Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2017/00806

 

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2017/00806

Улаанбаатар хот

 

 

ͪ

 

Чингэлтэй д И Н.Баярмаа ,

 

: Ч.Д-ийн нэхэмжлэлтэй,

 

:  Төрийн банк ХХК-нд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай хянан .

 

ؿ : Нч С.Буянхишиг, хариуцагчийн төлөөлөгч Н.Батгэрэл, ш рга С.Тэмүүлэн нар .

 

:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* миний бие 2000 онд Монгол Улсын их сургуулийг программ хангамжийн инженер мэргэжлээр төгсөж, 2010 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2002-2005 онд Хөдөлмөр эрхлэлтийн газар мэргэжилтэн, 2010-2012 онд Монгол бизнес дээд сургуульд багш, 2013 онд Хадгаламж банкинд санхүүгийн эрсдэлийн шинжээчийн ажил, албан тушаалыг тус тус эрхэлж байсан. Төрийн банкинд 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хүагцаанд санхүүгийн эрсдэлийн шинжээч, зах зээлийн эрсдэл хариуцсан мэргэжилтэн, үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтнээр тус тус ажилласан.

Миний бие Төрийн банкинд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журам, Төрийн банктай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан. Хариуцаж байсан ажил, албан тушаалаа мэдлэг, ур чадварын хувьд өндөр түвшинд хийж гүйцэтгэж байсан учраас сүүлийн 12 улирлын турш ажлын гуйцэтгэлээ 96 хувиар үнэлүүлж, үндсэн цалингийн 94-100 хувиар шагнуулсан. Мөн 2014 онд Төрийн банкны Алтан соёмбо-оор шагнуулж байсан.

Төрийн банкны гүйцэтгэх удирдлага солигдсонтой холбогдуулан орон тоог цөөрүүлж, зардал бууруулах-ын тулд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд ажилтнуудаас Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авсан. Гэвч шалгалт авах тухай ******* надад урьдчилан мэдэгдээгүй, шалгалт хамрах хүрээ, үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлтийг танилцуулаагүй, зохих бэлтгэлийг хангуулах нөхцөл боломжоор хангаагүй болно.

Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт-ын зорилго нь ажилтан мэргэжил, ур -здварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоох байтал хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд огт хамааралгүй асуудлаар шалгалт авсан. Ажилтан ******* надаас авсан шалгалт нь Төрийн банкны Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын Үйл ажиллагааны эрсдэлийн хэлтсийн Үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтэний Хөдөлмөрийн дотоод журам, Төрийн банктай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн эрх, үүрэгт холбогдолгүй, гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд огт хамааралгүй байсан. Тийм учраас энэхүү шалгалтыг Төрийн банкны Эрсдэлийн удирдага, бодлого зохицуулалтын газрын Үйл ажиллагааны эрсдэлийн хэлтсийн Үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтэний мэдлэг, ур чадварын түвшинг тогтоосон шалгалт гэж үзэхгүй байна.

Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт-ын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан чраас шалгалтын материал, үнэлгээтэй танилцах хүсэлтийг Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс-т

Удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүи. "Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт-ын үнэлгээ болон Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс-ын дүгнэлтийг надад "танилцуулаагүй атлаа Зах зээл, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал Д.Ганчимэг, Үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтэн Д.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Эрсдэлийн удирдага, бодлого зохицуулалтын газрын Үйл ажиллагааны эрсдэлийн хэлтсийн Үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтэн ******* миний ажлыг хүлээж авсан. Ажлын хэсэг ажилтан ******* миний ажлыг ямар нэгэн ажлаас халсан, чөлөөлсөн тушаал, шийдвэргүйгээр хүлээж авсан бөгөөд ажил хүлээж авснаас хойш ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй.

