Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 209/МА2024/00005

 

“Дашваанжил” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  11 дүгээр сарын 10-ны өдрийн 135/ШШ2023/01440 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Цэрэнпүрэвт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 21,473,188 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч Б.Цэрэнпүрэв, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, хариуцагч Б.Цэрэнпүрэв /цахимаар/ хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Манай компанид дэд захирлаар ажилладаг Б.Сарангэрэл нь Б.Цэрэнпүрэвтэй 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 19,500,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Б.Цэрэнпүрэв сайн дураараа биелүүлэхгүй байсан тул Б.Сарангэрэл нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,473,188 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс 21,473,188 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 20,420,000 төгрөгийг Б.Цэрэнпүрэвээс гаргуулж үлдэх 1,053,188 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан бөгөөд тус шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 209/МА2023/00009 дугаар магадлалаар энэхүү нэхэмжлэлийн нэхэмжлэгч нь Б.Сарангэрэл биш “Дашваанжил” ХХК байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Сарангэрэлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Б.Цэрэнпүрэв нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17/193 тоот зээлийн гэрээгээр 2018 оны 11 дүгээр сараас 2027 оны 11 дүгээр сар хүртэл жил бүр 2,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх байсан. Гэрээний 6 дугаар зүйлд зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон /ажилгүй болсон гэх мэт/ бол зээлдүүлэгч зээлийг хүүгийн хамт нэн даруй шаардах эрхтэй. Зээлдэгч зээлийг хүүгийн хамт үл маргах журмаар төлөх үүрэгтэй гэж заасны дагуу бид 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Б.Цэрэнпүрэвийг зээлийн үндсэн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй боловч тус гэрээ дүгнэсэн актад 2018 оны 11 дүгээр сар, 2019 оны 11 дүгээр сар, 2020 оны 11 дүгээр сард тус тус 2,000,000 төгрөг буюу нийт 6,000,000 төгрөгийг төлсөн гэж тооцож акт үйлдэн 2021 оны 03 сарын 03-ны өдөр 21,473,188 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Иймд зээлийн үндсэн төлбөр 19,500,000 төгрөг, хүүгийн төлбөр 7,973,187 төгрөг, нийт 27,473,188 төгрөгийг хариуцагч нь төлөх ёстой гэж үзэж байна. Иймд Б.Цэрэнпүрэвээс 27,473,188 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан нэхэмжлэгчид олгуулж шийдвэрлэж өгнө үү.

Бичиг баримт өгөхгүй байснаас үүдэж гэрээ дүгнэсэн актан дээр гарын үсэг зурсан гэдэгт эргэлзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг гэрээ дүгнэсэн актаар тодорхойлсон учраас 21,473,187 төгрөг гэж зөвтгөж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

..."Дашваанжил" ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,473,188 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь миний бие "Дашваанжил" ХХК-д 2014-2021 онд ХАБ-ын инженерээр ажиллаж байсан ба надад "Дашваанжил" ХХК-тай ямар нэгэн тооцоо байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Цэрэнпүрэвээс 21,473,187 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,316 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 265,316 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 30,000 төгрөгийг Төрийн сангийн орлогоос тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Б.Цэрэнпүрэв, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд нар давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тал бүрээс нь, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй, тус маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэх ёстой хуулийн нарийвчилсан зохицуулалтуудыг хэрэглээгүйн улмаас тус шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

4.1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт дараах үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийсэн байна.

