Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 135/ШШ2023/01440

 

 

                                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... гудамж ... тоот хаягт байрлах “Д” ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хотхон, ... байр, ... тоотод оршин суух хаягтай Б-ын Ц /РД:.../-д холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 27,473,188 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С,

Хариуцагч Б.Ц /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч Б.Ц-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,473,188 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            “Манай компанид дэд захирлаар ажилладаг Б овогтой С нь Б овогтой Ц-тэй 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 19,500,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Б.Ц сайн дураараа биелүүлэхгүй байсан тул Б.С нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,473,188 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс 21,473,188 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 20,420,000 төгрөгийг Б.Ц-ээс гаргуулж үлдэх 1,053,188 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч ... аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан бөгөөд тус шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар магадлалаар энэхүү нэхэмжлэлийн нэхэмжлэгч нь Б.С биш “Д” ХХК байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Б.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ... тоот зээлийн гэрээгээр 2018 оны 11 дүгээр сараас 2027 оны 11 дүгээр сар хүртэл жил бүр 2,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх байсан. Гэрээний 6 дугаар зүйлд “зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон /ажилгүй болсон гэх мэт/ бол зээлдүүлэгч зээлийг хүүгийн хамт нэн даруй шаардах эрхтэй. Зээлдэгч зээлийг хүүгийн хамт үл маргах журмаар төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу бид 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Б.Ц-ийг зээлийн үндсэн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй боловч тус гэрээ дүгнэсэн актад 2018 оны 11 дүгээр сар, 2019 оны 11 дүгээр сар, 2020 оны 11 дүгээр сард тус тус 2,000,000 төгрөг буюу нийт 6,000,000 төгрөгийг төлсөн гэж тооцож акт үйлдэн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21,473,188 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Иймд зээлийн үндсэн төлбөр 19,500,000 төгрөг, хүүгийн төлбөр 7,973,187 төгрөг, нийт 27,473,188 төгрөгийг хариуцагч нь төлөх ёстой гэж үзэж байна. Иймд Б.Ц-ээс 27,473,188 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан нэхэмжлэгчид олгуулж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна. Энэ зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах ямар нэгэн маргаан болон шүүхийн шийдвэр байхгүй. Тийм учраас хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Давж заалдах шатны шүүхийн магадлал болон хяналтын шатны шүүхийн тогтоолд энэ зээлийн гэрээг дүгнэсэн байдаг. Ямар нэгэн байдлаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзээгүй. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлд жилийн 12 хувийн хүүтэй гэж заасан. Тэгэхээр сарын 1 хувийн хүүтэй гэж тооцно. Нэг ёсондоо болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Болзолд, зээлдэгч нь 19,500,000 төгрөгийг хавсралтад зааснаар төлж дууссан тохиолдолд зээлдэгч зээлийн хүүгээс чөлөөлөгдөнө. Бусад тохиолдолд зээлийн хүүгээс чөлөөлөхгүй. Хариуцагчийн тайлбарласнаар намайг тогтвортой ажиллуулахын тулд буцалтгүй тусламж хэлбэрээр мөнгө өгсөн гэж тайлбарлаж байна. Харин зээлийн гэрээнд буцалтгүй тусламж гэсэн үг өгүүлбэр байхгүй. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар гэрээг тайлбарлаж байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулсан. Буцалтгүй тусламж гэдэг чинь хүү, алданги тооцохгүй, буцааж өгөхгүй гэсэн утгатай. Харин зээлийн гэрээ гэдэг чинь хариу төлбөртэй. Зээлдэгч зээлийн төлбөрийг хэрхэн төлж барагдуулахыг зээлийн гэрээний хавсралт 1-т зааж өгсөн. Тасралтгүй ажиллах юм бол жил болгон 2,000,000 төгрөгийг хасаж тооцно гэж гэрээнд заасан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн зүйлийг шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасан. Хавтаст хэргийн 08 дугаар талд авагдсан Голомт банкны орлогын мэдүүлгээр зээлдэгч Б.Ц-т 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээлийн зүйл болох 19,500,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан байна. Зээлдэгч зээлийн үндсэн төлбөрт 13,500,000 төгрөг, хүүд 7,973,187 төгрөг, нийт 21,473,187 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төлнө гэж акт хийсэн. Хариуцагч бичиг баримт өгөхгүй байсан учраас би тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурсан гэж ярьж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан юун дээр гарын үсэг зурж байгаагаа хамгийн сайн мэдэж байгаа. Учир нь өөрөө хүмүүсээр гарын үсэг зуруулдаг ажил хийдэг. Тооцоо нийлсэн акт ямар үр дагавар үүсэхийг хариуцагч тал сайн мэдэж байгаа. Бичиг баримт өгөхгүй байснаас үүдэж гэрээ дүгнэсэн акт дээр гарын үсэг зурсан гэдэгт эргэлзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг гэрээг дүгнэсэн актаар нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон учраас 21,473,187 төгрөг гэж зөвтгөж байна” гэв.