Гэтэл Төрийн банкны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1753 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн Төрийн банкны ажилтны Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс-ын дүгнэлтээр Мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт-ын хамрах хүрээ тодорхойгүй, үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлт байхгүй, ажилтан миний хийж гүйцэтгэсэн, одоо хийж гүйцэтгэж байгаа болон цаашид хийж гүйцэтгэх үйл ажиллагааг огт шалгаагүй, Үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтэн ******* миний мэргэжил, ур чадварын түвшинг тогтоогоогүй атлаа Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс-ын дүгнэлтээр Мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд ажилтан ******* миний бие зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах; нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Төрийн банк ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд иргэн *******ын гаргасан нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Төрийн банк ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам болон 2 дугаар хавсралтаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүнийг тус тус баталсан.

Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаа явуулах хугацаа, холбогдох мэдээлэл болон журмыг нийт ажиллагаанд хамрагдах ажилтнуудад урьдчилан хүргүүлж, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг зохион байгуулж ажилласан.

Ажиллагааны дүнг ажилтнуудад танилцуулсан. Дүнтэй холбоотой ажилтнуудаас гаргасан өргөдлийг журамд заасан хугацаанд хүлээн авч, өргөдлийн дагуу хариуг хүргүүлсэн.

Улмаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаатай холбоотой ажиллагааны нэгдсэн дүнг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний нөөцийн хорооны хуралд танилцуулж, ажиллагаагаар хангалтгүй үнэлэгдсэн ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан үндэслэлээр мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5- д заасны дагуу мэдэгдэл хүргүүлэхийг Хүний нөөцийн хорооны хурлаас шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу Үйл ажиллагааны эрсдэлийн хэлтсийн үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтний ажлын байранд ажиллаж байсан *******т мэдэгдлийг танилцуулж гардуулсан.

Улмаар хуульд заасны дагуу мэдэгдэлд заасан хугацаа дуусгавар болсноор Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1753 тоот тушаалаар Үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан *******той байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.

Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсантай холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1- д заасны дагуу ажилтан *******т 1 сарын үндсэн цалинтай нь тэнцэх тэтгэмжийг олгосон.

Банк мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг мөрдлөг болгож, хэрэгжүүлж ажилласан болно. Иймд Ч.Давадоолгорын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч Төрийн банк ХХК-нд холбогдуулан Төрийн банкны Үйл ажиллагааны эрсдлийн хэлтэст үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах гомдлын шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1753 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэсэн бөгөөд ажилтны мэргэжил, ур чадварыг тогтоох шалгалтыг бүхэлдээ хууль зөрчиж явуулсан гэж үзэж байна. Тухайлбал, шалгалтад бэлтгэх боломж олгоогүй, шалгалтыг гэнэт зохион байгуулж авсан, шалгалтын асуулга, сорилт, даалгавар нь ажлын байрны чиг үүрэгтэй хамааралгүй байсан, шалгалтын комиссын бүрэлдэхүүнд захирлын тушаалд нэр дурдагдаагүй хүмүүсийг оруулсан, харьяалах удирдлага үнэлгээ өгөхдөө ажлын байрны тодорхойлолтод заагаагүй асуудлаар үнэлгээ өгсөн, захирлын үнэлгээний загвар хуудсыг 11 дүгээр сарын 05-ны өдөр комиссын шийдвэрээр баталсан атлаа 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд удирдлагын зүгээс аль хэдий нь үнэлгээгээ өгчихсөн байсан, түүнчлэн уг үнэлгээг өгсөн удирдлагууд зах зээлийн үйл ажиллагааны эрсдлийн хэлтсийн захирал, албан тушаалтнууд байх бөгөөд ******* нь зах зээлийн үйл ажиллагааны эрсдлийн хэлтэст биш, үйл ажиллагааны эрсдлийн хэлтэст харьяалагддаг, мөн ажлаас чөлөөлөх тушаалыг 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан атлаа 11 дүгээр сарын 18-ны өдөр ажил хүлээлцсэн зэрэг зөрчлүүд гаргасан бөгөөд энэ нь шалгалтыг шударга бус зохион байгуулсан, тушаалыг хууль бус гэж тооцох үндэслэл болно гэж маргаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ажилтнуудын мэргэжил, ур чадварын байдлыг тогтоох шалгалтын ажиллагаа бүхэлдээ холбогдох хууль болон түүнд нийцсэн журмын дагуу явагдсан. Нэхэмжлэгчийн дурдаж буй дээрх үйл баримтууд үндэслэлгүй бөгөөд нэг бүрчлэн шалгавал журмыг зөрчөөгүй нь тогтоогдоно гэж маргаж байна.