"...Б.Сарангэрэлээс хариуцагч Б.Цэрэнпүрэвт холбогдуулан 21,473,188 төгрөг гаргуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн ба “Б.Сарангэрэлийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэхүү шийдвэр нь Б.Цэрэнпүрэвт холбогдуулж дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж дурдаж” шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр байна” (хх-19 тал)  хэмээн хэрэгт нотлох баримтаар авагдсан Б.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй Б.Цэрэнпүрэвт холбогдох хэргийг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэт өнгөц дүгнэжээ. Тус хэргийг шийдвэрлэсэн давж заалдах шатны магадлалаар Б.Сарангэрэл нэхэмжлэх эрхтэй этгээд биш болохыг, бодит эрх зүйн харилцаа “Дашваанжил” ХХК Б.Цэрэнпүрэв нарын хооронд үүссэн болохыг, хариуцагч Б.Цэрэнпүрэвийн татгалзал, тайлбар үндэслэлтэй болохыг, Б.Цэрэнпүрэвт холбогдуулж шаардах эрхтэй этгээд дахин нэхэмжлэл гаргахад тус шийдвэр саад болохгүй талаар эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх тус магадлалыг нотлох баримтаар хэрэгт авч, улмаар үнэлэхдээ хэт хийсвэр дүгнэлт хийж нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК болон хариуцагч Б.Цэрэнпүрэв нарын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн тал дээр үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй төөрөгдсөн байна. Өөрөөр хэлбэл өмнөх нэхэмжлэгч Б.Сарангэрэлийг одоогийн нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-аар сольсноор талуудын хооронд үүссэн харилцаа нь тэр чигтээ зээлийн гэрээний харилцаа байсан мэтээр дүгнэсэн нь хэт өрөөсгөл болжээ. Учир нь хариуцагчийн татгалзалд “Дашваанжил” ХХК нь ажилтан Б.Цэрэнпүрэвт буцалтгүй тусламж хэлбэрээр 19,500,000 төгрөгийг өгсөн, ингэж өгөхдөө зээлийн гэрээ гэх гэрээг дүр үзүүлж хийсэн талаар удаа дараа дурддаг боловч шүүх энэ тал дээр ямар ч үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, яагаад үнэлээгүй талаараа ч үндэслэл бүхий тайлбар хийгээгүй байна.

“... 3охигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Нэг удаагийн шинжтэй эсвэл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцож хүү тогтоож болно” гэж, 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан." гэсэн хуулийн тайлбар хийгээд тус тайлбартаа үндэслэн “...Нэхэмжпэгч “Дашваанжил” ХХК нь хариуцагч Б.Цэрэнпүрэвтэй 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17/93 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 19,500,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул хариуцагч Б.Цэрэнпүрэвээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.” гэсэн ямар ч үндэслэлгүй хийсвэр дүгнэлтийг хийсэн байна. Зээлийн гэрээний эрх зүйн харилцааны талаарх зохицуулалтыг Иргэний хуулийн 281-286 дугаар зүйлд маш тодорхой зохицуулж өгсөн байдаг. Энэ талаар ч холбогдох зохицуулалтыг анхан шатны шүүх тайлбарлан хэрэглэсэн байна. Гэхдээ Б.Сарангэрэл болон Б.Цэрэнпүрэв нарын хооронд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт заасанчлан дүр үзүүлэн, халхавчлах зорилготой хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох зээлийн гэрээг нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-тай зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд орсон мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй болжээ. Учир нь нэхэмжпэгч “Дашваанжил” ХХК болон харицагч Б.Цэрэнпүрэв нарын хооронд огт шүүхийн дээр дүгнэсэнчлэн Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй. Харин Б.Сарангэрэлтэй байгуулсан гэх зээлийн гэрээгээр дүр үзүүлэн, халхавчлагдсан ажил олгогч “Дашваанжил” ХХК болон ажилтан Б.Цэрэнпүрэв нарын хөдөлмөрлөх харилцаатай холбоотой тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажилласны урамшуулал, буцалтгүй тусламж гэх хөдөлмөрлөх эрхийн харилцаанаас улбаалан үүссэн ажил олгогч, ажилтны хоорондох тохиролцоотой холбоотой эрх зүйн харилцаа үүссэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн татгалзалд дурьдагдаж буй энэ үйл баримт, нотлох баримтан дээр огт дүгнэлт хийгээгүй, яагаад дүгнэлт хийгээгүй тухайгаа тайлбарлан дурьдаагүй нь үндэслэлгүй байна.

Үүний зэрэгцээ талуудын хооронд анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзээд тус гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзэхэд хүүг хэрхэн ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй, анхан шатны шүүх хүү шаардах эрхтэй холбоотой хуулийн зохих зохицуулалтыг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Тус асуудлыг зохицуулсан Иргэний хулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана." хэмээн хуульчилсан байдаг. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК болон хариуцагч Б.Цэрэнпүрэв нарын хооронд хүү тооцохоор тохиролцож бичгээр байгуулагдсан зээлийн гэрээ авагдаагүй, тийм гэрээ бодит байдал дээр огт талуудын хооронд байгуулагдаагүй байхад анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглээгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

