Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2017/01439

 

 

 

 

2017 06 23

1439

 

 

Ч.Даваадолгорын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00806 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Даваадолгорын нэхэмжлэлтэй хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Даваадолгорын нэхэмжлэлийн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Би Төрийн банкинд 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд санхүүгийн эрсдлийн шинжээч, зах зээлийн эрсдэл хариуцсан мэргэжилтэн, үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж байсан. Хариуцаж байсан ажил, албан тушаалаа мэдлэг, ур чадварын хувьд өндөр түвшинд хийж гүйцэтгэж байсан учраас сүүлийн 12 улирлын турш ажлын гүйцэтгэлээ 96 хувиар үнэлүүлж, үндсэн цалингийн 94-100 хувиар, 2014 онд Төрийн банкны Алтан соёмбо-оор шагнуулж байсан.

Төрийн банкны гүйцэтгэх удирдлага солигдсонтой холбогдуулан орон тоог цөөрүүлж, зардал бууруулахын тулд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд ажилтнуудаас мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авсан. Гэвч шалгалт авах тухай Ч.Даваадолгор надад урьдчилан мэдэгдээгүй, шалгалт хамрах хүрээ, үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлтийг танилцуулаагүй, зохих бэлтгэлийг хангуулах нөхцөл боломжоор хангаагүй болно. Надаас авсан шалгалт нь Төрийн банкны эрсдлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын үйл ажиллагааны эрсдлийн хэлтсийн үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтний, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн эрх, үүрэгт холбогдолгүй, гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд огт хамааралгүй байсан.

Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас шалгалтын материал, үнэлгээтэй танилцах хүсэлтийг Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисст удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1753 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын хамрах хүрээ тодорхойгүй, үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлт байхгүй, миний хийж гүйцэтгэсэн, одоо хийж гүйцэтгэж байгаа болон цаашид хийж гүйцэтгэх үйл ажиллагааг огт шалгаагүй, мэргэжил, ур чадварын түвшинг тогтоогоогүй атлаа Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

 

 Хариуцагч Төрийн банк ХХК-ийн тайлбарт: Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам болон 2 дугаар хавсралтаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүнийг тус тус баталсан. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаа явуулах хугацаа, холбогдох мэдээлэл болон журмыг нийт ажиллагаанд хамрагдах ажилтнуудад урьдчилан хүргүүлж, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг зохион байгуулж ажилласан. Ажиллагааны дүнг ажилтнуудад танилцуулсан. Дүнтэй холбоотой ажилтнуудаас гаргасан өргөдлийг журамд заасан хугацаанд хүлээн авч, өргөдлийн дагуу хариуг хүргүүлсэн. Улмаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаатай холбоотой ажиллагааны нэгдсэн дүнг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хүний нөөцийн хорооны хуралд танилцуулж, ажиллагаагаар хангалтгүй үнэлэгдсэн ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40 дүгээр зүйлийн 40.5- д заасны дагуу мэдэгдэл хүргүүлэхийг хүний нөөцийн хорооны хурлаас шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу үйл ажиллагааны эрсдлийн хэлтсийн үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтний ажлын байранд ажиллаж байсан Ч.Даваадолгорт мэдэгдлийг танилцуулж гардуулсан.

Улмаар хуульд заасны дагуу мэдэгдэлд заасан хугацаа дуусгавар болсноор Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1753 тоот тушаалаар Үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан Ч.Даваадолгортой байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж, 1 сарын үндсэн цалинтай нь тэнцэх тэтгэмжийг олгосон. Банк мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг мөрдлөг болгож, хэрэгжүүлж ажилласан болно. Иймд Ч.Давадолгорын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ч.Даваадолгорын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Ч.Даваадолгор мэргэжил ур, чадварын түвшин тогтоох шалгалтаар 54.8 хувийн үнэлгээ авсан тул Төрийн банкны ажилтны мэргэжил ур, чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр Ч.Даваадолгорыг мэргэжил ур, чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтийг "Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журам"-ын 1.2-т зааснаар түвшин тогтоох ажиллагаа нь харъяалах газар хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээг үндэслэн гаргасан бөгөөд уг арга хэмжээ нь ажилтныг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоох гол шалгуур, үзүүлэлт болох ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг огт үнэлээгүй байна.

Эрсдлийн удирдлагын газрын захирал Л.Идэрцогт, Зах зээл үйл ажиллагааны эрсдлийн удирдлагын хэлтсийн захирал Д.Ганчимэг гэх хүмүүсийн үнэлгээний хуудас нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгөгдсөн буюу журам батлагдахаас 2 хоногийн өмнө өгөдсөн үнэлгээ байдаг. Гэтэл журам нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан. Мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/2 тоот шийдвэр гарч газар, хэлтсийн захирлын үнэлгээний хуудасны загвар батлагдсан. Мөн ажилтны мэргэжил ур, чадварыг үнэлэх гол шалгуур үзүүлэлтийг комиссын бүрэлдэхүүнд ороогүй Л.Идэрцогт, Д.Ганчимэг гэх хүмүүс үнэлсэн ба уг үнэлгээг комиссоос өгсөн үнэлгээ гэж үзэх боломжгүй бөгөөд уг үнэлгээг шалгалтын комисс зөв, буруу гэдгийг шалгаагүй.