 

Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1753 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг нэхэмжлэгч хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буюу хуульд заасан хугацаанд Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасантай нийцэж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон тодорхой үйл баримт, хууль зүйн үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс тус банкны Эрсдлийн удирдлага, бодлого, зохицуулалтын газрын үйл ажиллагааны эрсдлийн хэлтэст үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байжээ. /хх-ийн 4-8 дугаар тал/

 

Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалаар Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасны дагуу Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам-ыг баталжээ. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн зүгээс ажилтнуудынхаа мэргэжил, ур чадварын түвшинг шалган тогтоох ажлыг эхлүүлэх эрх зүйн үндэс нь уг тушаал болсон байна. Уг арга хэмжээний хүрээнд шалгалтын ажлыг мэргэжлийн болон зохион байгуулалтын удирдлагаар хангах чиг үүрэг бүхий үндсэн хоёр багийг томилсноос шалгалтын комисс нь шалгалтыг зохион байгуулах, үнэлгээ өгөх, нэгтгэх, үнэлгээнд суурилан дүгнэлт гаргах чиг үүрэг хүлээсэн бол хөндлөнгийн шинжээчдийн баг нь шалгалтын асуулга, даалгаврыг боловсруулж, нууцлалыг ханган шалгалтын комисст шилжүүлэх үүрэгтэй байна.

 

Төрийн банкны гүйцэтгэх захирлын А/352 тоот тушаалаар баталсан Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам /цаашид түвшин тогтоох журам гэх/-ын 1.2-т заасны дагуу түвшин тогтоох ажиллагааг үндсэндээ харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ; мэдлэг, ур чадварын үнэлгээ; оролцоо чанарын үнэлгээ гэсэн 3 төрлийн шалгалтаар авахаар заасан байна. /хх-ийн 43 дугаар тал/

 

Нэхэмжлэгч ******* нь шалгалтыг гэнэт зохион байгуулсан, бэлтгэх цаг боломж олгоогүй гэж маргаж байна. Түвшин тогтоох журмын 3.2.6-д комисс нь түвшин тогтоох ажиллагааны товыг 2-оос доошгүй хоногийн өмнө ажилтнуудад урьдчилан мэдэгдэхээр заасан байх ба Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/358 тоот тушаалаар шалгалтад хамрагдах ажилтнуудын нэрсийн жагсаалтыг баталжээ /хх-ийн 50 дугаар тал/. Түүнчлэн ажилтнуудад шалгалтын талаар танилцуулж, журамт заасан үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргах боломжтойг тайлбарласан баримт хавтаст хэргийн 103 дугаар талд авагдсан байна. Үүний зэрэгцээ 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр товлогдсон шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хойшлуулах тухай Шалгалтын комиссын 04 тоот шийдвэр 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гарсан байна. Иймд шалгалтын талаар гэнэт мэдэгдэж бэлтгэх боломж олгоогүй гэх ажилтны тайлбар үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ. Нөгөөтэйгүүр, ажилтны мэргэжил, ур чадварын түвшинг ажилтны ажлын байранд гүйцэтгэх үндсэн чиг үүргийн дагуу мэдвэл зохих хууль тогтоомж, журмын хүрээнд тогтоох тул шалгалтын арга хэмжээг дээрх хугацаанд зохион байгуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шалгалтын асуулгыг агуулга болон харьяалах хэлтэс, газрын захирлын үнэлгээ өгөх шалгуур ажлын байрны чиг үүрэгтэй хамааралгүй байсан гэж маргаж байна. Нэхэмжлэгчид танилцуулсан, үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтний ажлын ажлын байрны тодорхойлолтод ажилтны үндсэн үүргийг тодорхойлсны зэрэгцээ уг үүргийг хэрэгжүүлэхийн тулд мэдвэл зохих эрх зүйн актуудыг жагсаасны дотор Банкны тухай хууль, бусад дүрэм журам, Хөдөлмөрийн тухай хууль, дүрэм журам, Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журам зэргийг нэрлэсэн байна. /хх-ийн 88 дугаар хуудсын арын нүүр/