            2.Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            “...“Д” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,473,188 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие “Д ХХК-д 2014-2021 онд ХАБ-ын инженерээр ажиллаж байсан ба надад “Д” ХХК-тай ямар нэгэн тооцоо байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв.

            Хариуцагч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

“Би 2017 онд “Д” ХХК-аас буцалтгүй тусламж авч байсан нь үнэн. Тухайн үед ганц үйлдсэн баримт нь миний бичсэн өргөдөл байдаг. Байрны урьдчилгаа мөнгө буцалтгүй тусламжаар өгөөч гэсэн утгатай. Үүнтэй холбогдуулан буцалтгүй тусламж олгоё гэж захирлууд цохолт хийсэн байдаг. Надад энэ тухай баримт байхгүй. Компанид байдаг боловч ямар нэгэн нотлох баримт гаргаж ирэхгүй байна. Өнөөдрийн тухайд би ямар нэгэн байдлаар “Д” ХХК-тай өр зээлийн маргаан байхгүй. Энэ хэрэг нь 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байтал одоо зээлийн гэрээ болон актаар дахин нэхэмжлэл үүссэнийг би ойлгохгүй байна. Би энэ мөнгийг буцалтгүй тусламж хэлбэрээр авсан. Би Солонгос улс руу явлаа гэхэд ерөнхий захирал би чамд ажилласан байдлыг чинь урамшуулаад байрны урьдчилгаа өгье. Цаашдаа хамтран ажиллая гэж өгөхөөр нь би тухайн мөнгийг авсан. Компаниас мөнгө гаргахад заавал гэрээ байж мөнгө гаргана. Тэрнээс нааш ямар нэгэн байдлаар мөнгө гаргах боломжгүй гэсэн. Тэгэхээр нь би тухайн үед зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн гэрээтэй холбоотой хавсралт болон зээлийн гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Ажлаас гарахад миний бичиг баримтыг өгөхгүй байсан учраас гарын үсэг зурсан. 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдээд энэ зээлийн гэрээ болон акт хүчингүй болчихсон. Гарын үсэг яагаад зурсан бэ, Б.С мөнгө зээлсэн үү, зээлээгүй юу гэдэг асуудлыг өмнөх шүүх хуралдаануудаар нилээн дэлгэрэнгүй ярьчихсан. Зээлийн гэрээгээр Б.С-ээс мөнгө зээлээгүй гэдэг шүүхийн шийдвэр гарчихсан. “Д” ХХК-аас мөнгө авсан нь бол үнэн. Өмнөх шүүх хуралдаанаар “Д” ХХК-аас мөнгө авсан. Харин Б.С-ээс мөнгө аваагүй л гэж маргасан. “Д” ХХК-аас орлого гэж тухайн мөнгө шилжүүлэгдсэн. Хуулийн этгээд энэ мөнгийг шилжүүлэхдээ хариуцлагатай шилжүүлэх ёстой байсан. Орлого гэж бичээд л шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн компани энэ мөнгийг нэхэмжлэх эрхтэй гэдэгтэй санал нэг байна. “Д” ХХК нь нэхэмжлэх эрхтэй ч гэсэн Б.С-тэй байгуулсан гэрээн дээр “Д” ХХК нэхэмжлэх ёстой гэдгийг би сайн ойлгохгүй байна. Компани, хуулийн этгээд ямар нэгэн зээл, тусламж өгч байгаа бол заавал хүний нөөцөөр дамжуулан өргөдлөөр өгдөг. Өргөдөлгүйгээр хэзээ ч хэн нэгэнд ямар нэгэн зээл, буцалтгүй тусламж өгдөггүй. Би буцалтгүй тусламж олгооч гэдэг өргөдөл бичээд надад тусламж олгогдсон. Мөнгө гаргахдаа зээлийн баримтаар мөнгө гаргахгүй бол болохгүй гэж зээлийн гэрээ байгуулсан. Компани надтай зээлийн гэрээ байгуулаагүй байж ямар үндэслэлээр энэ мөнгийг нэхэмжилж байгааг би ойлгохгүй байна. Зээлийн гэрээ болон гэрээ дүгнэсэн акт дээр 10 жил ажиллана гэсэн үг өгүүлбэр байхгүй. Зээлдэгч гэрээгээр жил бүр 2,000,000 төгрөг төлж барагдуулна, тооцоо нийлсэн акт үйлдэнэ гэж заасан. Тэрнээс биш 10, 20 жил ажиллана гэсэн үг өгүүлбэр байхгүй. Би энэ мөнгийг авсан нь үнэн.” гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,”Д” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17/193 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б.С-ийн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийн хуулбар, Голомт банкны орлогын мэдүүлэг, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт, ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай шийдвэрийн хуулбар, ... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн  ... дугаартай магадлалын хуулбар, ... иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаартай тогтоолын хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хх 3-19 хуудас)