Түүнчлэн Эрсдлийн удирдлагын газрын захирал Л.Идэрцогт, Зах зээл үйл ажиллагааны эрсдлийн удирдлагын хэлтсийн захирал Д.Ганчимэг нарын үнэлгээний хуудсанд хавсралтаар өгөгдсөн материал, ажилтны хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг суурь мэдээлэл болгож ашигласан гэсэн байдаг. Тэгвэл Л.Идэрцогт, Д.Ганчимэг нарын үнэлгээ нь дээрх 3 төрлийн материалыг дүгнэсэн эсэх нь ойлгомжгүй, хэргийн материалд эдгээр 3 төрлийн баримтыг үндэслэж үнэлгээ тавьсан талаар нотлох баримт байхгүй, үнэлгээ нь үндэслэлтэй, бодитой болоогүй байна. Хэдийгээр нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод ажилтны үндсэн үүргийг тодорхойлсны зэрэгцээ уг үүргийг хэрэгжүүлэхийн тулд мэдвэл зохих эрх зүйн актуудыг дурдсан байдаг хэдий ч ажлын байрны тодорхойлолтод дээрх зүйлүүдийг зааж өгсөн нь Төрийн банкны мэргэжил ур, чадварын түвшин тогтоох шалгалтын сорилго, даалгавар эдгээр хууль тотоомжийн хүрээнд боловсруулагдсан гэдгийг нотлох боломжгүй юм. Хэрэгт оролцоо чанарын үнэлгээг гүйцэтгэхтэй холбоотой 2 хуудас нотлох баримт авагдсан. Үүнд үнэлгээ өгсөн этгээдийн нэр, ажил албан тушаалын тайлал байхгүй. Тус гарын үсэг зурсан этгээд нь гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан комиссын бүрэлдэхүүнд орсон этгээд мөн гэдгийг баримтаар нотлоогүй. Тийм учраас ажилтны оролцоо чанарын үнэлгээг журмын 3.3.3-д заасны дагуу комиссын бүрэлдэхүүнд орсон этгээд гүйцэтгэсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Ажилтан нийт 40 оноо авах ёстой байсан. Асуулт тус бүрт өгөх үнэлгээнүүд гэдэг дээр 0-4 оноо гэж заасан бөгөөд ажилтан асуулт тус бүрт маш сайн буюу 4 оноо авч байж 40 оноо авах ёстой, өөрөөр хэлбэл 10 асуултанд зөв хариулж 40 оноо авах ёстой. Энэ нь ярилцлагын хуудсан дээр асуулт гээд нийт 1-10 гэж дугаарлагдсан, доор нь нийт авах ёстой үнэлгээ, мөн 1 асуултанд өгөх үнэлгээний задаргаагаар давхар нотлогдож байна. Хэрэгт байгаа баримтаар эхний этгээд 4 асуулт, 2 дахь этгээд 5 асуулт асуусан бөгөөд тус 4 болон 5 асуултанд Ч.Даваадолгор хэрхэн хариулсан талаар баталгаажуулсан баримт байхгүй. Асуулт асуусан эсэх нь тодорхойгүй шалгалтын үнэлгээг үндэслэж мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үнэлэх нь өөрөө үндэслэлгүй юм.

Мэргэжил ур, чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлтийн үндэслэл болсон харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ зэрэг нь ажилтны ажил үүрэгт хамааралгүй, үнэлэх шалгуур үзүүлэлт нь тодорхойгүй, журмаас гадуур хийгдсэн, үнэлгээний анхан шатны баримтгүй байгаа. Холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж хийгдсэн үнэлгээг үндэслэл болгон гарсан "Мэргэжил ур, чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлт"-ийг үнэн зөв үндэслэлтэй бодитой гарсан гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн "Мэргэжил ур, чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлт"-д комиссын дарга болон комиссын нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурсан нь Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 2.4-т заасныг ноцтой зөлчсөн болно. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг хянан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.Даваадолгор ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх гомдлын шаардлага гаргасныг хариуцагч Төрийн банк эс зөвшөөрч ажилтны мэргэжил, ур чадварыг тогтоох шалгалтад тэнцээгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ шалгалтад бэлтгэх боломж олгоогүй, шалгалтын асуулга, сорилт, даалгавар нь ажлын байрны чиг үүрэгтэй хамааралгүй байсан, тушаалд нэр дурдагдаагүй хүмүүсийг шалгалтын комисст оруулсан, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй асуудлаар үнэлгээ өгсөн, захирлын үнэлгээний загвар хуудсыг 11 дүгээр сарын 05-ны өдөр комиссын шийдвэрээр баталсан байхад 11 дүгээр сарын 01-ний өдөр үнэлгээгээ өгсөн, үнэлгээг зах зээлийн үйл ажиллагааны эрсдлийн хэлтсийн захирал, албан тушаалтнууд өгсөн гэж тайлбарласан нь үндэслэл муутай байна.

