усны эхэд байрлах төмс хүнсний ногооны зориулалттай 500 м.кв талбайтай, эзэмших эрх бүхий газар, зээлээр худалдан авсан БНСУ-д үйлдвэрлэсэн Hyundai starex маркийн 50-64 ӨМА улсын дугаартай, КМР\ЛЛ/Н7НР111383918 арлын дугаартай автомашиныг барьцаалсан. ХААН *******ны Өмнөговь салбарын зүгээс 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 5585/343 дугаартай Зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлээр зээлдэгч Б.*******, О.Батцэцэг нарт холбогдуулан Цалингийн зээлийн гэрээний дагуух зээлийн төлбөр болох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 7 198 406.73 төгрөгийг дээрх хариуцагч нараас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Үүнд.

1. Зээлдэгч Б.*******, О.Батцэцэг нар нь зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр, сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох А.Ганзоригийн эзэмшлийн, нэгж талбарын 150301111 дугаартай Өмнөговь аймгийн Булган сум, Усны эхэд байрлах төмс хүнсний ногооны зориулалттай 500 м.кв талбайтай эзэмших эрх бүхий газар болон энэ зээлээр худалдан авсан БНСУ-д үйлдвэрлэсэн Hyundai starex маркийн 50-64 ӨМА улсын дугаар бүхий, КМР\ЛА/Н7НР111383918 тоот арлын дугаартай автомашины хамт худалдан борлуулж Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

2. Улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн болно. 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр *******наас гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага хэвээр үлдэх бөгөөд зөвхөн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх байдлаар өөрчлөгдсөн болно гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч Б.******* миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Б.******* миний бие ээж О.Батцэцэгийг өөрийн хамтран зээлдэгчээр оруулж "******* *******" ХХК тай 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 11 500 000 төгрөгийг авсан мөн 2015 онд нэмэлтээр 800 000 төгрөгийн зээл авсан. Ингээд миний бие зээл авснаасаа хойш зээлээ төлж байсан боловч гэнэт бие өвдөж ажлаасаа гарсны улмаас зээлээ төлж чадахгүйд хүрч байсан ингээд буцаад ажил хөдөлмөр хийж *******ны эдийн засагчтай ярилцаж зээлээ бага багаар төлж дуусгасан. Хамгийн сүүлд 2021 оны 06 дугаар сард ******* *******наас хүн ярьж таны зээл 200 000 төгрөг хийвэл хаагдахаар байна гээд тухайн мөнгийг төлж би зээлээ хаасан. Ингээд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор зээлээ бүрэн хаасан учраас өршөөлийн хуульд хамрагдаж, чанаргүй зээлдэгчийн муу ангиллаас хэвийн ангилал руу шилжсэн. Түүнээс хойш би Хас *******наас зээл авсан. Одоо хэвийн төлөөд явж байна. Энэ нь зээлийн мэдээллийн лавлагаагаар мөн харагддаг. 2023 оны 03 дугаар сард гэнэт манай ээж О.Батцэцэгийн ******* ******* дахь дансыг битүүмжилж, мобайл ******* нь ажиллахаа байсан *******наас тодруулахад хүү *******ын зээлийн хүүгийн үлдэгдэл байна гэсэн. 2021 оны 06 дугаар сараас 2023 оны 03 дугаар сар хүртэл ******* *******наас бидэнтэй зээлийн хүү төлөгдөөгүй байгаа талаар нэг ч удаа холбогдож байгаагүй ба гэнэт хүү бодож нэхэж байгаад гайхаж байна. ******* *******анд бид очиж удаа дараа уулзсан ба дээрх мөнгөн дүнг хүүгийн хүү, алданги гэж тайлбарладаг ба ямар учиртай хэдийнээс хэдий хүртэлх хүү, яагаад зээл хаагдсан байхад дахиж хүү бодогдож байгаа талаар огт тайлбарлаж чаддаггүй, дээрээс төлүүл гэсэн л гэдэг тайлбарыг аймгийн ******* *******наас хэлдэг. Иймд манай зүгээс тухайн зээлийг 2021 оны 06 дугаар сард төлж дуусгасан гэж үзэж байгаа тул дээрх нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3 дахь хэсэг, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******, О.Батцэцэг нараас 7 181 406.73 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК, Өмнөговь салбар-т олгож,

******* ******* ХК, Өмнөговь салбар-ын нэхэмжлэлийн шаардлагаас 17 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХК, Өмнөговь салбар-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 124 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, О.Батцэцэг нараас улсын тэмдэгтийн хураамжид 129 852 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК, Өмнөговь салбар-т олгож,

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******, О.Батцэцэг нар нь 7 181 406.73 төгрөгийг мөнгөн хөрөнгөөр төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох нэгж талбарын 150301111 дугаартай Өмнөговь аймгийн Булган сум, Усны эхэд байрлах төмс хүнсний ногооны зориулалттай 500 м.кв талбайтай эзэмших эрх бүхий газар, Hyundai starex маркийн 50-64 ӨМА улсын дугаартай, КМР\ЛЛ/Н7НР1Ш83918 арлын дугаартай автомашин зэргийн үнээс гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч О.Батцэцэгийн давж заалдах гомдлын агуулга:

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 143/ШШ2023/00469 тоот шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт: ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3 дахь хэсэг, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******, О.Батцэцэг нараас 7,181,406.73 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК, Өмнөговь салбарт олгож шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэр нь нэг талыг барьсан, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж, дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. ******* ******* ХК болон хариуцагч Б.*******, О.Батцэцэг нарын хооронд 2015.02.12-ны өдрийн 686/1 тоот Барьцаат зээлийн гэрээ хийгдсэн бөгөөд тус барьцаанд тавигдсан Өмнөговь аймгийн Булган сумын усны эхэд байрлах төмс хүнсний ногооны зориулалттай 500 мкв талбай бүхий эзэмших газар нь А.Ганзориг, Б.Батжаргал нарын эзэмшлийн газар бөгөөд шүүх тус хэргийн хянан шийдвэрлэхдээ гуравдагч этгээдийн эрх ашгийг харгалзаж үзээгүй шийдвэр гаргасан. Мөн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага болох хүү, нэмэгдүүлсэн хүүгээ тайлбарласан хүснэгт нь нэхэмжлэл дээр бичигдсэн дүн, хүү бодсон хүснэгтэд 3 өөр зөрүүтэй дүн бичигдсэн байхад шүүх ямар үндэслэлээр аль нотлох баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь тодорхойгүй. 2014.11.19-ний ЗГ/686-2.4.2.2-т, 2015,02,12-686/1 тоот гэрээний 2,4,3,2-т тус тус зааснаар зээл олголт эргэн төлөлтийн хувиараас хугацаа хэтрүүлэн эсхүл дутуу төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл хугацаанд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, уг хугацаанд тооцогдсон зээлийн хүүг тус тус төлүүлж, үлдсэн дүнгээр үндсэн зээлийг төлүулнэ гэж заажээ. Гэтэл ******* *******ны нэхэмжлэлийн шаардлагад үндсэн зээл-0 төгрөг гэсэн нь дээрх гэрээний заалтыг баримтлаагүй буюу ******* ******* өөрөө гэрээгээ зөрчсөн үйлдэл харагдаж байна. ******* ******* гэрээгээ өөрсдөө зөрчиж үүссэн зөрчилөө хариуцагч нараас нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар гаргаагүй.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Давж заалдах гомдлын утга нь 2 асуудлыг тусгасан байдаг. Нэгдүгээрт, гуравдагч этгээдийн эрх ашгийг харгалзаж үзэлгүйгээр шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл Б.*******, О.Батцэцэг нарын зээлд барьцаалсан Өмнөговь аймгийн Булган сумын Усны эх гэх газарт байдаг 500 метр квадрат газрыг эзэмших эрхтэй газрын эзэмшигч Ганзориг, Батжаргал нарыг орхигдуулаагүй, эрх ашгийг нь харгалзаж үзээгүй гэж гомдсон байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж хуульд тодорхой заасан. Шүүх хуралдаан олон удаа хойшилж, шийдвэрлэгдсэн. Энэ хугацаанд хэргийн оролцогч нараас энэ хүмүүсийг оролцуулъя гэсэн ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Мөн дээр нь гуравдагч этгээдүүд болох Ганзориг, Батжаргал нар энэ талаар хүсэлт гаргаагүй. Үнэхээр энэ хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа, цаана нь зээлийн гэрээний үүрэг явж байгаа, Б.*******, О.Батцэцэг нарын зүгээс өмгөөлөгч аваад явж байгаа энэ тохиолдолд өмгөөлөгчдийн зүгээс ч гуравдагч этгээдээр оролцуулъя гэж хүсэлт гаргасан бол энэ хүмүүсийг оролцуулах бүрэн боломжтой байсан. Хүсэлт гаргаад байхад оролцуулаагүй бол анхан шатны шүүхийн шийдвэр буруудна. Гэтэл энэ хүмүүс хүсэлт гаргаагүй учраас шүүхийг буруутгах үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт: Гомдлын үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлага бол хүү, нэмэгдүүлсэн хүүгээ тайлбарласан хүснэгт гэж байгаа. Тэр нь зээлийн бүртгэлийн картаар харагдана. Хүү бодсон хүснэгт нь нэхэмжлэл дээр бичигдсэн үнээс зөрөөтэй байна гэж үзэж байх шиг байна. Гэтэл *******ны гаргасан нэхэмжлэл, зээлийн бүртгэлийн картын зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлсөн хэсэг, зээл хүү нэмэгдүүлсэн хүү нь нэхэмжилсэн үнийн дүнтэй эргэлзээгүйгээр таарч байгаа. Хариуцагч О.Батцэцэгийн зүгээс тухайн үнийн дүнгүүдийг сайн нягталж хараагүй эсвэл зөрөөтэйгөөр бодсон байх гэж үзэж байгаа. Энэ талаар гомдолд дурдсан байсан учраас нэхэмжлэгч талаас нэхэмжлэл болон зээлийн бүртгэлийн картыг тулгаж нарийвчилж үзсэн. Ямар нэгэн зөрөө гараагүй. Тиймээс хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

7. Хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 06 дугаар сараас хойш ******* ******* ХК өөрийн шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж байгаа. Энэ талаар хариуцагч талаас шүүх хуралдаан дээр тайлбар гаргаагүй. Шүүхээс тодруулаагүй орхисон байдаг. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан байдаг. Энэ нөхцөл байдлуудаас харахад ******* ******* ХК нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй 2 жилийн хугацаа өнгөрсөн. Үүнээс үүдэлтэй зөрчлөө нэхэмжилж байгаа. Мөн хугацаа хэтрүүлсэн үр дүнд үүсэх эрх зүйн үр дагаврыг Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 2.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж заасан байдаг. Үүнийг мөн шүүхээс харж үзээгүй. Нөгөөтэйгүүр, ******* үндсэн зээлийн төлөлтийг дууссан гэж үзсэн атлаа хүү, нэмэгдүүлсэн хүүг 2 жилийн дараа нэхэмжилж байгаа нь зээлдэгчийг илт хохироосон гэж үзэх үндэслэлтэй. Хэдийгээр талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь илт зээлдэгчид хохиролтой эсэхийг шүүхээс анхаарч үзэлгүй хэргийг шийдсэн. Энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж хуульчилсан байдаг. Дээрх үндэслэлүүдийг шүүхээс харгалзаж үзээгүй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Мөн анх нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ******* ******* ХХК гэж гаргадаг. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ ******* ******* ХК болон Өмнөговь салбар гэж 2 нэхэмжлэгчээр тодорхойлж гаргасан. ******* ******* ХК-ийн Өмнөговь салбараас өгсөн итгэмжлэлийн дагуу Д.Наран болон өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцдог. Энэ байдлуудаас харахад нэхэмжлэгчийн эрх зүйн байдал тодорхойгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Иймд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 469 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатанд буцааж өгөөч гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2. ******* ******* ХК нь хариуцагч Б.*******, О.Батцэцэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 198 406.73 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.1. Талууд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/686 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-3-5/ байгуулж, уг гэрээгээр 11 500 000 /арван нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийг жилийн 16.8% хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай ахуйн хэрэглээний зориулалтаар, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 686/1 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-8-10/ байгуулж, уг гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл 10 628 649.57 төгрөг дээр нэмж 800 000 /найман зуун мянган/ төгрөг нийт 11 428 649.57 төгрөгийн жилийн 18% хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар тус тус зээлдүүлэх, Б.*******, О.Батцэцэг нарт нар нь зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээгээр тохирсон хүүгийн хамтаар буцаан төлөх нөхцлийг тус тус харилцан тохиролцжээ.

3.2 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр БГ/686 тоот барьцааны гэрээ /хх-6-7/ байгуулж, уг гэрээгээр А.Ганзоригийн эзэмшлийн нэгж талбарын 150301111 дугаартай Өмнөговь аймгийн Булган сум, Усны эхэд байрлах төмс хүнсний ногооны зориулалттай 500 м.кв талбайтай, эзэмших эрх бүхий газар, зээлээр худалдан авсан БНСУ-д үйлдвэрлэсэн Hyundai starex маркийн 50-64 ӨМА улсын дугаартай, КМНЛЛ/Н7НР111383918 арлын дугаартай автомашиныг барьцаалсан байна.

3.3. Зээлдүүлэгч ******* ******* ХК-аас зээлдэгч Б.*******, О.Батцэцэг нарт зээлийн мөнгөн хөрөнгө болох 11 428 649.57 мөнгийг шилжүүлсэн, зээлдэгч нар нь зээлийн төлбөрт 14 288 509.68 төгрөг төлсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй.

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн, эдгээр гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж шинээр тоологдсон талаар зөв дүгнэжээ.

5. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүүг хариуцагч Б.*******, О.Батцэцэг нараас шаардах эрхтэй.

Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн хүү төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул хариуцагч Б.*******, О.Батцэцэг нараас  зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн хүү 6 279 993.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 901 412.91 төгрөг нийт 7 181 406.73 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

6. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусгавар болсон, гэрээ цуцлагдсан эсэхээс үл хамааран зээлийн хүү шаардах эрхтэй.

Энэ эрхээ хэрэгжүүлж 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй ба Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой зохицуулалт нь ******* эрх бүхий этгээдээс олгож буй зээлийн харилцаанд хамаарахгүй болно.

7. Анхан шатны шүүх зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсгийг баримталсан техникийн шинжтэй алдаа гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй тул мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 143/ШШ2023/00469 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129 852 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

 

Р.МӨНХ-ЭРДЭНЭ