4.Хариуцагчаас 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 10/118 дугаартай хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 47-49 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч Б.Ц-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,473,188 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С “...нэхэмжлэлийн шаардлага тооцооллын алдаатай байгаа тул хариуцагчаас 21,473,187 төгрөг гаргуулна гэж зөвтгөж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан.

2.Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

3.Нэхэмжлэгч нь “...Манай компанид дэд захирлаар ажилладаг Б овогтой С нь Б овогтой Цтэй 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 19,500,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Одоо зээлийн үлдэгдэл төлбөрт 13,500,000 төгрөг, хүүгийн төлбөрт 7,973,187 төгрөг, нийт 21,473,187 төгрөг гаргуулна” гэж шаардах эрхээ тодорхойлсон.

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг “...Би “Д” ХХК-д ажилладаг байсан нь үнэн. Зээлийн гэрээгээр Б.С гэдэг хүнээс мөнгө аваагүй харин “Д” ХХК-иас мөнгө авсан. Гэхдээ надад буцалтгүй тусламж гэж олгосон мөнгө. Мөнгө гаргахдаа зээлийн гэрээгээр мөнгө гаргахгүй бол болохгүй гэж зээлийн гэрээ байгуулсан. Тухайн зээлийн гэрээ дүгнэсэн акт дээр гарын үсэг зурахгүй бол бичиг баримт өгөхгүй байсан учир би гарын үсэг зурсан” гэж үгүйсгэсэн.