 

Нэхэмжлэгч Ч.Даваадолгор хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс тус банкны Эрсдлийн удирдлага, бодлого, зохицуулалтын газрын үйл ажиллагааны эрсдлийн хэлтэст үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1753 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөдөгдсөн байх бөгөөд хариуцагчийн буюу ажил олгогчийн уг шийдвэрийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны А/352 тоот тушаалаар тус банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг баталж, уг шалгалтыг харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ гэсэн 3 төрлөөр авахаар шийдвэрлэж, тушаалын хавсралтаар баталсан тус банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журмын 3.4.2-т мэргэжил, ур чадварын түвшин 60 хүртэл хувьтай бол шалгуурт тэнцээгүй гэж үзээд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байна. Нэхэмжлэгч нь мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ 0-30 хувь авахаас 22.80 хувийн, мэдлэг, ур чадварын үнэлгээ 0-30 авахаас 17 хувь, оролцоо чанарын үнэлгээ 0-40 авахаас 15 хувь нийт 54.80 авсан нь хэргийн 91 дүгээр талд авагджээ. Нэхэмжлэгч нь комиссын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар зохих журмын дагуу гомдол гаргасан баримтгүй, уг үнэлгээ нь ажилтны эрхийг зөрчсөн бодитой хийгдээгүй гэж үзэхээргүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заасан тул ажил олгогч талын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээгээ цуцласныг шүүхийн зүгээс буруутгах хуулийн үндэслэлгүй болно. Дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлжээ.

 

Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох тоогтоох шалгалт, үнэлгээний талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

Түвшин тогтоох журмын 3.2.6-д комисс нь түвшин тогтоох ажиллагааны товыг 2-оос доошгүй хоногийн өмнө ажилтнуудад урьдчилан мэдэгдэхээр заасан байх ба Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/358 тоот тушаалаар шалгалтад хамрагдах ажилтнуудын нэрсийн жагсаалтыг баталж, уг ажилтнуудад шалгалтын талаар танилцуулан, журамд заасан үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргах боломжтойг тайлбарласан, 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр товлогдсон шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хойшлуулсан зэрэг үйл баримт хэргийн 50, 100 дугаар талд авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шалгалт авах талаар гэнэт мэдэгдэж бэлтгэх боломж олгоогүй гэх ажилтны тайлбар үндэслэлгүй байна.

 

Түвшин тогтоох шалгалт нь тухайн ажлын байранд ажиллаж байгаа ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго гүйцэтгэх үндсэн үүрэг, харилцах хүрээ, мэргэжил, туршлагын болон ур чадварын шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар дүгнэлт гаргуулах зорилготой, ажлын байрны тодорхойлолтод заасан үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн актуудын хүрээнд сорилго, даалгавар бэлтгэгдэж мэдлэг, ур чадварын үнэлгээ тогтоогдсон, нэхэмжлэгчийн шалгалтын асуулга, үнэлгээ өгөх шалгуур нь түүний эзэмшвэл зохих мэргэжил, ур чадварт хамааралгүй байсан гэх тайлбраа баримтаар нотлоогүй байна.

 

Ажилтны харьяалах шууд удирдлага нь түвшин тогтоох журмын 1.2.1-д ажилтны талаар үнэлгээ өгөхөөр заасан байхын зэрэгцээ холбогдох үнэлгээний загвар хуудсыг 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шалгалтын комиссын шийдвэрээр баталагдахын өмнө 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргачихсан байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Ажлаас халагдсан тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан атлаа 11 дүгээр сарын 18-ны өдөр ажил хүлээлцэж Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч нь банк итгэлцлийн үндсэн дээр харилцагчийн нууцтай холбоотой ажил үйлчилгээ явуулдаг тул ажлаас чөлөөлөгдөх гэж буй ажилтнуудын хариуцлагагүй хандах эрсдлээс сэргийлж мэдэгдэл өгөх үедээ ажлыг хүлээн авч, цалин хөлсийг ажлаас чөлөөлөгдөх тушаал гарах өдөр хүртэл тооцож өгдөг гэж тайлбарласныг буруутгах боломжгүй.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00806 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч Г.Даваадолгор Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

А.МӨНХЗУЛ