4.2. Анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар тус хэргийг шийдвэрлэхэд нэн шаардлагатай дараах нотлох баримтыг тус хэрэгт нотлох баримтаар авах шаардпагатай байсан боловч хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр гарах нөхцөл болсон тухай:

Нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-иас 19,500,000 төгрөгийг буцалтгүй тусламж хэлбэрээр 1 удаа хариуцагч Б.Цэрэнпүрэв авсан 1 л үйл явдал буюу үйл баримт болсон байдаг. Гэтэл Б.Сарангэрэлтэй байгуулсан гэх зээлийн гэрээн дээрээ тулгуурлан Б.Сарангэрэл шүүхэд нэхэмжлэл гаргаж өмнө нь 3 шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Тус иргэний хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд болсон бодит үйл баримтыг тогтоох зорилгоор гэрчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримт, шат шатны шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авхагдсан. Хэдийгээр нэхэмжлэгч нь өөрчлөгдсөн хэдий ч Б.Цэрэнпүрэвийн авсан гэх 19,500,000 төгрөгтэй холбоотой 1 л үйл баримт нэхэмжпэх эрхтэй эсэх асуудлаас шалтгаалж 2 дахь удаагаа шүүхэд хандсан байна. Тэгэхлээр 2 дахь удаагийн нэхэмжпэл буюу “Дашваанжил” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл шүүх шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэх заалтыг үндэслэн өмнөх шүүхийн шийдвэртэй хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх бүхэлд нь шинжлэн судалсаны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх учиртай байсан. Хэдийгээр энэ талаар талуудаас тухайлсан хүсэлт гаргаагүй хэдий ч анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгээр өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд зайлшгүй өмнөх хэргийн материалыг нотлох баримтаар татан авсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байсан.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч Б.Цэрэнпүрэв, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд нарын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн байх боловч Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.   

8. Нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК нь хариуцагч Б.Цэрэнпүрэвт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,473,188 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Б.Цэрэнпүрэвийн Голомт банкны 4309191883 тоот дансанд “Дашваанжил” ХХК-аас шилжүүлсэн 19,500,000 төгрөгийг хариуцагч Б.Цэрэнпүрэв нь “тус компанид тогтвор суурьшилтай ажилласан, цаашид ажиллуулахын тулд өгсөн буцалтгүй тусламж” гэж, нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө” гэж,

мөн хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан №17/193 тоот зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 17/193 тоот гэрээ дүгнэсэн актыг бичиг баримтаа авахын тулд гарын үсэг зурсан баримт гэж тус тус маргаж байна. / хэргийн 6-9/

Харин хариуцагч Б.Цэрэнпүрэв нь 2014 оны 4 дүгээр сараас эхлэн 2021 оны 2 дугаар сарыг дуустал “Дашваанжил” ХХК-нд хөдөлмөрийн гэрээний дагуу инженерээр ажиллаж байсан талаар талууд маргаагүй. /хэргийн 43-45/

9.  Талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан №17/193 тоот зээлийн гэрээ, гэрээний хавсралтаас үзэхэд нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК нь өөрийн өмчлөлийн хөрөнгө болох 19,500,000 төгрөгийг хариуцагч Б.Цэрэнпүрэвт жилийн 12 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай зээлдүүлэх, зээлийг гэрээний хавсралтад заасан хугацаанд эргэн төлбөл хариу төлбөр буюу хүү тооцохгүй, ажилласан жил тутамд 2,000,000 төгрөг хасагдана гэж тохиролцсон ба талуудын энэхүү тохиролцоо нь нэхэмжлэгчийн хувьд эдийн засгийн талаасаа үр ашиггүй байхаас гадна жил 2,000,000 төгрөг төлнө гэсэн нь бодит мөнгөөр төлөгдөх бус харин хариуцагч Б.Цэрэнпүрэвийн “Дашваанжил” ХХК-нд тогтвор суурьшилтай ажиллах тохиолдолд жил бүр ийм хэмжээний мөнгө хасагдана гэсэн агуулгатай байна.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.Цэрэнпүрэвийг зээлийн гэрээний дагуу 19,500,000 төгрөгийг авсан гэж мэтгэлцэж байгаа боловч зохигчийн хооронд зээлийн гэрээ бодит хүсэл зоригийн илэрхийллээр байгуулагдсан, хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж зээлийн мөнгөн хөрөнгийн зарим хэсгийг бодит мөнгөн дүнгээр нэхэмжлэгчид буцаан төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхад талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

