Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 01364

 

П.Б-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/01351 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч П.Б-ын хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлагч Н.А, Л.Э, өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 оны 01 дүгээр сараас Х банд зээлийн эдийн засагч, эрсдэлийн газрын мэргэжилтэн, ахлах эдийн засагч, ахлах харилцааны менежер, тооцооны төвийн захирал, салбарын бизнес хөгжил хариуцсан менежер, хяналтын албаны ахлах мэргэжилтэн, тусгай актив зээл төлүүлэлтийн газрын мэргэжилтэн зэрэг албан тушаалд үр бүтээлтэй ажиллаж ирсэн. 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн өвчний учир 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хороонд эмнэлгийн магадлагаатай байгааг эхнэр Г.Оюунчимэг миний шууд удирдлагуудад мэдэгдсээр байтал ажлаас халах шийдвэр гарган ажилд маань оруулахгүй, эцэст нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 26/766 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарган үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд хууль бусаар ажлаас халсан тушаалыг хүчингүй болгон үндэслэлгүйгээр ажлаас халсан болохыг тогтоож, эрхэлж байсан ажилд эргүүлэн авахыг даалган 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойших цалин хөлсөнд 1 600 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П.Б нь "Х" ХХК-ийн Иргэдийн банкны тусгай актив зээл төлүүлэлтийн газрын мэргэжилтнээр ажиллах хугацаандаа 2 өдөр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил тул хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл үндэслэлээр цуцалсан. Хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 26/766 тоот тушаал нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар гэрээг цуцлах тушаал гаргасан. П.Б нь хөдөлмөрийн гэрээнд зааснаар 3 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд ажил тасалсан үйл баримт нь тогтоогдсон тул ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр гэрээг цуцлах тушаал гаргасан. Энэ тушаал нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 3 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд П.Б нь ажил тасалсан. Мөн 3 дугаар сарын 20-ны өдөр Э.Нанзаддорж руу эхнэр нь манай нөхөр ажилдаа очсон уу, ажлаараа гадуур гарсан уу гэртээ ирж хоносонгүй гэж ярьсан. Дээрх өдрүүдэд өвчтэй байсан гэдгийг хэлсэн гэх баримт байхгүй. Иймд дээрх өдрүүдэд шалтгаангүй ажил тасалсан, эхнэр нь П.Б-ыг хайж Х руу ярьсан учраас ажил тасалсан гэдэг нь тогтоогдож байгаа. Эрүүл мэндийн хувьд сахарын өвчтэй, тогтмол эмчийн хяналтад байсан гэдгийг үгүйсгээгүй. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар 8 цагаар хэвийн нөхцөлд бусад ажилчдын адил ажиллаж ирсэн. Эмнэлгийн магадлагааг банканд авчирч өгөөгүй, шүүх хуралдааны үеэр олж харсан. Хөдөлмөрийн гэрээний 5.7-т зааснаар ажлын нэг өдрийн 8 буюу түүнээс дээш цагаар ажил тасалсан бол ноцтой зөрчил гаргасанд тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан тул тушаал үндэслэлтэй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан ажиллагааг хийлгүй орхигдуулан хэргийн оролцогчид болох хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав нарт эрх үүрэг тайлбарлах үүргээ биелүүлээгүй дээрх этгээдүүдэд эрх үүрэг тайлбарлалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтүвшинд нөлөөллийн мэдүүлэг танилцуулж гарын үсэг зуруулалгүй нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл болох гэрч Г.Оюунчимэг, Э.Нанзаддорж нарын мэдүүлгүүд илтэд зөрүүтэй байхад мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт зааснаар гэрчүүдээс нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагааг хийгээгүй атлаа гэрч Э.Нанзаддоржийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, шаардлага хангасан баримт болох П.