5.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

-Б.С нь “Д” ХХК-д дэд захирлаар ажиллаж байх үедээ “Д” ХХК-ийн өмнөөс хариуцагч Б.Цтэй зээлийн гэрээ байгуулсан байна. (хх 6,7 хуудас)

Тухайн зээлийн гэрээгээр “...зээлдүүлэгч нь зээлдэгчид 19,500,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2027 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 10 жилийн хугацаатай зээлдүүлнэ. Зээлд жилийн 12 хувийн хүү тооцно. Зээлдэгч гэрээний хавсралтад заасны дагуу жил бүр 2,000,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт зээлдүүлэгчид төлж тооцоо нийлсэн акт үйлдэнэ. Зээлдэгч нь 19,500,000 төгрөгийг хавсралтад заасны дагуу төлж дууссан тохиолдолд зээлдүүлэгч зээлийн хүүгээс чөлөөлнө. Бусад тохиолдолд зээлийн хүүгээс чөлөөлөхгүй болно. Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийн хүүг нэн даруй шаардах эрхтэй” гэж тохиролцож зээлдүүлэгч Б.С, зээлдэгч Б.Ц гэж талууд гарын үсэг зуржээ. (хх 6 хуудас)

-2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Б.С, Б.Ц нар нь 17/193 дугаартай зээлийн гэрээг дүгнэж акт үйлджээ.

Уг актад “Б.Ц нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2021.02.01-ний өдөр “Д” ХХК-ийн захиргаанд хүлээлгэж өгсөн байх тул 17/193 дугаартай гэрээг дүгнэж байна. Зээлдэгч 2021.03.03-ны өдөр зээлийн үлдэгдэл төлбөр 13,500,000 төгрөг, хүүгийн төлбөр 7,973,187 төгрөг, нийт 21,473,188 төгрөгийг зээлдүүлэгчид 2021.03.03-ны өдөр төлнө” гэж тохиролцож зээлдүүлэгч Б.С, зээлдэгч Б.Ц нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.  

-Дээрх 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17/193 дугаартай зээлийн гэрээний дагуу 19,500,000 төгрөгийг “Д” ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Б.Цт шилжүүлжээ. (хх 8 хуудас)

-Б.С-ээс хариуцагч Б.Ц-т холбогдуулан 21,473,188 төгрөг гаргуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн ба “Б.Сийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэхүү шийдвэр нь Б.Ц-т холбогдуулж дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж дурдаж” шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр байна. (хх10-19 хуудас)

6.Зохигчид зээлийн гэрээ болон зээлийн гэрээ дүгнэсэн акт байгуулсан, мөн зээлийн гэрээний дагуу 19,500,000 төгрөгийг өгсөн, авсан талаар маргаагүй.

Түүнчлэн хариуцагч Б.Ц-ээс шүүхэд гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээнүүд, ажлаас чөлөөлөх тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн англи хэл дээрх лавлагаа зэрэг баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй (хх 43-46, 50-54 хуудас) боловч хариуцагч Б.Ц нь “Д” ХХК-д хэрэглэгч хариуцсан менежер, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерээр ажиллаж байгаад 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

7.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.

8.Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч Б.Ц-тэй 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17/193 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 19,500,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул хариуцагч Б.Ц-ээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

9.Хариуцагч шүүх хуралдаанд “тухайн мөнгийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон тул төлөх үндэслэлгүй” гэж маргаж байх боловч энэ үйл баримт тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Ц нь зээлийн гэрээ болон зээлийн гэрээг дүгнэсэн акт дээр гарын үсэг зурж баталгаажуулсан нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж үзэхээр байна.

10.Иймд талуудын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17/193 дугаартай зээлийн гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ дүгнэсэн акт нь хууль болон талуудын хүсэл зоригт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл байх тул хариуцагч Б.Ц нь нэхэмжлэгчид зээлийн үлдэгдэл төлбөрт 13,500,000 төгрөг, хүүгийн төлбөрт 7,973,187 төгрөгийг төлөх үүрэгтэй, тухайн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч Б.Ц-ээс нийт 21,473,187 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,316 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 265,316 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 30,000 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д олгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Ц-ээс 21,473,187 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д олгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,316 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 265,316 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 30,000 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.НОМИН