11. Хэрэгт авагдсан гэрээ дүгнэсэн актаар 19,500,000 төгрөгийг авснаас хойш ажилласан хугацаанд нь ногдох 6,000,000 төгрөгийг хасаж тооцсон болох нь  зохигчийн тайлбараар нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “10 жилийн хугацаатай тогтвор суурьшилтай ажиллана гэж тохиролцож 19,500,000 төгрөгийг авсан” гэх тайлбарыг хариуцагч няцааж чадахгүй байх тул маргааны зүйл болж буй 19,500,000 төгрөг нь зээлийн гэрээний дагуу олгогдсон мөнгө биш харин хариуцагч Б.Цэрэнпүрэвийг “Дашваанжил” ХХК-нд тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд онцгой нөхцөлийг амаар тохирч 19,500,000 төгрөг олгосон гэж үзэхээр байна.

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа боловч хариуцагч Б.Цэрэнпүрэв нь “Дашваанжил” ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан талаар талууд маргаагүй, маргааны зүйл болж буй 19,500,000 төгрөг нь хариуцагч Б.Цэрэнпүрэвийг “Дашваанжил” ХХК-нд тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд өгсөн урамшуулал гэдгийг хариуцагч нотлох баримтаар няцааж чадаагүй ба ажил олгогч нь ажилтныг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллуулахын тулд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлөөс гадна урамшуулал, хангамж, хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр харилцан тохиролцож болох бөгөөд гэрээний уг нөхцөлийг бичгээр байгуулаагүй байгаа нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. / хэргийн 50-54/

12. Нэгэнт ажил олгогч нь хариуцагч Б.Цэрэнпүрэвийг өөрийн компанид тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд 19,500,000 төгрөг олгож, ажилласан жил тутамд нь 2,000,000 төгрөг хассан болох нь нотлогдож байгаа бөгөөд жилд ногдох 2,000,000 төгрөгийг хуанлийн жилийн 365 хоногт хуваахад өдөрт 5479.4 төгрөг оногдож байна.

Хариуцагч Б.Цэрэнпүрэв нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ажлаас чөлөөлөгдөж, гэрээ дүгнэсэн өдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 жил 135 хоног ажилласан байх тул түүний ажилласан хугацаанд оногдох 6,739,726 төгрөгийг хасаж, үлдэх 12,760,274 төгрөгийг хариуцагч Б.Цэрэнпүрэвээс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Б.Цэрэнпүрэвийг өөрийн компанид удаан хугацаанд, тогтвортой ажиллуулахын тулд урамшуулал болгож 19,500,000 төгрөгийг олгосон тул хүү тооцож нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэлээ.

13. Маргааны зүйл болж буй 19,500,000 төгрөг нь ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрлөх эрхтэй холбоотой үүссэн харилцаанаас үүдэлтэй байхад  анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн харилцааг зээлийн гэрээний улмаас үүссэн харилцаа гэж дүгнэн Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

14. Хэрэгт Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1686 тоот шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 9 тоот магадлал, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 54 тоот тогтоол тус тус авагдсан байх тул хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн “...өмнөх шүүхийн шийдвэртэй хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх бүхэлд нь шинжлэн судалсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх учиртай байсан.

...шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү” гэх гомдол үндэслэлгүй байна. / хэргийн 10-19/

            15.Давж заалдсан гомдолд дурдсанаас өөр үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байгаа тул хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 265,300 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  11 дүгээр сарын 10-ны өдрийн 135/ШШ2023/01440 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын

            “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Цэрэнпүрэвээс 21,473,187 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дашваанжил ХХК-д олгосугай.” гэснийг,

            “Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн/ 21 дүгээр зүйлийн 21.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Цэрэнпүрэвээс 12,760,274 /арван хоёр сая долоон зуун жаран мянга хоёр зуун далан дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,712,913 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

            Тогтоох хэсгийн 2 дахь заалтын

            “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,316 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 265,316 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 30,000 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-д олгосугай.” гэснийг,

            “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,316 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 219,114 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 30,000 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.        

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,300 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л.АМАРСАНАА

 

                                        ШҮҮГЧИД                                   Г.МЯГМАРСҮРЭН

 

                                                                                               Я.ТУУЛ