Б-ын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн эмнэлгийн магадлагааг нотлох баримтын шаардлага хангахгүй баримт гэж үнэлэхдээ хариуцагч тал нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс уг магадлагааны эх хувийг шүүхэд үзүүлснийг эсэргүүцсэн тул хэргийн баримтын хүрээнд хянан шийдвэрлэлээ гэжээ. Шүүгчид өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ хэргийн нотлох баримтыг үнэлэх эрх нь хуулиар олгогдсон боловч хэргийн нэг талд илт үйлчлэн давуу байдал олгох эрх олгогдоогүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар шаардлагатай гэж үзвэл нотариатаар гэрчлүүлсэн баримтын эхийг шаардан авах эрхтэй. Гэтэл анхан шатны шүүхэд хуулиар олгогдсон энэ эрхээ хариуцагчийн өмгөөлөгч тухайн баримтыг эсэргүүцсэн гэсэн шалтгаанаар хязгаарлуулан өөрт нь хуулиар олгогдсон эрхээ эдлээгүй нь хариуцагч талд илт давуу байдал олгох санаа зорилгыг агуулсан гэж үзэхээр байна. Нөгөө талаар шүүх 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн эмнэлгийн магадлагааг үнэлэх боломжгүй гэх шалтгаанаа “хэрэгт нэхэмжлэгчээс хавсаргасан эмнэлгийн магадлагаа нь ямар нэгэн тамганы дардасгүй байна” гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэлдээ хавсарган өгсөн дээрх магадлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан нотариатаар гэрчлүүлсэн баримт байсан болохоос биш магадлагааг зүгээр нэг канондсон хуулбар биш байсан болно. Нотариатчийн үйлдэл хүчин төгөлдөр байсан тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар нь хуульд нийцээгүй тайлбар байсан болно. Хэрвээ шүүхийн хэлэлцүүлгийн явцад эмнэлгийн магадлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг эргэлзээтэй гэж шүүх үзсэн юм Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан эх хувийг нь шаардан авах эрхтэй. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Шүүхийн удаа дараагийн хэлэлцүүлэгт хариуцагч талаас нэхэмжлэгч П.Б-ыг чихрийн шижин өвчний улмаас эрүүл мэндийн хувьд асуудалтай болохыг мэднэ гэж тайлбарладаг. Мөн П.Бямбацогт нь “Х” ХХК-д 2006 оноос эхлэн ажилласан бөгөөд олон жил тогтвор суурьшилтай үр бүтээлтэй ажиллаж ирсэн. П.Б нь өвчтэй эсэхийг “Мичид Асралт” эмнэлгийн өвчтөн үзүүлсэн бүртгэлийн баримтыг гаргуулахаар шүүх хурлыг нэг удаа хойшлуулах тухай нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангах ёстой байсан. Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч тал П.Б-ыг өвчтэй байгаагүй, архи уучихсан байсан гэж, нэхэмжлэгч тал эмчид үзүүлсэн биеийн эрүүл мэндийн байдлаас ажилдаа очих боломжгүй байсан гэж маргадаг. 44 настай тэтгэвэрт гарахад 21 жил дутуу байгаа. Ө.Нанзаддоржийн мэдүүлгийг үндэслэх нь зүйтэй гэж үзлээ гэж нотлох баримтгүй гэрчийн мэдүүлгийг үндэслэсэн нь үндэслэлгүй. Шүүх дүгнэхдээ “хэрэгт авагдсан Г.Оюунчимэгийн утасны ярианы жагсаалтаар 09 цагийн үед н.Алтанбагана руу ярьсан нь нотлогдохгүй, харин 11:48 цагт Э.Нанзаддоржийн утас руу залгасан байх тул Э.Нанзаддоржийн мэдүүлгийг үндэслэх нь зүйтэй гэж үзлээ” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. “Х” ХХК-д гаргаж буй хүсэлт болон тайлбараараа нэхэмжлэгчийн эхнэр Г.Оюунчимэг “Х” ХХК-ийн ажилтан Д.Алтанбагана болон Э.Нанзаддорж нартай 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр холбогдсон болохыг үгүйсгэдэггүй. Хариуцагчийн төлөөлөгч Н.Ариунтуул хэрэгт Л.Энхтүвшингийн цахим шууданг гаргаж өгсөн байдаг. Уг цахим шууданд Д.Алтанбагана Л.Энхтүвшинд 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр П.Б-ын эхнэр 11 цагийн үед залгасан дараа нь эхнэр нь мессежээр Нанзаддоржийн утсыг авсан” гэсэн байдаг. Цахим шуудангийн доод хэсэгт нь “Х” ХХК-ийн ажлын утас 11332333, гар утас 99039751 гэсэн байна. Нэхэмжлэгч талаас Г.Оюунчимэгийн 99113345 дугаартай гар утасны ярианы жагсаалтын нэгд 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 09:11:14 цагт Д.Алтанбаганын 99039751 дугаарт Г.Оюунчимэг залган 00:55 минут жагсаалтын 11-д 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 11:48:47 цагт Э.Нанзаддоржийн 99004434 дугаарт Г.Оюунчимэг залган 01:52 минут ярьсан тухай Мобиком корпорацийн баримт авагдсан. Шүүх уг баримтыг хуулийн дагуу үнэлээгүй нь Г.Оюунчимэгийн мэдүүлгийг үнэлэхгүй байх үндэслэл нь болсон. Г.Оюунчимэг нь Д.Алтанбагана, Э.Нанзаддорж нартай нөхөр П.Б-ын талаар бус өөр байдлаар харилцах ярилцах ямар ч шаардлагагүй болно. Ийм учраас л Г.Оюунчимэг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тусдаа хүүхдүүд дээрээ очиж хоносон, 3 дугаар сарын 20-ны өглөө нөхөр П.Бямбацогт нь утсаа авахгүй байсан учир нөхрөө ажилдаа очсон эсэхийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 09:11:14 цагт Д.Алтанбаганаас асууж, дараа нь П.Б-ын  найз н.Баярсайханаас нөхрийнхөө бие нь муудаж эмнэлэгт үзүүлэн нөхрийн ах П.Пүрэвдоржийнд байгаа, эмнэлэг магадлагаа өгсөн тухай сонсоод П.