Иймд шалгалтын асуулга, сорилго, даалгавар агуулгын хувьд эдгээр хууль тогтоомжийн хүрээнд боловсруулагдах боломжтой гэж ойлгохоор байна. Нэхэмжлэгч шалгалтын асуулга, үнэлгээ өгөх шалгуур нь түүний эзэмшвэл зохих мэргэжил, ур чадварт хамааралгүй гэж маргаж байх хэдий ч уг үндэслэлээ хангалттай баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн энэ талаар гаргасан шалгалтын асуулга холбогдох хууль тогтоомжийн хүрээнд боловсруулагдсан гэх татгалзлыг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын нэгдүгээр хэсэг болох харьяалах хэлтсийн захирлын үнэлгээг шалгалтын комисст ороогүй албан тушаалтан өгсний зэрэгцээ үнэлгээ өгсөн зах зээл, үйл ажиллагааны эрсдлийн удирдлагын хэлтсийн захирал Д.Ганчимэг нь нэхэмжлэгчийн шууд харьяалах хэлтсийн захирал биш, хэлтсийн нэршил зөрж байна гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч гаргаж байна. Түвшин тогтоох журмын 1.2.1-д харьяалах газар, хэлтсийн захирал ажилтанд үнэлгээ өгөхөөр заасан байх ба уг захирлууд нь шалгалтыг зохион байгуулах комиссын гишүүн байхыг уг журмаар шаардаагүй байна. Өөрөөр хэлбэл ажилтны харьяалах шууд удирдлага нь ажилтныг үнэлэхээр журамд заасан байх тул шалгалтын комиссын гишүүн биш хэлтсийн удирдлага ажилтны талаар үнэлгээ өгснийг буруутгахааргүй байна. Мөн Төрийн банкны зах зээл, үйл ажиллагааны хэлтэс нэхэмжлэгч *******ыг хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолттой танилцаж байх үед буюу 2016 оны 03 дугаар сард үйл ажиллагааны эрсдлийн удирдлагын хэлтэс хэмээх нэршилтэй байсан талаар зохигчид маргахгүй байна. Иймд зах зээл, үйл ажиллагааны хэлтсийн захирал Д.Ганчимэг нэхэмжлэгчийн шууд удирдлагын хувиар үнэлгээ өгснийг шалгалт зохион байгуулах журмыг зөрчсөн шударга бус үйлдэл болсон гэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч, харьяалах шууд удирдлагын үнэлгээ өгөх хуудсын загварыг 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шалгалтын комиссын 02/2 тоот шийдвэрээр баталсан байхад ийнхүү батлагдахаас өмнө буюу 11 дүгээр сарын 01-ний өдөр захирдлууд үнэлгээгээ аль хэдийн гаргачихсан байгаа нь шалгалт журмын дагуу шударга явагдаагүй болохыг нотолж байна гэжээ. Хариуцагч, үнэлгээний загвар хуудсыг баталсан хувилбар дээр ч мөн нэгэн адил 11.01 гэсэн огноо нь байгаа, энэ техникийн алдааны шинжтэй зүйл бөгөөд захирлууд шалгуур тогтоосон загварыг батлах тухай комиссын шийдвэр гарахаас өмнө үнэлгээгээ өгсөн зүйл байхгүй гэж хариу маргаж байна.