Пүрэвдоржийн эхнэр С.Рэгзэдмаагийн 86660088 дугаарын утсаар 11:37:17 цагт 01:19 минут ярьж нөхөр П.Б-ын  биеийн байдлын талаар асуусны дараа 11:48:47 цагт Э.Нанзаддоржид нөхрийгөө өвчтэй байгаа тухайг мэдэгдсэн бүхий л үйл баримтууд нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Хариуцагчийн өмгөөлөгч эмнэлгийн магадлагааны талаар н.Ренчинханд эмчийн тамга байхгүй байна, Эрүүл мэнд Нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 243 тоот тушаалын 4.5-д заасан шаардлагыг хангаагүй” гэж маргадаг боловч дээрх магадлагаа нь Сүхбаатар дүүргийн 185 дугаар тойргийн нотариатч Ө.Мөнхтуяагаар хуулбар үнэн болох нь гэрчлэгдэн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн бүртгэлийн 1393 дугаарт бүртгэгдсэн нь дээрх магадлагаанд тамга тэмдэг дарагдсан эх баримт байсан болохыг тогтоож байгаа юм. Нөгөө талаар Эрүүл мэнд Нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалын 1 дүгээр хавсралт Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журмын 4.1-д хувь хүн өвчин, осол гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа тур алдах, эмчлүүлэх, сувилуулах, жирэмслэх, амаржих, хиймэл эрхтэн хийлгэх, хол хоригдох, өвчтөн асрах, зэрэг асуудалтай холбогдуулан гаргах магадлагаа/ эмч дангаар магадлагаа гаргаж болох ба энэ тохиолдолд өөрийн албан тушаал, овог нэрийг бичиж, гарын үсгээ зурж, хувийн тэмдгээ дарж баталгаажуулна” гэсэн байна. “Мичид-Асралт” эмнэлгийн эмч н.Ренчинхандын олгосон магадлагаа энэ журмыг зөрчөөгүй байна. Гэтэл шүүх шийдвэртээ “Эрүүл мэндийн сайдын 143 дугаар тушаалаар батлагдсан журмаар эмнэлгийн магадлагааг олгож буй эмч гарын усэг зурж, тамга дарах, тухайн эмнэлгийн ерөнхий эмч гарын үсэг зурж эмнэлгийн тамгаар баталгаажуулахыг зөрчсөн гэж үндэслэлтэй. Учир нь хэрэгт нэхэмжлэгчээс хавсаргасан эмнэлгийн магадлагаа нь ямар нэгэн тамганы дардасгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эх хувь гэж ерөнхий эмчийн гарын үсэггүй атлаа эмнэлгийн тамга дарагдсан баримтыг үзүүлсэн боловч хариуцагч тал уг баримтыг эсэргүүцсэн тул хэргийн баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн гэжээ. Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан журам зөрчсөн буюу тамгагүй, ерөнхий эмчийн гарын үсэггүй байх тул нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзнэ…” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, илт хууль бус дүгнэлт болсон. Шүүх Эрүүл мэндийн сайдын хэдэн оны 143 дугаар тушаал болохыг ч шийдвэртээ зааж өгсөнгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан нотариатчийн гэрчилсэн баримтын талаар нотариатаар хуулбар үнэн гэж гэрчлэгдсэн нь яагаад хууль бус гэж үзэж буй тухайгаа ч үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Эрүүл мэндийн сайд дангаараа 143 тоот тушаал гэх тушаалыг гаргаагүй. Хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт дурдан мэтгэлцсэн тушаалын дугаар нь 1999 оны 243 тоот тушаал гэсэн тушаал ч огт байхгүй харин Эрүүл мэнд Нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаал гэсэн тушаал гарч дагаж мөрдөгдөж ирсэн байхад шүүх огт байхгүй тушаалыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хариуцагч талд илт үйлчилсэн илэрхий хууль бус шийдвэрийг шүүх гаргасан болохыг нь нотолж байгаа болно. Мөн “Ходолморийн тухай хууль”-ийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана”, гэсэн мөн 43.2 дахь хэсэгт “ажилтан ажил хүлээлгэн өгсөэ сүүлийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж тус тус заасан байна. Нэхэмжлэгч П.Бямбацогтоос “Х” ХХК-ийн ажлыг нь ч хүлээн аваагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн төлөөлөгч Л.Энхтүвшин нь “өдөр тутмын ажил надад байдаг учир би тэр ажлыг дараагийн хүнд шууд хуваарилах боломжтой..” гэснээр “Х ” ХХК-ийн Хөдөлмөрийн тухай хуулийг дур зоргоороо зөрчдөг болох нь тогтоогдож байна. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар П.Б-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэжээ. Гэтэл хуулийн энэ заалтаар нэхэмжлэгч П.Бямбацогт өвчтэй эмнэлгийн магадлагаатай байснаар хариуцагчид ямар хохирол учруулсан нь ойлгомжгүй. Дээрх байдлуудаар анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр нь хууль бус, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдож байгаа тул шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.  

      Нэхэмжлэгч П.Б хариуцагч Х ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны цалинд 1 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, үндэслэлээ П.Б нь 2 өдрийн ажил тасалж Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлажээ.

      Нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд өвчний учир эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн, энэ талаар эхнэр Г.Оюунчимэг шууд удирдлагуудад мэдэгдсэн тул ажлаас халсан нь үндэслэлгүй гэж маргасан боловч хэрэгт авагдсан баримтаар энэ нь тогтоогдоогүй байна.  

       П.Б-ын  эхнэр Г.Оюунчимэг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр түүнийг ажилдаа ирээгүй, “09 цагийн үед ажилтан н.Алтанбаганаас П.Б-ыг ажилдаа ирсэн эсэхийг асуухаар залгасан, 11 цагийн үед нөхрөө өвчтэйг мэдэж, энэ талаар Э.Нанзаддоржид мэдэгдсэн” гэж мэдүүлэн утасны дуудлага хийгдсэн жагсаалтыг шүүхэд нотлох баримтаар гаргажээ. Харин гэрч Э.Нанзаддорж нь “эхнэр нь тухайн өдөр 11 цагийн үед залгаж нөхрөө ажилдаа ирсэн эсэхийг асуусан, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр П.Б руу залгахад согтуурсан, Зайсанд байна гэсэн тул энэ талаар эхнэрт нь хэлсэн” гэж мэдүүлсэн байна.

        Нэхэмжлэгч талын бичгээр гаргасан баримт нь хэдэн цагт хэн рүү ярьсныг нотлохоос бус өвчтэй байсан гэх ярианы агуулгыг нотлохгүй, мөн гэрчийн мэдүүлэг зөрүүтэй байх тул эргэлзээтэй баримт гэж үзнэ.

    Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан эмнэлгийн магадлагаа нь тамга тэмдэггүй, ерөнхий эмчийн гарын үсэггүй байна.

      Иймд нэхэмжлэгчийн өвчний учир эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн гэх үндэслэлийг баримтаар нотлогдоогүй гэж шүүх дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Ажилтан, ажил олгогч нарын байгуулсан хөдөлмөрийн хугацаагүй /хх31-34/ гэрээгээр ажлын нэг өдөрт 8 ба түүнээс дээш цагаар ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлахаар тохиролцсоныг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 26/766 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж  ажлаас чөлөөлсөн нь /хх4,30/ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т нийцсэн байна.

  Харин нэхэмжлэгчийг улсан тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн талаар шийдвэрт заасан боловч түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181 000 төгрөгийг буцаан олгоогүй байх тул уг мөнгийг буцаан олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д нийцэх бөгөөд тогтоох хэсгийн 2 дахь заалтад дээрх агуулгаар өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/01351 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа төлсөн 181 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

                                      ШҮҮГЧИД                                    Т.ТУЯА

                                                                                           А.ОТГОНЦЭЦЭГ