 

Хавтаст хэргийн 133 дугаар талд Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/2 тоот шийдвэр авагдсан байна. Тус шийдвэрийн хавсралтаар ажилтнуудад үнэлгээ өгөх хуудсын загварыг баталжээ /хх-ийн 134, 135 дугаар тал/. Тус батлагдсан загварт ч мөн нэгэн адил хүснэгтийн зүүн дээд буланд 2016.11.01 гэх бичвэр байх тул нэхэмжлэгч *******т өгсөн үнэлгээний хуудас /хх-ийн 94, 95 дугаар тал/-ны зүүн дээд талд буй 2016.11.01 гэсэн бичвэрийг үнэлгээ өгсөн огноог илэрхийлсэн утгатай гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл загвар хуудсыг ашиглах явцад эх загварт бичигдсэн дээрх бичвэр хэвээр үлдсэн гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч ажилтан сүүлийн 2 жилийн хугацаанд 94-өөс дээш хувиар үнэлэгдэж, ажил үүргээ гүйцэтгэж ирсэн байтал харьяалах захирлууд 22.8 хувиар үнэлсэн нь бодитой биш болсон гэж маргаж байна. Хариуцагчийн төлөөлөгч нар нэхэмжлэгч ******* нь сүүлийн жилүүдэд 95-аас дээш хувиар ажлын үр дүнгээ үнэлүүлж байсныг хүлээн зөвшөөрч байх хэдий ч энэ нь түвшин тогтоох шалгалтын нэг хэсэг болох захирлуудын үнэлгээг бодитой бус гэж шууд үзэх үндэслэл болохгүй гэж тайлбарлаж байна. Хавтаст хэргийн 92 дугаар талд авагдсан баримтаас үзвэл оролцогчид 3 төрлийн шалгалтын хүрээнд нийт 100 хувиар үнэлэгдэхээс захирлуудын оноо 30 хувь, шалгалт 30 хувь, ярилцлага 40 хувь байхаар хуваарилагдсан байна. Нэхэмжлэгч *******т захирлууд нийт 90 оноо өгөхөөс 68 оноо өгчээ. Өөрөөр хэлбэл, захирлуудын өгөх нийт 30 хувийн үнэлгээнээс 22.8 хувийн үнэлгээ авсан /(30%*68):90=22.8%/ байх бөгөөд нийт 30 хувийг 100 хувь гэж үзвэл 22.8 хувь нь 76 хувь /(22.8%*100%):30%=76%/ гэж тооцогдож өмнөх хоёр жилийн дундаж үзүүлэлтээс 20 орчим хувиар буурч үнэлэгджээ гэж үзэхээр байна. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч сүүлийн 2 жилд дунджаар 95-аас доошгүй хувиар үнэлэгддэг байсан явдал нь мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалтын хүрээнд захирлуудын өгөх үнэлгээ түүнээс багагүй хувиар гарах зайлшгүй үндэслэл болно гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй байна.

 

Нэхэмжлэгч, ажлаас халагдсан тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан атлаа ажлыг 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлцсэн нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэж маргаж, харин хариуцагч банкны ажлын онцлогоос шалтгаалан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу ажлаас халахаар шийдвэрлэсэн бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдэл өгөх үедээ ажлаа хүлээлцэх арга хэмжээ авах шаардлагатай болдог. Учир нь итгэлцлийн шинжтэй, харилцагчийн нууцтай холбоотой ажил үйлчилгээ явуулдаг банкны хувьд халагдах тухайгаа мэдсэн ажилтнууд хариуцлагагүй хандах эрсдэл байдаг учир энэ байдлаас сэргийлж мэдэгдэл өгөх үедээ ажлаа хүлээлцдэг. Ингэхдээ цалин хөлсийг ажлаас чөлөөлөгдөх тушаал гарах өдөр хүртэл тооцож өгдөг гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаагаар цалин тооцуулан авсан үйл баримтын талаар маргахгүй байх бөгөөд арилжааны банкны үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтнээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдэл өгөх өдөр ажлыг хүлээлцсэн нөхцөл байдлыг хууль бус гэж үзэж, буруутгах боломжгүй байна. Учир нь тухайн өдрөөр ажлаа хүлээлцсэнээр ажилтныг ажлаас халагдсан гэж үзээгүй, цалин хөлсийг тушаал гарах өдөр хүртэлх хугацаанд олгосон байх тул ажилтны эрхийг зөрчөөгүй гэж дүгнэлээ.

 

Эдгээр үйл баримт, хууль зүйн үндэслэлээр Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаал нь хуульд нийцсэн байх тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч *******ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ, Н.БАЯРМАА